Х.Мураками "Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэхийг хүсдэг вэ" номын хэсгээс
Гучин гурав гэдэг залуу нас ч шижигнэсэн залуу биш. Есүс энэ л насандаа цовдлогдож, Фрэнсис Скотт Фицжэральд энэ л насандаа харьж эхэлсэн. Амьдрал гэмээнэ уулын бартаат зам гэвээс гучин гурван нас чухал нэгэн даваа байж таарна. Гучин гуравтайдаа би гүйх ёстойгоо мэдэрч, хожуухан ч гэсэн зохиолч болох замд хөл тавьсан даа.
Зовлон бол ухамсартай сонголт юм
Боловсон эр хүн учирч байсан бүсгүйчүүд, улсад төлсөн татварынхаа тухай ярьдаггүй гэдэг. Худлаа хэлчихдэг болохоор тэр шүү дээ. Үнэндээ бол энэ үгийг хэн нэгэн хүн хэлээгүй, би л зохиосон юм. Гэхдээ урьд өмнө ийм үг байсан ч дээр нь эрүүл мэндийнхээ тухай ч бас ярьдаггүй гээд нэмчихвэл ононо гэж бодох юм.
Би хувьдаа өөрийгөө боловсон гэж боддоггүй. Гэлээ ч ийм ном бичиж байгаа хойно эвтэйхэн үг хэллэг хэрэглэх нь зүйтэй... Гүйх нь миний хувьд ямар утга учиртай вэ гэдгээ өгүүльюү гэж санасандаа л бичиж сууна. Түүнээс биш бүгдээрээ гүйцгээ гэж уриалах бодол огт агуулсангүй. Өөртөө тавьсан асуултууддаа хариульюу гэж санасан нь энэ.
Сомэрсэт Моэм сахлаа хусах нь хүртэл өөрийн гэсэн философитой гэж өгүүлжээ. Өдрөөс өдөрт хийдэг дадсан үйлдэл яваандаа бясалгах хэрэгсэл болж хувирдаг талтай. Ингэвэл би Моэм гуайтай бүрэн дүүрэн санал нэгдэнэ...
Нэгэнтээ Парисын зочид буудалд Интернэшнл геральд трибюн сонинг гарчиглан хэвтэж байтал тэр өдрийн дугаарт марафоны тухай онцлон өгүүлсэн байлаа. Алдартай марафончдоос гүйж байхдаа ямар тарни уншдаг вэ гэж асууж л дээ. Сүрхий асуулт тавьжээ гэж санаад үргэлжлүүлэн уншлаа. Дөчин хоёр км-ийн зайд гүйж яваа хүн юу эсийг бодох вэ. Маани тарни уншихгүй бол барахгүй шүү дээ, тэр хол зайг.
Нэг марафонч өөртэй нь ижил марафонд гүйдэг ахынхаа зааж өгсөн тарнийг ахин дахин уншдаг нь “Pain is inevitable. Suffering is optional” гэх үг юмсанж. Утгачлаад орчуулбал “Зовох нь гарцаагүй. Зовлон гэдэг ухамсартай сонголт” гэсэн утгатай үг л дээ. Та гүйж байгаад “Яасан ч хэцүү юм бэ. Ерөөсөө больё!” гэж бодож болох ч гүйсээр гүйсээр барианд орох эсэхээ та өөрөө л шийднэ. Энэ нь зовох эсэхээ өөрөө л сонгоно гэсэн үг юм.
Би л хувьдаа энэ үгээр марафон гүйлтийг яв цав тодорхойлоод өгчихсөн гэж санадаг.
Арваад жилийн өмнөөс ийм ном бичье гэж санасан ч тухайн үед нэг л эвлэж өгөөгүй юмдаг. Тэгээд мэдэрч мэдсэнээ шулуухан буулгая гэж санаад үзэг бариад суусан минь энэ. Энэ номоо би 2005 оны зун эхлүүлж, 2006 оны намар дуусгасан...
Бичсэн буулгасан маань философийн энд хүрэхгүй ч тогтсон тодорхой зарчим харагдаж уншигдах биз ээ. Ямартаа ч гүйж явахдаа би зовлон гэдэг үргэлж ухамсартай сонголт байдгийг яс махандаа тултал ойлгож билээ. Ингэснээр бусдад төдий л чухал биш санагдаж болох зарим зүйлийг таньж мэдсэн нь өнөөгийн би гэх хүмүнийг бүрэлдүүлж байна даа.
2007 оны найман сар
Гүйдэг зохиолч болохын тулд яах ёстой вэ
...Би худалч хүнд ёстой л зуун жилийн өмнө, 1982 оны намраас хойш гүйж байна. Тэгэхэд би гучин гуравтай, Сэндагайн метроны буудлаас холгүйхэн жазз клуб ажиллуулдаг байлаа. Клуб маань багашаархан хэмжээтэй, буландаа төгөлдөр хууртай, амралтын өдрүүдэд амьд хөгжмийн тавал тэрхүү буланд арай ядан багтаж тоглоно. Өдөртөө кофегоор үйлчилж, оройдоо баар ажиллуулна. Тухайн үед манайх шиг клуб цөөхөн болохоор хүн тасрахгүй, ашиг орлого ч боломжийн.
Найзууд маань эхэндээ манай бизнесийг явуургүй, бүтэхгүй гэж үзэж байлаа. Үнэнийг хэлэхэд би ч өөртөө итгэлгүй байсан боловч чадлаараа зүтгэсэн. Хичээл зүтгэл, бие махбодын тэсвэр тэвчээр миний хувьд одоо ч хамгийн гол чанар. Өөрийгөө адуу малтай зүйрлэвэл хурдан морь гэхээсээ илүү ажлын мал гэж тодорхойлно. Азаар хадам аав минь хувийн бизнестэй, эхнэр маань энэ талаар чамгүй мэдлэг мэдрэмжтэй нь надад их тус болсон. Ажлын мал ганцаараа зүтгээд зүтгээд нэмэргүй, дөмнөн хөтлөх хүн хэрэгтэй шүү дээ.
Өглөөнөөс орой хүртэл ядарч унатлаа ажилладаг байхдаа бишгүй л юм үзсэнсэн. Энэ мэт хэсэг хугацаанд зүтгэснийх клубийн ажил овоо урагштай, ашигтай болсноор хэдэн ажилчинтай болж, гуч хүрэхийн даваан дээр овоо амьсгаа авах зав чөлөөтэй боллоо. Клубээ нээх гэж чамгүй мөнгө зээлснээ төлж барагдуулаад тодорхой амжилтад хүрснийх өнгөрснөө дүгнэе гэж санав. Тэр хүртэл усанд живж байгаа амьтан шиг мандал дээр үлдэхийн тулд тэлчилж явлаа шүү дээ. Юм бодох ч сөхөө байсангүй. Тийм болохоор уужуухан амьсгаа аваад амьдралын шатаар нэг гишгүүр өгссөнийх аливаа юмнаас айж эмээхээргүй болсноо анзаарав. Тэгээд цаашаа яах тухайгаа эргэцүүллээ. Мөдхөн гуч хүрэх нь. Нас залуу ч шижигнэсэн залуу гэж хэлэхээргүй гэж санахад цаанаа л тавгүй, хөнгөн гунигтай. Ингээд гэнэтхэн л тууж бичмээр санагддаг юм байна.
Энэ санаа хаана, хэдийд харван орсныг би тодхон санадаг. Тэр бол 1978 оны дөрвөн сарын нэгний үд дунд Зингу цэнгэлдэх хүрээлэнд болсон явдал билээ. Тэр өдөр би шар айраг шимэнгээ Якультын шаазгайнуудын тоглолтыг үзэж суулаа. Зингу цэнгэлдэх манайхаас хэдхэн алхмын зайтай. Хаврын бүлээн салхи сэвшсэн цэлмэг дулаахан өдөр цэнгэлдэхийн аутфилдийн зүлэг дээр тоглолт үзэн хэвтэж байв. Шаазгайнуудын тоглолтыг сонирхож ирдэг хүн цөөн. Улирлын эхний тоглолтоороо Шаазгайнууд өөрийн талбай дээр Хиросимагийн хэлтэгнүүдтэй үзэж байлаа. Тэдний бөмбөг шидэгч тагдгар Ясуда бөмбөгөө эргэлттэй шидэхдээ гаргуун. Эхний үед өрсөлдөгчдөө оноо алдсангүй. Хоёрдугаар үед довтлогч Дэйв Хилтон бөмбөгийг талбайн зүүнтээ цөлж, цэнгэлдэхэд цугласан улс уухайлах тэрхэн үест “Ерөөсөө л тууж бичье!” гэж бодож билээ. Тэр өдрийн цэлмэг тэнгэр, зөөлөн зүлэг, бөмбөг цохих бөглүү дуу одоо ч санаанд тодхон. Гэнэтхэн л тэнгэрээс нэг юм бууж ирээд тархинд харван ороход би талархалтайяа хүлээж авсан нь тэр.
Би ер нь зохиолч болъё гэж бодож явсангүй. Зүгээр л юм бичмээр санагдсан юм. Юун тухай бичихээ мэдэхгүй ч бичээд эхэлбэл гайгүй юм гарчих болов уу гэсэн совин татаж билээ. Хариад ширээндээ сууна гэж төсөөлбөл олигтой үзэггүй юмсанж. Тэгээд Шинжюкю орж Кинокуниягаас боодол бичгийн цаас, Сэйлор үзэг мянган йенээр авч өөртөө хөрөнгө оруулав.
Бичсээр бичсээр тэр жилийн намраа хоёр зуун нүүртэй анхны зохиолоо гараас гаргахад сэтгэл тэнэгэр гэж! Бичвэрээ яахаа мэдэхгүй, яадаг ч байсан дүүрсэн хэрэг гэж бодоод уран зохиолын сэтгүүлд, анхны бүтээлийн уралдаанд илгээчихэв. Өөртөө хувилж үлдээгүйг бодоход бичвэрийнхээ хувь заяанд төдий л зовоогүй нь илт. Хэдэн сарын дараа зохиол маань Салхины дууг сонс нэртэйгээр хэвлэгдсэнд гол нь бичих явцдаа ихээхэн таашаал авсан болохоор тэгтлээ хөөрсөнгүй.
Тэр намар гавьтай явдаггүй байсан Шаазгайнууд маань гэнэтхэн цоорч, төв лигт багтаад зогсохгүй Ханькюгийн зоригтнуудыг ялж, улсын аварга болсон юмдаг. Амжилттай байсанд нь баярлаж хөөрөөд хэд хэдэн тоглолтыг нь үзэж билээ.
Тэр жилийн намар нартай дулаахан, тэнгэр тунаран хөхөрч байсан нь санаанаас гардаггүй. Амьдралын минь гурав дахь арваны сүүлийн намрыг уран зургийн галерейн үүдэнд алтран шаргалтах гүшмэн модод өнгө нэмэн чимсэнсэн.
Шинэ он гарч, хавар нь Гүнзо сэтгүүлийн редактор надтай холбогдон тууж маань уралдааны богино жагсаалтад орсныг дуулгахад бичвэрээ уралдаанд оролцохоор илгээснээ санасан юм. Тэгээд уралдаанд түрүүлнэ чинээ бодоогүй явтал түрүүлчихдэг юм байна. Зун номыг маань хэвлэхэд уншигчид аятай таатай хүлээж авлаа. Гучин насандаа өөрөө ч мэдэлгүй өсөх ирээдүйтэй залуу зохиолч болсонд найз нөхөд маань жигтэйхэн гайхаж билээ.
Клубээ ажиллуулангаа Пинбол-1973 туужаас гадна хэд хэдэн өгүүллэг бичиж, заваараа Фрэнсис Скотт Фицжэральдын хэдэн өгүүллэгийг орчуулав. Салхины дууг сонс, Пинбол хоёрыг Акутагавагийн шагналд дэвшүүлж, авах магадлалтай гэж байсан ч шалгараагүй. Би ч тэгтлээ шагнал авъя гэж бодож яваагүй. Шагнал авчихвал нэвтрүүлэг, ярилцлага гээд клубээ ажиллуулж, өөрөө ажиллах зав зайгүй болчихно гэж эмээж явлаа.
Тэр үед би орой болгон тооцоо хийж, ажилчдаа хуваарилж, оройдоо клубтээ коктэйль найруулж, хоол хийдэг байв шүү. Манайх ихэвчлэн үүрээр хаана. Харьж ирээд гал тогооны ширээндээ суугаад унтатлаа юм бичнэ гэхээр хоёр хүний хийх ажлыг амжуулж явлаа. Гурван жил ингэж явахаар мэдээж ядралгүй яах вэ. Тэгээд нэг бол клубээ ажиллуулъя, эс бол юмаа бичье гэж шийдлээ.
Клуб ажиллуулсных зүсэн зүйлийн улстай харилцаж, чамгүй юм сурч, тэр хэрээр зохиолын баатруудаа бодож олсон юм. Таньж мэдэрсэн бүхнээ чадлынхаа хэрээр шингээж, хувь заяа эргэх бүрийд шинэ шинэ боломж нээгдэж байна хэмээн баярлаж явлаа.
Эхэндээ ажлын зав чөлөөгөөр, ганц хоёр цаг гарган байж зохиол бичиж суухдаа таашаал авдаг байсан ч үргэлж ядарч цуцна. Тиймдээ ч бичвэрийн маань зарим хэсэг надад төдийлөн таалагдахгүй байсанд тулхтай сайн юм бичье гэж санаад ерөөсөө л хүсэл сонирхолдоо цаг гаргая гэж шийдэв.
Зохиолч болох боломж байна гэж бодоод хичээгээд зүтгэвэл өөртөө таалагдах хэмжээний юм биччих болов уу гэж сэтгэлээ. Хүсэл байхад сайн зохиол гарч л таарна гэж эргэцүүлэн клубээ хаахаар шулуудав. Тухайн үед клубын орлого бичвэрийн урамшууллаас хавь илүү байсан ч эрс шийдсэн дээ.
Найз нөхөд маань “Зохион байгуулагч аваад ажиллуулчихад юу нь болохгүй байна?” гэх зэргээр зөвлөж байсан боловч би гэдэг хүн зорьсон юмандаа бие сэтгэлээ бүхлээр нь зориулдаг зантай болохоор үгэнд нь орсонгүй, өөрийнхөөрөө зүтгэсэн. Алдлаа гэхэд байсан бүх боломжоо ашигласан тохиолдолд харамсаж гуньдаггүй зантай.
Тэр бол 1981 он. Намар нь эхлүүлсэн романаа баяжуулахаар Хоккайдо орлоо. Ингээд дараа жилийн хавар нь Хонины ан-гаа хэвлэлд шилжүүлэв. Хонины ан урьд бичсэн хоёр туужаас хамаагүй зузаан, үйл явдлын хувьд өргөн цар хүрээтэй.
Романаа дуусгахад өөрийн гэсэн бичлэгийн хэв маягтай болсон шиг санагдаж, цаг нарыг ч умартан өдөр бүр юм бичихийн жаргал зовлонг биеэрээ мэдэрсэндээ гайгүй сайн зохиолч болчих совин татаж байсан нь бат итгэл болж бэхжлээ. Гэхдээ ахиад клуб нээсэн бол бас л муугүй ажиллах байж дээ.
Мэйнстримд дуртай Гүнзо-гийн редакторуудад Хонины ан таалагдсангүй. Тэр цагт (нарийн ярьвал одоо ч ялгаагүй) роман гэж ямар байх тухай миний бодол төсөөлөл уламжлалт ойлголтоос ихээ зөрж байлаа. Гэхдээ л зохиол маань олон уншигчид таалагдаж би ч баярлаж явлаа. Эргээд харах нь ээ тухайлан цаг зав гаргалгүй Салхины дууг сонс, Пинбол-той төстэй юм бичээд байсан бол эрт орой хэзээ нэгэн цагт мухардах нь лав байж.
Гэтэл суугаа ажилтай болоод таргалах хандлага ажиглагддаг юм байна. Би хар багын махтай, таргалах дуртай л даа. Хөдөлгөөн багасвал жин нэмээд эхэлдэг. Клубт байхдаа зогсоо зайгүй ажилладаг байсан болохоор дасгал хөдөлгөөн хийх ямар ч шаардлагагүй байж. Тэгтэл зохиолч болоотохвол байдал эрс өөрчлөгдлөө. Нэмээд анхаарлаа төвлөрүүлэх гэж байнга шахуу тамхи татдаг болсон нь сайнаар нөлөөлсөнгүй. Өдөртөө гурван хайрцаг тамхи татахын учир гар хуруу шарлаж, тамхины үнэр нэвширтлээ шингэнэ. Уран бүтээлч амьдралаа урт удаан болгохын тулд жингээ барьж, эрүүлжих нь чухал гэж санаад гүйж эхэлсэн юм.
Үр дүнд нь хэдхэн долоо хоноод тамхинаас гарав. Тамхиа хаях бэрх байсан нь мэдээж. Гэхдээ тамхи татаад гүйнэ гэдэг бүр бэрх. Аль болох удаан гүйхийг хүсэж байсандаа л тэсэж гарсан. Тэгээд ахиж татаагүй. Тамхинаас гарсан нь миний хувьд өнгөрсөн амьдралдаа цэг тавьсныг бэлгэдэж билээ.
Дагаад амьдрал маань ч зөв хэмнэлд орж, намуун тайван урсаж эхлэв. Хүмүүсийн хувьд өглөө, өдөр, оройн аль нэгэнд идэвхтэй, эрчтэй ажилладаг. Миний тухайд өглөөдөө эрч хүчтэй, анхаарал төвлөрөхдөө сайн, гол ажлаа нугалдаг бөгөөд өдөр спортоор хичээллэж, гэр орны ажлаа амжуулна. Орой болмогц ажлаа хойш тавиад ном уншина, эсвэл хөгжим сонсож амарна. Тэгээд эрт унтана. Хорь гаруй жил энэ маягаар амьдрахдаа тун бүтээлч байсан санагдана.
Насанд хүрсэн хүн хамгийн гол нь амьдралын зарчмаа тодорхойлох учиртай болов уу. Цаг зав, эрч хүч, энергиэ зөв зүйтэйгээр төлөвлөх нь маш чухал. Тодорхой насанд хүрээд ийм тогтсон зарчимгүй байваас амьдрал аажимдаа утгаа алдаж бүдгэрдэг.
Миний хувьд хүмүүстэй харилцахаас илүү ажлаа чухалчилдаг. Тодорхой хүн гэхээс илүү уншигчидтайгаа харилцах нь амар хялбар. Амьдралаа өөрийн гэсэн зарчмаар төлөвлөж, хийсэн бүтээсэн зүйл маань өмнөхөөсөө багахан ч атугай давж л байвал дийлэнх уншигч таатай хандана гэж бодох юм. Зохиолч хүн, тэр байтугай ер хүн бүхний үүрэг хариуцлага чухам үүнд оршдог биз. Би уншигчдаа нэг бүрчлэн танихгүй болохоор бидний харилцааг хийсвэр, абстракт гэж нэрлэж болох ч миний амьдралд энэ хийсвэр харилцаанаас илүү чухал зүйл үгүй билээ.
Хонины ан-гаа бичээд урьдын адил үзсэн харсандаа дулдуйдан бичсээр байлаа. Роман гарах тоолонд уншигчдын тоо нэмэгдэж, миний зохиолыг уншдаг тодорхой хүрээлэл бий болсны дийлэнх нь залуус, өсвөр насныхан байж таарав. Би ч хүссэнээ бичиж, тэр хэрээр хангалуун амьдарч байлаа. Гэхдээ Норвегийн ой хэвлэн нийтлэгчдийн хүсэн хүлээснээс хавь илүү зарагдсан хойно байдал эргэсэн шүү.
...Нэгэнтээ олимпт оролцсон гүйлтийн тамирчин Тосихико Сэкогоос ярилцлага авч байгаад “Тань шиг тамирчин хүн өглөө босоод гүймээргүй санагдах үе байдаг уу? Өнөөдөр яршиг өнжчихье. Жаахан нойр авъя гэж боддог уу?” гэж асуухад “Үгүй бараг өдөр болгон тэгж боддог шүү дээ” гээд намайг жигтэйхэн гайхсан харцаар харж билээ. Одоо бодоход би мөн ч тэнэг юм асууж дээ. Сэко шиг мэргэжлийн тамирчнаас ийм үг сонсох гэж горьдсондоо л тэгж асуугаа биз. Өглөө пүүзээ өмсөж гүйхээр гарахдаа тэр ч ялгаагүй над шиг залхуурдаг гэдэгт итгэж сэтгэлээ зогоох гэсэндээ ингэж асуусан биз. Гүйхээс залхуурвал би “Хүн болгон адилхан юм даа” гэж өөрийгөө зоригжуулдаг. Залхуу хүрвэл “Гэртээ тааваараа ажилладаг чам шиг зохиолч хүн чихсэн автобусанд сууж, хэний ч сонирхол татахгүй хурал хуй дээр үүрэглэх шаардлагагүйдээ баярлаж яв! Ийм байхад нэг цаг цэвэр агаарт гүйхээсээ залхуурна гэж үү?” хэмээн ахин дахин сануулаад сэтгэл сэргэн гэрээсээ гардаг.
Би гучин гуравтайгаасаа энэ мэт гүйж эхэлсэн. Гучин гурав гэдэг залуу нас ч шижигнэсэн залуу биш. Есүс энэ л насандаа цовдлогдож, Фрэнсис Скотт Фицжэральд энэ л насандаа харьж эхэлсэн. Амьдрал гэмээнэ уулын бартаат зам гэвээс гучин гурван нас чухал нэгэн даваа байж таарна. Гучин гуравтайдаа би гүйх ёстойгоо мэдэрч, хожуухан ч гэсэн зохиолч болох замд хөл тавьсан даа.
...Ярилцлага авсан сэтгүүлчид надаас ёс юм шиг сайн зохиолч ямар зан чанартай байдаг вэ гэж асуудаг. Нэгд, мэдээж авьяастай байх ёстой. Хичээл зүтгэлтэй, бичээд байдаг ч авьяасгүй бол сайн зохиолч болохгүй. Хамгийн сайн машин шатахуунгүй л бол хөдөлдөггүй шиг авьяас чадвар бол ерөөсөө сайн зохиолч болохын урьтал суурь нөхцөл.
Хоёрт, анхаарлаа төвлөрүүлж сурах ёстой. Бүр тодруулбал энэ нь хэмжээ хязгаартай авьяас билгээ тухайн цаг мөчид амин чухал болсон тэр л хүчин зүйлд төвлөрүүлж ажиллах чадвар юм. Ийм чадваргүй бол үнэ цэнтэй ямар ч зүйлийг бүтээж чадахгүй. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар зарим талаар дундуурхан авьяас билгийг нөхөх шидтэй. Би ихэвчлэн өглөөний 3-4 цагийг анхаарлаа төвлөрүүлэх ажилд зарцуулдаг. Энэ үедээ ажлаас өөр юуны ч тухай боддоггүй, өөр юуг ч хардаггүй ертөнцөөс тасардаг. Авьяас чадвартай байгаад анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол амжилтад хүрэхгүй нь мэдээж шүү дээ.
Түүн дээр нэмээд тэсвэр тэвчээр шаардлагатай. Та өдөрт 3-4 цаг анхаарлаа төвлөрүүлж ажилласан ч долоо хоногийн дараа ядарч байвал сайн зохиол бичиж чадахгүй. Зохиолч хүн, тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолч наанадаж хагас жил, цаашлаад жил, хоёр жил энэ мэт суухад хангалттай хүрэхээр эрчимтэй ажиллах эрч хүчтэй байх хэрэгтэй. Энэ эрч хүчийг амьсгалтай зүйрлэж болох юм. Анхаарал төвлөрүүлэх явцыг гүнзгий амьсгал авахтай зүйрлэвэл тэсвэр тэвчээр гэдэг нь авсан амьсгалаа аажуухан чимээгүй гаргахтай агаар нэг. Мэргэжлийн зохиолч болохыг хүсэж байгаа хүн энэ хоёр чадварыг зөв зүйтэй хослуулж сурах ёстой. Гүнзгий амьсгалаад алгуурхан гарга.
Азаар анхаарлаа төвлөрүүлэх, тэсвэр тэвчээр суух чадварыг авьяас билгээс ялгаатай нь өөртөө дадал болгон суулгах бүрэн боломжтой юм даа. Өдөр бүр тодорхой зүйлд хэдэн цагийн турш анхаарлаа төвлөрүүлэн ажиллавал ийм чанар хэвшил болно. Энэ нь ерөөс булчингаа хөгжүүлэхтэй адилхан. Эцсийн дүндээ өөрийнхөө төлөө ажиллаж байгаагаа ухамсарласан хүн ийм чадвар суухад ядах юмгүй. Өдөр болгон хичээхэд боломж бололцоо нэмэгдэж, чадамж ахина. Хамгийн гол нь тэвчээртэй суух нь чухал.
Детектив зохиолын мастер Раймонд Чандлэр бичих юмгүй ч өдөр болгон хэдэн цаг төвлөрөн бичгийн ширээний ард суудаг гэж бичиж билээ. Бие махбодоо дасгалжуулж, сэтгэлээ хатамжилж байгаа нь тэр шүү дээ.
...Залуудаа тодорхой авьяастай бол зам зуурын хүндрэл бэрхшээлийг хөнгөхөн даваад томоохон зохиол бичиж бололгүй яах вэ. Юунд ч төвлөрч болдог залуу цагийн эрч хүч гэж байна аа. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хүн хөгширч, эрч хүч буурдаг нь хорвоогийн жам. Урьд нь хөнгөхөөн хийчихдэг байсан зүйл тийм ч амаргүй санагдах нь энүүхэнд.
Миний хувьд өдөр болгон гүйдгийнхээ ачаар ном бичдэг гэдэгтээ бат итгэдэг. Би хэр зэрэг удаан тэсэх бол? Хэр хол гүйж чадах бол? Бүрэн дүүрэн амрахад хэдий хугацаа хэрэгтэй вэ? Хэр зэрэг удвал амралт ихдэж, алгуур зантай болох вэ? Орчин тойрноо хэдий хэр анхаарч, өөртөө хэр хэмжээний цаг гаргах ёстой вэ? Өөртөө хэр зэрэг итгэж, хэзээ эргэлзэх учиртай вэ гэдгээ би энэ л дасгалаар дамжуулан ойлгож ухамсарласан. Юм бичиж эхлэхтэйгээ зэрэгцээд гүйгээгүйсэн бол ном зохиолууд маань огт ондоо байх шиг төсөөлөгддөг. Яг ямар болохыг хэлж мэдэхгүй ч мэдэгдэхүйц өөр байх нь баараггүй.
Ямартаа ч энэ олон жил гүйсэндээ би баяртай байдаг. Яагаад вэ гэвэл бичсэн маань надад таалагддаг. Зохиол бүтээл минь намайг хаа хөтлөх нь хүсэл сонирхол өдөөж хөглөдөг. Хязгаарлагдмал боломжтой, дотоод зөрчил ихтэй төгс биш хүний хувьд ийм түвшинд хүрснээ жинхэнэ амжилт гэж бодох юм. Заримдаа энэ байдлаа ид шидтэй зүйрлэх нь бий. Гэхдээ ид шид гэдэг үг энд баахан зохимжгүй л дээ. Өдөр болгон гүйсний ачаар өнөөдрийн энд хүрсэн гэж санахад гүйсэндээ талархаж явдаг шүү.
2005 оны есөн сарын 19
Токио
Зочин
зочин
Bat
kkk
яүёхши
Зочин
Зочин
Зочин
Уншигч