Засгийн газар дахиад л танил дүр зурагтайгаа учирлаа. Гурил­ын араас бензиний үнэ огцом өсч, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Ган­хуягийг огцруулах З.Энхболдын саналын дараа Үйлдвэр, худал­дааны сайд Х.Наран­хүүг огцруулж болох боломж бүрдэв. Яг л М.Энх­болдын танхимыг Л.Одон­чимэ­дээр эмтлээд тэрхүү цоор­хой­гоор Л.Гүндалай, Б.Жаргал­сайхан нарыг гоожуулсан шиг “шүд суга­лах” аргыг С.Баярын Засгийн газарт дахин хэрэглэх нөхцөлийг УИХ, тэр дундаа сө­рөг хүчин бий болгов. Сөрөг хүчин М.Энхболдын танхимын “эв нэгдэл” дээр тоглож байсан бол, жамаараа яваа зах зээлийн үнийн өсөлтийг С.Баярын Зас­гийн газарт нааж улстөр хий­хээр шийдсэн бололтой.

С.Баярын Засгийн газар бай­гуулагдсаныхаа дараахан гу­рилын үнийг тогтвортой ба­рихаар УИХ-д санал оруулав. Уг саналаар бол 40 мянган тонн гурилыг гаалийн болон нэмэгд­сэн өртгийн албан татваргүй­гээр хилээр оруу­лах, 13 тэрбум төгрөгийг үнэ нэмэх­­гүй гэсэн хатуу нөхцөл­тэйгөөр гурил үйлд­вэрлэгчдэд татаас болгож өгөх байв. Татваргүй гурилыг томоо­хон аж ахуй нэг­жүүд­тэй гэрээ байгуулж оруулах байлаа. Гэвч парламентаас “Зас­гийн газар лоббид автах сэжигтэй учраас татваргүй гу­рилыг хэн ч оруулж ирж болно хэмээн эзэн­гүйдүүлж, ирээдүйд нэмэгдэж бо­лох үнийн зөрүүг нөхөх татаасыг олгох­гүй” гэсэн шийдвэр гаргасан юм. Ингэж татвар төлөгчдийн мөн­гийг ард түмнээс нь харамлас­наар УИХ-аас гурилын үнийн өсөл­тийн зөрүүд нэг ч төгрөг олгосонгүй. Үр дүнд нь нэг кг гурилын үнэ огцом өсч, 600 төгрөгийн талх 850 төгрөг болж нэмэгдлээ. Гурилын үнийг өсгөхгүй байх талаар зөв менеж­мент хийж чадсангүй хэмээн сайд Ц.Ган­хуягийг огцруу­лах саналыг АН-ын хоёр гишүүн УИХ-д оруулан хэлэлцүүлж байна. Хэ­рэв гурилын үнийн өсөлтөд зах зээлээс илүү аль нэгэн бай­гуул­лага, хэн нэгний менежмент нөлөөлсөн гэвэл тэр нь салбарын сайд биш, харин ч УИХ өөрөө юм. Менеж­мент хийх зөвшөөрлийг нь олгоогүй байж , менежмент хий­сэнгүй гэж огцруу­лах гэж байгааг ойлгоход төвөгтэй. Шалтгаан нь өнөө л улстөр рүү хальтирчих гээд байх юм.

Гурилтай ижил зураглал бензин дээр давтагдлаа. Засгийн газраас нэг литр бензинийн үнийг 200 төгрө­гөөр нэмэгдүүлэхгүйн тулд хийж болох менежментийн төслөө УИХ-д оруулжээ. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулж, “Роснефть” компанийн санал болгосон 100 ширхэг шата­хуун түгээх станцыг Монголд бай­гуу­­лахыг зөвшөөрөхийг УИХ-аас хүслээ. Энд хамгийн муу мэдээ нь мэдээж, гадаадын ганц­хан ком­панийн мэдлийн 100 шир­хэг ша­тахуун түгээх станц. Манай улс 1200 орчим шатахуун тү­гээх станц­­тай. Тэдгээр нь ерөн­хийдөө ашигтай байрлалаа олсон. Хэдий тийм ч үнийг өсгөх­гүйн тулд бен­зинээр зуун хувь хараат гадаадын компанийн 100 ширхэг шатахуун түгээх стан­цыг Монголд бай­гуулъя гэж хялбарчилах нь яавч сайн менежмент биш нь тодорхой.

Ардчилал бол тийм ч сайхан тогтолцоо биш, гэхдээ л хүн төрөлхтөн одоогоор түүнээс сайныг нь олоогүй байна гэсэн үг л С.Баярын Засгийн газарт ирээд байна. Зуун шатахуун түгээх станц сайн хувилбар биш ч, Засгийн газарт үүнээс өөр гарц алга. Бензинийн үнэ өслөө гэхэд Засгийн газар буруудаж, сөрөг хүчин шүүмжлэгч хэвээр үлдэнэ. Хүний эрхэнд жар­гахаар өөрийн эрхээр зов гэдэг­тэй адилаар өрөөлийн бойко­тонд орж буруу­даж байснаас, өөрийн санаснаа хэрэг­жүүлээд буруутан болж байвал өөр хэрэг. Хүлээх хариуц­лага нь ч шудар­га. Гаднахь зах зээл

нь гэрлийн хурдаар хувьсан өөрчлөг­дөж бай­хад С.Баярын Засгийн газар дотооддоо хөлдөө тушаатай сажилж явна. Гурилын үнийг өсгөхгүйн тулд менежмент хийх гэж зөвшөөрөл хүсээд авч ча­даа­­гүй сайд нь огцрохдоо хүрч бай­хад, менежментийг нь “уст­га­сан” УИХ-ын гишүүн ардын баатар болох жишээтэй. Аягүй бол бен­зиний үнийн өсөлтийн дараа Үйлдвэр худалдааны сайдыг мөн л менежмент хийж чадаагүйнх нь төлөө огцруулах ажил ундарна.

Сүүлийн хоёр өдөр бензин тойруулж Ерөнхий сайд учир­лаж, тайлбарлаж, АН-ынхан эсэр­гүүцэж эгдүүцэв. Ажил хариуцаж байгаа Засгийн газрын зовлон, муу менежмент дээр нь хийж байгаа сөрөг хүч­ний тоглолт хоёр өдөр үргэлж­лэв. Эцэстээ ОХУ-ын эрх аш­гийг улаан хамгаалагч нэг нөх­рийн нөгөө талд цогтой эх оронч хэсэг нөхдийг тодруулах улс­төрийн акц болж хувирлаа. Гэтэл бодит байдал дээр бензин бол гурилтай адилгүй. Гурилын үнийн өсөлтийг дагаж бензинийн үнэ өсөхгүй, талхны хомсдлоос болж бензин тасрахгүй. Гэтэл бензинийн үнийг дагаж гурил мах гээд хүнсний өргөн хэрэг­лээний бүх бараа, нийтийн тээв­рийн үйлчилгээний үнэ нэмэг­дэнэ. Хэрэв бензиний нөөц дуусвал өргөн хэрэглээний барааны хомс­дол үүснэ. Тэд­нийг үйлдвэрлэдэг түүхий эд тасал­дана. Сүүлийн жилүүдэд л дэл­хийн зах зээлээ дагаж хүнс­ний барааны үнэ өсч байгаа болохоос биш, өмнө нь Монголд дандаа л бензинээс болж бараа материалын үнэ өсч байлаа. Үүгээрээ Монголын хувьд зах зээлийн эрэлтийг ч, нийлүү­лэлтийг ч, хэрэглээг ч тодор­хойлох суурь нь бензинийн үнэ юм.

Хэрэв УИХ энэ удаа сон­голт­гүй ганц гарцан дээр нь Засгийн газраа баалаад өнгөр­вөл тун удахгүй бензинийн үнэ яг гурилтай адилаар, литр тутам­даа 200 төгрө­гөөр нэмэгдэнэ. Тэр цагт бүх бараа үйлчил­гээний үнэ өсч, ингэснээр нийг­мийн бухимдал Засгийн газарт чиглэж, дараагийн удаа АН-д итгэл хүлээлгэх улс­төрийн ач холбог­дол­той ч энэ нь олон түм­ний хүсэл, эрх ашиг биш юм. Бензин тойрсон асуудлаар Засгийн газар, сөрөг хүчний аль нь ч биш, эцсийн дүндээ Мон­голын ард түмэн хожих нь чухал. Иймд УИХ хуралдаж Засгийн газрын саналыг хэлэлцэх нь зөв гарцыг олох хамгийн сайн ху­вил­бар юм. Уг асуудлыг хэлэл­цэх нь хэлэлцэхгүй байснаас хавьгүй дээр. Хэлэлцэнэ гэдэг нь заавал Засгийн газрын са­налыг зүтгүүлж зуун ширхэг шатахуун түгээх станцын тухай ярина гэсэн үг биш шүү дээ. Засгийн газрын саналыг буцаагаад шинэ гарц үүрэгд л дээ. Эс бөгөөс зөв гарцаа сонгох хүртлээ одоо литр тутамд 200 төг­рө­гөөр нэ­мэг­дэх гээд байгаа үнийн зөрүүг татвар ху­раам­жаар чөлөө­лөх маягаар нөхөж, үнийн өсөлтийг хэрэг­лэчдийн нуруунд үүрүү­лэхгүй байх түр зуурын ч болов арга олох хэрэгтэй. Энэ нь цоо шинэ, өмнө нь хэрэгжүүлж үзээгүй арга биш шүү дээ. Одоо­гоор бензинийн үнийн өсөлтийн зөрүүнд улсаас 12 тэрбум төгрөг зарлагдаад бай­гаа. Магадгүй хэлэлцсэнээр гадаадын 100 шата­хуун түгээх станцаас ч илүү сайн гарц, менежмент олох ч юм бил үү.