/өгүүллэг оролдов/

Хонхны баярын зугаалгаар нэг залууд хачин сайхан дурсамж үлдэж гэнэ. Харж явдаг охинтойгоо олноос тусдаа нэг байшинд хоносон, гэхдээ үнсэлцэхээс хэтрээгүй л дээ. “Хүн танихгүй” гэдэг хамтлагийн “Дахиж нэг жил сонсохгүй” гэдэг дууг шөнөжин сонссон юмсан. Бас Нандиагийн түрхсэн “Дахиж хэдэн сар үнэртэхгүй” нэртэй сүрчиг хувцсанд нь шингэсэн. Залуу дахиж Нандиатай уулзаагүй ээ. Ийш тийш гадагшаа нисчихсэн юмгүй л дээ, зүгээр л тааралдах боломж гараагүй. “Уулзах уу?” гэдэг мээсэжний хариуд “Найз нь ойрд завгүй ээ” гэж бичсээр хэдэн сар өнгөрчихөж. Сүүлдээ хариу ч байхгүй, утсаа ч авахгүй. Сүүлд ангийнхны уулзалт дээр ч Нандиа ирсэнгүй.. Залуу зөвхөн дурсамжтайгаа л үлдэж, амьдралдаа амталсан хамгийн амттай уруул.

Хэдэн сарын дараа Нандиатай санаандгүй гудманд тааралджээ, өнөө “Дахиж хэдэн сар үнэртэхгүй” нэртэй сүрчигний үнэр хэвэндээ. Арай гэж мартаж байсан юмсан. Хонхны баяр, Нандиагийн өмссөн плать, орой нь ангиараа бүжиглэж байсан, Нандиатай хамт бүжиглэж байсан, тэгээд хоёул бусдаас холдож тэнд ганц байсан модон байшинд орсон. Тавдугаар сарын сүүл хэдий ч овоо жиндүүхэн байсан тэр байшин.. Зөвхөн үнсэлт гэлтгүй ер нь хонхны баярын тэр өдөр чигээрээ зурсхийв. Хэдэн мэндийн үг асууснаа залуу,

    - Яагаад таг чиг болчихдог юм бэ?
    - Харин ажил ихтэй.
    - Нээрээ тоглоомгүй, чи надад уурласан юм биш биздээ?
    - Хэхэ яасан гэж уурлах юм? Яагаад тэгж бодсон юм...   

Гээд нээх сүртэй зүйл ярилцсангүй, Нандиа яваад өглөө. Сүрчигний үнэр нь эргээд уруулынх нь амтны талаархи дурсамжийг сэдрээх ч шиг. Амьдралд тохиосон хамгийн сайхан дурсамжаа залуу улам баяжуулах шиг. Гэхдээ сүрчигний үнэр дахиж тааралдвал саяных шиг хүчтэй мэдрэмж арай үлдээхгүй л байх гэж бодохоор харамсалтай.

Гэхдээ сүрчигний үнэрээс гадна бас нэг дурсамж сэдрээх зүйл залууд бас үлдсэн ажээ. Үнэр дуу хоёр ямар ч дурсамж сэдрээдэг хойно. “Хүн танихгүй” хамтлагийн “Дахиж нэг жил сонсохгүй” дууг үнэхээр л жил нөөж байгаад нэг өдөр гэрийнхнээ явсан хойно ганцаараа, тухтай гэгч нь чихэвчээрээ сонсов. Нандиатай хамтдаа даруулсан хэдэн зургаа гартаа имэрнэ. Магад түүн дээр хайрын сахиусан тэнгэр хүрч ирээд элдэв сайхныг хүүрнэх ч юм билүү. Нээрээ ч дуугаа эхлүүлээд овоо явж байтал нэг навсайсан юм нисээд ирэх нь ч ирлээ шүү. Залуу гайхаж,

    - Чи хайрын сахиусан тэнгэр үү?
    - Хуц мал минь, эрлэгийн элч байна. Чамтай яриатай даа..
    - Намайг авч явах гээ юу?
    - Мэдээж авч явна. Гэхдээ эхлээд ганц хүслийг чинь биелүүлэе...
    - ... Анхны хайрын дурсамж дээрээ л ахиад нэг очмоор байна
    - Ээ чааваас, өөр олигтой хүсэх юм алга уу?
    - Үгүй ээ. Надад энэ л хангалттай..

Эрлэгийн элч залуугийн хүслээр болж өөрийг нь жилийн өмнөх дурсамж дээр нь авчрав. Өнөөх хүсэж, дурсаж, дурлаж байсан Нандиагийн уруул... амнаас нь жаахан тамхи үнэртэж буйг залуу сая л анзаарлаа. Бас Нандиа хөдөө бага байхдаа нэг хөөрхөн хурга тэжээдэг байсан тухай уйтгартай тэнэг түүх ярьж байгааг бас анзаарав. “Хүн танихгүй”  хамтлагийн “Дахиад нэг жил сонсохгүй” гэдэг дуу чинь ямар тэнэг дуу вэ? Тэгээд ийм дууг шөнөжин сонссон байгаа юмдаа, Нандиагийн л авч явсан компакт диск. Тэгсгээд шөнийн 3 цаг 52 минут болж байсан учир гучин минут юм ярилцаад л нүд анилдаад өгч байна. Эрлэгийн элч ихэд бахдан баясч,

    - Энэ тэгээд чиний амьдралын хамгийн сайхан дурсамж уу?
    - Би тэгж л бодсон юм.
    - За тэр ч яахав, хэд хоногоос чамайг авч явна шүү.
    - Яг хэдэн хоног?
    - Мэдэхгүй ээ, ойролцоогоор 18654 хоног. Өнөөдрийг хасаад 18653 хоног. Цөөхөн байгаа биздээ, дэмий юманд бүү үрээрэй.
    - Чи чинь эрлэгийн элч биш сахиусан тэнгэр юм бишүү?
    - Үгүй дээ. Сахиусан тэнгэрүүд дандаа худал ярьдаг юм.
    - Яагаад?
    - Ихэнхидээ согтуу явдаг амьтад.
    - Тааралдаж үзсэн биш, яаж ч мэдэх юм.
    - Чи тааралдсан л байна даа. Лав бүтэн жил дэмий чалчсан байна шүү…

468 хоногийн дараа залуу “Хүн танихгүй” хамтлагийн “Дахиад нэг жил сонсохгүй” дууг тайзан дээрээс дахиж нэг сонссон юм. Ангийн уулзалт дээр харин Нандиа энэ удаа иржээ, хөөрхөн цүдгэр гэдэстэй. Ангийнхан "Хүн танихгүй" хамтлагийнхантай дундаа орж, залуу нэг мэдсэн хамтлагийн гитарчинтай /Нандиагийн нөхөр биш, Нандиагийн нөхөр нь дуучин/ хоёулахнаа нэг ширээнд зуу татангаа буу халж сууна. Залуу гитарчнаас асуулаа,

    - Нандиагийн нөхөр яагаад надтай дуугарч ядаад байгаа юм бол? Бид хоёрыг учиртай байсан гэж боддог юм биш биздээ?
    - Гайгүй байх өө. Чамд юм санадаггүй шд. Ганц болоод өнгөрсөн юм.
    - Юу ганц болоод өнгөрсөн гэж?
    - Хонхны баяраараа Нандиа та хоёр нэг тэгчихсэн юм бишүү?
    - Айн?! Үгүй шд. Хэн тэгж байна?
    - Чи өөрөө хэлээ биздээ. Манай хамтлагийнхны дэргэд онгироод л байсан. Бид нар өглөө нь танай ангийнхан дээр хальт нэг очсон доо.
    - Та нарын ирсэнийг бол санаж байнаа. Харин Нандиатай ингэсэн тэгсэн гэж ярьсанаа ерөөсөө санахгүй юм. Ямар балай юм бэ, нээрээ тэгж хэлсэн юмуу?
    - Хамт нэг байшинд хоносон нь гэхдээ үнэн биздээ?
    - Тиймээ. Гадуур хувцастайгаа. Ёстой ганц л үнссэн байх. Тэгээд шөнөжин танай хамтлагийн дууг л сонссон...

2016 он 10-р сар