Монгол, Францын хамтран хэрэгжүүлэх уран олборлолтынхөрөнгө оруулалтын гэрээнд 2024 оны нэгдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо хоёр тал гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэр үг хэлэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдсэн сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газар, гацсан 14 мега төсөл  зэрэг логик холбоос нь уран дээр шууд очиж наалдахгүй хуурай мэдээлэл хундаганы үг шиг ёсчлоод араас нь арай гэж үйл явдлын үнэнд ойртуулан хэдэн зүйл хэлжээ. 

Түүний хэлснээр бол нэгдүгээрт, энэ төслийн хүрээнд 68.9 мянган тонн уран олборлож, энэ нь улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулснаар Монгол Улс НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх юм байна. 

“Улс орнуудын маань” хүлэмжийн хий буурдаг юм байж. Сайн хэрэг. Тэгвэл манай улсын нийслэлийг өвөлдөө битүү бүрхэх хүлэмжийн хий нэрт утаа яах вэ, хомсодсоор буй эрчим хүч яах вэ? Учир нь монголчууд бид уранаас эрчим хүч үйлдвэрлэх Атомын цахилгаан станцтай болно гэх хүлээлттэй байгаа олон нийт энэ гэрээний төлөө алга ташлаа. Гэрээний урьтал бэлтгэлийг хангах пиарын агуулга угаас ийм хүлээлтээр олон нийтийг удирдсан. Гэхдээ одоогоор хэн ч энэ гэрээний нөхцөл дээр тийм амлалт өгөөгүй нь үнэн юм. Яагаад гэвэл...

Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын нөхцөлд /эрчим хүчний хэрэглээ жижиг, хэрэглэгчид хэт тархай бутархай суурьшилтай/ тохирох цөмийн реактор байхгүй, /нэг хуруу шил шар нунтаг буюу түлш нь ойролцоогоор 50-60 вагон нүүрс шатаахтай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулна/,хоёрт, уранаар цөмийн түлш үйлдвэрлэх эрх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 5 оронд буюу цөмийн зэвсэг бүхий дэлхийн 5 оронд бий, гуравдугаарт, олон улсын гэрээ дүрэм журмаар бол ураны түлшний хаягдлыг олборлогч улс хүлээн авах ёстой гэдэг байр суурь тодорхой хүрээнд илтгэж байсан. 

АЦС баяжуулсан уран ашигладаг. Хэдий бага түвшний баяжуулалт шаардагддаг ч нэгэнт ийм түвшинд баяжуулах чадвартай бол цөмийн зэвсэгт ашигладаг өндөр түвшний баяжуулалтыг ч хийх боломжтой учраас өрнөдийн орнууд цөмийн энергийг цөмийн зэвсэг дэлгэрэх эрсдэл гэж үздэг. Тийм учраас францчууд уран олборлолтын дараа Монголд зөвхөн шар нунтаг гаргана. Нэг үгээр бол АЦС барихгүй гэж ойлгоход болох нөхцөл.

Ерөнхий сайдын хувьд гэрээнд гарын үсэг зурах үеэр “ногоон эрчим хүчний их сэргэлт ирлээ” гэх өгүүлбэр унагасан нь шууд амлалт мэт сонсогдсон ч “яаж” тэр сэргэлт ирэх талаар ямар ч холбоос харагдсангүй. Тийм учраас олон нийтийн тархи, сэтгэлзүйг ОХУ-аас эрчим хүчний хамааралгүй болно, АЦС-тай болно гэх зэргээр удирдсаар ирсэн нь цаашид энэ хүлээлтийг удирдах эрсдэлийг авчрахаар байна. 

 

Монголын эдийн засгийн тэлэлт эрчим хүчний хүрэлцээнээс хамаарахаар байгаа өнөөдрийн нөхцөлд УИХ улсын төсвийг хэлэлцэхдээ эрчим хүчний сүйрэл, үнийн либерчлал, өсөлт, хясалтын талаар шуугисаар байсан атлаа яг төсөв батлахдаа эрчим хүчний шинэчлэлд 300 тэрбум төгрөг, атал замын бүтээн байгуулалтад 3 их наяд төгрөгийн төсөвлөн баталсан юм. Ураны гэрээндээ ч биш улсын бодлогодоо бас асуудал бийг хүлээн зөвшөөрөх ёстой. 

 

Монгол Улсын ураны тогтоогдсон нөөцийн 50 хувийн асуудал одоо олборлох Зөөвч Овоогийн орд дээр яригдаж буй. тэгвэл энэ төсөл бидэнд ямар ашиг авчрах юм бэ? Монгол Улсад төслийн хугацаанд Ерөнхий сайдын мэдэгдсэнээр бол 5 тэрбум ам.долларын орлого орж ирэхээс эхний ээлжинд Орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжуулаад 44 сая ам.доллар шууд орж ирэхийг нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжилд зарцуулах юм байна. Цаашид орон нутагт төслөөс жил бүр аймаг болон суманд 1 сая ам.доллар өгөх аж. Гоё сонсогдоно оо. 

Гэхдээ миний бодлоор юу гээч?! 

"Монгол Улс дэлхийн ураны салбарт том тоглогч боллоо", "Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд стратегийн тоглогч боллоо" гэх зэрэг том амбици илэрхийлэх пиар, дэлхийн эхний 5-д орох, эсвэл дэлхийн эхний 10-т орох уурхай гэдэгтанил статистиктэй харьцуулахад МОНГОЛЫН ОРОН НУТАГ гэдэг асуудал яг юу юм бэ?! Хэдхэн мянган хүний асуудал биз дээ. 

Оюутолгой гэхэд ҮНЭТ ЗҮЙЛ дээрээ 3 абзаци онцолсон байдгийн нэг нь ОРОН НУТАГ. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын ёсзүйн код гэж хэлмээр юм уу, тунхагласан стандарт, библи гэхээр бичиг баримтад энэхүү орон нутгийн иргэд, орон нутгийн хөгжил гэдэг зүйл албажсан байдаг. Өмнөговь аймаг саяхныг хүртэл манай хамгийн том газар нутагтай, хамгийн цөөн хүн амтай аймаг байсан. Одоо томроод томроод Монголд хүн ам нь 100 мянга хүрдэг аймгийн төв байхгүй. 

Монголын орон нутгаар асуудлыг харвал дэлхийн хэмжээний төсөлд энэ нь арай л гунигтай жижигхэн нийгмийн хариуцлага санагддаг. Улсын Ерөнхий сайдын хувьд лав л "орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулна" гэдэг зүйлээр хөгжлийг хардаг байж болохгүй гэж бодож байна. Улаанбадрах сумын Засаг даргын хэмжээнд бол арай өөр байх биз. 

Оюутолгойн түүхий эдийг экспортод гаргахдаа манай хууль журмаар бол 100 вагон тутмын 1 вагоноос нь дээжийн шинжилгээ авч түүний агуулгаар нь бид статистик бүрдүүлдэг. Түүнд үндэслэн татвар юмаа тооцож авдаг. Харин Эрдэнэтийн баяжмалыг экспортлоход 10 вагон тутамд дээж авдаг хууль журамтай. 1/100 ба 10/100 хувийн хооронд магадлалын ямар зөрүү үүсэх вэ? Бид гадны хөрөнгө оруулалтад ингэж ханддаг. Тэгэхдээ жингийн туухайн нөгөө талд өөрсдийгөө улам жижгээр, улам хямдаар тавьдаг байж болохгүй. Хүн амын хамгийн потенциаль бүхий хэсэг нь оршин суудаг ч утаанд угаартан сүйдэж буй Улаанбаатар хот нэрэн дээрээ нийслэл хэдий ч нидэр дээрээ тэдэнд нэг л орон нутгийн хэмжээ. 


Ураны гэрээнд гарын үсэг зурах үеэр Францын тал юу мэдэгдсэнийг анзаарья.

Дахиад орон нутгийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс акцентлэснээс гадна Франц улсын Европ, Гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь Франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Луран Сэн Мартайн ЕС-ын араас үг хэлэхдээ хоёр орны худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг онцолжээ. Гадаад худалдаа гэдэг нь экспорт, импорт. Энэ хоёр зүйлийн аль нь илүү байгаагаас гадаад худалдаа ашигтай, алдагдалтайн тухай ярьдаг. Бид улсаараа нийлээд экспортод нүүрсээ бараг 100 хувь Хятадад, алтаа бараг 100 хувь Щвейцарьт зардаг бол одоо уранаа 100 хувь францад нийлүүлэх юм байна. 

Татварын нөхцөл дээр уг төсөл АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцохоор тохирсон гэжээ. 2023 онд Ерөнхийлөгч Францад айлчлал хийх үеэр анх энэ гэрээний ирээдүйг хөндөхдөө Монгол ямар нэгэн хувь эзэмшихгүй буюу ураны үнээс хамаарч 19% хүртэлх АМНАТ авахаар тусгажээ. Тухайлбал, ураны үнэ 1 фунт нь $130-с илүү байвал 19%-ийн АМНАТ авна. Харин үнэ нь $40-50 байвал 5.5% байх буюу шаталсан байдлаар төсөлд оруулж байжээ. Мэдээллүүдээс үзвэл анх ярьсан нөхцөлөөрөө тохирсон бололтой. 

Хоёр хөршийг давж гуравдагч хөрштэй эдийн засаг, хамтын ажиллагааг эхлүүллээ гэж бид баярлаж байна. Илүү өндөр өртөг төлдөг ийм төслүүдийн "хувь заяа"-г бид бас ч гадарлах болжээ. Тэдгээрийн нэг нь Сайншандын нефть боловсруулах үйлдвэр. Аль хэдийнэ ашиглалтад орсон байх учиртай билээ.