“Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнд

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа барьсан хэдэн хуудаснаас нэгийг эргүүлээд:

-Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь... Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон  цагт ирж мэдээ, сурвалжлага авна... MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ... хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр  зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан "бүр янзтай" байхсан. Нэвтрүүлгийн бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж байгаад хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.

4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.

4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.


4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.

-М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх

-М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх

-М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх

4.10. М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга . . . . . . . . . . . багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна.
 [Цааш гаргагдсангүй]



Ямар ч цензорын санаанд орохгүй заалтууд. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл жаахан ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээлгэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлахын хажуугаар сөрөг мэдээллийг агнаж, хэрвээ чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж "цалингаа" авдаг нь нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт. Бас "М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл" гэж бичсэнийг харахад "М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл" гэж байх нь ээ?  MCS гэж Монголдоо багтахгүй том групп  телевиз, сонинуудын мэдээг хянаж хувь процент тооцсон шиг өчүүхэн зан гаргадаг болсон нь хэвлэл мэдээллийг [мөнгөөр] далайсан газартаа далд оруулсаар байгаад баримжаагаа алдсаных.

MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1  телевизээрээ ярих гээд очтол "эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав" гээд үзүүлсэн нь MCS-ийг илчилсэн баримтуудын тоог нэгээр нэмчихжээ. Ингээд өнөө цагийн цензурын дээд хэлбэр болсон "хамтран ажиллах гэрээ"-ний хэдэн өгүүлбэр дэлгэгдлээ. Бүх хуудсууд задарвал юу болохов?

Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинуудаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав маш гайхна. Дээрх гэрээнд сонин гэж бичээд C1 телевизтэй байгуулсан нь ямар ч хэвлэл мэдээллийн нэрийг солиод бичдэг универсал загвар болохыг нотолно.

Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.

... Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна.  Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ... Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.

Хэдэн жилийн өмнө "Мобиком" корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг "Нийгмийн толь" сонин илчлэхэд тус корпораци  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй, харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар учраа амархан ололцсон гэдэг. Ноднин өвөл болсон сэтгүүлчдийн их хурал дээр, компаниуд гэрээ байгуулахдаа шүүмжлэхгүйгээс гадна сөрөг мэдээллийг саармагжуулах үүрэг хүлээлгэдэг талаар зарим сэтгүүлч гомдол мэдүүлэхэд индэрт суусан эзэд дуугүй өнгөрөөсөн.

Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд иймэрхүү гэрээг байгуулдаг нь ноцтой бөгөөд тусдаа сэдэв юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд "төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай" заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгддэг байсан бол одоо баян төрийн багтаж ядсан төсвийн их мөнгөний хаанаас хэдийг яаж гаргаад хэнд өгөөд байгаа нь мэдэгдэхээ больжээ. Х.Баттулга гишүүн ярилцлагадаа "Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд" хэмээн битүү юм хэлээд, MCS-ынх шиг задлахгүйгээр зогссон. Тэрбээр өөрөө саяхан болтол Засгийн газарт хуралдаж суухдаа тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.

Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртчихдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонин энэ сэдвээр дуугараагүй. 4-р сарын 6-нд “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдах юм гэсэн.  Гэрээнүүдээ хуудас хуудсаар нь дэлгэж байгаад илэн далангуй ярилцвал эрүүлжих найдвар бий.