Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээг зурах нь ямар үр дүн авчрах талаар эдийн засагчид, бизнесийн салбарынхан болон Засгийн газар нэлээд удаан хугацаанд байр сууриа илэрхийлж, тайлбар хийцгээлээ. Харин энэ удаа МУИС-ийн Бодлогын судалгааны лабораториос уг хэлэлцээрийн эдийн засгийн нөлөөллийн судалгааны дүн хэрхэн өгүүлснийг харцгаая.

Тэдний үзэж буйгаар тун чиг “харанхуй, бүрэнхий” рүү алхаж яваа бололтой юм. Үүгээрээ Засгийн газрын “дотоодын бүтээгдэхүүнээ хамгаална” гэх гоё тайлбараас тэс өөр үр дүн авчрах гээд байна л даа.

Уг судалгааны дүнг бүхэлд нь, мэргэжлийн хэлээр, график зураг өрөөд, тооцоо судалгааг үзүүлэх ажлыг тэд төр, засгийн түвшинд хэдийнэ хийчихсэн байх. Гэвч тэднийг сонсож байж шийдвэрлэнэ гэх найдвар тасарлаа. Харин хамгийн энгийн, ойр дөтөөр та бид хэрхэн ойлгож болохыг товчлон дөхүүлэх гэж хичээе. Ингэхдээ Европын холбоо, ШХАБ гэхчлэн айлгах гэсэнгүй. УИХ-аар хэлэлцэгдэхгүй учраас гар далайн шийдэх энэ шийдвэрийн үр дүнд бид юу амсахаа мэдэх нь чухал биз дээ.

Юуны өмнө хэлэлцээрт тусгасан, импортын татварыг чөлөөлөх 375 бүтээгдэхүүний нэрийг харахад хэлэлцээрийн дүн  “win win” байхын тухайд санахын ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл, Монголын талд ашиг маш бага. Ашигтай мэт харагдуулах хэдэн тоо үзүүлж буй нь ач холбоглолгүй байгаа юм.

Эдийн засгийн орлого төвлөрүүлдэг салбарууд болох аж үйлдвэрийн салбарт бараг 18 хувь, хөдөө аж ахуйд 4.3 хувийн сөрөг нөлөөлөлтэй. Үүнийг өнөө муу зүдэрсэн нийтийн үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо, худалдаа, зочлох үйлчилгээ, барилга, олборлох үйлдвэрлэл гэхчлэн Евроазийн эдийн засгийн холбооноос маш бага хамааралтай салбарт үзүүлэх өчүүхэн эерэг нөлөөллөөр далдалж байгаад батлах гээд байгаа дүр зураг харагдаж байна.

Хэрэв уг хэлэлцээрийн “амин сүнс” нь экспортын татварын хөнгөлөлт юм бол Монголоос тус холбооны орнууд руу экспортолдог үнийн дүнгийн 40 хувь нь л багтсаныг юу гэж үзэх вэ?  Яаж win win хэлэлцээр хийхээрээ манайхаас Орос руу экспортолдог дүнгийн 40 хувийг л хөнгөлөөд, Оросоос манайх руу импортлохоороо татвараас 100 хувь чөлөөлөгддөг юм бэ?

Мэдээж Засгийн газрын гишүүд, албаны эх сурвалжаас энэ талаар асууж тодруулж байна. Тэгэхээр хамгаалах ёстой гол нэрийн бүтээгдэхүүнээ хамгаалсан гээд байгаа юм. Улаанбуудай, өндөг гэх мэт. Гэтэл яг одоо байгаа төслөөр чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар мах, консерв, ноос ноолуур гэхчлэн голлох нэрийн арван бүтээгдэхүүний экспортын дүн 3.3 сая ам.доллараар нэмэгдэхээр байна. Харин Евроазийн эдийн засгийн холбооноос Монгол руу экспортлох бүтээгдэхүүний жагсаалтаас харахад, улаанбуудайгаас бусад хамгийн их экспортолдог 20 бүтээгдэхүүний экспортын нэмэгдэл 100 сая ам.доллароор нэмэгдэх нь.

Өнгөц харахад гаалийн татвар нь 0-20 хувь гэж арван бараарны нэр заагаад, үүнээс зөвхөн гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр 10, 15, 20 хувь гэсэн тоо харуулаад нүд хуурсан ч үлдсэн долоон нэр төрлийн барааны хувьд 0.5 хувийн л хөнгөлөлт үзүүлж буй нь үнэндээ “Тавантолгойн 96 хувийг төрд өгөөд өрөмтэй, цөцгийтэй 4 хувийг нь аваад үлдсэн” гэдэг хууралтаас юугаараа ялгаатай юм бэ? Тэр долоон бараан дээр тарифын хэлцлийн эрх ашиг тэгш бус байж, цаашид экспорт нэмэгдэх боломж муу байхад ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээр яг юугаараа ашигтай гэж? Ямар ч тэнэг хүн харсан ОХУ-аас импортлох хэмжээг нэмж, Монголын, ялангуяа хүнсний болон боловсруулалтын салбарын үйлдвэрлэлийг 18 хувиар, ААН-үүдийн орлогын 6 хувиар, татварын орлогыг гурван хувиар бууруулахуйц, гэнэн гэхээсээ илүү хорлонтой гэмээр ийм хэлэлцээрийг яагаад хийж буй, үүний хохирол буюу дээрх судалгааны багийн тооцсончлон “18 хувиар нэмэх шаардлага үүсвэл” тэр цоорхойг хэн, яаж нөхөх нь дэндүү тодорхой. Татвар төлөгчид л төлнө.

Энэ мэтчлэн тоочоод байвал улигласан, уйлагнасан санагдах байх. Товчхон ганц асуулт тавья. “Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээ хийснээр Монгол Улсын ДНБ 6.1 хувиар буурна” гэсэн тооцооллыг МУИС-ийн Бодлогын судалгааны лабораториос уг хэлэлцээрийн эдийн засгийн нөлөөллийн судалгааны дүн харууллаа. Бараг дуугарах бүртээ, үйлдэл бүхнээрээ ДНБ-ээ өсгөж буй тоо баримт дурддаг Засгийн газар яагаад ДНБ-г 6.1 хувиар буурах хэлэлцээр хийх гээд байна вэ”. Үүнийг л тайлбарлаад өгчих.

Нөгөөтэйгүүр, худалдааны гол түнш орнуудтайгаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь Монгол Улсын худалдааны бодлогын нэн тэргүүний зорилт мөн. Тиймээс ч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “Гадаад худалдааны бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж хөгжүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уялдуулсан тарифыг бий болгох, шинээр үйлдвэрлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох таатай нөхцөлүүдийг урьдчилан бүрдүүлэх, үүний тулд тодорхой улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудалд онцгойлон анхаарах нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Энэ шаардлагаа л хангаж байгаа эсэхээ хянах, тооцоолох нь чухал байгаа юм.

Яагаад бүхэл бүтэн улс орон мөртлөө арван жил үргэлжилж буй Японтой, гурван жил болж буй Ази Номхон Далайн Худалдааны хэлэлцээрүүдэд нэгдсэнийхээ үр ашгийг судалдаггүй юм бол? Цаана нь жил гаруйхны өмнө буюу 2023 онд БНСУ-тай хийсэн хэлэлцээр байна. Ерөөсөө үр дүнг нь сонирхдоггүй, хаячихсан. Гэтэл цаг хором тутам бизнесийн үйл ажиллагаа үргэлжилж байдаг.

Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлээд нэг жилийн нүүр үзэж байна. Урьд нь чимээгүйхэн баталчихаад, мөрдөж байдаг байсан энэ хэлэлцээр Орос, Украины дайны нөлөөлөл, манай улс хоригт орчих вий гэсэн болгоомжлол, бүр цаашилбал “шатрын өрөг дээр санаатайгаар хожигдчих вий” гэсэн хардлага, ил харагдаж буйгаар бол УИХ-аас сонгуулийн өмнөхөн гурилын импортын тэглэсэн гунигтай шийдвэр зэргээс үүдэн энэ удаад олны өмнө ил тод, дуу шуутайхан яригдаад байгаа юм.

УИХ-аар ч оруулахгүй, олон нийтийн санаа бодлоос ч хамаарахгүйгээр батлах гээд байгаа энэ хэлэлцээрт нэгдэхийн өмнө нэг талаас Монгол Улсын бараа ЕАЭЗХ-ны зах зээл дээр өрсөлдөх чадвар байна уу, нөгөө талаас ЕАЭЗХ-ноос орж ирэх импортын бараатай манай үйлдвэрлэгчид өрсөлдөж чадах уу гэдэг талаар хөндөхгүй өнгөрвөл хожмын өдөр харамсана. Товчхондоо, консервны 20 хувийн, адууны махны 15 хувийн гаалийн татварыг “0” олгосонд алга ташаад нийлээд хоёрхон сая ам.долларын өсөлт л гарахаар байгааг харахад манай экспортын барааны экспортын барааны өрсөлдөх чадвар ямар өрөвдмөөр сул байгаа, үйлдвэрлэгчдээ “хайрладаггүй” болохыг, Монголын Засгийн газар бизнесийн салбарынхныг “хайр нь гаднаа, хал нь дотроо” байдгийг харуулж байна.