Эрдэнэт хотод болж буй жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.

-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Эрдэнэт” үйлдвэр ямар статус, үүрэгтэй оролцож байгаа вэ?


-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод, тэр дундаа манай үйлдвэрийн Хангарьд ордонд болж байгаад бид баяртай байгаа. Яагаад гэвэл манай үйлдвэрийн үе, үеийн уурхайчдын сэтгэл, зүрх үргэлж их спортын төлөө байдаг. Дэргэдээ, жилийн тэрбум гаруй төгрөгийн зардалтай Хангарьд гэж спортын клубтэй. Олон ч алдартнууд амжилтын гараагаа эхэлсэн, Монголдоо нэртэй клуб. Зөвхөн жүдо бөхийн төрлөөр гэхэд дэлхийн аварга Болдбаатар, олимпийн хүрэл медальт Нармандах, Ням-Очир гээд олон алдартныг нэрлэж болно. Нэр нь “Эрдэнэт” үйлдвэр гэж ерөнхий нэг хаягтай л болохоос нэдэр дээрээ Хангарьд клубын зардлыг манай уурхайчид төлдөг юм. Тэр утгаараа Монголд их спорт хөгжихөд манай “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн уурхайчид сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Манай уурхайчид бол ард түмнийг эв нэгдлийг бэхжүүлдэг их спортын ач холбогдол, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө тамирчин хүний урсгасан хөлсний үнэ цэнийг мэддэг хүмүүс. Тийм учраас, бас олимпийн жил, манай клубын тамирчин Нармандах олимпоос хүрэл медаль авсны 20 жилийн ой зэрэг олон давхцал дунд энэ удаагийн жүдогийн улсын аваргын тэмцээнийг Хангарьд ордондоо зохион байгуулж байна.

-Спортод амжилт гаргахад санхүүгийн дэмжлэг их чухал. Тэр талаасаа манай улсын их спортын төрлүүдийн амжилтыг “Эрдэнэт” үйлдвэрээс салгахын аргагүй. Энэ жил олимпийн жил ч, эдийн засгийн хүндрэлтэй үе таарлаа. Энэ удаа “Эрдэнэт” үйлдвэр Монголынхоо тамирчдыг урьдынх шигээ дэмжиж тусалж чадах болов уу?

-Бэлтгэл сургуулилт хийх боломжийг бид түлхүү олгодог. Бэлтгэлийн үеийн урсгал зардлуудыг бүрэн хариуцдаг. Манай бааз дээр улсын шигшээгийнхэн маань ирж бэлтгэлээ базаадаг. 2016 он олимпийн жил учраас бид урьд өмнөхөөсөө илүүтэй анхаарч, боломжоор нь хангах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилээс зэсийн үнэ унаж санхүүгийн хувьд хүндхэн байгаа. Гэсэн хэдий ч, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, монголчуудынхаа бахархлыг төрүүлэхийн төлөө тамирчдаа боломжоороо дэмжиж тусалж ажиллана. Ялангуяа олимпийн төрлүүдэд зориулдаг, зарцуулдаг урсгал төсвөө хасахгүйн төлөө ажиллана. Олимпийн бус төрлүүдэд өмнөх шигээ гар, сэтгэлээ сунгаж чадахгүй байжмагадгүй. Харин олимпийн төрлүүдэд бол тэгэхгүй, илүү их санаа тавьж ажиллахыг хичээнэ. Энэ бол бидний эрмэлзэл.

-Спортын хувьд тийм байж. Харин улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд биелүүлж чадсан уу. 2016 оны төсөөллөөр биелүүлж чадах болов уу?

-Зэсийн үнийн уналтаас хамаараад 2015 оны гүйцэтгэл бидний төсөөлж байснаас бага гарсан. 2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ихээр унасан. Нэгдүгээр сард нь 6500 байсан зэсийн үнэ удалгүй 5000 болж оны эцэс гэхэд 4500 ам.доллар болсон. Зэсийн үнэ ингэж жилд 2000 ам.доллараар унаж байсан түүх урьд нь байгаагүй. Энэ огцом уналт манай улсад, “Эрдэнэт” үйлдвэрт сөргөөр нөлөөлж бид 2015 онд өмнөх шигээ биш ч, ашигтай ажиллаж чадсан. 2014 онд “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт, мөн нийгмийн даатгалын санд нийтдээ 464 тэрбум төгрөг тушаасан. 2015 оны гүйцэтгэлээр 320 тэрбумыг тушаалаа. Өмнөх жилийнхээсээ дутуу төлсөн 140-өөд тэрбум төгрөг бол зэсийн үнийн уналт, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт, “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт хэрхэн нөлөөлснийг харуулж байгаа юм. Гэхдээ бусад компаниудтай харьцуулахад манай үйлдвэрийн улсад тушаасан 320 тэрбум төгрөг бол өндөр тоо. Олборлолтын хэмжээ ч урьд онуудынхаас өссөн. 2015 онд “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ анх удаа 31.6 сая тонн хүдэр олборлосон. Энэ бол өнгөрсөн 37 жилийн түүхэнд байгаагүй өндөр амжилт. 2016 онд үүнээс илүү үйлдвэрлэлийн үзүүлэлттэй ажиллахаар төлөвлөж байгаа.

-Зэсийн үнэ унасан ч, олборлолт нэмэгдсэн учраас ашигтай ажиллаж чадсан хэрэг үү?

-Зөвхөн олборлолтоо нэмэх төдийнхнөөр зэсийн үнийн уналтыг нөхөж ашигтай ажиллахгүй л дээ. 2015 онд манай үйлдвэрийн хамт олон уулын болон олборлолтын гээд бүх төлөвлөгөөгөө 100 давуулсан хувиар биелүүлсэн, маш сайн ажилласан. Хөрөнгө оруулалт, өргөтгөлийн хэд хэдэн ажил хийж нэмэлт бүтээгдэхүүн гаргасан. Дээр нь үйлдвэрийн хэмжээнд бүсээ чангалж хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, өөрийн өртөг зардлаа бууруулж санхүүгийн сахилга баттай ажилласан. Мөн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж чадсан.

-Ажилчдаа халж цомхотгох замаар зардал хэмнээгүй юү?

-Зардал хэмнэх зорилгоор нэг ч хүн ажлаас халаагүй. Цаашид ч санхүүгийн энэ хямралыг ажилчдаа халахгүйгээр хамтдаа давахын төлөө байгаа. Аль болох ажилчдынхаа цалин хөлс, урамшууллыг бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа. Улсад мөнгө хэрэгтэйтэй адил хувь хүний амьдралд ч орлого хэрэгтэй. Хямралын үед төсвийн өмнө хүлээсэн татварын үүргээ биелүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүн болгоныхоо ажлын байрыг хадгалж үлдэх нь компанийн хувьд хамгийн чухал болохыг бид ухамсарладаг. Тийм учраас хоёр жилийн өмнөөс хямралын эсрэг, хямралыг давах бодлого хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бодлогын хүрээд хөөстэй явж байсан эдийн засгаа хөрсөн дээр нь авчирсан. Зэсийн үнэ 4500 үед, хэрвээ үүнээс доош унавал ямар зардлаа яаж хасах, үйлдвэрлэлээ хэрхэн явуулах талаар нарийн зурчихсан төлөвлөгөө бидэнд бий. Цаашид тэр дагуугаа ажиллана.

-Зэсээ баяжмалаар нь гаргахаа болъё, эцсийн бүтээгдэхүүн хийе гэж олон жил ярьж байна. Яг хэзээ ийм үйлдвэртэй болох вэ. Таны үед энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Засгийн газар Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэрээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Манай үйлдвэрийн 37 жилийн түүх, үе үеийн удирдлагууд, уурхайчид Монголдоо зэс хайлуулах үйлдвэр барьж, эцсийн бүтээгдэхүүн гаргахын төлөө зүтгэж, судалгаа шинжилгээ хийж ирсэн. Өдий хүртэл яагаад хэрэгжээгүй вэ гэвэл нэгд, хөрөнгө мөнгөний асуудал байсан, хоёрт зэс хайлуулах үйлдвэр өөрөө химийн үйлдвэр учраас байгаль орчны сөрөг нөлөөллөөс үүдэлтэй болгоомжлол явсан. Зэс хайлуулах үйлдвэрээс их хэмжээний хүхэрийн хүчил гарна. Хүхэрийн хүчил болон Хөвсгөлөөс олборлох фосфор хоёроороо бордоо хийж болох юм гэсэн судалгааны ажил байдаг. Гэтэл Хөвсгөлийн фосфортын ордыг ашиглах боломжгүй явсаар өдий хүрлээ. Харин Бор-Өндөрт байгуулах боловсруулах үйлдвэрийн хувьд ТЭЗҮ-г нь үндсэндээ боловсруулж дууссан. Нарийвчилсан зураг төслийн ажил ид явж байгаа, ирэх хавраас үйлдвэрийн хөрөнгө оруулагчдын асуудлаар нэлээд идэвхтэй яриа хэлэлцээ явах байх. Аж үйлдвэрийн яамныхан энэ чиглэлийн ажлаа эхэлчихсэн, нэлээд эрчтэй ажиллаж байгаа юм билээ.