Хөгжлийн хамгийн том саад хүн та өөрөө!
Аливаа өөрчлөлтийг хийх хамгийн том саад хүн байдаг. Гэвч системийн буруу, тогтолцооны алдаа гэх зэрэг шалтгаар хүн хүнээсээ зайлуулахыг оролддог. Хүнтэй холбоотой саад ямар ч өөрчлөлтийг нийгмийн бүхий л түвшинд нам гацаадаг. Эдгээр хүнтэй холбоотой саадуудыг 100 тэрбум ам.долларын нөөц бүхий Сингапур улсын хөрөнгө оруулалтын санг удирддаг ноён Siong Guan Lim өөрийн бичсэн “The Leader, The Teacher and You” номондоо сайхан томъёолжээ.
Аливаа өөрчлөлтийг хийх хамгийн том саад хүн байдаг. Гэвч системийн буруу, тогтолцооны алдаа гэх зэрэг шалтгаар хүн хүнээсээ зайлуулахыг оролддог. Хүнтэй холбоотой саад ямар ч өөрчлөлтийг нийгмийн бүхий л түвшинд нам гацаадаг. Эдгээр хүнтэй холбоотой саадуудыг 100 тэрбум ам.долларын нөөц бүхий Сингапур улсын хөрөнгө оруулалтын санг удирддаг ноён Siong Guan Lim өөрийн бичсэн “The Leader, The Teacher and You” номондоо сайхан томъёолжээ. Тухайлбал:
1. Үнэ цэнэ,соёлын саад
2. Мэдлэгийн саад
3. Итгэл үнэмшлийн саад
4. Эрх мэдлийн саад
Үнэ цэнэ, соёлын саад: Энэ бол тухайн хүн, байгууллага, улс үндэстний уламжлалт сэтгэхүй, тогтсон соёл, ажлын хэвшмэл уур амьсгал, амьдралын нормтой холбоотой.
Өдөр тутмын хэвшил болсон зүйлийг нь өөрчилнө гэхээр ямар ч хүн үүнийг шууд хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Өөрөөр хэлбэл хийх гэж байгаа өөрчлөлт нь одоо байгаа нөхцөл байдлыг дордуулна гэж ихэнх хүмүүс боддог. Монголд хамгийн түгээмэл анзаарагддаг, заримын маань синдром болсон нийгмийн хөгжлийг гацаагч болсон саад бол яах аргагүй энэ билээ. Эдгээр бүлэг хүмүүс дэлхий “хавтгай” болсон гэдгийг ойлгох, Монгол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цорын ганц улс биш гэдгийг мэдэх, өөрсдийн сул тал болон бусдын давуу талуудыг хүлээн зөвшөөрөх, технологийн хөгжлийг ашиглаж гэмээнэ уламжлалт соёлоо улам төгөлдөржүүлж, нийгэм ба соёлын өөрчлөлт хөгжлийг амжилттай гүйцэлдүүлэх буй заа. Амьдаараа музей болж дуусч байгаа нүүдэлчин малчдаа бараг монгол хүн бүр өрөвдөж, хайрлаж, омогших хэдий ч хэн ч тийм амьдралыг сонгож чаддаггүй парадокс бидэнд бий.
Мэдлэгийн саад: Өөрчлөлт хүсдэггүй, дэмждэггүй бүлэг хүмүүсийн мэдлэг нь тэрхүү эко системдээ тэр чигтээ хайрцаганд орж, үндсэндээ гадаад ертөнцөөс тасарч, их зохиолч Нацагдорж гуайн зүйрлэснээр хөмөрсөн тогоонд орсон байдаг. Энэ бүлэг хүмүүсийг “мэдлэгээр дээрэлхээд” нэмэргүй учир аль болох энгийн мэдээлэл, баримт, статистикаар хангах, гадаад явуулж галуу шувууны мах идүүлэх, долдой нараар хүрээлүүлсэн дарга нарын вакуум орчинг зад татах замаар бид өөрчлөлтийг хийж, хөгжлийн хэмнэлээ хурдасгана. Мэдлэгийн мухардалд орсноо мэдэрсэн хүмүүс ухаалгаар” өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, асуудалд объектив хандах магадлал өндөр байдаг нь сайндаа ч биш яах аргагүй ертөнцийн бодит факт, үнэмлэхүй үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэхээ мэддэгт оршино. Сошиал медиа дээр бусдын мэдээллийг хуулдаг, бусдын мэдлэгийг хулгай хийдэг, мэдэхгүй юмгүй их мэдэгч нарын тоо өдрөөс өдөрт буурч, баримт, факт бүхий постын дор мэдээллийн анхдагч эх үүсвэрийг асуудаг хүмүүсийн тоо жил ирэх тусах өссөөр байгааг хэрэв та бүхэн анзаарч буй байх. Энэ зөв хандлага сошиал медиагаас хальж нийгмийн норм болж гэмээнэ бид бултаараа мэдлэгийн саадыг давах буй заа.
Итгэл үнэмшлийн саад: Энэ төрлийн бүлэг хүмүүс нь ямар ч өөрчлөлт хийсэн нэмэр байхгүй, амжилттай болохгүй, эерэг үр дүн гарахгүй гээд цөхөрсөн, ирээдүйн итгэл үнэмшлээ гээсэн хүмүүс байна.
Яагаад ийм хүмүүс үүсдэг вэ гэхээр магадгүй нэг шалтгаан нь хэзээ ч өөрөө өөрийнхөө эзэн нь болж үзээгүй, аймхай, тэвчихэд хэтэрхий өмхий санаатай, дандаа хүний үгээр явдагтай холбогдох байх.
Нөгөө талаас ийм хүмүүсийг удирдаж буй хүмүүс хэзээ ч тэдгээр нөхдүүдэд боломж олгож байгаагүй, дэмжлэг туслалцаа албаар хангалттай өгөлгүй чөдрийн морь шиг болгож сургасанд оршино. Торонд төрж өссөн шувуу тэнгэрт дүүлэн нисэх бусад шувуудийг хараад тэднийгээ өвчтэй, шизотой гэж дотроо боддог юм гэнэ лээ. Энэ төрлийн хүмүүс аливаа өөрчлөлтөөс гарах эерэг үр дүнгийн эсрэг байдаггүй ч тийм амжилттай, одоо байгаагаас хамаагүй сайхан нийгэм байдаг гэдэг төсөөлөл, байх боломжтой гэдэг итгэл, байлгаж болно гэдэг дотоод үнэмшил нь угаасаа байдаггүй бололтой. Эдгээр хүмүүсийг өөрчлөлтөнд шууд уриалан дуудахаас илүүтэйгээр өөрчлөлт хийх процесст оролцуулах, хэлээд хэлээд итгэдэггүй юмыг нь өөрсдөөр нь хийлгэж байж итгүүлэх нь нийгмийн эерэг өөрчлөлтөнд тустай мэт. Энэ төрлийн биечилсэн сургалтууд маш их хэрэгцээтэй байгаа нь энд тэнд хүмүүстэй уулзаж ярьж явахад илт мэдэгддэг. Ийм сургалт, мэдээлэл байхгүй, системтэй өгөгдөхгүй байгаагаас шалтгаалж бурзай бурзай, бөө, далдыг харагчид, түрийвч даллуулагч нарт нийгэм дарлагдаж байна. Өнөөдөр манай нийгэм юугаар бялхаж байна гэвэл бухимдал, үзэн ядалт, уур хилэн, хоосон аархал, цөхрөлөөр дүүрчээ. Харанхуй нийгэмд хэн ч од болж гэрэлтэх боломжтой тул нийгмээрээ гэгээрч байж гэмээнэ бид урагшлах бөлгөө. Магадгүй монгол хүний үнэ цэнэ, үндэсний ижилсэл ба үндэстний ондоошлоо томъёолох ажил энэхүү саадыг давах цорын ганц ерөндөг нь болов уу даа!
Эрх мэдлийн саад: Нийгмийн аль ч түвшинд байгаа зарим хүмүүс ямар ч өөрчлөлтийг анхнаасаа дэмждэггүй. Учир нь тэд өөрчлөлтөөс үүдэн одоо байгаа албан тушаал, эрх мэдэл, сандал ширээгээ алдахаас үхэтлээ айдаг. Хүнтэй холбоотой хамгийн хэцүү саад чухам энэ саад болов уу. Энэ төрлийн хүмүүс өөрчлөлтийг шууд эсэргүүцэхгүй ч гэсэн процессийг удаах, чимээгүй, зөөлөн “янаглах” замаар өөрчлөлт хийж буй субъектуудыг залхаан цээрлүүлж, тэвчээрийг нь барах замаар эсэргүүцлээ илэрхийлдэг. Энэ төрлийн характер манай том компаниудын дээд ба дунд түвшинд, мөн улстөрчид дээр их тодорхой харагдаж мэдрэгддэг. Загас шиг гулгаад гарт баригддаггүй хүмүүс гэж ярьдагтай адил үгүй гэхгүй атлаа тийм гэдэггүй шийдвэр гаргагчид манай улсын хөгжлийн тушаа болоод удаж байна даа. “The government of the people, for the people, by the people” гээд айхтар хэлсэн үг байдаг.
Гажиг
Зочин
Ушлаа, ойлголоо
Д.пурэв