НҮБ-ын уран барилгын 4 том цогцолборын нэг бол Женев дэх төв болно. Цаана нь Нью-Йорк, Вена, Найроби хотноо гурван том төв нь бий.



Женев дэх НҮБ-ын төвд намайг урьд зочлуулсан НҮБ-ын энэ төвийн ажилтан Монгол Улсын иргэн Сарангэрэлд талархснаа илэрхийлье.



Женев дэх НҮБ-ын төвд жилдээ дор хаяж 100 мянган зочин очдог, үздэг, аялдаг гэсэн статистик буй. Тэр 100 мянгын нэг болж ганцаараа, гэр бүлээрээ тэнд зочилж байлаа.



"Palais des Nations" буюу Үндэстнүүдийн ордон гэх энэ цагаан гантиган байшингийн зураг төслийг 1926 онд 377 төслөөс шалгаруулжээ.



Энэхүү гайхамшигт ордны уран зургийг италийн Карло Брогги, швейцарийн Юлиан Флегенхаймер, францын Камий Лефевр, Анри-Поль Нено, унгарын Йожеф Ваго нарын зэрэг архитекторууд бүтээжээ. Анхны суурь ба хавтан, тоосгыг  тус хотын "Ариана" цэцэрлэгт хүрээлэнд 1929.09.07-нд тавьж, барилгын ажил эхлээд хэдэн жил үргэлжилж 1933 онд Үндэстнүүдийн Холбооны нарийн бичгийн дарга нарын газар шилжин байрлаж 1936 он гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирсэн байна.



Барилгын 1938 онд бүрэн дуусч сүндэрлэсэн, гэтэл дэлхийн II дайн залгаж,  Үндэстнүүдийн Холбоо үүргээ гүйцэтгэж чадаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Ёс төдий оршиж байсан олон улсын Засгийн газар хоорондын энэ байгууллагыг 1946.04.20-нд албан ёсоор тараасан. Гэхдээ энэ ордон  НҮБ халааг нь авах хүртэл (1946 он) Үндэстнүүдийн Холбооны төв байр болж байсан ба  НҮБ Нью-Йоркт байрламагц 1966 он хүртэл энэ ордон ДЭМБ-ын төв байр байжээ.



1966 оноос Европ дахь НҮБ-ын гол төв болсоор өнөөг хүргэжээ. Хэдийгээр НҮБ өөрийн салбарыг Женевт нээсэн ч зочин улс -Швейцарь нь НҮБ-д элсэхгүй байсаар 2002 он хүргэсэн юм. НҮБ-ын Женев дэх төв (штаб-квартир) жилдээ 8000 орчим хурал, чуулган чуулдагаас 600 орчим нь олон улсын томхон хуралд тооцогдоно.



Хэрэв Та тэнд зочлох аваас үнэ төлбөргүй, дэлхийн 15 хэлээс сонгоод нэг цагийн тойрон аялалд оролцож болно.



Харин тэр сандлын хөшөө гайхал төрүүлж болно. Сандал 4 хөлтэй байх ёстой атал, нэг хөл нь хугархайгаар бүтээсэн нь явган цэргийн мина хүн ардыг сүйтгэж тахир дутуу болгосныг эсэргүүцэж,  минанд хөл гараа хэрчүүлсэн ертөнцийн бүх хүн ардад эмгэнэл илэрхийлж босгосон юм билээ.