Өвгөд эмгэдийн бувтнах яриаг хүүхдүүд анхаараагүй атлаа хааяа толгой дохих аядаж байгаа биз. Хөгшид дэмий юм донгосож залхаагаад тэр. Зөнөг залгасан буурай нар амаа хамхсан нь онодог. Хорвоогийн энэ хатуу жамыг сөрөх хувьгүйгээс хойш хөгширсөн зохиолч ном бичимгүй. Гэвч би “Ай хөөрхий” цувралаа тэсэлгүй биччихэв. Эл бяцхан номонд нуршсан санаагаа уншигчийн гэгээрэлд хандив болж юун магад гэх “горьдлого”-д сэм хөтлөгдөн, дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгч боллоо. Горьдлого минь зөнөсний самуурал байхыг үгүйсгэхгүй.

ХХI зууны өндөр боловсрол бүхий баруунжсан уншигчдын гэгээрэлд коммунист нийгэмд насыг элээсэн өвгөний нийтлэл хандив болно гэх хүлээлт зөнөсний илрэл гэдэг нь тодорхой. Зөнөөгүй бол дэмий юм бичиж буйгаа мэдрээд, номоо гаргахгүй. Тиймээс зөнөг өвгөний ном гэгчийг нэг их тоолгүй, интернетэд жиргэдэг шигээ бүү харааж зүхээрэй. Хараал зүхэл хар толгойд эргэж тусдаг гэх нь мухар сүсэг ч гэлээ, хараал зүхэл намайг бус эзнээ соёлгүй харагдуулдаг. Цэцэг шиг хойч үеэ муухай харагдахад хөгшид эмзэглэдэг тул үүнийг зөвлөж байна. Хорвоогоос тонилсон хойно ч та нарын нэр төр бидэнд хайран.

Алив юмны үнэлэмж цагийн аясаар хувирдаг. Түргэн өөрчлөгдөж буй өнөөн цагт миний хөндсөн асуудал цагийн урсгалд утгаа алдана. Үүнд харамсах учиргүй. Шийдэгдсэн асуудал сонирхол татахаа больдог. Нийтлэлийг бичсэн онтой нь уялдуулж шинжихгүй, өөр цаг үеийн өндөрлөгөөс дүгнэвэл өрөөсгөл хариу гарах нь элбэг байдаг.

Хорвоог бэдэрсэн мөрөө цухас дурслаа. Миний мөрнөөс намайг шүүгээрэй. Харин нийтлэлд онцолсон хүмүүний сайн муу, улс хоорондын геополитик хэзээ ч хуучрахгүй, хүн төрөлхтөний анхаарлын төвд эргэлзээ, маргаан, тэмцэл дагуулсан хөндүүрхэн сэдэв хэвээр орших буй зээ. Хөгшин хүний ухаан үхжиж, жагсаалаас гардаг тул номоо хэвлүүлэхээ болихоор шийдсэн юм. Гэвч хэвлүүлэх нь “зөв” гэсэн бүлээн үг ойр тойрноосоо хайгаад л явлаа. Оллоо. Хүнээс олсонгүй. Өөрөөсөө нөгөө бүлээн үгээ олов.

Эрүүл хүн олж хэлэмгүй хачин янзын этгээд үгийг галзуу хүн олж хэлдэгтэй адил, зөнөсөн өвгөний элийрэл, балайрал, самуурал, дэмийрэл уншигч нарын доог тохууг өгдөөсөн зугаа болон цэнгүүлж юун магад гээд “Ай хөөрхий” номоо дүүрсэн хэрэг хэвлүүлчихэв. Номоо хэвлүүлэснээ зөвтгөх үүнээс дээр өчиг олсонгүй. Хэдэн жилдээ миний нийтлэлүүд хуучрахгүй тэсэж магадгүй нэг талтай. Тэр нь би монгол хүнээс салдаггүй өөдгүй зан, сул талыг хөндсөн юм. Монголчууд хэзээ хүний хайлан болно, тэр цагт миний нийтлэл утгаа алдана гэж өөрийгөө урамшуулж онгиров. Энэ өнцгөөс зөнөгөө өмөөрч, цувралаа хэвлүүлэх бас нэг өчиг олов. За ингээд уншигч таныг номоо сөхөхийг гуйя. Утас 99259730-98227903.               
                                                                                                                              2017