Логистикийн компаниудад Хөшигийн хөндий рүү нүүр тавхан сарын хугацаа өглөө
-Хүнсний болон бусад бараагаа аюултай ачаатай хамт тээвэрлэхээс ангижруулж Богд уулаар заагласан төмөр замтай болох нь-
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах чиглэлээр томоохон төслүүдийг эхэлсний нэг нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт юм. Юу юуны туханд хүрэлгүй, дөнгөж нээгдэнгүүт нь “Хүннү хотын дарга, захирагч” гэдэг албан тушаалтнууд хүртэл тодорчихоод байгаа нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл хүлээж эхэлсэн. Харин ямар ач холбогдолтой төмөр зам байх вэ гэдэг нь дэд бүтцийн төдийгүй геополитикийн хувьд сонирхолтой сэдэв мөн.
Учир нь “Богдхан төмөр зам яалаа” гэж нэхэх хүн олон бий. Энэ талаар хэн нэгэн албан тушаалтан тодорхой хариулт өгөөгүй боловч “Багахангай-Хөшигийн хөндий” төмөр зам бол Богдхан төмөр замтай яах аргагүй давхцал нь таараад байгаа юм. Гэхдээ үнэн байдал гэвэл Богдхан төмөр зам бол хойноо 61-н гармын зүгт холбогдох байсныг оросууд зөвшөөрөхгүй гурван жил гацаасан. Үүнийг удаа дараагийн харилцан уулзалтын протоколууд, солилцсон баримт бичгүүд ч нотолно. Харин энэ удаад бид дотооддоо, Улаанбаатар хот маань маш аюултай нөхцөл байдалд ороод байгаа учраас Хөшигийн хөндий рүү “салбар төмөр зам тавихад хүрч байгаа юм.
Үүний гол ач холбогдол нь юунд байна вэ гэхээр өнөөдрийн байдлаар манай улсад төмөр замын ганцхан босоо шугам бий. Энэ зам нь Улаанбаатар хотын яг голоор нь дайран өнгөрдөг. Гэтэл энэ төмөр заиаар тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис, шатахуун, шатах тослох материал, транзит ачаа гэхчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд бараг л заналхийлсэн ачаа тээвэрлэгдэж байдаг билээ. Муугаар бодоход нэг цистерн газ дэлбэрэхэд ямар аюул болсныг үргэлж сануулдаг гашуун сургамжийн гамшиг уршиг арилаагүй байхад 50 вагонтой нэг цуваа хотын төвд дэлбэрвэл яах вэ? Энэ аюулыг хүн амынхаа талыг элгэндээ тээсэн их хотын хувь заяаны төлөө бодохгүй, сэргийлэхгүй байх аргагүй. Тэр тусмаа маш яаралтай шийдэх, түгшүүрийн харанга дэлдсэн асуудал яах аргагүй мөн.
Гэтэл нөгөөтээгүүр, бүх хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын ачаа холилдож нэг логистикийн төвд бууж байна. Жишээ нь гурил, цемент хоёр, эсвэл жимс, хүнсний ногоо, автомашин нэг дор “ачаа” гэдэг нэг ерөнхий нэрийн дор хамтдаа буудаг. Үүнийг цэгцэлж төрөлжсөн логистикийн төвүүдэд ачаа бараагаа буулгаж авах цаг болсон. Тиймээс Багахангай, Хөшгийн хөндийн төмөр зам маш чухал, яаралтай шийдвэрлэх ёстой тээвэр ложистикийн асуудал юм.
Дээрх төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж байгаа юм. Мөн эдийн засаг, бизнесийн салбарынхны санаа бодлыг сонсоход хэрэв зөв төлөвлөж чадвал нэгэнт хүн болон ачааны вагон, чингэлэгүүдийг төмөр зам баригдаж эхэлмэгц нийслэл рүү оруулахгүй логистикийн шинэ шийдлийг хийхээр зориглож чадвал Хүннү хотыг татваргүй бүс болгочихвол бизнес эрхлэгчид ашиг орлогын төлөө бүгд тэмүүлж нүүж очих болно хэмээж буй нь сонирхол татаж буй.
Логистикийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний бүх үйл явцыг дижитал технологи, автоматжуулалт, болон AI, Big Data зэрэг дэвшилтэт системүүдээр бүрэн удирдана. Үүнд, бүтэн системийн интеграц, онлайн платформын шийдэл бүхий орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд хан уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийг сонгосон аж.
Багахангай-Хөшигийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр жилд 20 сая тонн хүртэл ачаа тээх хүчин чадалтай, гурван өртөө, дөрвөн зөрлөг бүхий төмөр замыг, ТЭЗҮ-д заасанчлан 840 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан барих юм байна. Энэ ажлыг айсуй зургаахан сарын дотор ашиглалтад оруулах үүргийг Зам, тээврийн сайдыг “хар толгойгоороо хариуцна” хэмээн Ерөнхий сайд үүрэгдсэн. Энэ хугацааны тухайд Зам тээврийн сайдаас тодруулахад, “Бид төмөр зам барих хамгийн чухал бэлтгэл нөхцөл болох геодези, геологи, усны хайгуулаа хийж дуусаад худагуудаа гаргачихсан. Энэ төмөр замын онцлог нь голдуу уулын хяр дагаж өгсөж баригдах учраас замдаа ямар нэг хувийн болон төрийн ямар нэг объект, өмч хөрөнгө тааралдахгүй болохоор газар чөлөөлөлтийн асуудал байхгүй. Нэлээд хугацааны өмнө төмөр замын трассаа гаргаад тусгай хэрэгцээнд авчихсан байсан. Хамгийн гүнзгий газраа 32 метрийн гүн ухмал хийнэ. Үүнд зам барилгын гэхээсээ илүү уул уурхайн компанийг татан оролцуулж ажиллуулна. Энэ нь техникийн хүчин чадал болон хөрс хуулалтын туршлага чухал учраас хатуу гэрээ байгуулж хоёр сарын дотор гүйцэтгүүлэхээр болсон. Мөн нэг км орчмын гүүрэн байгууламжийн ажил гүйцэтгүүлнэ. Одоогоор гүүр барьдаг долоохон компани Монголд байна. Гүүр барих, гүүр холбох гэдэг өөр ажил. Энэ гүүр бол баганан суурьтай учраас хугацаа их ордог тул ажилд нь оруулахаар яаравчилж байна. Төмөр замын доод бүтэц буюу гүүр, хоолой, далан барих ажлыг 110 аж ахуйн нэгж, 2500 монгол ажилчин гүйцэтгэх, дээд бүтцээ мөн өөрсдийн хүчин чадлаар хийж чадна. Гаднаас зөвхөн 20 орчим мянган тонн рейлс л худалдаж авна гэж салбарын сайд хэллээ. Ингээд уг төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатарт ирэх ачаа тээврийн зардал 15-20 хувиар буурах, тус бүс нутагт аж үйлдвэрийн бүс, агуулах, логистикийн төвүүд хөгжих суурь тавигдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ гээд энэ оны аравдугаар сар хүртэл хугацаа өглөө.
Энэ хооронд үүсэх гол асуудлуудын нэг нь Улаанбаатар хот дахь 71 га талбайд байршиж буй ачаа тээврийн терминалуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлж аюултай тээвэр, бусад ачааны тээврээ ангид байлгаж айдсаас ангижрах, автозамын түгжрэлийг 5-10 хувиар бууруулахын тулд логистикийн компаниудтай учраа ололцох шаардлага үүсэх байх гэсэн таамаглал байна. Гэхдээ Засгийн газраас, салбарын яам нь ирэх тавдугаар сарын 23-нд хувийн терминалтай, тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх ААН-ийг урьж зөвлөгөөн хийнэ. Үүгээр ирэх аравдугаар сарын 1-ээс өмнө Хөшигийн хөндийд шилжин суурьшиж, агуулах саваа барьж тохьжих таван сарын хугацаа өгөх тухайгаа хэлэлцэх гэнэ. Учир нь аравдугаар сарын 1-ээс эхлээд Багахангайгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүнсний болон бусад барааны бүх ачаа, чингэлэг тээврийг шууд Хөшигийн хөндий рүү ямар ч сонголтгүйгээр явуулна. Тэгэхээр Хөшигийн хөндийгөөс ачаа бараагаа авах нь.