Сэдвийн амьдрах нас

“Байрны гадаа тохижилт хийж байсан ээжийгээ хүү нь газар түлхэж унагаад тэтгэврийг нь аваад явжээ” гэсэн мэдээ манай улсын сошиал медиад лав хагас өдөр амьдрах чадвартай. Учир нь энэ зүгээр ч нэг болсон явдал биш, уншиж байгаа хүн нь өөрийгөө “би хэзээ ч ээжийгээ түлхэж унагахгүй” гэж сайнаар мэдрэх, мөн “би арай ч ээжийнхээ тэтгэврийг авч амьдрахгүй ээ” гэж мундгаар мэдрэх боломжуудыг өгч байгаа юм. Энэ ерөөсөө муу юм биш шүү, бид нар бүгдээрээ яг адилхан. Хүний л үндсэн зан, эго. 

Тиймдээ ч “ямар хүний сүг гэхээрээ төрсөн ээжийгээ түлхэж унагада явж байдаг байнаа” гэж бичээд шэйрлэнэ. Эсвэл “ишш чааваас даа ээжийнхээ тэтгэврээс өөр орлого олж чадахгүй арчаагүй муу сүг вэ!” гэж бичиж шэйрлэнэ. Энэ авч байгаа бяцхан таашаал болгон нь уг мэдээллийг цааш нь түгээж, амьдрах хугацааг нь уртасгаж байгаа хэрэг. Хүмүүс уйдаад уншихаа больчонгуут магадгүй нэг сайтын сэтгүүлч очоод “түлхүүлсэн эмэгтэй Хөх тэнгэр киноны Дулмаагийн дүрд тоглож байсан Янжмаа байжээ” гэсэн мэдээ гаргачихвал болсон явдлын дуулиан дахиад л эхэлнэ. Цаашаа Янжмаагийн нөхөр гарч ирэх гэх мэтээр хөврөөд байж болно л доо.

Сэдэвт нас нэмэгдэх шалтгаан

Тэгвэл “Танай байрны гадаа тохижилт хийжээ” гэдэг мэдээ хэдийгээр ээж хүү хоёргүй ч гэсэн бас л хөөрхөн уншигдана. Хүмүүс "За манай байр яажив?” гэж хэрэгт дурлах юм. Гэлээ гээд гучин секундын дараа мартагдана, ямар гэрт нь орж ирээд цэвэрлэнэ гэсэн биш.

Харин “Жавхлангийн байрны гадаа тохижилт хийжээ” гэсэн мэдээг бол 2 цаг эргэлдүүлчихнэ шүү. Одоо энэ Сангийн сайдыг хэлж байгаан. Би ч гэсэн энэ бичиж байгаа юмаа сонирхолтой байлгах гэж хичээгээд одоо ид моодонд байгаа хүнээр жишээ авчлаа. Моодонд байгаа гэдэг нь ид балбуулж байгаа гэсэн үг. Хүн нь балбуулж байгаа болохоор л “төсөв” гэсэн  сэдэв ийм удаан сошиалд амьдарч байгаа шүү дээ. Үнэндээ Жавхлан яасан билээ? гэж дурын 100 хүнээс асуувал:

  • 50 нь “ямар Жавхлан?” гэж асууна. 
  • 25 нь “Жавхлан яасын?” гэж эргээд асууна. 
  • Үлдсэн 25-аас 20 нь “76 хулгайчийн нэг үү?” (126 болсныг мэдээгүй) гэж асууна. 
  • Сүүлийн 5 хүний 4 нь “төсөв гээд балбуулж байгаа юу” гэж асууна
  • Үлдсэн ганц хүнээс л харин “оруулж ирсэн төсвийн хувилбарыг би ингэж бодоод эсэргүүцэж бна, эсвэл ингэж бодоод дэмжиж байна… “ гэх маягийн ажил хэрэгч хариулт гарах болов уу.

Үнэндээ Жавхлан төсвийн тухай ярих ажлаа л хийж байгаа болохоос тэнд байгаа тоонуудыг ч, ажлуудыг ч зохиогоогүй. Гэхдээ бид Жавхланг л балбах нь толгойдоо юм бодохоос асар залхуурдаг агаад зөвхөн таашаалд дуртайгийн шинж юм. Мөн одоо нөгөө хэрүүлийг тарьсан гишүүд “за тоголсымаа, төсвөө хурдан батлая, танахгүй байя” гэдэг дээрээ тавьчихсан байгааг хэзээ ч анзаарахгүй. Анзаарахын тулд жаахан эргэцүүлэх, эсвэл цаг гаргаж чуулган үзэх хэрэгтэй болчихно ккк. Лай байгаа даа, зүгээр лайв үзэх минь.

Өөрөө баясах хэрэгцээнээс өөрсдийн эрх ашгийг бодох

Жавхлан ч гүй, ээж хүү хоёр ч гүй мэдээллүүд хүмүүст сонирхогдоггүй жамтай. Гэхдээ үйлдэл нь эхлэхээр сэтгэл сэргэх сэдэв гэж байдаг. Жишээ нь “Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгана” гэдэг мэдээ. 

Зүгээр л чихний хажуугаар өнгөрдөг сонирхолгүй үгс байгаа биз. Гэхдээ ажиллаж эхлээд, ТӨХК-уудыг эхнээс нь хаагаад эхэлбэл хоолноосоо салсан, аягүй бол захаасаа цагдаад дуудагдаж барьсан олон амьтан хашгираа л гараад ирнэ. “Би ингээд ажиллаад эх орноо хөгжүүлж байсан чинь...!” гэж дуугаа авалцаад л. “Тэр Учрал чинь өөрөө тэгж яривал ийм тийм....!” гэлцээд л (Н.Учрал сайдын ярьсан сэдэв юм). 

Ингээд ирэхэд нь л маниус соотойж нэг харахаас биш “ Энэ ашиггүй ТӨХК (төрийн өмчит хувьцаа компани) гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг зүгээр үрж дуусгаж байдаг газар юмаа, хэдэн дарга нарыг хэдэн тэрбум төгрөгөөр тэжээж байдаг болцымаа, хааж дийлэхгүй олон жил явсымаа” энэ тэр гэж учирлаад байгаа юмнуудыг бол сонирхохгүй. Сонирхохгүйнхээ хэрээр мэдэх ч гүй. “Татвар төлөгчдийн мөнгө” гэдэг үгийг л тоодоггүй хүмүүс шүү дээ. Яг л өөрийнх нь кармаанд байгаа мөнгө л биш бол хамаагүй. Дундын эрх ашиг, ирээдүйн эрх ашиг, мөнгөн бус үр өгөөж гэдэг зүйл биднээс даанч хол юм даа. 

Тухайлбал, Кувэйтийн амны судалгааны төв амралтын газар болжээ гэдэг юм уржигдар гарсан. Энэ уг нь хэдэн тэрбум төгрөгийн асуудал, манай улсын гадаад харилцааны соёл, төрийн албаны хариуцлага, аягүй бол албан тушаалын гэмт хэргийн тухай ярьж байгаа юм. Уг нь иймэрхүү юман дээр бидний сонирхол асаж, гэмтнийг олдог, цээрлүүлэхийг шаарддаг, бүр байнга шаарддаг олон нийтийн соёл тогтмоор байгаа юм.  Солонгос энэ тэр шиг. Тэхгүй бол “Тэгээд тэр Кувэйтийн амныхаа амралтыг болиулсымуу даа? Судалгааны төвийн ажил нь хэвийн явж эхэлснүү?” гэдгийг мэдэхгүй өнгөрчихнө. Нээрээ энийг санаж байгаад Учралаас заавал асуугаарай.

Үр өгөөжийг ойлгох

Тухайн нийгмийн зуршил, аливаа сэдвийг сонирхох хандлага үнэхээр их юмны шийдэл байх боломжтой. Олон нийт шаардаж байгаад улс төрийн шийдвэр гаргуулсан тохиолдол манайд нэг бус байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь “хов жив сайтай” байхгүй бол бас явахгүй ээ. Ийм тохиолдолд тэндээс гарах үр өгөөжийг нь сайтар ойлгуулаад явбал болох болуу гэсэн бодол төрөөд. 

Жишээ нь Улаанбаатар хотод гудамжны нэр, байшингийн дугаарыг ашигладаг болоё гэсэн нэг санаачилгыг ярьж байна. Санаачилга ч юу байх вэ, улсын сайд хүн ингэнэ гэдгээ ярьсан тул шууд төлөвлөгөө, ажил гэх нь зөв байх.

Сэдвийн шинэ нь бол шинэ. Бас хөөрхөн сонирхолтой. Гэхдээ удаан хадгалагдахгүй байж мэдэх. Гадаадад явахдаа бол бид очих газрынхаа гудамжаа эхэлж олж очоод, тэндээсээ байшингаа хараад олчихдог. Тэрнээс биш манайхан шиг “Дөхөж очоод залгая”, “За энэ нэг улаан байшингийн хажууд ирчлээ, одоо хаанын?” гэдэггүй. Гэхдээ үүнийг Улаанбаатарт бий болгоход бас л нөр их ажил харагдаж байна даа. Хугацаа ч их орохоор байна. 

Тэгвэл энэ ажлын үр өгөөжийг төсөөлье: 

  • Нэгэндээ хаяг зааж өгөх, ялангуяа хоёр эрх эмэгтэй нэгэндээ хаяг зааж өгөхийн зовлонгоос сална. “Ертөнцийн зүгээр баруун гар талд нь шдээ....!”
  • Том компани хүртэл “тэрний урд, энэний баруун талд” гэсэн хаягтай зарлал гаргахаа болино. Бас л өрөвдөлтэй дээ хөөрхий. Дэлхий ертөнцийн хаана ч яваад байгаан.
  • Гал команд, түргэн, цагдаа нар хаягаа хурдан олж очно. What3word гээд хөөрхөн апп байдаг. Тэрийг ашигласан хаягуудад шуурхай тусламжууд мөн ч амархан очдог юм билээ. Хүний амь аварна, өмч хөрөнгийг хамгаалж байна. Секундээр хэмжигдэж байгаа явдал шү дээ. Хаягжилт бол яг л ийм болно гэсэн үг.
  • Мэдээж хүний явалт, бензин шатахуун, нерв, цаг хэмнэгдэнэ. Энэ бүхнийг мөнгөөр үнэлж болдог. Хувь хүн дээр гарч байгаа хэмнэлтүүд үндэсний хэмнэлт болдог.

Иймэрхүү юмыг л аливаа ажил, төслийг нийгэм сонирхох шалтаг болж чадах уу гэх гээд байгаа юм. Эсвэл Учрал сайд яриандаа заавал “Манайхаан нууц амрагуудыг мөрдөх гоё арга оллоо, гудамжны нэр, байшингийн дугаараар хаягаа хэлдэг болцгооё” гэж мэгэх ёстой юм болов уу? Манайхан нууц амрагийг жигтэйхэн сонирходым чинь “ашгүй хурдан хийгээд аль, гоё хов сонсы” гээд кккк.

Ингээд хаягжилт гоё болчуул надад ч, чамд ч хэн хэндээ л хэрэгтэй юм. Нүүдэлчид яг өөрийнх нь шовгор гэрт л элдэв юм болоогүй бол өөр зүйлд үнэндээ сэтгэл нь зовдоггүй улс л даа. Гэхдээ бид суурьшаад, хөл толгойгүй том хот байгуулаад бас ч гэж 70-80 жил болох гэж байна. Дундын хэрэгцээт юмаа бас сонирхдог, араас нь нэхэл дагуул болдог болмоор санагдаад иймэрхүү юм биччихлээ. Тэхгүй бол дандаа гоё юм сонирхоно, тэрийг нь яг хэлж өгөөд л бадраад байдаг поп улс төрчид л ашиг олоод, нийгэм ерөнхийдөө унаад байна.