ТЭНГЭРИЙН ЦАГ
XXIX Хамба Номун Хан, Ардын Их Хурлын Депутат асан Чойжамцын Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын дурсгалыг хүндэтгэн хэлсэн үг
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөн мэдээг эмгэнэн дуулснаас хойш Буддын шашинт олон хуврагууд бид бурхан болоочийн Монгол Улсын төр, шашны төлөө үйлдсэн арвин буяныг дурдан санаж, ерөөл үйлдэн залбирлаа өргөсөөр байна. Өргөх ч болно, өргөх ч учиртай.
1911 онд тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан ихэс дээдэс, хутагт хувилгаад маань санаа нэгдэн VIII богд Жавзандамба хутагт юугаан аль ч улсаас асуулгүй өөрсдөө шийдэн хаанаар өргөмжилсөн түүхтэй. Ээдрээт түүхийн олон нугачааг давсны хойно тэнгэрийн цаг дахин ирж, 1990 онд төрийн тэргүүнээ хаанахын ч нөлөөлөлгүй өөрсдөө толгой мэдэн сонгосон нь Пунсалмаагийн Очирбат байлаа.
Цагаагчин гахай жилийн (1911) хувьсгалаар сэргэсэн тусгаар тогтнолын түүхийг Богд хаантай Монголчууд эхлүүлсэн бол цагаан морин жилийн (1990) хувьсгалаар бүрэлдсэн Ардчилсан шинэ Монголын түүх Очирбат ерөнхийлөгчтэй Монголчууд эхлүүлэх ерөөлтэй байжээ.
VIII богд хаанаас хойш хувь тавилангийн эрхээр алдарсан төр ба шашны тусгаар тогтнол, сэргэн мандлын алтан хэлхээний тасарсныг нь залгуулж, алдуурсныг нь нийтгэх учир ерөөл өвөрлөсөн төрийн тэргүүн бол Очирбат хэмээн өчүүхэн хувраг миний бие итгэдэг юмаа.
1990 оны Ардчилсан хувьсгалын босгон дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар төрийн тэргүүний албаа эхлээд, БНМАУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч, Ардчилсан хувьсгал ялсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тэр бээр гурван өөр Монгол Улсын дөрвөн ч удаагийн төрийн тэргүүн байсан юм.
Тайван өрнөсөн, тайван ялсан, тайван үргэлжилсэн, тайван хөгжсөөр байгаа Монголын Ардчиллын том нөмөр нөөлөг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын улиран сонгогдсон Ерөнхийлөгч Очирбатууд байсныг үйл явдлын гэрчийн хувьд тодхон санаж байна.
Бурхны шавь, Буддын хуврагийн хувьд үндэсний шашин суртлаа сэргээхийн төлөө онцгой зарим үйлсийн буяныг сануулан дурдахыг хүсэж байна. XX зууны Монголын анхны бөгөөд сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын зарлигаар сэргээн мандсан тусгаар тогтнолын билэгдэл Мэгжид Жанрайсэг бүтээснийг харанхуй цагийн хар шуурга дайран сүйтгэсэн билээ. Харин улс үндэсний нандин шүтээнийг сэргээх зарлигт XX зууны БНМАУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч, шинэ түүхээ эхлүүлсэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдсэн, тийн нэрлэгдэх учиртай Очирбатын гарын үсэг байдаг нь Бурханы таалал, заяа зургийн учрал гэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ хэмээх зарчмыг хэрэгжүүлэн Монголын уламжлалт цагаан сарын шинийн нэгний өглөө эрх чөлөө, тусгаар тогтнолын ариун шүтээн Мэгжид Жанрайсэг бурханд ард түмнийхээ заяа буяныг даатган билэгдэж, мандал өргөх ёслолыг анхлан үйлдэж эхэлсэн байдаг юм.
Бурхны шашинт Монголын байгаль хамгаалах, хүрээлэн буй орчинтойгоо зөв зэрэгцэн орших, үнэт өв болсон уул, хайрхны төрийн тахилгын уламжлалыг сэргээх боломж П.Очирбат Ерөнхийлөгчийн үед сэргэх боломж олсныг буян санаж дурдахдаа өчүүхэн хуврагийн сэтгэл дүүрэн байна.
Монголын Буддизмын бурхан шашны хүлээн зөвшөөрөгдсөн удирдлага, зохион байгуулалтыг гаргаж ирэх адармаатай бөгөөд амаргүй, урт удаан үйл хэргийг эхлүүлсэн гэдгийг өчүүхэн хувраг миний бие дуулгах учиртай билээ. Бурханы шашинд нэн ээлтэй явсан төрийн зүтгэлтэн, лам хуврагуудын эрхэм анд, үлэмж хувь ерөөлт хүмүүн асан Пунсалмаагийн Очирбат та төр, шашин хийгээд хамаг амьтны тусыг хураасан буяныхаа үрээр эрхэм дээд төрлийг олохын өлзийтэй сайхан ерөөлийг талбия.
Ному Будаяа
Ному Дармаяа
Ному Сангаяа