Юм ер нь өөрчлөгдөггүй юм дөө
Хуучиндаа дуртай нэг нь цаг сайхан байсан, одоо гэнэт мууджээ л гэнэ. Хүн гэж амьтан мөс гэдэг юмтай байсан, тэр нь одоо үгүй болж л гэнэ. Шинэ юманд элэгтэй нь болохоор учиргүй муухай байсан нийгэм, амьдрал өдгөө сайхан болжээ л гэнэ. Техник технологи хөгжөөд хүн гэж амьтны хөл хөсөр, гар газар хүрсэн юм байх.
Хуучиндаа дуртай нэг нь цаг сайхан байсан, одоо гэнэт мууджээ л гэнэ. Хүн гэж амьтан мөс гэдэг юмтай байсан, тэр нь одоо үгүй болж л гэнэ. Шинэ юманд элэгтэй нь болохоор учиргүй муухай байсан нийгэм, амьдрал өдгөө сайхан болжээ л гэнэ. Техник технологи хөгжөөд хүн гэж амьтны хөл хөсөр, гар газар хүрсэн юм байх.
Би харин сүүлийн үед эрт эдүгээд Монголоор аялсан олон жуулчны тэмдэглэл сэлтийг уншсаар байж хүн гэж амьтан, ер нь юм өөрчлөгддөггүй юм байна дөө гэсэн гутранги үзэлд хүрчээд сууж байна. “Урьдын нийгэмд хүн ч чанартай байж дээ, одоо бол адгуус болжээ... Өнөө Дорж чинь дарга болоод шал өөр болчиж, сайхан хүн байсан юм сан” гэх ч юм уу “Мөнгө л тэр нөхрийг бүр алаад хаячихлаа, хэчнээн даруухан хүн байлаа” гээд л ярих юм. Тийм л мундаг хүн чанартай хүн байсан бол нийгэм солигдоод ч юм уу, албан тушаал ахиад, эсвэл мөнгөтэй болохоороо өөрчлөгдчихнө гэж байх уу? Угаасаа л чанаргүй этгээд байсныг нь мөнгө, албан тушаал, өөр нийгэм илчлээд гаргаад ирж байгаа л хэрэг шүү дээ.
Ер нь л хүний мөн чанар гээч өөрчлөгддөггүй юм байна билээ дээ. Социализмын үед жишээ нь бид чинь феодалууд гэж мухар сүсэгтэй, шинжлэх ухааны энгийн юмыг мэдэхгүй гэж ирээд л муулдаг сан. Тэгж хичээл дээрээ баахан муулж ирчээд гэртээ суугаад “Аз жаргалын захиа” гээчийг хуулж өгнө шүү дээ. Аз жаргалын захиа гэдэг нь арав хорин хувь хуулж тараахгүй бол үхнэ зовно, гуч дөчийг тараавал аз жаргалтай учирч мөнгө олно ч бил үү, Пугачева тэр захиаг тараасан чинь нэг их сайхан дуулдаг болчихсон ч гэдэг бил үү, нэг тиймэрхүү захидал. Юун нөгөө феодал лам нарын мухар сүсэг, өөрсдөө яг адил. За тэгээд соц нийгэм өнгөрч, мэдээллийн технологи хөгжсөн, Гүүглийн эрин үе ирсэн юм биз дээ, одоо. Тэгсэн өнөөх Аз жаргалын захиа чинь Нүүр номоор дамжаад хүрээд ирдэг байгаа. Ялгаа нь гэвэл гараар хуулж үйлээ үзсэнгүй, копи-пасте хийчиж. Хэчнээн шинжлэх ухаан хөгжлөө гээд хүн ер нь өөрчлөгддөггүй юм дөө.
Хар Дорж багш нэг удаа сонин явдал хуучилж билээ. Унгарын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Янош Кадар тэргүүтэй томчуулыг манайд айлчлахад Хар Дорж багш орчуулагчаар ирсэн юм байна. Бал дарга тэргүүлэн Төв хорооны томчууд мажар нөхдөө дагуулан ан гөрөөнд явж дээ. Хотоос гараад тун удаагүй байтал машины урдуур нэг үнэг гүйчихлээ гэнэ шүү. Цуваа тэр чигээрээ зогсож, цаашаа анд явах эсэхээ шийдэж ядан, үнэг урдуур гүйсэн нь юуны ёр болохыг хэлэлцсэн гэж байгаа юм. Эцэст нь Төв Хорооны Үзэл суртлын хэлтэсийн эрхлэгч үнэг “өвөр лүү орсон” (өөрөөр хэлбэл баруун талаас зүүншээ гүйсэн) учраас зүгээр хэмээн батлан өгүүлснээр андаа мордсон гэдэг. Аль вэ нөгөө, ард олныг мунхруулагч шашин, лам, хар шар феодал гээд байдаг улс. Шанзодба ламын оронд Үзэл суртлын дарга, ялгаа гэж байна уу? Одоо ч гэсэн дээ, овоондоо том том ууц өргөж, мэлхийний нуруу илж, түрийвчээ даллан мөнгө гуйгаад л. Би гэхдээ энэ бүгдийг тэгж болохгүй гэж шүүмжилсэн талаас нь бичиж байгаа юм биш л дээ. Зүгээр л, сүсэг бишрэл, цээр ёроос эмээх хүний мөн чанар гэж юм хэзээ ч өөрчлөгддөггүй юм аа л гэж хэлээд байгаа хэрэг.
Финландын монголч эрдэмтэн Рамстедт 1903 онд Кумык, Оссетийн нутгаар аялж явахдаа нэг юманд ихэд гайхсан байдаг юм. Кумык хэлний багш гэж нэг өвгөн Рамстедтийн эрдэм номыг ихэд хүндэлжээ. Хүндлэхдээ зүгээр нэг биширсэнгүй, шүлэг зохиогоод, тэрэндээ ая хийгээд дуулж өгсөн гэж байгаа юм. 2006 онд, бил үү дээ, Ажаа рэнбүчитэй Улаанбаатарт уулзаад сууж байтал манай нэг нэртэй ая зохиогч, нэг залуу шүлэгчтэй орж ирээд Рэнбүчид зориулж хоёулаа нийлээд дуу зохиосноо барьж билээ. Хүндэлдэг хүндээ дуу зохиодог нь Алтай хэл соёлтны бүхий л цаг үеийн заншил юм даг уу даа. Энийг гэхдээ би шүүмжилж хэлж байгаа юм биш шүү, зүгээрл зуун жилд ч өөрчлөгддөггүй юм байна гэж л хэлж байгаа хэрэг.
Хүн ер нь цуурч дуусахгүй амьтан даг аа. Урьдын цагт Монголд мэдээгээ солилцдог, сайхан цуурч авдаг газар худаг байсан тухай өнөө үлэг гүрвэл олдог Эндрюс бичиж үлдээсэн байдаг юм билээ. Энхжаргал гээд түүхч тэр талаар Вашингтоны хуралд илтгэж байв. Бидний багад радио, телевиз, сонин гээд бүх юм байсан ч өнөө “худаг”-аас нэг их дээрдэх юмгүй дээ, жоомон хүүхэд төрж гэнэ, Туул голд матар ирж гэнэ гээд л орцонд сууж аваад цуурч өгнө шүү дээ. Нэг удаа манай байрны хэдэн хүүхэд Москва рестораны дээр шөнийн 12 цагт Монголын бүх хамтлаг дуулах юм гэнэ гэж цуурхал сонсоод бүр яваад очиж байж билээ. Гэнэн тэнэг ч байж. Байж ч гэж дээ, саяхан тэр 1072 хувьцаа зарах юм гэж цуураад гээд зуу зуун хүн шавсныг хараа л биз дээ. Мэдээллийн эрин үе гээд байгаа ш дээ. Худаг – орц – жиргээ... Юм ер нь өөрчлөгддөггүй юм дөө.
Пржевальскийн тэмдэглэл дээр байдаг бил үү, монголчууд Европ хүн харахаараа бүгдийг нь орос гэдэг гэж. Польш нь ч орос, Герман нь ч орос. 1870-аад оны аялал шүү дээ. Үүнээс яг зуун жилийн дараа мянга есөн зуун дал, наяад он. НҮБ-д элсчихсэн, 100 шахам улстай дипломат харилцаа тогтоочихсон байсан үе. Хадаа аварга самбо бөхийн дэлхийн аваргад барилдаж ирчхээд хаанах хаанахын бөхтэй барилдав гэж асуусанд “Аа мэдэхгүй, эхлээд Румын гээд оростой барилдсан, дараа нь Унгар гээд нэг оростой барилдсан” гэсэн гэж байгаа юм. Саяхнаас тэгсэн барууны хүн болгоныг Америк гэдэг болсон байна.
Сая АСЕМ гэж хурал болох гээд Гадаад яамны бил үү, хотын бил үү нэг том дарга ард иргэдээ хөдөө гадаа явбал яваарай гэсэн юм даг уу даа. Хүмүүс тэгтэл сонсоогүй юмаа сонслоо, үзэшгүй муухайгаар доромжлууллаа гээд үхэхээ шахав. Тэгтэл үзэгдэж харагдаж байгаагүй, онц сонин юм бас биш л байж. Сэрдарам гэж түүхч андын маань бичсэнээр 1944 оны зун АНУ-ын дэд Ерөнхийлөгч Уоллесыг айлчлахад МАХН-ын Төв Хорооны тусгай тогтоол гаргаж, Гандан хийдийн үйл ажиллагааг сэргээн, ЗХУ-ын бүх салбарын сургагч нарыг хөдөө амралтанд амрааж байж. Бүр тэрний өмнөх засаглалын тухайд яривал мөрөөрөө суугаа бадарчин дээр ирээд “ноён ирж явна, зам зайл” гэж эхлээд цэц булаалддаг үлгэр байдаг биз. Юм ер нь өөрчлөгддөггүй юм дөө.
Монгол судлаач Поппе “Дуртгал”-даа Октябрийн хувьсгалын дараа Оросод эмх замбараагүй юм болсон тухай ингэж бичсэн байдаг юм.
... Гудамжинд цагдаа огт үгүй, ард олон дээрэмчдийн өмнө ямар ч хамгаалалтгүй байлаа. Гэхдээ хүмүүс гэмт хэрэгтнийг барьж чадвал газар дээр нь хороодог байв. Заримдаа гэмгүй хүмүүс ч хэлмэгдэх нь бий. Нэг удаа хотын хар захын хавьцаа явж байтал гэнэт нэг хижээл эмэгтэй түрүүвчээ хулгайд алдчихлаа гэж хашгирах сонстов. Хүмүүс хамгийн ойр байсан хүнийг нь шууд сэжиглэн нэгжиж үзэх ч үгүйгээр тал талаас нь дайран зодоод алчихдаг юм байна. Энэ үед мөнөөх “хохирогч” авгай “Бурхан минь, Би түрүүвчээ олчихлоо, нөгөө халаасандаа хийчихсэн байжээ” гэж зарлахад сонссон хүмүүс бүгд түүн рүү дайран “Чамаас болоод бид гэмгүй хүн алчихлаа шүү дээ” гэж хашгирцгаан өөрийг нь ёстой л хэдэн хэсэг болгоод хаячихаж билээ...
Зуун жилийн өмнө хүмүүс ч мөн бүдүүлэг зэрлэг байж дээ гэж бодно уу? Одоо ч ялгаагүй шүү дээ. Бүтэн номын нэгээхэн хэсэг, дургүй хүнийхээ өгүүллэг, ярианы багаахан буруу ойлголт төрүүлж болох хэсгийг хам сэдвээс нь тасдаад Нүүр ном гээчид байрлуулчихна. Нөгөө “хулгай хийсэн гэх этгээдийг нэгжиж ч үзэлгүйгээр” гэдэгтэй яг адилхан, юун ном, хэнд зориулсан юм байсан гэдгийг нь огт харалгүйгээр л тал талаас нь олуулаа дайраад, тас татаад хаячихна.
Социализын үед ч ялгаагүй дээ, хэрэг хийсэн хүүхдийг анги хэсүүлнэ гэж завхарсан юм байсан юм. Анги ангиар оруулаад л, таних танихгүй олон хүүхдийн өмнө ичээгээд доромжлуулаад явна. Бид ч гэж бид, тэр хүүхдийн ар гэр, амьдрал байдал, ер нь ямар нүгэл тариад явж байгааг нь ч мэдэхгүй, еэ еэ бөөв өө гээд л нийлж доромжилдог сон. Хөөрхий тэр хүүхдийг гөлөлзүүлээд анги хэсүүлж ичээж явдаг, эмэгтэй хүний идэж уугаа ч юм уу, нимгэн нүцгэн зургийг нийтийн сүлжээнд тавьчаад тал талаас нь балбаж бахаа хангаж суудаг хоёрт мөн чанарын ялгаа гэж байна уу? Тэнгэрийн муухай л арилдаг гэдэг юм даа.
Гадаадад их дээд сургуульд төрийн зардал, зээлээр явсан хүүхдүүдийн нэрийг сая зарлалаа. Дан дарга нарын хүүхдүүд. Ардын хүүхэд явж болдоггүй сургууль уу энэ чинь гэж амьтан хүн гайхцгаав. Болдоггүй юм аа. Саяхан тийм болчихсон ч юм биш. Өмнөх нийгмийн үед улаан шугам гэж юм татаад урд нь орсон хүүхдүүд их дээд сургуульд ордог байлаа. Гадаадын шилдэг сургууль болоод ирэхээр ихэвчлэн л ардын хүүхэд хуваариа алдчихсан, арын хаалгаар сайд даргын хүүхэд явчихсан байдаг байлаа гэж. Бүр өмнөх түүх яривал Баяр вангийн хүү Балта ван хэдэн мянган зоосоор Японд сураад ч гэнэ вэ, саяхан би орчууллаа. Ухаантай ардын хүүхдийг гэхээсээ илүү өөрийнхөө төрсөн үр, хамаатан саднаа гадаадын сайн сургуульд сургаад авъя гэдэг сэтгэлгээ хэзээ ч хэний ч толгойноос үл гарах бөлгөө. Хүн гэж ер нь муухай амьтан ш дээ, өөрчлөгддөггүй юм дөө.
1911 онд тусгаар тогтнолоо зарлаад, улс байх уу үгүй юу гэдгээ шийдэж байсан эгзэгтэй үе. Түүх уншаад үзвэл тэр цагт манай ноёд түшмэд Оросын тал, Хятадын тал гэж хоёр хуваагдаад үзэлцэж. Яг Монголоо гэсэн нь цөөнх болж байсан аж. Угаасаа цаад хоёр тал нь өөр өөрийнхөө болгоод авчихсан, эрх ямба эд мөнгө амлаад л. 2011 он, өргөн цариг, нарийн царигаа ч шийдэж чадсангүй, юм ер нь өөрчлөгддөгүй юм дөө.
Бинстийд гэж англи дэслэгч байж. 1913 онд Монголоор аялж, Сүжигт гүний хошуунд хэсэг суусан хүн. Мань хүн монголчуудыг харж харж, эцэст нь “Эд ер нь цол зэрэгт ухаангүй дуртай улс юм. Тэрийг нь Манж -Хятадын төр ашиглаад ван, гүн, бэйл, бэйс гээд олон шат ангилалтай цол зэргээр шагнан, өөртөө татаад байсан юм байна. Тэгэхээр нь Богд хаан гарч ирмэгцээ өөрийн талын бүх ноёндоо автоматаар нэг зэрэг ахиулан Манжаас төрөөс илүү гарсан” гэж дүгнэсэн байгаа юм. Цол зэрэгт дургүй монгол хүн гэж ер нь байсан юм уу? Одоо байна уу? Алтан гадас, Гавьяат, Хөдөлмөрийн баатар... Социализмд нэр нь өөр ч өнөөх шат дэс дараа, хүн ардаа ангилан өөрөөр үздэг тогтолцоо яг хэвээр. Одоо бол өнөө Богд хаан гарч ирээд Манжийн төрөөс илүү цол олголоо гэдэг шиг Багабандиас Энхбаяр нь олон одон, Энхбаяраас Элбэгдорж нь олон медаль гардуулах жишээтэй. Авахаа больчих гэж хэлэх амархан байж мэднэ, больдоггүй юм аа. Цол зэрэг өгсөөр, өгснийг нь авсаар л байх болно.
Түүхч Өлзийбаатар гуайн “Монголчуудын түүх” хэмээх ялтасыг сонслоо. Арван долоо наймдугаар зууны үеэс Монголын ноёд дааж давшгүй өр тавьж, тансагладаг байсан тухай ярьж байна. Тэгээд өрөө дийлэхээ болихоороо хошууныхаа ардын татвар, алба гувчуурыг нэмж, хамаг хүнд ачааг нь үүрүүлдэг байсан гэнэ дээ. Ноёныхоо тавьсан өрийг хошуу нутгаараа үүрдэг болсон юм байх. Одоо харин би та нараас асууя. Юм ер нь өөрчлөгддөг юм байна уу? Хэн өр тавиад хэн төлөх болоод байгаа билээ?
Бүр Чингисийн үеийн түүх ярих уу? Сая наадмаар хоёр бөх унасан унаагүй, хайнцсан хайнцаагүй гээд яалаа. Даваагаа алдсан талынхан нь “их эзэн Чингис маань байсан сан бол эднийг цээрлүүлэх байсан даа” гээд уйлсан сурагтай. Үнэн хэрэгтээ Бэлгүдэй Бүрибөх хоёрыг барилдахад хаан маань яалаа? Хүн ер нь өөрчлөгдөхгүй ш дээ, хө.
Хорчи гэж гэж нөхөр бий. Тэмүжинийг дагаад л яваад байна. Гэхдээ байнга “Чи хаан болно, чи хаан болно” гээд л. Зүгээр бас хэлэхгүй ээ, хаан болохоороо гучин эхнэр өгөөрэй гэдэг. Үнэхээр дараа нь Тэмүжин ч хаан болсон, зөгнөн хэлсэн ерөөлийг нь бодоод гучин эхнэр өгдөг. Үнэндээ бол Жамухын хажууд ч бас нэг нөхөр тэгж хэлээд л явсан байгаа шд. Түүхэнд тэр нь байхгүй л болохоос. Нэг нь ер нь хаан болж таарна аа даа. Юм өөрчлөгдөггүй юм аа гэж хэлсэн байх аа. Тэгэхээр одооноос энэ хоёр намын аль нэгнийг дагаад, “танайх ялна аа, цөм авна аа” гээд яваад байвал дөрвөн жилийн дараа гучин эхнэрээ байг гэхэд газрын дарга болох магадлал тун өндөр юм даа.
Ойрх Дорнод, лалын ертөнц, Сири зэрэгт одоо Орос, Турк, Америк, Европынхон хүч нөлөөгөө тогтоох гээд, тэрнээс л болоод хоорондоо алалцаад байна гэж ярих болж. Гараад явцгаачихвал сайхан болчих юм байх. Үнэн хэрэгтээ найман зууны тэртээд ч нэгнээ орвонгоор нь устгадаг л байсан аж. Би төсөрхөн Пети де ла Круагийн “Аугаа их Чингис хааны түүх” номыг орчуулсан юм. Тэр номд ялангуяа араб, перс хэлт ертөнцийг хэрхэн байлдан дагуулсан, томоохон бэхлэлт цайзтай хотууд руу хэрхэн нэвтэрснийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Маш олон хотын хувьд шийт, сүнни нарын аль цөөнх болж хот дотроо хэлмэгддэг нь хаалгаа өөрсдөө нээж өгөөд шанд нь эсрэг урсгалынхнаа үр хүүхэд, үндэс мөчиртэй нь толгой даруулан хядуулдаг байсан аж. Юм ер нь өөрчлөгддөггүй юм дөө.
Яг дуусгах гэсэн, ганц юм мартах шахаж. Повер поинт гэж илтгэл лекц таниулахад тун чухал программ байна аа даа. Манайд сүрхий хэрэглэдэг болжээ. Сүрхий ч гэж дээ, Ворд дээр бичсэн бүх юмаа тэр чигээр нь хуулчихсан, өөрөө давхар уншаад, бид бас дагаж дэлгэцнээс уншаад л...
Техник технологи, амьдрах орон сууж, унаа машин гээд бүхий л юм өөрчлөгдөнө. Сайжирна. Тэнгэрийн муухай бол арилна. Гагцхүү хүн гэж хэзээ ч үл хувирах юм даа.