Хэрэг зориг
Даргын үүдний өрөөнд хүмүүс зөөлөн дуугаар шивнэлдэх нь Сэрээтэр өвгөнд түгшүүртэй. Ер биш нам жим бөгөөд орох ээлжээ хүлээсэн хүмүүс дор бүрнээ бодлогоширч гар хуруугаараа оролдон дороо хавьчигнана. Даргын өрөөний гүнгэрваархуу хаалга, өндөр түшлэгтэй олон сандал бүгд сүртэй. Сэрээтэр хэсэг зогсоод сул сандал дээр суух гэтэл нөгөө сандал нь цав цагаан даавуу бүрээстэй тул морины хөлс шороо болсон дээлнээсээ цэрвээд шалан дээр өрөөсөн хөлөө нугалан аминдаа цэмцийв.
Сэрээтэр өвгөн ойрд эмээл тохоогүй арилжаа хээрийгээ барьж авчээ. Гоёлын эмээлээ өвгөнийг далдаас гаргаж угсрахад самган Дулам авдраа уудлан баадантай юм гаргаж орон дээр тавиад,
-Цай дундаасаа буцалж байна хэрэг чинь бүтэх байгаа гэхэд өвгөн,
-За за чиний хэлснээр миний хэрэг хэзээ тэгж бүтэж байлаа гэж унтууцаад бааданг задалж нарийн хир суусан одончуу дээлээрээ гоёв.
Самган өвгөнийхөө өнгөц уцаарт дассан тул гомдсонгүй, цайны дээж аяга мэлтэлзтэл дүүргээд эр нөхөртөө намжиртай барингаа,
-Чи тэгээд нэгдлийн дарга дээр орохдоо хаалга үүдийг тогшоорой. Тэгдэг учиртай юм гэдэг шүү гэв. Сэрээтэр цай оочингоо ялимгүй ханхалзаад,
-Юу гэж муу нэгдлийн даргын хаалгыг тогших юм. Урьд би цэрэгт байхдаа шатаавынхаа даргын хонтоорт зөвшөөрөлгүй орчихож байсан хүн юм чинь. Манай шатаавын дарга гэдэг базарваань хэдэн нэгдлийн даргыг дуудаж авчраад зад загнах ланжгар амьтан байлаа гээд шилээ шөргөөж хуянгаа тараав. Дулам,
-Тийм нь ч тийм л байх. Гэхдээ,.. гээд үг хэлэх гэтэл өвгөн босож,
-Аль вэ чи алс юманд явж байхад бэлгэ бодож хайрцаг шинэ шүдэнз гаргаж өгдөггүй хүн үү гэв. Дулам ухасхийн өндийх гээд өвдгөөр нь хатгуулаад сөхчив.
Сэрээтэр хээр морио дэмбэгнүүлэн сайварлуулсаар гаднаасаа хөдлөхөд Дулам хойноос нь,
-Хөөе чи аяархан яваарай. Наадхийг чинь ойрд салхинаас өөр юм унасан биш, ямар ч зан гаргаж магадгүй шүү. Дуулав уу! Чи урьдын Сэрээтэр биш болсон шүү хэмхэрч үхэв золиг минь. Чамд том санаанаас өөр юу ч үлдээгүй байх шүү гэхэд Сэрээтэр өвгөний дургүй хүрч эр бяраа үзүүлэхээр хээр морио шавхийтэл гуядав. Хээр морь толгой шомболзуулан, сүүл сагсалзуулан арилжлаа.
Сэрээтэр 1958 онд нэгдэлд элссэнээс хойш эм хонь хариулж буй хүн. Нас дал гарчээ. Эмгэн нь түүнээс гурав дүү. Нэгдлийн даргадаа хэлэх үгээ тэр замдаа банжиж явлаа:За яахав үүдийг нь тогшдог л юм байгаа биз. Дараа нь мэнд мэднэ. Ах нь нэгдэлд хорь гаруй жил хонь төллүүллээ. Сайн ч төллүүлж, муу ч төллүүлж, хольж хутгаж явлаа. Гэхдээ сайн нь муугаасаа олон уу гэхээс, муу нь сайнаасаа олонгүй байх шүү гээд л пан буулгачихъя. Яадаг юм тэгж хэлэхэд золиг. Дуугүй яваад байхаар манай дарга нар элэг барьж гүйцлээ хэмээн зоригоо чангалснаа арай хатуудаж золигдохгүй байгаа? Яадгиймбэ, хатуудвал хатуудаг! Хатуу тусмаа сайн гэж эрс шийдмэгц суудал сэлгэн морио тэрэлзүүлэхэд омог бадарч “Нэгдлийн даргад хэлэх үгээ харин ч бузгай хэлэх нь дээ” гэж өөрөөрөө бахархаж урт ташуураа гэнэт гозолзуултал, цочиж ухасхийсэн морины салхинд малгай нь толгойноос хөөрч сагалдаргандаа торж шилэн хүзүүнд нь хийсэв.
ххх
Буджав жолооч явж үзээгүй газар харанхуй шөнө төөрч хээр хонов. Гэгээ орсон хойно ажваас хавьд торойх ч бараа үл үзэгдэнэ. Буджав ойрын товцог дээр гарвал алс тэртээх уулын бөглүү аманд ганц гэр гялайх аж. Буджав өгсүүр өөд тэргэндээ хүч нэмсээр дөхөж очвол ганц гэрийн гадаа олон хонь налайж хэвтэх нь үргээж босгомгүй тайван. Гэдэс нь хонхолзсон Буджав хэвтэрт байгаа хонийг нь үргээж эзнийг үрчигнүүлэхээс болгоомжилж машинаа хол орхиод гэрт алхаж очив.
Сайхан зантай хоёр хөгшин өглөөнийхөө цайг тухтайхан ууж сууна. Буджав мэдэхгүй замд төөрч хээр хоносноо яривал авгай тэр даруй тогоо тулга золгуулж хоол хош бэлтгэв. Авгайн хөл нэлээд больсон тул өвгөн ойр зуурын юм нааш цааш зөөж туслах ажээ. Хоол идэж унд уусан жолоочийн алжаал тайлагдаж баярлахдаа яриа өдөж хоёр хөгшний аж амьдрал үүрэг даалгаврыг сонирхжээ. Тэгээд хоёр хөгшнийг юмны учир мэдэхгүйдээ хэрээс хэтэрсэн олон хонь хургалуулж ядарч яваа юм байна. Ийм хөгшчүүлд гол хүнд ажлаа лаахайдаад дарга даамал нэртэй өчнөөн юмнууд сумын төвд бие амар сууж буй биз гэж оношилжээ. Тэгээд сайхан зантай хоёр хөгшний сэтгэлд тааламжтай яриа сэдэж хуучлахаар,
-Та хоёр тэтгэвэртээ гарах болоогүй юү гэв.
-Уг нь гарсаан. Цаасы нь авдаг. Манай нэгдэл хүн бүл цөөн болохоор хонио хэнд өгөхөв гэж ярих хорхой нөхцсөн Сэрээтэр ганц гэрт уйдаж хэл нь загатнасан эмгэнээсээ өрсөв. Ярих хүний хүсэл болсон бөглүү хязгаарын өвгөн жолоочтой зөвхөн өөрөө л хуучилмаар хорхойсож буй нь илт. Энэ нь жолоочийн яриаг өвгөн эмгэнээсээ харамлаад ч байгаа юм шиг-өхөөрдмөөр.
-Үгүй ер, та хоёр мөн сайхан амьтад даа. Хонио хэндээ өгнө дарга нар чинь л мэднэ биз. Хонийг нь хөөж аваачиж өгчөөд хууль ёсны гавьяат амралтаа эдэлнэ гэхэд та хоёрыг хэн ч яаж ч чадахгүй шүү дээ.
-Хөөж аваачиж өгөөд яахав. Бодоод байхад манай энэ хавьд мал хариулах сул хүн байхгүй юм чинь. Өөдөөс зад загнах байлгүй.
-Сум бригадын чинь төв дээр сул хүн байхгүй гэж үү.
-Байхгүй ээ байхгүй. Цөм ажилтай. Манай суманд ажилгүй хүн нэг ч байхгүй. Би бас бодоод л байгаа юм.
-Ажилгүй хүн байна уу, үгүй юү, та хоёрт ямар пад байна. Хонийг нь эзгүй уул өөд хөөчөөд өөрсдөө хууль ёсны амралтаа эдлэх ёстой.
-Тийм нь ч тийм л байх. Гэхдээ яахав. Зүгээр зүгээр гэж Сэрээтэр өвгөн жолоочийн тулгалтад самганыхаа дэргэд мухардаж бажигдахаас булзав.
Хоёр хөгшин дэндүү бойтоглосон арчаагүй хөөрхийс харагдсанд жолооч Буджав тэр хоёрт учрыг таниулж өгөхөөр,
-Та хоёрын ажил надад ямар хүртээл байхав. Би хоол ундыг чинь идэж уучаад л саймширч байгаа хэрэг гэв.
Түрүүнээс хойш өвгөнөөсөө эмээгээд ам нээгээгүй Дулам авгай шулуудаж,
-Дүү минь би энэ өвгөнд манай хонийг ядаж цөөлдөггүй юм уу. Дарга нарт хэлээч гэхэд наад өвгөн чинь огт дуугардаггүй хүн гэлээ. Өвгөн юмны учрыг олж ярихдаа авгайгаасаа өөрийгөө хавьгүй илүү гэж дээрэлхдэг тул ам өрсөж,
-Уг нь сайн хөөцөлдвөл манай хонийг цөөлөх учиртай гэж багачуул надад хэлээд л байдаг юм. Ноднин бригадын даргад би нэг удаа цухуйлгалаа. Цухуйлгахдаа муу ч цухуйлгаагүй. Бузгай ч цухуйлгасан гэж санадаг гээд өвдгөө алгадсанаа, -Тэгсэн чинь бригадын дарга огт дуугардаггүй. За ч гэдэггүй, үгүй ч гэдэггүй гэв. Жолооч Буджав гайхаж,
-Та тэгээд түүнд чухам юу гэж цухуйлгав гэвэл тэр,
-Муу хонтооры нь үүдийг угз татаж ороод тамхи баагиулж баахан сууж байгаад хаалгы тас саваад гарсан гэлээ. Дулам өвгөнөөрөө бахархсан янзтай,
-Энэ ч уг нь овоо л цухуйлгасан юм билээ л дээ гэснээ Сэрээтэр өөд харц ширүүлж, -Чи тэгээд бүр дээш нь нэгдлийн даргад цухуйлгах чинь яасан юм бэ гэв.
-Цухуйлгаад яахым бэ. Манай хонийг цөөлөөд хэнийд өгөхөв. Манай бригадад хонь нэмж хургалуулах бололцоотой айл хэнийх байна. Чи тийм сүрхий юм бол нэрлээч. Хаа сайгүй хүн цөөдөөд байна гэж өвгөн уцаарлав. Өвгөний нь оновчтой мэргэн үг сүрхийномтой жолоочийн амыг тагласанд самган залуу насны аалиараа жомболзон жоотгонов.
Дулам авгайд энэ гэрт өөрөө голлож байснаас өвгөн нь голлож байсан нь тааламжтай. Сэрээтэр өвгөн эмгэнээсээ илүү гэдэгтээ эр хүний жаргал эдэлж, өрх гэрийн хэцүүг ганцаараа үүрнэ гэж омогшиж амьдарчээ.
-Нээрэн хүн цөөдөөд мал олдоод байна даа гээд эмгэн ярих үгээ зөвдөж буй, буруудаж буйг өвгөнийхөө үрчгэр хөх нүүрээр баримжаалснаа, -Энэ хавраас өвдгөөр хатгуулаад өвгөндөө сэлбэг болж чадахаа болиод байна гэв. Жолооч,
-Та хоёрын ачаалал хүнддэж байна. Хонио цөөрүүлж өг гэж нэгдлээсээ шаард. Ингэлээ гэж зэмлүүлэх юм байхгүй. Харин нэгдлийн дарга гишүүнийхээ хүсэлтийг түргэн шуурхай барагдуулахгүй бол тэр өөрөө бурууддаг хуультай гэвэл Дулам эмгэн,
-За тэр ээ, Сэрээтэр чи энэ жолоочийн хэлж байгааг сонсов уу гэв.
Эмгэнийхээ дэргэд нэр сүр нь сэвтсэнд нэрэлхэж суусан өвгөн,
-Яана гэнэ ээ? Дарга нар бурууддаг гэв үү гээд хоёр нүдээ хүүдийний ам хуних адил онийлгон инээхээс хэтэрсэнгүй.
-Сэрээтэр минь чи сум ор. Нэгдлийн даргад зовлонгоо ярь. Олон газар явж, юмны наад цаад учрыг таньсан жолооч хүн наана чинь хэлж байна гэлээ.
Энэ зуур жолоочийн толгойд нэг эрдэмтний өглөөний сонин уншлагаар ярьсанлекцбуулаа. Тэр эрдэмтний яриаг Буджав тун их тоосон учир чухам энэ мөчид өөрийн болгон ашигламаар хачин санаа төрж, өөрийнхөө үгээр эвлүүлэн хоёр хөгшинд лекцдэж эхлэв. Тэр бээр,
-Хэрхвэл хуульд таарах, хэрхвэл хуульд эс таарахыг та хоёр ялгахгүй учир дарга нарт элэг бариулж байна. Юмны учир мэдэхгүй та нарын арчаагүй байдал хүнд сурталтай, дураараа дургидаг дарга нарыг давруулж байгаа юм. Удирдуулж байгаа хамт олон-та нар хуулиа мэдэж, зөрчигдвөл хэл үг гаргадаг болбол муу дарга суудалдаа тэсэхгүй зөвхөн сайн дарга л тэснэ. Зөв удирдаж байна уу, буруу удирдаж байна уу гэдгийг та хоёр хянадаг болбол дарга чинь дураараа дургиж чадахгүй ажлаа шудага хийнэ. Даргынхаа ажлыг та хоёр хянаж бай гэв. Өвгөн,
-Хи хи. Даргынхаа ажлыг хянаж бай гэнэ ээ гээд онигор нүдээ байхгүй болтол инээв.
-Та нарын юм мэдэхгүйг дарга чинь далимдуулж дулаан конторт заларчаад, эсвэл хөнгөн тэрэг хөлөглөн уулзсан хүнээ загнахаас өөр удирдлагын шинжлэх ухааны ямар ч арга эв мэдэхгүй ноёд болж. Өөрийнхөө зөвийг мэдэхгүй загнуулж байгаа муусайн малчдыг хараад өрөвдөх юм гэхэд Дулам авгай,
-Ёстой ёстой. Бид чинь ёстой тэгж байгаа вий гэв.
-Энэ чинь та нарын өөрсдийн чинь л буруу.
-Нээрэн бидний л буруу байх даа гэж авгай зөвшөөрөв.
Гэдэс нь цадсан жолоочийн онгод орж,
-Нас өндөр ч хөдөлмөрлөе гэх та хоёрын жудаг бахархам. Гэхдээ хэр хэмжээндээ тааруулахгүй бол хөгшин хүмүүс хонь малаа алдаж үрэгдүүлбэл нэгдлээ хохирооно. Энэ учраа дарга нартаа ойлгуул. Цөөн буурай хонь дагаад гэлдэрч явахгүй юу. Одоо та хоёрын жаргах цаг. Насны залууд бишгүй л зүтгээ биз. Түүнийхээ ачийг одоо хүртнэ ээ хоёр хөгшин. Хэ хэ! Би баахан буруу юм зааж өгч байна аа даа янз нь гэлээ.
-Ёстой үнэн. Энэ бид хоёр шиг аргиж орхисон амьтад нэгдлийн олон хонь маллаж тус болохоосоо алдаж асгаж олны буянг сүйд хийчих вий гэж айх юм. Дүү минь наад өвгөндөө сайн хэл гэв. Сэрээтэр өвгөний нүүрний арьс нүдэн тус хоёр цэгт хунигдаад эргэн тойрноо харахгүй болсны дээр дуугарахаа больжээ. Буджав,
-Хөдөлмөр битгий хий гэж би хүн уруу татахгүй. Тийм ёс ч байхгүй. Гэхдээ та хоёр шиг буурайд ажлын аль хүндийг үүрүүлснийгг хараад дуугүй байж чадалгүй ярьж байгаа минь энэ. Миний хэлэх гээд байгаа үг хөгшчүүд хялбарыг залуус хүндийг хийх ёстой л гэх гэсэн юм гэв. Дулам Буджав хоёрыг ийнхүү ярилцах зуур Сэрээтэр “Сайн дарга ургах хөрс шороо, муу дарга ургах хөрс шороо” гэж амандаа сэм давтаж суулаа.
ххх
Даргын үүдний өрөөнд хүмүүс зөөлөн дуугаар шивнэлдэх нь Сэрээтэр өвгөнд түгшүүртэй. Ер биш нам жим бөгөөд орох ээлжээ хүлээсэн хүмүүс дор бүрнээ бодлогоширч гар хуруугаараа оролдон дороо хавьчигнана. Даргын өрөөний гүнгэрваархуу хаалга, өндөр түшлэгтэй олон сандал бүгд сүртэй. Сэрээтэр хэсэг зогсоод сул сандал дээр суух гэтэл нөгөө сандал нь цав цагаан даавуу бүрээстэй тул морины хөлс шороо болсон дээлнээсээ цэрвээд шалан дээр өрөөсөн хөлөө нугалан аминдаа цэмцийв. Тэгтэл бичгийн машины цаанаас нөгөө сандлын бүрээс шиг цагаан нүүртэй бүсгүй өвгөнийг,
-Та сандал байхад дээр нь суугаач гэв. Бүсгүйн дуу зөөлхөн, байшингийн цуурай их тул өвгөн дуулсангүй. Дэмий л,
-Өөе, юм хэлэв үү хүүхээ? гэж лавлав. Бүсгүй арай чангаар,
-Сул сандал байхад шалан дээр юунд суугаа вэ гэж эелдэг инээмсэглэв.
-Зүгээр ээ охин минь. Ах нь ингэсгээд болно.
-Зүгээр ч гэж дээ өвөө минь. Шалан дээр хүн суулгалаа гэж намайг зэмлэнэ шүү дээ гэв. Өвгөн учрыг олсонгүй босож цав цагаан бүрээстэй памбагар сандалд өнцөгдөн суулаа. Гэнэт хонх дуугарч бичгийн машины араас нөгөө цав цагаан бүсгүй босож сэм сэм мяраан алхсаар гүнгэрваа хаалгыг зөөлөн татаж ороод онгойлгосноосоо бүр зөөлөн хаав. Энэ зуур нэгдлийн даргад панбуулгах өвгөний зориг мохож, чухам юу гэж эвтэйхэн хэлэх вэ гэх халшрал зовоов.
Тэгтэл хаалганы цаана дуу хадлаа. Тракторч Дагва,
-Би тэгж чадахгүй. Хэлхээтэй төмрөө ав. Би хот орж амьдарнагэж хашгачив.
Өвгөн энэ түгшүүртэй чимээг сонсоод “Би ч сүрхий хэрэлдэхгүй ээ, муугаасаа сайн нь олон уу гэхээс, сайнаасаа муу нь олонгүй байх шүү” гээд л цэглэе гэж шийдлээ. Өвгөний орох ээлж болтол хотоос яваа сурвалжлагчид гээд хэсэг хүн урдуур нь орчхов. Тэд их удлаа. Тэднийг гартал албаны байрын нэг хүн орж ирээд өвгөнөөс,
-Та дарга дээр албаны ажлаар орох уу, амины ажлаар орох уу? гэж асуув.
-Амиа амь. Амь байлгүй яахав гэж өвгөн хульчигнавал нөгөө хүн,
-Тэгвэл би таны өмнө ороод албаны нэг асуудал даргаас дөнгөж лавлаад удахгүй гарч ирэх үү гэв. Сэрээтэр сандрангуй,
-Тэг ээ тэг.Тэгэлгүй дээ гэлээ.
Дарга маягийн өнөө нөхөр гарч ирэхгүй маш удав. Энэ мэт саатсаар өвгөн орох боллоо.Даргын хаалгыг тогшсон ч үгүй, онгойлгож толгойгоо цухуйлгавал нэгдлийн дарга Чулуун ядруу нүдээ алгуур сөхөөд өвгөнийг таагүй удаан ширтэв. Өвгөн цааш лав орохоос халгасандаа хүлцэнгүй инээмсэглэж орхилоо. Тэгтэл,
-Сэрээтэр гуай та надтай уулзах гэж яваа юу гэх туньтай дуу ашгүй гарав.
-Тийм л санаатай явна.
-За байз яая даа, би аяга ундаа ч уугаагүй байдаг. Холоос ирсэн таныг яаж хүлээлгэхэв дээ. Ор доо гэв.
Сэрээтэр оруут шууд гачигдал тоочих эвгүй санагдаад хөөргөөр ёсорхог тамхилангаа цагийн байдал, бэлчээр, малын цариг гэх зэрэг бүтэн мэнд солив. Дарга түүнээс бие тэнхээ данги, мал сүрэг мэнд зэргийг лавлахад шууд л хонь малынхаа хагасыг ав гэх нь билэггүй тул,
-Бие тэнхээ данги, мал сүрэг мэнд гэлээ.
-Ашгүй дээ Сэрээтэр гуай минь гээд дарга ажил төрлийн ярианд яарч, -Тэгвэл би танд манай нэдлийн өнөө маргаашгүй хийх гэж байгаа ажлаас товч танилцуулъя, болно биз гэв.
-Ай даа бололгүй дээ гэж хэлэхдээ өвгөн “Даргадаа хэлэх гэж өвөрлөж ирсэн үгээ хэлэх далим гарлаа. Бас жолооч Буджавын хэлснээр өөрөө нэгдлийн ажлыг хянах учиртай, тэр ч учраас дарга ажлаа надад шалгуулах гэж байна, зарим зөрөх зүйл дээр үзэлцэх юм хуна даа” гэж бодоод авлаа.
-Залуучууд эрдэм номын мөр хөөж явчаад нэгдэл маань өргөжих тутам хүн хүч тутаад ажлаа дийлэхээ байлаа. Энэ өвөл цас их унаж хүйтрэхийг хэн байг гэх вэ гэхэд нь “ай даа хэн байг гэхэв” гэж амыг нь дагууллаа.
-Малдаа хадлан авах нь чухал биз дээ. Та юу гэж бодож байна?
-Ээ дээ авалгүй дээ. Болж өгвөл ахиухан.
-Манай нэгдэл 120 мянган малтай, наад зах нь 4000 тонн хадлан хэрэгтэй. Хавар сая шахам төгрөгийн хөрөнгөөр тариа тарьсан. Тариа ногоогоо хаягдалгүй хурааж авбал орлого орно, хурааж эс чадвал өч төчнөөн хохиролд унана. Сааль сүүгээ гүйцэд авч ашиглавал ашигтай биз дээ?
-Ашигтай байлгүй яахав.
-Хүйт орохоос өмнө сургууль, цэцэрлэг, эмнэлэг, анги гээд төвийнхөө байшингуудыг дулаалж, түлээ түлшээ базааж авбал бидний хэнд маань ч хэрэгтэй сэн. Энэ бүх ажлыг нугалах бүлгүйдээд байна. Нэгдлийн маань эд хөрөнгө, аж ахуй жилээс жилд томорч байна. Байгаа хүмүүс маань бүгд чадлаараа зүтгэж байна хөөрхий. Одоо нэгдлийн хэмжээнд хэдэн суурь мал хариулах эзэнгүй байна. Жишээ нь танай бригадын Хайдав өнөөдөр эхнэрээ эмчлүүлэхээр аймаг өөд аваад явлаа. Хариулж буй зуу гаруй тэмээг өгөх хүн олдохгүй, найман настай хүү нь хараад хоцорсон. Хүн даанч хүрэхгүй байна. Манай нутаг далайн түвшнээс 1700 м өндөр тул цаг алдвал нэг шөнө цас дараад хадлан ч үгүй, тариа ч үгүй болно. Яана даа Сэрээтэр гуай минь.
-За байз, Сэрээтэр гуай нь яадаг юм билээ дээ хүүхээ.
-Та яах ч юм билээ дээ. Дулам гуай та хоёр төдий олон хонь төллүүлээд овоо доо. Бидэнд та хоёр шиг чадлаасаа ахадсан ажил хийж гялайлгаж байгаа хөгшчүүд олон бий. Ачийг нь хариулж чадах бол уу гэж зовох юм. Та хоёрын бие данги байдаг нь яамай даа. Гэхдээ энэ бүгд Сэрээтэр гуай минь зовлон биш ээ. Бэрхшээл дутагдал байв ч манай нэгдэл жилээс жилд хөгжиж байна. Өнөөдөр дэлхий дээр хэдэн зуун сая хүн ажилгүй, авдаг цалингүй өлбөрч байна. Дэлхийд нэг өдөр өлсгөлөнгөөр манай нэгдлийн малаас олон хүн үхэж байна. Тэгэхэд манай нэгдэлд мал олдоод хүн цөөдөөд байна. Ямар вэ дээ Сэрээтэр гуай?Бид азтай юу?
-Азтай байлгүй яах вэ дарга минь гээд өвгөн ихээр уярав. Чулуун дарга,
-Мартсанаас Дулам гуайн хөл гайгүй юү? гэхэд,
-Дуламын хөл үү? гээд тулгамдсан өвгөн нүд эргэлдүүлснээ, -Дуламын хөл доголоон доголон. Гээд аминаас хол юм чинь юу алзахав гэж орхив.
-Ашгүй дээ. Сэрээтэр гуай та огт зүгээр ирээгүй биз дээ. Хүсэлт юу байна?
-Надад ямар юмны хүсэлт байхав. Зүгээр шахуу л төв орж ирлээ. Хайдавын муу жаал тэр олон тэмээг харж яаж чадав гэж. Арай хашир юм тэмээг нь би гаднаа аваачиж хэд хоног харсан нь дээр бол уу.
-Тэгвэл ч мөн сайн байна даа Сэрээтэр гуай минь. Би танаас тэгж гуйж арай ч бас зүрхлэхгүй байсан байх шүү гэж Чулуун дарга өгүүлжээ.
Сэрээтэр өвгөн харуй бүрийд олон тэмээ сугсалзуулан тууж явахдаа “Нэг өдөрт дэлхий дээр манай нэгдлийн малаас ч илүү хүн өлбөрч үхэж байна гэв үү бурхан минь. Хөөрхий манай муу дарга надад мөн их баярлав аа” гээдгавъяа байгуулж буян үйлдсэн мэт нэг их эртэй хүн харьж явлаа. (1980)
Оноч
Оноч
Зочин
Onoch
Зочин
Оноч
Зураач дүү
Оночийг хайж байна
Зочин
Ц. Эрдэнэбат