Өвөр Монголын Ардын Хэвлэлийн хорооноос Хятадын сонгодог дөрвөн зохиолын уламжлалт орчуулгыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн буулгаж уншигч олонд хүргэж байна. Сонгодог дөрвөн зохиолын эдгээр орчуулга 1970-аад онд монгол бичгээр хэвлэгджээ.


Дуулалд өгүүлсэн нь: 

Алар балар бичгийн шугуйг бараалан ажихуйяа 

Аруухан хээнцэр эрдэмтэн мэргэд хувиас хэтийжүхэй 

Ашиг нэр хоосон нимгэнд хараахан зовних үгүй 

Ариун мөлөс цэгээн цасныг зүсээд 

Адбиш үгийн сэлмийг инээн шүүмжилмүй.

Урьдын хаад хожмын эздийг огоот шүүмжлэн тунгааж 

Үнэн худлыг нь ялгавай.

Дундад гүрнийг эзэлюү хэмээн 

Долоон идэрхэг түрхрэн босоод Чүнь, Чиүгийн үеийг түйвээжүхэй.

Дэгжрэн буурах нь нэмүүн уд мэт

Дэвшиж доройтох нь хоосон завь адил.

Гавьяа бүтээгсэд үлэмж олон хэмээтэл 

Гавьяанаа шунагсад тоо үгүй 

Гавьяа нэрээс зайлан очигчид нэгэнтээ цөөн бус.

Агшин зуур шинэ саран урт мөрнөө гийхүйеэ

Уул тэнгис улиран хувисч ахуй тариалан болжухай.

Модноо авиран загас барих хэмээх нь гайхалтай

Модноо авирах мохсон сармагчиныг дуурайх нь сонирхолтой

Муруй модноос зайлах шархат болжморыг дүрэмлэх нь инээлтэй.

Авай хайрхан алтан хундаганд амтат дарсыг хэмнээд

Ахин нэгэн шинэ дуулалыг сонсоход юуны хүрэх ажээ.


Шүлэгт өгүүлсэн ину:

Эвхрэн зууралдсан таван үед үймээн самуун дэгдэхүйеэ 

Үүл арилан тэнгэр цэлмэгцээ наран дахин ивээвэй. 

Өвс модон зуун онд шинэ хураар угаагдаж 

Эвхмэл тэрэг түмэн газраа хуучин төрт нэвтэржүхэй.

Эгэл жирийн зээл гудамжнаа торго магнаг эрээлжлээд

Энэ тэндэх асар тагтнаа эгшиг дуулал царгилбай.

Энэ дэлхийн түмэн иргэн амар сайхан жаргаад 

Этгээд сонин цэцэг шувуу өдөр дуустал нойрсжухай.


Өгүүлэх ину: Энэ найман шад шүлгийг болбоос урьдын Сүн улсын Шэн Зүн хааны төрийн алдарт бичгийн хүмүүн овог Шао нэр Яо Фү номын цол Кан Жие хэмээх абугай таван төр Тан улсын сүүлээр дэлхий дахинаа зэр зэвсэг хямралдан үл зогсох тул ийнхүү эмгэнэн шүлэглэсэн ажээ. Тэр үед өглөө нь Лян улсын төр үдэш нь Жинь улсын төр байжухай. Энэ нь “Жү, Ли, Ши, Лю, Гүэ овогтон Лян, Тан, Жинь, Хань, Жэү таван төрийн арван таван эзэн сууринаа сууж тавин жил үймээн самууныг дэгдээжүхэй.” Хожим тэнгэрийн ёс улиран хувьсаж цэргийн бууц Жя Ма Иньд хаан эзэн Тайзу Ү Дэ хуанди мэндэлхүйеэ улаан гэрэл огторгуйд гийж, ариун хүжсийн үнэр шөнө дуустал анхилж, баатар хүч барагдашгүй, ухаан санаа цаглашгүй дээд ертөнцийн аянгын тэнгэр хорвоо ертөнцөд бууж заяасан бөлгөө. Урьдын хаад энэ хаан лугаа тэнцэх нь үгүй, биеийн сацуу нэгэн шидмээр дөрвөн зуун Жюнь, Жэүг цогцолж цөм Жао овогт хэмээн өргөмжилж орчлон дэлхийг хураан тогтоож, дундад гүрнийг илбэн төвшитгөөд, улсын нэрийг их Сүн хэмээн халж Бянь лян хотноо нийслэлээд есөн төр найман хааны манлай түрүү дөрвөн зуун жилийн тулгуур төрийн өрлөг эзэн болов. Ийнхүү Шао Яо Фү абугайн: “Үүл арилан тэнгэр цэлмэгц наран дахин ивээвэй” хэмээн шүлэглэсэн нь зуун овогт иргэнд нарны гэрлийг дахин ивээсэн лугаа адил хэмээсэн санаа билээ. Тэр үед баруун хайрхан Хуа шань уулнаа увдис их эрдэм үлэмж, салхин борооны өнгийг төсөөлөх Чэнь Туань хэмээх нэгэн эрдэмтэн байжухай. Тэр нэгэн өдөр илжиг унаж уулнаас буугаад Хуа иний замаар явж атал замын хүмүүсийн хэлэлцэхийг сонсвоос: “Эдүгээ Дүнжин хотын Чай ши зүн суурины Жао овогт Жянь дянь түшмэлд найр тавьжухай” хэмээлцмүй. Чэнь туань абугай энэ чимээг сонсоод алсхийн баярлаж алгаа хамтатган залбирч тажигнатал инээсээр илжигэн дээрээсээ өнхрөн унаснаа замын хүн учрыг асууваас хариу өчрүүн: “Дэлхий дахин үүнээс энхжин төвширмүй”. Энэ үнэхээр дээдэд болбоос тэнгэрийн таалалд нийцэж, доодод болбоос газрын зүйд нийцэж дундад болбоос хүний найрамдууд нийцсэн бөлгөө. Цагаан бичин жилд тэнгэрийн бошгыг хүлээж сууринаа суугаад арван долоон жил болсноо дэлхий дахин энх амгалан болж дагалдуур сууриа дүү Тайзунд уламжлав. Тайзун хаан сууринаа сууж хорин хоёр жил болсон хойно Жэнь Зүн хаанд уламжилж, Жэнь Зүн хаан бас Рэнь Зүн хаанд уламжлав. 

Энэ Рэнь Зүн хаан болбоос тэнгэрийн орны нүцгэн хөлт хувилгаан болох тул эсэн мэндлэхүйд өдөр шөнөгүй уйлан зогсохгүйд эзэн төрөөс зар тунхаг нийтэлж эрдэмтнийг элсэн эмнэн засах хэмээв. Энэ чимээ тэнгэрийн ордноо хүрснээ Тай бай жинь шин хэмээгч цагаан өвгөн одныг ертөнцөд буулгав. Цагаан өвгөн одон даруй нэгэн өтгөс болж хувилаад урагш ирж зар бичгийг хуулж аваад тайзын уйлахыг зогсоож чадмой хэмээн өгүүлснээ зар сахигч түшмэл түүнийг удирдан ордонд орж Жэнь Зүн хаанд бараалхуулахуйяа тэнгэрийн хөвүүн зарлиг буулгаж дотоод ордноо дагуулан аваачиж тайзанд учруул хэмээжүхүй. Тэр өвгөн шууд ордонд орж тайзыг тэврэн аваад чихэнд нь хэдэн үг шивнэсэнд тайз огт уйлахаа зогсохуйяа тэр өвгөн овог нэрээ хэлэхгүйгээр нэгэн зурвас салхин хувилж оджухай. Тайзын чихэнд ямар хэдэн үг шивнэсэн бэ хэмээвээс “Бичгийн түшмэлд Вэнь Чюй Шин одон буй, цэргийн түшмэлд Ү Чюй Шин одон буй” хэмээжүхэй. Түүнээс хурмаст тэнгэр үнэхээр Зывэй гүн ордны хоёр одныг буулгаж энэ төрийн эзнийг тэтгүүлэв. Вэнь Чюй Шин одон хэмээгч даруй өмнө яамны Кай Фэн Фүгийн эзэн Лүн Тэү Гэ ордны эрхэм сайд чансан Бао Вэнь Жэн, Ү Чюй Шин одон хэмээгч баруун Шя улсын төвшитгөсөн их өрлөг жанжин Ди Чин агсан ажээ. 

Ийн хоёр мэргэн түшмэл гарч ирээд энэ төрийн эзнийг тэтгэж сууринаа дөчин хоёр жил болоод оны цолыг есөнтөө халжухай. Тяньшэнгийн анхдугаар оны харагчин гахай жилд сууринаа сууж Тяньшэнгийн есдүгээр он болтол дэлхий дахин энх амгалан болж, таван тариа дэлбэ төрж, түмэн иргэн энх жаргаж гээсэн юмыг авах хүн үгүй, гэрийнхээ үүдийг шөнө дарахгүй цаг агсан ажээ. Энэхүү есөн жилийг “анхны энхжил” хэмээжүхэй. Минь Даогийн анхдугаар оноос Хуан Иүгийн гуравдугаар он хүртэлх энэ есөн жил ч асар баялаг тул “хоёрдугаар энхжил” хэмээжүхэй. Хуан Иүгийн дөрөвдүгээр оноос Жя Иүгийн хоёрдугаар он хүртэлх энэ есөн жилд ч тариа төмс их л төрсөн тул “гуравдугаар энхжил” хэмээжүхэй. Энэ мэтээр гурван ес хорин долоон жилийг “гурван энхжилийн өгөөмөр цаг” хэмээжүхэй. 

Тэр цагт зуун овогт иргэн амар сайхан амьдарч агсан боловч жаргалаас зовлон үүсмүй хэмээн хэн санав. Жя Иүгийн гуравдугаар оны хавар дэлхий дахинаа хижиг тахал дэлгэрч Жян Нань орноос зүүн баруун хоёр жин балгас хүртэл зуун овогт иргэд цөм хижиг тахалд нэрвэгдсэн тул дэлхий дахины жэү, фүгээс цасан лавс мэт айлтгах бичиг довтолгов. Түүнээс өгүүлэх нь Дүнжин хотын дотор гаднах цэрэг иргэний ихэнх хагас нь хижиг тахалд үрэгдсэн тул Кай Фэн Фүгийн эзэн Бао Дай Жи биеэрээ ард иргэдийг тохинуулан илбэж өөрийн цалин пүнлүүгээр эм дом найруулж түмэн иргэнийг эмнэн зассан боловч хижиг тахлыг зогсоож чадсангүй өвчин зовлон улам илүү дэлгэрэв. Ийнхүү бичиг цэргийн зуун түшмэл зөвдөлцөж мөч үзэх яамнаа хуран цугларч өглөөгийн бараалхалд тэнгэрийн хөвүүнд айлтгаж тухайлан наманчлан залбирч хижиг тахлыг арилгах хэмээв. Ийн бус агсан болбоос хэрхэн гучин зургаан Тянь Ган одон ертөнцөд заяаж, далан хоёр Диша одон орчлонд бууж, Сүн улсын төрийг үймүүлэн Жао овогтын засгийг түйвээх өдөр хүрэх ажээ. Хожмын хүн шүлэглэсэн ину:


Түмэн иргэн энх амьдарч хөөр найр бялхаад

Төгс элбэг гурван энхжилд баяр цэнгэл бүрджүхэй.

Бялар эгшиглэн бишгүүр уянгалсан ёслол хөгжмийн цаг нь

Булуу нисгэн сэлэм бүжиглэсэн байлдаан хямралдаанаар солигджухай

Усан цайз Шүйху зайд чин зоригтон цуглараад 

Уулан боомт Лян Шань Пүэд баатар идтэн хуржухуй.

Тэгшрэн самуурч мандан буурахын тоо хэмжээг нарийвчилваас 

Тэнцэшгүй арга билгийн улиран хувьсахуйд буй заа.