Ч.Айтматов: Өөрийнхөө тухай өгүүлэх нь
Айтматов энэ эсээгээ уран бүтээлд нь эргэлт гарсан дөчин настайдаа бичжээ.
Өөрийнхөө тухай уншигчдад өгүүлнэ гэдэг амаргүй юмсанж. Амьдралаа алган дээр тавьсан шиг дэлгэх үү, аль эсвэл хэдхэн үгэнд багтаагаад базах уу? Их бичвэл хамгаа дэлгэлээ гэнэ, бага бичвэл иймхэн юмыг хэлэх хэрэг байсан ч юм уу гэлцэнэ. Ер нь бичихгүй нь л дээр санж...
Гэлээ ч бичихээр шийдсэн хойно үзгээ бариад сууя даа. Би одоо дөч гарч явна. Хэрэндээ л нэлээн юм үзлээ гэж санах юм.
Манай хот айлынхан өөрөөсөө дээш долоон үеэ заавал мэдэх ёстой. Хөгшчүүд энэ тал дээр хатуу. Хөвгүүдээс “Алив, баатар минь, чи аль овгийнх вэ? Өвөө чинь хэн бэ? Элэнцийг чинь хэн гэдэг вэ? Хуланцаа мэдэх үү? Юу хийдэг, ямар хүн байсан бэ? Хүмүүс тэр хүний тухай юу гэж ярилцдаг байсан бэ?” гээд л асууж шалгаана. Хүү удмаа мэдэхгүй хариулж чадахгүй бол ёс мэдэхгүй гээд эцэг эхэд нь тун дургүй. Удмаа таньж мэдэх нь нэг төрлийн уламжлалт ёс юм шүү дээ. Цайран харагдах хөлөг онгоц тууждаа би энэ заншлын тухай жаалхүүгийн нүдээр харж, замын жолоочтой ярилцах зуур нь хавчуулан өгүүлснийг зарим уншигч анзаарсан биз ээ.
Өөрийнхөө тухай өгүүлэхдээ энэ мэт эхэлж болох л юм. Би Шекер овгийн хүн. Аавыг минь Торекул, өвөөг минь Айтмат, элэнц өвөөг минь Кимбилди, хуланц өвөөг минь Кончуджок гэдэг байсан. Гэхдээ ингээд зогсъё. Хуланц өвөөгөөс дээш үеийн хүмүүсийн тухай би нэрнээс цаашгүй, юу ч мэдэхгүй. Тэдний тухай ярих ч хүн үгүй болж дээ. Кончуджок бол хуланц өвөөгийн маань нэр биш хоч нь. Насаараа элдээгүй арьсан чархи өмсөж явсан болохоор гуталгүй буюу Кончуджок гэсэн хочтой болжээ. Тэгэхээр манайхныг гуталгүйчүүдийн үр хойч гэж хэлэх бүрэн үндэстэй. Бахархаад байх юмгүй ч яалтай билээ...
Хуланц өвөөгийн тухай би ааваасаа дуулаагүй, аавын ээж, миний эмээ Айимкан Сатан-кызы, түүний охин миний авга эгч Карагыз Айтматовагаас дуулсан. Эх, охин хоёр ааш зан, авир төрхөөрөө адилхан байдаг нь гайхширмаар. Эмээ, авга эгч хоёр маань миний хувьд нэг л хүний хөгшин, залуу хоёр хувилбар мэт төсөөлөгддөгсөн. Эрхэмсэг, ухаалаг энэ эмэгтэйчүүдтэй учруулсан хувь заяандаа талархах юм. Эмээ, авга эгч хоёр маань сайхан бүсгүйчүүд байлаа. Энэ хоёр л надад удмыг минь таниулсан.
Миний өвөө Айтмат намайг төрөхөд амьд сэрүүн байсангүй. Арван найм, хорин онд тэнгэрт оджээ. Харин би хорин найман онд төрсөн (арван хоёр сарын 12-нд).
Айтмат өвөө гарын уртай хүн байсан гэлцдэг. Юм оёно. Хотоос анх оёдлын машин авчраад машеничи Айтмат буюу оёдолчин Айтмат гэгджээ. Түүний зэрэгцээ өвөө эмээл урладаг, тугалга хайлдаг, дарх хийдэг, комуз дээр муугүй тоглодог, арабаар уншиж бичдэг чамгүй боловсролтой ч халаглалтай нь насаараа хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр зутруухан амьдарсан, мал хуй гэхээр юмгүй байсанж.
Арга ядаад амьдрал ахуйгаа өөд нь татах гэсэндээ усан тээрэм барьжээ. Ах Биримкултайгаа байдгаа нийлүүлж барьсан гэдэг. Тэр жилийн зунжингаа Куркуреу голоос суваг татаж (өдгөө тэр суваг эдгэрч мөр төдий үлдсэн), тээрмээ босгожээ. Тэгж тэгж жилийн дараа тээрэм нь ажилласан ч төд удалгүй юу ч үгүй болтлоо шатчихжээ. Модоо барьсан Айтмат өвөө маань арван хоёртой аавыг дагуулаад төмөр замын хонгил барихаар төв бараадав. Тэгэхэд Маймак өртөөнөөс төмөр зам татаж байлаа. Аав маань тэндхийн оросуудын ачаар одоогийн Жамбул, тэр үеийн Аулие-Ата хотын орос сургуульд орсон юм.
Энэ тухай би зүгээр ч нэг бичсэнгүй. Амьдралд санаандгүй учрал үгүй гэдэг шиг өвөөгийн тээрэм шатаагүйсэн бол аавыг дагуулаад өртөө газар бараадахгүй, аав ч сургууль соёлд орохгүй байлаа. Аав минь хувьсгалын жилүүдэд бичиг үсэгтэй боловсролтой нэгэнд тооцогдож явсан нь, анхны киргиз коммунистуудын тоонд багтсан нь, алба тушаал ахисан нь, улс төр сонирхож, уран зохиолд шимтсэн нь хожмоо надад тун ч ихээр нөлөөлж, орос хэл, орос соёлд суралцан, Оросын уран зохиол, тэр дундаа хүүхдийн уран зохиолд татагдахад минь хөтөлсөн юм. Миний ээж Нагима Хамзеевна Айтматова ч ааваас ялгаагүй боловсролтой эмэгтэй байсан даа.
Нөгөөтэйгүүр ач хүүгээ зундаа авдаг байсан эмээ маань айл саахалтдаа хүндтэй, ардын үлгэр домог сайн мэддэг хүн байсан нь ч надад ач ивээлээ өгсөн. Тэр цагт киргизүүд малаа дагаад жилийн дөрвөн улиралдаа хөсөглөн нүүдэллэдэг байв шүү. Нүүдлийнхэн аль байдаг сайхан эмээл хазаараа гаргаж, аргамаг хүлгээ унан, атан тэмээгээ цацаг, хивсээр чимэглэн ачаална. Ингэхдээ нүүсэн газарт нь хэн нэгэн өөд болсон бол гашуудлын дуун уянгалуулан явцгаана. Үгүй бол өөр дуу аялна. Иргэд суурин болохын хэрээр ийм нүүдэл тасарч билээ.
Эмээ өөрөө ч мэдэлгүй надад эх хэлээ хайрлах сэтгэл суулгаж өгсөн юм. Эх хэл ээ гэж! Хэдий олон яруу найраг, шүлэг дуу зохиосон юм бэ дээ, энэ тухай! Эх хэлний аялгуу эгшиг хэдий ярууг үгээр өгүүлшгүй. Балчир насанд чихэнд хүрсэн эх хэл л энэ сэтгэлийг ардын дундаршгүй ур ухаан шингээсэн утга уянгаар тэжээн тэтгэж, үндэсний бахархал хэмээгчийг үрслүүлэн, гоо зүйн таашаал мэдрүүлдэг биз ээ. Бага балчир нас гэдэг баяр хөөртэй ахуйгаас гадна хувь хүнийг төлөвшүүлэн боловсруулдаг тун чухал үе. Хүн хар багадаа л эх хэлээ мэдэрч, эргэн тойрны хүн байгаль, өв соёлтой ямар холбоо хамааралтайгаа ухамсарладаг.
Өөрийнхөө туршлагаас хэлэхэд хүн хүүхэд байхдаа хоёр хэлийг зэрэг эзэмших боломжтой байдаг аж. Түүндээ тулбал орчин нөхцөл нь бүрдвээс гурав дөрвийг ч сурч болох байх л даа. Би л хувьдаа орос хэлийг киргизээс ялгаагүй эх хэлээ гэж боддог. Энэ насаараа ийм бодолтой явах нь лав.
Эргээд санавал анх таван настайдаа орчуулагч хийж байлаа. Шанд нь харин чанасан бүхэл мах авч билээ. Тэгэхэд би эмээгийнхээ зусланд байсансан. Хамтрал байгуулагдаад удаагүй. Манай хот айлд нэг базаахгүй явдал гарч, хамтралын худалдаж авсан сайн үүлдрийн унага үхчихэв. Гэгээн цагаан өдрөөр гэнэтхэн л гэдэс нь дүүрээд унаад өгсөн юмдаг. Доноос нэлээн үнэтэй авсан болохоор адуучид айсан гэж жигтэйхэн. Хамтралд мэдэгдэж, цаашлаад районд дуулгажээ. Маргааш нь манай хот айлд өндөр нуруутай, шар сахалтай, цэнхэр нүдтэй, хар савхин хүрэмтэй, цүнх мөрлөсөн нэг орос хүн ирлээ. Тэр хүний төрх одоо ч санаанд илхэн. Тэр орос киргиз хэл мэдэхгүй, манайхан орос хэл мэдэхгүй. Унага яагаад үхсэнийг тодруулж, бичиг баримт бөглөх шаардлагатай байлаа. Тэгтэл адуучид надаар хэл залгуулах юм болов оо. Бидний хэдэн жаал ирсэн хүнийг сонирхон бөөгнөрөв. Нэг адуучин:
- Алив, миний дүү энэ хүнтэй яриатах. Киргиз хэлгүй юм байна. Тэгээд юу гэх нь вэ бидэнд хэлээтэх гэсээр намайг хөтлөн явахад ичсэн гэж! Гараа татаж аваад л эмээгийнх рүүгээ гүйчихлээ.
Удсан ч үгүй араас нөгөө хүн эмээгийнд орж ирээд намайг ховлож байна шүү. Зан сайтай эмээ маань хөмсгөө зангидаад:
- Ирсэн хүнтэй яриагүй нь ямар учиртай вэ? Энэ хүмүүс чамайг гуйж байхад яаж байгаа нь энэ вэ? Орос хэл мэднэ биз дээ, чи? гэж зэмлэхэд би дуугарсангүй. Жаалууд гэрийн гадаа бөөгнөрчээ.
- Чи оросоор ярихаас ичээ юу, эсвэл эх хэлээрээ ярихаас зовоо юу? Хэл гэдэг бурханаас заяасан эд. Алив, гаръя гээд эмээ намайг хөтлөн гэрээс гарлаа. Хүүхдүүд аанай л бид хоёрыг дагана.
Зочинтой гэрт тогоо дүүрэн хонины мах чанах агаад цугласан хүмүүс айраг ууцгаана. Холоос ирсэн малын эмч аксакалуудтай сууж байлаа. Нааш ир гэж намайг дуудаад:
- Хүү минь, чамайг хэн гэдэг вэ? гэж инээмсэглэн асуухад нэрээ бувтнавал толгой илж байна. – Унага яагаад үхсэн юм бэ гэж асуу даа гээд цүнхнээсээ цаас гаргахад гэр дотор нам гүм.
Миний амнаас үг гарах биш. Эмээ ч зовсон гэж жигтэйхэн. Тэгтэл манай садны нэг хөгшин намайг тэвэрч өвөр дээрээ суулгаад:
- Энэ хүн аавыг чинь танина. Хүү нь үг хэлэхгүй юм гээд бидний тухай муугаар бодож мэднэ гэж шивнээд, - Одоо хүү маань орчуулна аа. Энэ гадрыг Уу-Саз гэдэг гэж хэл дээ... гэж чангаар өгүүлэхэд би:
- Ах аа, энэ газрыг Уу-Саз, хортой нуга гэж хэлдэг юм гэж итгэлгүйхэн ам нээсэн ч эмээ, ирсэн гийчин хоёрын нүдэнд баярын оч гялсхийж, гэрт байсан улс илт сэргэснийг үзээд урамшин зориг оров.
Энэ явдал миний санаанаас гардаггүй. Унага хортой өвс идээд үхсэн байлаа. Манайхны адуу нугын өвс хортойг мэдэх учир тэнд бэлчдэггүйг орчуулж хэлэхэд орос эмч намайг магтаж, аксакалууд уур савссан бүхэл махаар шагнаж билээ. Махаа бариад гэрээс гарвал жаалууд бүчээд авлаа.
- Ямар сүрхий юм бэ! Оросоор ёстой ус цас шиг урсгаж байна шүү гэж шагширсан ч үнэндээ би гацаж байснаа мэднэ. Хэдүүл махаа хувааж идээд тоглохоор гүйсэнсэн.
Уран бүтээлийн намтартаа эл явдлыг оруулах нь зүйтэй юу гэвэл зүйтэй л гэж бодох юм. Анх мэдээ орсноо бичиж тэмдэглэх хэрэгтэй. Зарим нь гуравтай үеэ санадаг бол зарим нь аравтайгаа л санадаг. Хүний хувьд энэ их чухал мэт.
Эмээ минь хүү надаар бахдан, орж гарсан улс амьтанд тэр явдлыг дэлгэдэг байлаа.
Бага балчир насыг минь үлгэр домог, дуу хуураар хөхиүлэн тэтгэсэн эмээ намайг хөтлөөд л айлд очно, ажил явдалд оролцоно, хурим найранд ч уригдана. Эмээ зүүдээ ярих дуртай. Хачин сонирхолтой болохоор зүүрмэглэмэгц нь “Эмээ, сэрээд зүүдээ яриач!” гээд татаж чангаана. Би богинохон зүүдэнд дургүй. Тэгмэгц эмээ хөршийнхөөр орж зүүдийг нь яриулахаар явна. Одоо бодох нь ээ, эмээгийн зүүд зохиомол байж дээ.
Удалгүй эмээг өөд болоход би ч хотоос гарахаа болив. Сургуульд ороод хоёр жилийн дараа хот айлаа эргэсэн юм. Тэр бол 1937 он. Намын ажилтан, Москвагийн Улаан профессурын институтийн сонсогч асан аав маань хэлмэгдэж, бид сууриндаа эргэж ирэв. Амьдралын сургуульд сурч эхэлсэн минь тэр.
Бид авга эгч Карагыз-апагийн суудаг байлаа. Авга эгч байгаагүйсэн бол мөн ч хэцүүдэх байсан даа. Карагыз-апа эмээг минь орлож билээ. Эртний хууч, үлгэр домог ихийг мэднэ, ээжтэйгээ л ижил хот айлдаа нэр хүндтэй. Ээж маань хүнд өвчтэй, дөрвөн хүүхэдтэй, ууган нь би.
Авга эгч ёстой л бидний нүдийг нээж, хүн гэдэг зовлон даадгийг мэдрүүлж ухааруулсан. Айл хотлынхон маань бидэнтэй талх сүү, түлш түлээ, мах төмс гээд бүхнээ хуваалцана.
Нэгэнтээ дүү Ильгизтэйгээ бургас түүж яваад, сайн морь унаж, сайхан хувцасласан нэгэн эртэй тааралдав. Дүү маань одоо Киргизийн шинжлэх ухааны академийн физик, механикийн институтийн захирал, том эрдэмтэн болсон.
- Та нар хэний хүүхдүүд вэ? гэж асуухад нь авга эгчийн захисан ёсоор хэдий бэрх байсан ч нүдээ нуулгүй аавынхаа овог нэрийг хэлэв.
Тэр цагт дүү бид хоёр аавын тухай муулж бичихэд айхавтар санаа зовно. Авга эгч бичиг үсэггүй ч бүхнийг мэднэ, бидний төлөө шанална. Гэлээ ч аавыг гэм зэмгүй гэдэгт бат итгэнэ. Би тагнуулч-чекистүүдийн тухай олон ном уншсан болохоор төрийн даалгавраар ямар нэгэн тагнуул, туршуул барьж аваад аавыгаа цагаатгахын мөрөөсөл болно. Морь унасан эр:
- Ямар ном хавчуулаа вэ? гэж асуухад нь бүсэндээ хавчуулсан газарзүйн сурах бичгээ үзүүлбэл, - Сургуульд сурмаар байна уу? гэж асуулаа. Нүдэнд нулимс бүрхэн толгой дохиход мөнөөх эр, - Сурна аа, суралгүй яах вэ! гээд мордлоо.
Долоо хоногийн дараа дүү бид хоёр сургуульд орсон доо. Тыналиев Усубалы гэдэг тэр хүн сургуулийн багш байж биээ. Манай ангийн багш Инкамал Жолоева надад тун сайн ханддагсан.
Би аравтайгаасаа ажил хийж эхэлсэн юм. Анхандаа газар хагалж байлаа. Жилийн дараа манайх районы төв Кировын орос тосгонд шилжин суурьшихад ээж маань няравын ажилтай болж би сургуульдаа үргэлжлүүлэн суув.
Амьдрал аажмаар хөнгөрч байтал дайн дэгддэг юм байна.
1942 онд арга буюу сургуулиасаа гарав. Дайны үед дөрвөн хүүхэд сургуульд өгнө гэдэг давшгүй даваа.
Дайны хөлд өртсөн төрж өссөн Шекертээ ирвэл тосгоны зөвлөлийн нарийн бичгээр томиллоо. Арван дөрөвтэй ч бичиг үсэгтэй болохоор надаас өөр энэ ажлыг хийх хүн үгүй.
Бага насаа үлгэр хуучтай сүлэлдэн гэрэл гэгээтэй өнгөрөөсөн бол өсвөр насандаа амьдралын нүцгэн үнэнтэй нүүр тулж, хүнд хүчирт нухлагдав. Эх орон нь сүйдэхийн ирмэгт ирсэн ард түмнээ олж харлаа. Тосгоны айл өрх бүрийг сайн мэдэхийн хувьд ахуй байдал, мал хуй, эд хогшлыг нь ч андахгүй. Амьдралын алаг эрээнийг би тэнд л анх таньж харсан.
Дараа нь татварын байцаагч хийж явлаа. Дайн самуунтай, өлөн зэлмэн үед татвар хураана гэдэг хэдий бэрхийг мэдсэн бол хийхгүй л байж. Арга тасраад жилийн дараа 1944 оны найман сард ажлаа өгч, шүүхээр орох нь холгүй сануулга авсансан. Тэгээд тракторын бригадад няраваар оров.
Дайн дуусаагүй ч амьдрал үргэлжилсээр, шинийг сурсаар мэдсээр явлаа. Энэ бүхэн ямар нэгэн хэмжээгээр Нүүр нүүрээрээ, Эхийн тал, Жамиль, Улаахан алчууртай улиасхан минь туужуудад тусгалаа олсон юм.
Ингээд энх цагтай золгож, 1946 онд наймдугаар ангиа дүүргээд Жамбулын малын эмчийн техникумд элслээ. 1947-48 оны үйлдвэрлэлийн дадлагаа төрсөн хот айлдаа хийх завшаан тохиож, тайван цагт түмний сэтгэл яаж тэнийн баясдгийг дэргэдээс нь ажиглав.
Техникумээ төгсөөд онц сурлагатны хувиар Киргизийн ХАА-н их сургуульд урилгаар элсэж, мөн л онцсайн дүнтэй дүүргэлээ.
Би багаасаа л уран зохиолд татагдан дурласан. Сургуульд байхын зохион бичлэг бичих дуртай. Их сургуульд элсээд уран зохиолд шимтэж буйгаа анзаарсан. Тухайн үеийн уран зохиолоос сэтгэлийг минь эзэмдэн шаналгах асуултуудад хариу эрж, дайн дажны гашуун зовлонгийн тухай өгүүлсэн зохион бүтээл олноороо мэндлээсэй гэж хүсэж явлаа. Тэр үед Киргизийн уран зохиолд дайны тухай төдий л өгүүлдэггүй. Киргиз хүмүүс дайны тухай сайн зохиол уншаасай гэсэндээ өчүүхэн ч туршлагагүй боловч Хорооны хүү, Цагаан хус хоёрыг орчуулж эхлэв. Орчуулгаа хэвлэлийн газарт өгвөл хоёр зохиол хэдийнэ орчуулагдсан, хэвлэгдэж буй гэдэг юм байна.
Гутарч гуньсан ч уран бүтээлийн замнал минь түүнээс эхтэй гэдэгт би бат итгэдэг. Оюутан байхдаа сонинд багашаархан тэмдэглэл, нийтлэл бичдэг байлаа.
Их сургуулиа төгсөөд хэсэгтээ зоотехникчээр ажиллахдаа хэд гурван өгүүллэг бичсээр, 1956 онд Москва хотын Уран зохиолын дээд курст суралцахаар очив. Курст суралцсан хоёр жил зоотехникч асан надад онол, практикийн аль алинаар нь их юм ойлгуулсан даа. Төсгөөд Киргизстаны уран зохиол сэтгүүлийн редактораар ажиллаж, дараа нь таван жилийн турш Киргиз дэх Үнэн сонины тусгай сурвалжлагчаар томилогдон, ардын амьдрал ахуйг илүү нарийн судалж мэдэв.
Зохиолч хүн уран бүтээлч сэтгэлгээ, унаган мэдрэмжтэй байх учиртай ч авьяас билгээ тодорхой орчинд, тухайн үндэсний ёс заншил, үзэл бодол, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж төлөвшүүлэх нь зүй.
Уул ус, тал хээрийн туужис бүтээлээрээ 1963 онд Лениний шагнал хүртсэн минь баяр хөөр дагуулсан томоохон үйл явдал болж билээ.
Зохиолч хүн бие даагаад зохиолч болчихдог юм биш. Бүтээх туурвих авьяас билигтэйгээ мэдэрч мэдэхээсээ хаа өмнө өмнөх үеийн зохиолч яруу найрагчдын туршлага туурвилыг шингээж авсан байдаг. Гэлээ гээд уран бүтээлийн балар харгуйгаар хүн болгон бамбар барин зорчиж чаддаггүй, төөрч будлих нь олон. Авьяас чадвар, амьдралыг таньсан хэр хэмжээндээ л туурвидаг. Зохиолч хүн заримдаа доороо эргэлдэж, ур ухаан, дүр бүтээл, утга агуулгын хувьд ухрах нь бий. Уран бүтээл гэдэг ингэж л хөгждөг биз.
Би уран бүтээлийн хувь заяа, өнгөрсөн замналаа үе үе бодож тунгаадаг. Энд өөрийнхөө тухай өгүүлж байгаа болохоор уншигчдын дунд маргаан, шүүмж дагуулсан Цайран харагдах хөлөг онгоц туужийн тухай хэдэн үг хатгах хэрэгтэй болов уу. Маргах нь ер хэвийн үзэгдэл. Уран зохиолд маргаан байх ёстой. Гэхдээ энэ удаад анхаарлыг минь юу тэгтлээ татав аа гэвэл Жамиль, Эхийн тал, Анхны багш зэрэг туужуудад минь дурласан уншигч олон надад сайн санасандаа алсдаа ч тэр маягтай бүтээл бичээсэй гэж хүссэн нь юм. Би хийснээ үгүйсгэхийг үл хүснэ. Гульсары минь баяртай, Цайран харагдах хөлөг онгоц хүртэл бичсэн буулгаснаа огтхон ч үгүйсгэхгүй. Тэгэвч энэ бүхэн өнгөрөн улирч байна. Уран зохиол гэдэг үүрсэн ачаагаа дааж, амьдралын хар бараантай тулж, тэр хэрээр сайн сайхан, алдар гавьяатай бүхнийг нь илчлэн дэлгэх ёстой. Урлаг угтаа ийм л хувь чанартай, холын зорилготой. Үргэлж ийм байна гэдэгт итгэх юм. Алив хүн уран зохиолоор дамжуулж урам зоригоор тэтгэгдэж, муу муухай, шударга бишийг эсэргүүцэн тэмцэх тэнхээ суудаг. Энэ бол тэмцэл тулаан, итгэл найдвар, эргэлзэл тээнэгэлзэл дүүрэн зам. Ийм байхаас ч аргагүй. Тийм ч учраас урлаг ухаант хүнд тулгарч буй саад бэрхшээл, үнэн бодитой гайхамшиг, гоо үзэсгэлэнг дэлгэн таниулах нандин үүрэгтэй.
Уран бүтээл минь намайг хаа хөтлөхийг таашгүй юм даа...
Зочин
Зочин
yubo
Баяр
Эрдэмбилэг
Зочин
Зочин
HI
Сэтгүүлч Нина
Зочин
Зочин
ganbaatar
Зочин
Өвгөн бичээч
Иргэн
Блогер Б.Энхбаяр
ЗОЧИН
Зочин
Гэрэл
Сүхбаатар
zochin
Гана
зочин
zochin
Зочин
Г.Батнасан