Соёл гэдэг нь нэн өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд нийгмийн амьдралын бүхий л хүрээтэй салшгүй холбоотой байж хүнийг хөгжүүлж, төлөвшүүлж байдаг нийгмийн онцгой үзэгдэл, хүний мөн чанар илрэн хэрэгжих тасралтгүй үйл явц, түүний үр дүн юм. Иймд хүмүүст нийгмээр олгогдож байдаг салшгүй чухал чанар болох соёлыг дээдэлж сурах нь иргэн бүрийн ариун үүрэг байх ёстой. Нийтлэлч миний бие энэ талаар бичих  цувралаа зөв, соёлтой хооллолтын сэдвээр эхлүүлж байгааг хүлээн авна уу.

  • Зоог, дайллага, цайллага,  цай зэрэг  хүлээн авалт, эсвэл найз нөхөд, танилындаа уригдсан бол товлосон цагаас арай өмнө очих хэрэгтэй. Бүү хожимд. Ширээнд суухыг уриагүй буюу зоог зохион байгуулсан хүн суугаагүй байхад урьтаж сууж болохгүй.
  • Та өөрт ногдсон ширээнийхээ ард очиж суугаад даавуун алчуураа дэлгэж өвдгөн дээрээ тавихаа мартуузай. Ихэнх тохиолдолд зөөгч энэ үйлдлийг хийдэг.
  • Даавуун алчуурыг цамцныхаа энгэрт захандаа хавчуулдаг ёс байдаг ч энэ нь зөвхөн франц болон франц хэлээр ярьдаг орны ёс заншил гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Даавуун алчуураар амаа арчдаггүй. Харин хундаганд толбо үлдээхгүйн тулд ямар нэгэн юм уухын өмнө уруулаа зөөлөн дарж тосыг нь шингээхэд даавуун алчуурыг ашигладаг. Түүнчлэн хооллож дууссаныхаа дараа уруулаа арчиж болно. Алчуурт хөлсөө арчих, нусаа нийх зэрэг нь нэн бүдүүлэгт тооцогдоно. Зоог дуусаж ширээнээс босохдоо даавуун алчуураа хумхиж барилгүйгээр бас нугалаасаар нь буцааж эвхэхгүйгээр суурь тавагныхаа зүүн талд орхидог журамтай. Амны цаасан алчуураар уруулаа арчиж тавган дээрээ орхидог.
  • Ундаа, дарсны шилэн аяга, хундага, жүнз, халбага, хутга сэрээний зориулалтыг ялгаж сурах нь чухал. Ширээн дээр суурь тавагны хоёр талд эгнүүлэн зассан хутга, халбага, сэрээг хамгийн гадна талаас нь эхэлж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл танд ирэх зууш, хоолны дараалал нь үүнтэй тохирсон байдаг.
  • Ширээнд тавьсан хэрэгслийг та дахин арчиж цэвэрлэх гэж оролдсоны хэрэггүй. Үнэхээр учир дутагдалтай санагдвал үйлчлэгчийг дуудаж солиулах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр санаандгүй тохиолдлоор хутга, халбага, сэрээгээ унагачихвал түүнийг авах гэж өөрөө бүү оролдоорой. Үйлчлэгчид хэлэхэд солиод л өгдөг журамтай.

ШИРЭЭНИЙ АРД СУУХДАА:
  • Ширээний ард суухдаа ширээнээсээ хэт хол, эсвэл бүр элгээрээ нааж битгий суу. Түүнчлэн зоогийн ширээний ард суухдаа сандлаа ирмэгдэж цомцойн суудаггүй, бас лаглайж түшлэгийг налдаггүйг анхаарах хэрэгтэй.
  • Таваг руугаа хэт тонгойхгүйгээр аль болох цэх суухыг хичээгээрэй. Ширээний ард аль болох цэмцгэр сууж харагдах нь таны соёлтой байдлыг илтгэнэ.
  • Ширээний ард аль болох тайван байдлыг эрхэмлэ. Ширээнд тавьсан халбага, сэрээ, хутга, даавуун алчуураар оролдож тоглох нь зохимжгүй.
  • Ширээний доогуур хөлөө жийдэггүй.

ХООЛЛОХДОО:
  • Шөлтэй хоолыг халбагадахдаа хэт дүүрэн биш хийж хажуу талаас нь зөөлөн сорж иднэ. Хүчтэй сорж дуу чимээ гаргах нь зохимжгүй. Халбаганы үзүүр талаас нь шөлөө бүү ооч. Шөлөө шавхаж уух гэж тавгаа хэлтийлгэх, халбагаар хамах гэж  оролдсоны хэрэггүй. Ер нь идэж буй хоолоо тамшаалах, чанга сорох, шалир шалир зажлахыг цээрлэх хэрэгтэй.
  • Халбагаар хоолоо хутгахдаа хувцсан дээрээ асгахгүйн тулд  өөр рүүгээ биш, гадагш нь харуулж хутгадаг.
  • Хэрэв та төрөлхийн солгой биш бол халбагыг зөвхөн баруун гартаа барьж занших хэрэгтэй.
  • Хооллож дуусаад халбагаа бариулаар нь ширээний тавцан тулуулалгүй тавагны хөвөө түшүүлэн тавьдаг.
  • Халбага, сэрээг амандаа хүргэж хоол иддэг. Гэхдээ халбага сэрээгээ далд ортол үмхэх буюу дээр нь хутганы тусламжтайгаар овоолж үмхдэггүй. Өөрөөр хэлбэл хутгыг ам руугаа хандуулдаггүй. Нөгөө талаар сэрээ, халбагыг ам руугаа дөхүүлэх болохоос биш толгойгоо бөхийлгөж тэдгээрт хүрэх учиргүйг санагтун.
  • Хутга сэрээгээр иддэг хоолыг хэрэглэхдээ хутгаа баруун гараар, харин сэрээг зүүн гартаа барьж занших хэрэгтэй.
  • Хутгаар мах болон бусад зүйлийг тавган дээрээ огтлохдоо зөвхөн  баруун гарын эрхий, долоовор, дунд гурван хуруугаар ишнээс нь барьж сэрээний гүдгэр мөрийг дагуулан зөөлөн дарж огтолдог.
  • Хутга хэрэглэдэггүй хоолонд сэрээгээ баруун гараар барьж хэрэглэнэ. Хоол идэж байгаад түр завсарлах тохиолдолд хутга сэрээгээ тавагтай хоолон дээрээ зөрүүлэн тавина. Ингэхдээ хутгаа баруун гар талаас ирийг нь өөр лүүгээ харуулж харин сэрээгээ бариулыг нь зүүн тийш харуулан хутган дээгээр чагталсан байдлаар тавьдаг. Хоолоо идэж дуусаад хутга, сэрээгээ бариулыг нь баруун тийш харуулан тавган дээрээ зэрэгцүүлж тавина.
  • Талхыг сэрээдэж  авах, хутга, сэрээний тусламжтай зүсэх, шүдээр хазаж таслан идэх нь соёлгүйд тооцогдоно. Харин талхаа зүүн гараар авч амандаа багтахаар хугалж, эмтэлж идэх хэрэгтэй. Талхыг заавал идэж дуусгах, талхны үйрмэгийг хамаж идэх гэж бүү оролд.
  • Талх, мантуу, гамбир зэргийг шөлөнд хөшиглөх, шөлтэй хоолонд  дүрж  идэх нь зохимжгүй.
  • Бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгах нь зохимжгүй. Аль болох тайван хооллож нэг ширээнд хамт суусан хүмүүстэйгээ зэрэг идэж дуусгахыг хичээ.
  • Хоол идэж байхдаа ширээгээ бүү тохойлд. Тохойгоо дэлгэн хэт их зай бүү эзэл.
  • Ширээн дээрээс ямар нэг юм авах гэж бусдын таваг дээгүүр бүү зүтгэ. Түүнчлэн хажуудаа суугаа хүнээр ширээн дээрээс ямар нэг юм авахуулах гэж бүү гуй. Үйлчлэгч ирэхийг хүлээ.
  • Цай, кофегоо хутгасны дараа халбагаа суурь дээр авч тавьдаг. Үйлчлэгч санал болгоогүй тохиолдолд цай, кофе дахин уух гэж бүү гуй.

БУСДЫГАА ХҮНДЭЛЖ СУРЪЯ
  • Нэг талынхаа хүнтэй ярих гэж нөгөө рүүгээ нуруугаа бүү харуул. Ер нь хооллож байх үедээ бусдын анхаарлыг өөр дээрээ хэт төвлөрүүлэхгүй, нийтэд сонирхогдох зүйлийг ярих нь зүйтэй.
  • Хэт их яриа дэлгэж, гар хөлөө хөдөлгөж, болох болохгүй зүйл нурших нь бусдынхаа хооллолтонд саад болдогийг анхаарах хэрэгтэй.
  • Хажуудаа суугаа хүнийг давж дараагийн хүнтэй бүү ярь.
  • Амандаа хоол үмхэчихээд бүү ярь.
  • Жимсний яс, үрийг таваг руугаа бүү нулим. Түүнийг халбага, сэрээн дээр гаргаж таваг дээрээ тавь. Шүднээс гарсан зүйлийг амны алчуурын үзүүрээр хөнгөн арчиж ав.
  • Шүдний чигчлүүр хэрэглэх бол нэг гараараа амаа халхалж байгаад шүдээ чигчийл.
  • Аль ч зоог дээр архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахахыг тэвчих хэрэгтэй.
  • Зоогийн ширээний ард, ер нь хооллож байхдаа өвчин зовлон тоочих, сэжиг төрмөөр зүйл ярихгүй байх нь чухал. Өгч байгаа хоол таалагдахгүй бол олон юм ярилгүй ширээн дээрээ орхи. Зочны дэргэд хоолны талаар шүүмжилж ярьдаггүй.
  • Хажууд чинь хүн хооллож байхад тамхи бүү тат.

Та энэхүү зөвлөмжийг гэр орондоо, гэр бүлээрээ хооллож байхдаа ямагт санаж яваарай. Ингээд заншчихвал таны хүүхэд ч багаасаа зөв, соёлтой хооллож сурна шүү дээ.

Жич:
Та албан болон хувийн соёлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ж. Октябрь “Менежерийн соёл”, “Хоолны газрын менежер” номыг уншаарай. Эдгээр номыг “Интерном” номын их дэлгүүрээс худалдан авах буюу “Монгол шуудан”, “Түгээмэл” шуудангаар захиалан авч болно.