Энэ удаа уншигчиддаа 2012 онд Нобелийн шагнал хүртсэн Мо Яний нэгэн эсээг орчуулснаа оруулъя.

Хүмүүс Бээжингийн намрыг хамгийн сайхан гэж ярилцдаг. Гэлээ ч миний хувьд энэ үед Бээжин хот хөл толгойгоо алдсан мэт санагддаг билээ. Би гэрээс барагтай бол гардаггүй. Гарлаа ч холдохгүй. Ном илгээх гэж хажуугийн шуудан, эсвэл хүнс цуглуулах гэж ойрхон зах дэлгүүр орох төдий. Юмаа амжуулчихаад машин тэрэг, хүн амьтнаас дөлсөөр гэрээдээ яаравчилна. Цюй Юань[1] шиг гүн бодолд автан, эс бөгөөс Тао Цянь[2] шиг бүхнийг мартан тэнгэр өөд ширтэж байсангүй.

Бээжингийн намар, тэнгэр далай мэт гүн хөх өнгөтэй байдаг гэлцэнэ. Хаа нэг хөвөх хөвөн цагаан үүлс их далайд гарсан хөлөг онгоцны дарвуул мэт дэрвэлзэн үзэгдэнэ. Нэмээд гуниг даллан гур гур хийх хэдэн цагаан тагтаа нисэж байвал уран зохиолд дүрсэлдэг тэр л намар цаг дүрээрээ мөн хэмээнэ. 

Гэлээ ч Бээжинд суусан энэ олон жил би тэр яриад байдаг хөх тэнгэрийг олж хараагүй. Тэнгэрийн хаяа тэртээд цэлийж, тэрүүхэн орчинд тариачдын намхан тагзнаас өөр байшин барилгагүй л байвал тийм гүн хөх тэнгэрийг олж харах боломжтой. Зогсоо зайгүй сүлжилдэх машин тэрэг, тэнгэр баганадсан өндөр барилгууд хөх тэнгэрийг хааж байна. Тэр яриад байдаг намар цаг уйтай, гунигтай байсан нь лав. Тэр цагийн тэнгэр өдгөө их хотын нижигнэсэн чимээнд дарагдсан шүү дээ. Тийм хөх тэнгэр үгүй гэмээнэ Бээжингийн намар хуанлид тэмдэглэсэн тодорхой хоног хугацаа л билээ. Өдрийн ихэнхийг агааржуулагчтай өрөө тасалгаанд өнгөрөөж, гэрээсээ хаа нэг гардаг хүмүүс Бээжингийн тэр намрыг мартсан шүү дээ.

Бээжингийн намар аагим халуун, айл бүр агааржуулагч залгана. Үдийн алдад гадагш гарвал гэрэл гэгээ олж харахгүй. Эргэн тойронд халсан нүүрс шиг хар хүрэн, улаан хөх өнгийн машин тэрэг цуварна. Хөлсөө цувуулсан хүмүүс зөрж өнгөрнө. Тиймээс би шаардлагагүй бол гэрээс гардаггүй. Үдээр заавал унтдаг. Би нойргүй хонож чадах ч үдээр унтахгүй бол оройдоо толгой өвддөг муу зантай. 

Үдээр унтахдаа Жу Зыцин[3]ий магтан дуулсан лянхуат цөөрмийг зүүдлэх нь бий. Лянхуа зуны цэцэг ч Бээжинд намрын эхэн сард цэцэглэсээр байдгийг би сайн мэднэ. Цөөрөм лянхуа цэцэгсээр битүү хучигдаж, ногоохон навчис нь гандаж эхлэх нь намрын дунд сарын баяр буюу Еэвэн сар дөхсөний шинж. 

Би арван хоёроос гурав дөрөв хүртэл унтдаг. Босоод нүдээ нээмэгцээ гар нүүрээ угааж сэргэхэд үдийн шаргал нар цонхон дээр тусаж байдаг. Ингээд ёс юм шиг өтгөн цай хандалж, ширээндээ суугаад эхнэр эзгүй бол тамхи асаана. Өтгөн цай оочлонгоо тамхи татах нь үгээр хэлэхийн аргагүй жаргал билээ. 

Цай оочлонгоо ном эргүүлнэ. Үдийн хойно би юм бичдэггүй. Би тогтвортой суугаад ном уншиж чаддаггүй хүн. Ном бариад сүүлээс нь эргүүлж харна. Сонирхолтой бол эхнээс нь уншина. Дөч гарснаас хойш эхнээс нь төгсгөл хүртэл уншсан ном үгүй шүү. Их муу зантай гэдгээ мэдээд л байгаа. Гээд засагдахаасаа нэгэнт өнгөрчээ. Хэсэг ном уншаад ядарч уйдна. Тэгээд торонд орсон араатан аятай өрөөн дотуураа нааш цааш холхино. 

Заримдаа арав гаран жилийн өмнө авсан Хитачи зурагтаа асаана. 21 инчийн зурагт маань тэр үедээ л шинэлэг эд байв шүү. Анх удаа гадаад яваад авсан зүйл гэвэл энэ зурагт. Сүүлийн үед япон барааны чанар муудсан гэдэг ч манай зурагт одоо хүртэл тод гардаг. Уйдмаар ч солих шаардлагагүй юм даа. Хөгжимт жүжиг гарч байвал хэмнэлд нь тааруулаад биеэ сэгсчих нь наддаа л дасгал хөдөлгөөн болдог. Үзэх юмгүй уйдвал Тошиба хөргөгчөө онгойлгож идэх юм хайна. Хөргөгч маань бас л удсан эд. Саявтархан эвдрэхэд нь эхнэр цохиод авсан чинь эргээд ажиллаад эхэлсэн. Хөргөгчинд хоол унд байвал гаргаад иднэ. Байхгүй бол эхнэр гэрийн хажуугийн ногооны зах руу явуулна. Үнэндээ бол намайг хөдлө гэсэндээ явуулдаг юм. 

Урьд нь Бээжингийн хөх тэнгэрээс гадна зах дээр зарж буй ногоо жимсээр цаг улирлыг мэдэж болох байлаа. Еэвэн сараар лийр, алим, усан үзэм, амтат гуа мэтийн жимс жимсгэнэ гарна. Одоо харин хэдийд ч дэлхийн хаанаас ч авчирсан жимс ногоог амтлах боломжтой болж дээ. Урьд еэвэн сараар тарвас нүдний гэм, зуухны дэргэд суугаад тарвас идэх нь биелшгүй мөрөөдөл байсан бол өдгөө гадаа цас шуурч байсан ч тарвас авах бүрэн боломжтой. Өвлийн дунд сард Хайнаньд ургуулсан тарвас худалдах нь хэвийн үзэгдэл болжээ. Нүд эрээлжилсэн олон бараа таваараас алийг нь сонгохоо мэдэхгүй толгой эргэнэ. Юм олон байх тусам сайныг нь олж сонгох хэцүү шүү дээ. Ингээд харих замдаа “Бээжингийн үдшийн мэдээ” авч уншина. Сая сая хувиар хэвлэдэг энэ сонин сүүлийн үед хуудас нь нэмэгдсэн ч сурталчилгаа нь илт олширчээ. Мэдээний эхний арван минутад сонирхолтой юм ярьдаггүйтэй л адил эхний нүүрэн дээр сонин содон юм бичдэггүй. Дараа дараагийн нүүрэнд нь сонирхол татмаар юм байх ч уншаад л дороо мартчихна. Сонингоо эргүүлж дуусахад оройн хоол болно. Заримдаа үдийн хойно сэтгүүлчидтэй уулзаж ярилцлага өгнө, заримдаа найзууд маань ирнэ. Ярилцлага өгөх ч яах вэ. Бас л залхмаар ажил. Гэвч өгөхөөс өөр аргагүй. Тийм болохоор нэг ярилцлагаас нөгөө ярилцлагад нэг ижил юмаа давтаж хэлдэг. Харин найз нөхөд маань ирвэл зугаатай шүү. Бид цайлангаа хууч хөөрч сууна. Үзэг нэгт андуудынхаа тухай ярина. Урьд нь би их хэлэмгий доломгой, хүн муу хэлэх дуртай байж дээ. Олон ч хүн гомдоосон. Гэлээ ч одоо бол нас яваад тэр үү хүн шүүмжлэхээ больсон. Магтах юм байвал магтаад, байхгүй бол чимээгүй л өнгөрнө, тэгээд цаг агаарын тухай ярина...

Бээжин хотод жилийн дөрвөн улирлыг ажиглах боломжтой, намар гурван сар үргэлжилдэг, Бээжингийн намар л хамгийн сайхан гэлцдэг. Багадаа Шаньдунд байхад еэвэн сарын баярыг жигтэйхэн хүлээж хөөрдөгсөн. 

Тэр үеэр тэргэл сартайн дээр еэвэн иднэ. Сү Дүнпо[4] нэгэнтээ “Тэнгэрт тэргэл сар мандахад дарс өргөөд тэнгэр өөд хараачил” хэмээн шүлэглэсэн нь бий. Сү Дүнпо энэ мөртийг бичихдээ манай мужид түшмэлийн алба хаадаг байжээ. Их найрагчийн амьд сэрүүнд еэвэн сарын баяр гэж байсангүй. Энэ баяр угтаа Юань гүрний үеэс үүсэлтэй. Босогчид еэвэнд зурвас нууж мэдээ солилцдог байжээ. Бага байхад Өвөр Монголд мал зардаг нэг хүн нутгийн монголчууд билгийн тооллын найман сарын шинийн арван таванд талд гарч өвсөн дунд нуугддаг гэж хэлснийг би мартдаггүй. Даанч үнэн худлыг нь мэдэхгүй юм даа. Өдгөө еэвэнг цааснаас өөр юу л бол юугаар шанзалдаг болжээ. Би хувьдаа еэвэн сарын баярыг Юань гүрний нийслэл Дайду хот байсан Бээжинд л бодож олсон гэж үздэг. Манайхны хэсэгтээ суусан Сяоситянь дүүргийн дэргэд Юань гүрний тэр их хотын хана хэрмийн туурь буй. Хэрмийн туурь өвс ногоо, хөвд хаганд баригдаж, орчин тойронд нь олон мод ургасан. Тэнд очвол харин Бээжингийн намрыг мэдэрч болох юм. Очиж үзэх хэрэгтэй болов уу.

Еэвэн сар бүтэн сарын дараа болох ч хаа сайгүй төрөл бүрийн еэвэн харагдаад эхэлжээ. Алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэх юм. Харахад жигтэйхэн сайхан ч амт нь бүгд тиймхэн. Ингэж бодоход Лу Синь ноёнтны “Сэтгэлийн дэнслэл”-д гардаг хоол унд голж шилэх дуртай Есөнжин эмгэн санаанд бууна. Уг нь шанз нь сайхан болох тусам еэвэнгийн амт сайжрах ёстойсон. Тэгэхээр бид л илүү голомтгой болжээ. 

Харин еэвэнгийн хайрцаг жигтэйхэн өнгө үзэмж сайтай. Жижиг орд харш л гэсэн үг. Идэх юмыг яагаад ийм сайхан хайрцганд хийдгийг би ер ойлгодоггүй. Хайрцгийг нь дараа нь яаж хаяна даа гэж санаа зовдог гэвэл та итгэх үү?

Бээжингийн намрыг утгаар нь мэдэрье гэвэл Сяншаньд гарах хэрэгтэй. Уулан дээрх агч моддын навчис намартаа улайрдаг нь хамгаас үзэсгэлэнтэй. Цагтаа Цао Сюэцин[5], Налань Синдэ[6] нар энд ирж онгод юугаа хөглөдөг байсан биз ээ. Тэндхийн сүмд нэлээн урт хугацаанд суусан Жоу Зүожэн[7]ий тухайн үеийн бүтээл туурвилд намрын өнгө шингэж, навчис сэрчигнэх нь дуулддаг. Би Бээжинд суугаад хорь гаруй жил өнгөрсөн ч Сяншаньд очиж үзээгүй билээ. Гэхдээ тэр газрыг би мэдэхгүй гэвэл үнэнд нийцэхгүй. Оюун бодолд минь олон жилийн улаан навчис хуйлран хийссээр байдаг. Сяншаньд гарвал навчнаас олон хүн байхын учир энэ л төсөөллөө эвдэхээс эмээх юм, үнэндээ. 

Би энэ эсээгээ намрын тэргүүн сарын үдийн хойно бичиж сууна. Уг нь бол үдийн хойно юм бичдэггүй ч энэ удаа яагаад ч юм бэ үзгээ бариад ширээнийхээ ард суув. Энэ мөчид Дү Фү[8]гийн “Намрын салхи навчис сэрчигнүүлэн үлээж, намхан тагзны зэгсэн дээврийг хийсгэнэ”, Доу Моу[9]гийн “Намрын салхи баруун цэцэрлэгт бороо болон буухад надад нар сар, уул ус л үзэгдэж, лимбийн эгшиг дуулдана” гэх мөртүүд санаанд орно. 

Лю Юйси[10] “Намар цаг аль эртнээс л гуниг тээсээр ирдэг хэмээвч миний л хувьд хавраас хавь илүү үзэсгэлэнтэй. Хөх тэнгэрт нисэх өнчин тогорууг дагаад хөнгөн бийр минь хөвөн одно” гэж өгүүлсэн бол Ли Бай “Налгар намар гэдэг ч наалинхай бөгөөд гунигтайг нь яахин мэдэх?”, Дү Фү “Шаргал навчис газарт унахад Хөх мөрний ус хуйлран урсана”, Хуан Чао[11] “Намрын дунд сарын шинийн найман, гадаа цэцэг гандсан ч ганцхан манайх л сэргэг хэвээр”, Мао Зэдүн “Мянга мянган модод цантаж, мөнгөлөг тэнгэрийн хаяа улайран хүрэнтэх нь Тэнгэрийн заадлын цуурай буюу” хэмээн шүлэглэн холбожээ.

Эдгээр шүлэг уг чанартаа намрын уйтай тэрсэлдсэн утгатай ч налгар өдрүүдийг нь баяр баяслаар халгиаж дүүргэсэнгүй, цагийн эрхийг гуниглангуй сөрөн зогсжээ.

[1] Байлдаант улсын үеийн түшмэл, Хятадын түүхэнд анх тэмдэглэгдэн үлдсэн яруу найрагч.

[2] Хань улсын түшмэл, цэргийн эрхтэн.

[3] ХХ зууны эхэн үеийн алдартай зохиолч

[4] Сүн улсын үеийн түшмэл, алдартай яруу найрагч

[5] Улаан асрын зүүд сонгодог романы зохиолч

[6] XVII зуунд амьдарч байсан манж найрагч

[7] ХХ зууны яруу найрагч, уран зохиол шүүмжлэгч, орчуулагч

[8] Тан улсын алдартай яруу найрагч

[9] Тан улсын алдартай яруу найрагч

[10] Тан улсын алдартай яруу найрагч

[11] IX зуунд дэгдсэн тариачдын бослогыг санаачлагч