Нэг. Үнэн болгогч айдас

Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай.

“Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж хүн айлгах юутай жаргалтай!

Өмнөөс эсэргүүцэх, урьдаас хэрэлдэх гэхээр үнэний эсрэг болчих гээд ацан шалаанд орон бүлтэгнэх, бушуухан хүсснийг нь өгөөд нийтийн дайсан болохоос аврагдахаас өөр гарцгүй болсон нэгнийг харахад  сэтгэл цадан зүрх булгилмуй… Ерөөсөө одооноос эхлээд “үнэнчин” болж, санаснаа бүтээн, сарвайснаа атган амьдын жаргал эдлэх хүсэл төрмөөр. Энэ бол зурагтын мэдээ, хэвлэлийн хурал, “ард түмний” эсэргүүцлээс бидний хардаг өдөр тутмын зураглал.

Тэр ч байтугаа бодит үнэнээс хол хөндий зүйлс ярихийн хэрээр омог бардам. Харин үнэн, зөв зүйтэй юм ярьж байгаа хүмүүсийн халирхай, аймхайг хэлээд яах вэ. Сая тэр Оюу толгойн далд уурхайн нээлтэд оролцсон төр засгийн зүтгэлтнүүдийн байж байгааг хар даа. Улс орныхоо эдийн засгийн хөгжлийн шинэ үеийг нээж байгаа хэрнээ,  цагийн механизмтай бөмбөг янзалж байгаа сапёр аятай айсан бэргэсэн, дальдчисан, чанга хашгирвал зугтаахад бэлэн. Цаанаа л нэг “үнэн”-ий эсрэг сөрсөн байдалтай. …айн!

Гэтэл хэдхэн сарын өмнө Бороогийн алтны уурхайг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай компани болох Сентерра гоулдтай хамтран ашиглахын төслийг нураахын төлөө тэмцэгчид ямар урамтай, бадарсан улс харагдлаа. Цаанаа л нэг “үнэн”-тэй нөхцөж төрсөн байдалтай… айн!

Монгол үнэнийг үнэний дайтай болгодог нэгэн хүчин зүйл бий. Энэ бол мэдээллийг муу, түгшүүртэй болгох аргачлал. Буруушаах, мушгих гэж байгаа зүйлээ хэдийчинээн аймаар, фантаазтай болгоно, төдий чинээн  үнэмшилтэй болно. Ийм нэг үг та нар сонссон уу, муу юм үнэн л байдаг юм даа гэж. Монголчууд авсан мэдээлээ аймшигтай байхын хэрээр бага эргэцүүлдэг, бараг тунгаадаггүй гэсэн ч болно.
 
Байнгын аюул түгшүүр, хөрш овог аймгийн мөнхийн үргэлжийн халдлага дор өнгөрөөсөн он жилүүд нь биднийг ийм үргэмтгий, цочимтгой  болгосон бололтой. Хэрвээ “Мэргэд довтоллоо” хэмээн нэг нь хашгирвал үг сүггүй сэлмээ шүүрээд гарахаас өөр  сонголтгүй болно. Хэрвээ “Мэргэд мөн болов уу, энэ хүн худлаа хэлж байгаа юм биш биз” гэхчлэн эргэцүүлж цаг алдвал дайсан амжиж ирээд хоолой хэрчинэ.

Бас “хотонд чоно орлоо” гэсэн мэдээллийг  аваад ухасхийн гарахын оронд “Юун чоно билээ” хэмээн эргэцүүлээд суучихвал хамаг малаа боохойд хага татуулна. Тал нутгийн амьдралын дүрэм бидэнд “муу мэдээнд бүү эргэлз” хэмээн заажээ.

Тийм болохоор Гачууртын ордыг Сентеррагоулдтай хамтран ашиглахаар зэргэлдээ ноён уулын булш сүйдээд  аюул болно гэж айлгаж болж байгаа юм. Аюул гэдэг хэллэгт инстинктээр хандан дэрхийсэн нүүдэлч хэвээр сэтгэлгээтэй ард түмэн  Мэргэд довтолж, хотруу боохой орсон лугаа адил сэтгэн буугаа шүүрээд ухасхийнэ. Тэрнээс биш юун булш, хаана байдаг булш, ер нь мянган жилийн өмнө үхсэн хүний хүүр өөртэй нь яаж холбогддог, орчин үеийн хариуцлагатай уул уурхай гэж юу болох, нөхөн сэргээлтийн туршлага сэлтийг эргэцүүлэх үгүй. Өнөөгийн монголын их бага улс төр үүн дээр л тоглож “Барууны компани урааны хайгуул хийхээр хоёр толгойтой тугал хийдэг” гэж айлгаж болоод байна даа.

Заримдаа ямар ч  үгийг айлгасан өнгө аясаар хэлээд нийгмийг донсолгож, хэн нэгнийг тодорхой хугацаанд нийтийн дайсан болгож болно. Жишээлэхэд, “Таминь ээ. Өнөө Дорж хутгатай явж байна. Алуулахаасаа өмнө хөөж явуулъя” гэхэд нийгэм дэрхийнэ.  Үнэхээр ч Доржийнх нь өвчин хөдлөөд хүний бөөр гаргахаар явж байвал тэр л биз.

Харин айлын цагаалгын мах эвдэж өгөхөөр явж байгаад хэлмэгдвэл мөн гашуунаа. Бас “Дээлтэй монгол” шоунд иж бүрэн оролцохоор шийдээд өвөөгийнхээ хэт хутгаар  гангарч яваад өртвөл юутай гуниг. Бүр эсрэгээрээ, гэгээн хутагтаар тодроод Далай багшаас жуухаа авчихаад бөөн баяр болж “Би хутагт юм байна” хэмээн баярлан алхаж яваад алуурчинд тооцогдон толгойгоо хагалуулбал…хэлэх ч юм биш.

Муу мэдээнд, муугаар зарласан мэдээнд эргэлздэггүй шигээ, муу мэдээг тайлбарлах оролдлогыг  хүлээж авахгүйгээр барахгүй, дайсанд үйлчилсэн тэдэнд цаг хугацаа олгох гэсэн санаархал мэтээр үзнэ. Тийм  болоод л нэгэнт дайснаар зарлагдсан офшоорын учрыг тайлбарлах тухай санахын гарз болно. Намын эсрэг бүлгийн гишүүн, Лоохуузын хамсаатны үлгэр болоод дуусна. 

Нүүдэлчид муу мэдээний, донсолгоотой Пиарын үнэн худлыг эргэцүүлэх завгүй явсан  тэр үеийн хандлагаа орхиогүй байна.

Харин сайн мэдээнд бол эргэлзэх хугацаа, эргэцүүлэх боломж аль алин нь бий. Жишээлэхэд, “чоно махнаас гарчээ” гэвэл  “махчин амьтан цагаан хоолонд орвол үхчих байлгүй” гэдэг жирийн эргэлзээнээс эхлээд,  өвсөн тэжээлтэн ба махчин амьтан нь амьд байгалийн тэнцвэрийн гол хөшүүрэг болох тухай түмэн зүйлийг тайван эргэцүүлж болно.

Хоёр. Үнэн хэний талд вэ?

-Чи үнэний талд байна уу гэсэн асуултад эргэлзээгүй “тийм” хэмээн хариулах амархан. Харин “Үнэн гэж юу вэ” гэвэл хариулахад амаргүй. Бид үнэн гэж яг юуг хэлээд байгааг хэзээ ч эргэцүүлж явсангүй.

Харин үнэний төлөө тасралтгүй тэмцсээр ирсэн. Бүр социализмын үеэс  л үнэний дуу хоолой байх явдал нь иргэний үүргийн нэг хэсэг байлаа. Харин  тэмцэн хамгаалж  байгаа үнэнийхээ талаар эргэцүүлэх хэрэг байсангүй. Угаасаа  намтөрөөс  юу юу үнэн болохыг заагаад өгдөг байсан учраас түүнийг шүүмжлэн эргэцүүлэх хориотой байв. Нэг зүйл ойлгомжтой байсан нь “Үнэн гэдэг бол төрийн байр суурь”, илүү гярхай ажигласан хүнд бол “аливаа хувилбарууд дотроос социализмын үзэл санаанд нийцэх хэсэг” ажгуу.

Харин ардчилсан хувьсгалын дараагаар  хувийн ба хувьсгалын үнэн нийцэх албагүй боллоо. Хүн бүр өөр өөрийн үнэнтэй байх боломж бүрдэв, тэр мэт ч болов. Хамгаалан тэмцэх үнэн хаа сайгүй байвч “үнэн гэж юу” гэсэн асуултын хариу алга хэвээр.  Гагцхүү өмнөх үеийн үзэл суртлын нэгэн өв үлдсэн нь “үзэл суртлын ашиг сонирхолд нийцэх хувилбар” гэсэн шалгуур ажгуу.

Тэгвэл, тал нутгийн “үнэн”-үүдийн хөнжилдөө унтах завгүй тулаан дунд хэнийх нь хувилбар ялдаг вэ гэсэн асуулт гарна.   

Жаахан холоос эхэлбэл, дургүйцэхгүй биздээ. Тал нутгийн дайны мораль, тулааны дүрмийг өрнөдийн ертөнц огт төсөөлөөгүй учраас монголчуудын байлдан дагуулал онцгой амжилттай болсон юм. Тэдний номоор бол рыцарь маягаар, нүүр тулан, удирдагч нь удирдагчтайгаа шударга тулаад эхэлж мориноос унасан нь ч юмуу, айж зугтаасан нь ялагдсанд тооцогдоно.  Нэр хүнд бол ялалтын хагас ажээ. Байлдах алалдах муухай зуршилд нь хүртэл мораль шингэж эхэлсэн байсан гэсэн үг.

Наран ургах зүгээс  ертөнцийг гатлан ирсэн морьтон баатруудыг тэд бас өөрсөд шиг нь дүрэм журамтай улс гэж бодсон гэдэг. Гэтэл цаадуул нэр төр ялсан талд нь ордог гэсэн ойлголттой, ухрах зугтаах, зальдах, шарвахыг нэр төрд хүрэх ерийн технологи гэж үздэг улс байв. Түүхчид “ монголчууд ялна гэдэгт итгэлтэй болтлоо зугтаадаг” тухай гайхшран тэмдэглэжээ.

Тал нутгийн тулааны дүрэм онцгой. Тэнд шударга явах, хууль баримтлах, хүчээр давуу байх зэрэг огт хамаагүй. Зүгээр л түрүүлж айсан нь ялагддаг юм.  Харин айх, зугтаах хоёр тусдаа. Чингис хаан  гайхамшигтай айлгагч байсан. Түүний цэргүүдийн асаадаг олон түүдэгээс эхлээд цуу тараах, тэнгэрийн нэр барьж сүрдүүлэх, газартай тэгшитгэхээр заналхийлэх гээд  сэтгэл зүйн дайны том мэргэжилтэн байсан.

Нөгөө талаасаа монголчууд нэг айсан бол нэлээн сайн айдаг улс. Энэ нь орос болон хятад, барууны хөрөнгө оруулагчдад хандах янз бүрийн хандлагаас их тод харагддаг. Бас нэг айлгасан амьтныхаа хүзүүн дээр насаараа зайдлах санаатай. 1921 онд Барон унгернтай хүч хавсарсан монголчууд (Үнэндээ бол монголчуудын дэмжлэгийг авсан Бароны цэргүүд) хүрээнд байсан хятадын гамин цэргийг   хөөсөн нь хятадуудыг  хамгийн сүүлд айлгасан явдал байж. Харин тэд одоо болтол айсаар байгаа гэдэг бол итгэдэг.
 
Үүний нэгэн өвөрмөц хувилбар нь ард түмний ашиг сонирхлоос урган гарсан ардчилсан төр ард түмэнд үйлчэх ёстой гэсэн логик их өөр утгатай болсон явдал.  Хууль дүрэм “ард түмэн”-ээс айх ёстой, хүчний байгууллага, хууль хэрэгжүүлэгчийг ард түмний өмнөөс нэг сайн айлгачихад нь болно гэсэн санаа их хүчтэй байна. Чухам эндээс үүдэн ард түмний нэр барьж чадсан нь хэргээс мултарч, бас ард түмний нэрийг барин хэрэгт хийж болох юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болсон нь нууц биш. Ингэснээр  “ард түмэн”-ий нэр барьж чадсных нь өмнө хууль, засаглал хүчгүйдэх аюул нүүрлэж буй хэрэг. Иим завшааныг эрх баригчид ч сул орхиснгүй, өөрийн намаас гадна хэрэгтэй үед хэрэгтэй юм хийгээд өгдөг тус тусын “ард түмэн” байх санаархалтай ч болж байна.

Төгсгөл. “Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн…”


Чингис хаан тэнгэрт хальж, эзэнт гүрэн түүх болоод удав. Харин тал нутгийн тулааны дүрэм хуучнаараа, үнэний тухай ойлголт мянганы тэртээх тэр л хэвээрээ. 

Монголчууд нүүдэллэхээ болиод хотшин суурьшиад, хүн төрөлхтний нийтлэг жишгээр иргэншин хөгжиж эхлэв. Энд муу  сайн ямар ч мэдээнд түрүүлж эргэлзсэн нь хожино.

Бас үнэний  тухай суурин амьдралын ойлголт төсөөлөл нүүдэлчдийнхээс өөр.  Иргэншсэн ертөнцөд үнэн гэхээр хөдлөшгүй баримт, хууль ёстой нийцэх үйлдэл гэж юун түрүүн томъёолно.  Шударга ёс  нь ямар ч аргаар хамаагүй ялагчийн талд бус, харин дүрмээр тоглогчийн талд зогсоно.  Түрүүлж айсан нь бус түрүүлж буруу үйлдэл хийсэн нь ялагдана. Үүнийг л хүлээж дагаж байж цаашаа явахаас өөр замгүй.

Бидний амьдрал өөрчлөгдөж өгөхгүй байгаагийн шалтгаан нь бид өөрснөө өөрчлөгдөж өгөхгүйд байгаа юм.