Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Цэндийн Батчулуун хоёр жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2015 оны 2 сарын долооноо тэнгэрийн оронд заларчээ. 2010 онд Монгол Соёлын Төв энэ агуу эрхмийг Вашингтон хотноо урьж, монголчуудтайгаа уулзуулан, яриа, тоглолт зохион байгуулж байсан билээ. Хүндэт зочноо бид Конгрессын номын сангаар аялуулсан, тэнд миний бие бас тусгайлан ярилцлага авч байсан юм. Их уран бүтээлчийн үг сургаалыг санаж явах нь, гүйцэлдүүлэн биелүүлэх нь үлдсэн бидний үүрэг. Шавь нар, хамтран зүтгэгч нарт нь, ерөөс та бүхэндээ энэхүү ярилцлагаа ахин нэг сануулсу.   

“ХАР АВДАРТ НОМ БИЙ, ХАЗГАР ӨВГӨНД ЭРДЭМ БИЙ”
ХЭМЭЭХ АНХДУГААР ХЭСЭГ

-Морин хуурын бүр эртний түүх, уламжлал, алдарт хуурчдын тухай ярианаас эхэлж хөөрөлдөх үү, хоёулаа?

-За тэгье. Морин хуур хөгжим Монголд олон зууны туршид ёс заншлаа дагаад, айл гэрийн хойморт хөгжиж байж. Авьяаслаг хуурчид, ардын билэгтнүүд хувь хувиараа маш алдартай, төрөөс ч тэднийг дэмждэг, хүндэтгэдэг байсан байдаг. Чингис хаан ч хуурчтай байсан домог бий, Аргасун хуурчийг хүн бүр мэднэ. Нэг удаа төрийн их хуурыг гэртээ согтуу аваачаад хүндээр шийтгүүлэх дээрээ тулсан боловч хуураа сайхан тоглож байж амь гарсан гэдэг домогтой. Богд хаан ч төр улсаа тусгаар тогтнуулан зарласны дараа дэргэдээ Дарьгангын Дамдин-Очир гэж төрийн их хуурчтай байсан юм билээ. Ардын засгийн үед Түдэв, Түвдэн гэж хоёр их хуурч байсан байдаг. Түдэв гуай бол бүр Тагну Тува улсад төлөөлөгчөөр ажиллаж байсан дипломат хүн байсан гэдэг.

-Урлаг, соёлыг үзэл суртлын хэрэглүүр болгон ашигладаг байсан тэр үед урлагийн зарим төрөл гацаанд орсон тохиолдол байдаг. Морин хуурын хувьд энэ байдал хэрхэн нөлөөлж байсан бол?

-Ардын урлаг маань 1930-аад оноос эхлээд хоёр чиглэлээр хөгжсөн байдаг юм. Ер нь дээхэн үед айл бүр морин хуураа хүндэлж, Алтангэрэл судар шигээ гэрийнхээ хойморт залдаг байж. Яваандаа айл гэрийн энэ хөгжим нийгмийн нөлөөнөөс болж гитар, баян хуур зэрэг өөр хөгжмөөр солигдож эхэлсэн нэг үе байдаг. Гэвч азаар тухайн үеийн Соёлын яам, бусад урлагийн газрыг улс төрчид, намын хатуу үзэлтнүүд бус Лодойдамба гуай, Ванган гуай зэрэг ухаантай, алсын хараатай хүмүүс удирдаж байсан, бас Бадраа, Ринчен гээд ийм сайхан улс байсны хүчинд тэд далавчаа дэлгэж яваагүй ч гэсэн, далавчин завсраа нууж явсны ачаар маш их зүйл бидэнд өвлөгдөн үлдсэн гэдэгт би итгэдэг юм. Манай социалист гэдэг байсан нийгэм ардын урлагт сайн, муу аль аль нөлөөгөө үзүүлсэн дээ. Гол нь айл гэр дэх морин хуурыг тайзны урлаг болгон гаргаж ирсэн нь том дэвшил юм. Та бүхний сайн мэдэх Жамьян, Цэдэн, Буян гэсэн агуу мундаг хуурчид гарч ирснээр гучаад оноос хойш морин хуур хөгжлийн шинэ шатанд гарсан юм.

-Ардчилсан хувьсгал, шинэ нийгмийн тогтолцоо урлагийн зарим салбар, жишээ нь кино урлагт муугаар нөлөөлсөн байхад рок, поп урлаг зэрэгт хөгжих нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байдаг. Морин хуурын хувьд шинэ нийгэм маань хэрхэн нөлөөлсөн бэ?

-1990 оноос улс орон зах зээлийн нийгэмд шилжих тэр үед ялангуяа морин хуур өөрчлөлт шинэчлэлтийн үр шимийг сайн хүртсэн. Өмнө ярьсан тэр олон үе дамжин уламжлагдаж ирсэн морин хуурыг төрөөс дээдлэх болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Төрийн их хан хуурыг Төрийн ордонд заллаа. Анхны эвслийн Засгийн газраас 1992 онд Морин хуурын чуулга байгуулах тухай шийдвэр гаргасан бол хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди 17 тоот зарлигаа гаргаж, ард нийтээрээ морин хуураа дээдлэхийг уриалан даалгасан зэргээр бодлогын хувьд дэмжсээр ирлээ.

-Морин хуураа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, заах талаар их ярьж байна. Нарийн нандин юмаа гадагшаа хэт их гаргах, заах ер нь хэр байдаг юм бол. Манай бөх, боксын мундаг дасгалжуулагч нарын гадаадад, ялангуяа урд хөршид бэлдсэн шавь нар манай тамирчдыг хяргачих гээд байдаг тал бий шүү.

-Тэр тал дээр тантай санал нэг байна. Гэхдээ морин хуурын тал дээр харин бид айлтгүй болсоон. 2003 оны 11 дүгээр сарын 7-нд бид ЮНЕСКО-д морин хуураа зөвхөн Монголынхоо нэр дээр бүртгүүлсэн, одоо нэгэнт манай юм гэдэг нь тодорхой болчихсон учраас хаана ч, хэнд ч заасан айлтгүй. Зун Монголд хуур үүрсэн шар толгойтой нөхөд явж байгаа харагддаг болсон байна лээ. Би бас нэг өдөр хар хүн хуур бариад сууж байгаасай гэж боддог юм. Харин багш, мэргэжилтнүүдээ гадагшаа гаргахдаа таны хэлснээр бодолтой байх ёстойг сүүлийн үеийн урлагийн үнэт зүйлсийн бүртгэл, энэ тэртэй холбоотой асуудлууд үзүүлж байна.

-Улаанбаатар хотод хөгжмийн тусгай сургуулиар урлагийн боловсрол эзэмшиж, морин хуур сурч байгаа залуус яг хөдөөд тоглодог ардын нарийн ширийн татлага, аялгуу зэргийг тоглож чаддаг бол уу?

-Угаасаа хуур маань олон жил айл гэрт, шавь сургалтаар уламжилж иржээ. Тийм учраас язгуур тал нь илүү чухал байж. Европ маягийн чиглэлээр хэчнээн дээд боловсрол эзэмшлээ ч яг тийм ардын урлагийн нарийн зүйлсийг шууд тоглож чадахгүй. Учир нь хуур хөдөөд бол нутаг нутагт, хүн хүнд өөр өөр байдаг. Баруун монголчууд нь бий биелгээ,  татлагаа сайхан тоглоно, Төв Халхад мориныхоо явдлыг сайн тоглоно. Тийм нарийн арга барилтай холбоотой, өвөрмөц зүйлсийг зөвхөн шавилж л сурах боломжтой. Нөгөө талаас сургуулиар явж, ноот сурах нь хуурчдын хөгжмийн боловсрол, том бүтээлүүдийг тоглоход маш сайн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл аль алиныг нь хадгалах хэрэгтэй байгаа юм. Гарын алгыг дээш нь харуулахад бүхнийг бариад авчиж чадах боловч доош нь харуулахад нөгөө тал нь юм атгаж чаддагүйн адил өрнийн ноотоор сурч, тоглож боломгүй ардын язгуур юм олон бий л дээ. Би өөрөө жишээ нь хотод өссөн хүүхэд морь янцгаахыг яг адуутай ноцолдож торнисон залуус шиг гаргаж чадахгүй.

-Ардын язгуур урлагийн нарийн ширийн юмыг хадгалж үлдэх ямар боломж байгаа бол? Өрнийн ноотоор бүгдийг нь тэмдэглэж үлдэж болох уу?

-Өрнийн ноотоор тэмдэглэж болохооргүй юм олон бий. Манайхан тэр олон зуун жилийн турш энэ бүхнийг хадгалаад ирсэн нь өөрсдөө маш онцлог, дүрсийн ноотын систем хэрэглэдэг байсантай холбоотой юм билээ. Юань улсын үед арга, билгийн 6, 6 эгшгээр нь хуваагаад 12 эгшиг тэмдэглэдэг тогтолцоо байсан байдаг. Өнөөгийн 7 нот шиг. Одоо хүртэл Япон, Солонгост өрнийн ноотоос гадна өөрсдийн тусгай тэмдэглэгээгээр язгуур юмаа тэмдэглэж, хадгалсаар байгаа. Угаасаа ер нь морин хуурыг биет бус өвөөр бүртгүүлж, хадгалан хамгаалах боллоо гэдэг чинь бидний өдгөө хөгжүүлээд байгаа тайзны морин хуурыг биш, сум сумд байгаа, үндэстэн ястнуудын дунд байгаа тэр алга болж буй, үгүй болох магадлалтай язгуур урлагийг хэлээд байгаа юм шүү дээ.

-Тэгэхээр хотод, урлагийн сургуулиар өрнийн ноот үзэж, морин хуур сурахаас гадна хөдөөгийн өвгөд, ардын авьяастнуудаас ч бас их юм сурч үлдэх хэрэгтэй юм байна аа даа?

-Тэгэлгүй яахав. Дамдинсүрэн гуайн үг бий дээ: Хар авдранд ном бий, Хахир говьд эрдэнэ бий, Хазгар өвгөнд эрдэм бий, Хамаагүй басаж болохгүй ээ гэж. Яг тэрийг чинь би өөрөө биеэрээ үзэж, хаширсан хүн. 1981 онд би Увс аймаг явлаа л даа. Дөнгөж гавьяат жүжигчин болчихсон, хорин хэдхэн настай онгироо залуу. Гэтэл аймгийн Соёлын хэлтсийн дарга Балсан гэж хүн “Та нэг Сагил сум яваад манай нэг мундаг хуурчтай уулзаад өгөөч. Икэлээр их сайхан тоглодог хөгшин байгаа юм. Урлагийн үзлэгт авах гэхээр хэдэн малдаа хоргодоод явж өгдөггүй. Таныг нэг уулзаад зөвлөөтөхвөл Бүх ард түмний наадамд ч явах байх, тэгвэл хэдэн алтан медаль нь манай аймагт бас хэрэгтэй юм аа” гэж байна. Нэг их мундаг медальтан тодруулах гэж байгаа амьтан яваад очлоо. Тэгсэн царных нь ар талыг панераар хийчихсэн, урд талыг нь картоноор хийчихсэн, толгой гэж байхгүй, мухар, богинохоон, бас нум нь гэж ерөөсөө бургас махийлгачихсан, тийм нэг жижигхээн хууртай, тэрийгээ хөл дээрээ тавьчихсан хөгшин байх юм аа. Үнэхээр гоё тоглож байна. Сонсоод байсан эвтэйхэн дуутай, тоглочихмоор бодогдлоо. Хурдхан аваад л нэг зохиолын дуу, нэг сонгодог хөгжим явчих юм шүү л гэж бодож суулаа. Тэгээд аваад тоглох гэсэн, ерөөсөө чаддаггүй. Хамаг биений хөлс саунд орчихсон юм шиг л гараад, бүр чичрээд, учир нь олддоггүй. Тэгсэн харин чавхдасных нь нарийн нь гаднаа, бүдүүн нь дотроо байж. Бид ерөөсөө тийм хуураар тоглож үзээгүй. Ердийн хуур бол нарийн нь дотроо байдаг юм. Түүнээс хойш би настай хүнийг басахаа огт больсон. Тэднээс сурах юм их бий. Шавь нартаа ч байнга тэгж хэлж явдаг.

ХӨГЖЛИЙН ФИЛОСОФИЙН ТАЛААР ХӨӨРӨЛДСӨН ДЭД ХЭСЭГ

-Морин хуурыг гадаад дотоодод тоглодог, хувиараа заадаг залуус олширчээ. Үндэсний урлагаа дэлхийд сурталчилна гэдэг таныг залуу үед бол амар байгаагүй биз?

-Одоо бол хувь хүмүүс хэрэв чадалтай бол өөрсдөө гарч ирэх, гадаад дотоодоор явж тоглох, морин хуураа дэлхий дахинд таниулах тэр боломж бүрдсэн нь хамгийн чухал юм. Хуучин гадаад явна гэдэг бол учиргүй сайн, тасарчихсан хүнд л боломжтой зүйл байлаа шүү дээ. Норовбанзад шиг дуулахгүй л бол гадагшаа бол явахгүй гэсэн үг. Тэгэхээр сайныг нь улам сайжруулаад дээш нь гаргаад ирдэг, бусад нь бол тэрүүхэн тэндээ л байгаад байна. За тэгээд явлаа гэхэд хэдэн социалист улсуудад л очиж тоглоно шүү дээ. Нэг хүн гадаад явахын тулд Намын төв хорооны хурлаар орж байж шийдэгддэг байлаа. Одоо жишээ нь өөртөө итгэлтэй хуурч, дуучин, хөөмийч бол хөдөөнөөс ч бай, шууд танай энэ Вашингтонд ирээд л Монголын урлагийг АНУ-д таниулах, энэ хүрээлэл дотроо од болчих боломж бүрэн байна.

-Хуучин нэр томьёогоор нь хэлэхэд “нам засгаас” ардын урлагийг хэр анхаардаг байв?

-Огт анхаардаггүй байсан гэвэл худал болно. Ерөнхийд нь хэлэхэд, төрийн хүндэтгэлийн хоёр цагийн концерт байлаа гэж бодъё. Тэгэхэд гучин минут нь уртын дуу, морин хуур, хөөмий, ардын бүжиг болон бусад бүх ардын урлагт, үлдсэн нэг цаг гучин минут нь өрнийн урлагт зориулагддаг байлаа. Тэгэхээр ерөнхий хандлага, дэмжлэг ч бас тиймэрхүү харьцаатай байсан гэж бүдүүвчлэн ойлгож болно.

-Цагийн явцад морин хуурын хөгжил, хувьслыг тодорхойлох гол хүчин зүйл нь юу байсан гэж та үздэг вэ. Үзэл суртал уу, хөрөнгө мөнгө үү. Эсвэл өөр зүйл байна уу?

-Ажаад байхад засаг захиргаа өөрчлөгдөхөд маш их юм, ялангуяа утга зохиол, урлаг соёлын зүйлс дагаж их өөрчлөгдөөд байх шиг байдаг юм. Манжууд нэг баахан хуваасан шиг байгаа юм. Дараа нь оросууд бас дөрвөн том аймаг байхад нь арван найм болгож хуваасан. Хятадууд Шилийн гол, Алшаа гээд аймгуудыг одоо бас хот болгоод хөдөлгөөд байна. Аливаа бага юмыг томсгох, том юмыг жижигсгэх хоёрын дунд жинхэнэ ардын нарийн урлаг хэлмэгдэж, хүнд байдалд ордог шиг байгаа юм.

Хотожно гэдэг өөрөө цаг хугацааны эрхшээлд орно гэсэн үг. Японд жишээ нь хүмүүс байнга шогшиж явдаг. Энэ буудлаас деншианд суугаад тэр буудалд тэдэн цагт буугаад тийшээ явна гээд л минутаар нь тодорхойлно. Монголчууд гэтэл сайхан тайван улс. Малдаа хайртай, эхлээд морио сайхан идээшлүүлж байж л дараа нь яаралгүй хөдөлнө. Найр наадамд уртын дуугаа бүрэн бүтнээр нь, ёс журмаар нь дуулна. Гэтэл хүн хотжоод цаг хугацаанд ороод ирэхээр нэг концертод хүртэл уртын дууг дөрвөн минутаас илүү хугацаагаар дуулж болохгүй хумигдаад ирэх жишээтэй.

-Ширэн цартай хуур модон цараар солигдсон нь бас л үүнтэй холбоотой юу?

-Тийм гэж хэлж болно. Аливаа хөгжил дэвшил гэдэг зүйл бас л амар залхуу юм руу дөхөж байдаг шиг байгаа юм. Шир янзална гэдэг их төвөгтэй. Одоо бид ширээ сайхан янзалж чадах бил үү? Бас ширэн цартай хуурыг дуучинд нь тааруулж хөглөдөг юм. Гэтэл тайзан дээр гарч ирж дуучнаа зогсоочхоод л хуураа учиргүй хөглөөд байвал ямар харагдах вэ. Үзэгчид хүлээж чадах уу? Найруулагч толгой хяргана биз дээ. Уг нь бол яг язгуур юмаа, ерөөл магтаалаа, бий биелгээгээ ширэн цартай хуураар тоглох нь хамаагүй дээр байдаг юм. Нөгөө талаас 1967 онд Яровайн модон царыг нэвтрүүлсэн нь манай ширэн цар гадаадын чийглэг улсад тоглоход хэлбэр, дуугаа алдаад байсантай холбоотой юм. Хөгжинө, хувьсана гэдэг тэгэхээр сайн ч талтай, муу ч талтай байх. Хүн ер нь биед амар юмаа л хэрэглэх гээд байдаг гэмтэй. Хялгас бол уг нь сайхан дуугарна шүү дээ. Одоо гэтэл хялгас хэрэглэхээ больж байна. Хялгасална гэж яахав гэхээр, эхлээд угааж цэвэрлэнэ. Дараа нь сунгана. Тэгээд хэр оруулна гэж чухал юм байна. Ядаж байхад ерөөд оноос хойш цагаан адууны сүүл маш үнэтэй, ховор болоод маньд олдохоо байлаа. Хэлбэр нь байгаа хирнээ дуу нь өөрчлөгдөөд яваад байвал илүү аюултай юм.

-Телевиз, радио, сонин хэвлэл хөгжсөн нь утга зохиолын хэлний хөгжилд маш том дэвшил авчирсан ч улс даяар адилавтар үг хэллэгээр ярьдаг болгож, ялангуяа нутгийн аялгууны сонин содон үгс, авиа зэргийг устах аюулд хүргэсэн. Үүнтэй төстэй хувьсал бас морин хуур, ардын урлагт тохиодог байх нь ээ дээ?

-Яг тийм юм болоод байна. Нэг дууг гэхэд л нутаг нутагт өөр өөрөөр, өвөрмөц сайхан хувилбараар дуулдаг байлаа шүү дээ. Гэтэл юм хөгжөөд ирэхээр зурагт, интэрнэтээр харж байгаад аль гоё гэснийг нь сонгож байна. Өөрт хамгийн сайхан санагдсанаа л бүгд дуурайн дуулж, тэндээс сурч байна. Нөгөө Баянбараатын, Төв Халхын, Боржигин гэдэг ч юм уу, өвөрмөц юм нь алдагдаж эхэллээ. Эцэстээ алдартай нэг дуучны дуулсан хувилбар л үлдэнэ гэсэн үг. Ялгаагүй, хүний амьдралд ч тэр, хүн хамгийн гоё, гял цал юмыг л шилж хэрэглэхийг боддог биз дээ.

-Сүүлийн үед поп рок урлагт ардын хөгжим, хөөмий, морин хуур зэргийг оруулан найруулах нь элбэг болжээ. Энэ нь орчин цагт ардын урлагийг залууст мэдрүүлэх, хадгалах сайн талтай байна уу, эсвэл бүр хоёрын хооронд юм болгоод байна уу. Мэргэжлийн хүний хувьд та үүнд хэр эерэг ханддаг вэ?

-Би бол их дуртай байдаг. Тэр дотор поп хуур, рок хуур, модерн хуур ч гэх ч юм уу, морин хуур, хуур, монгол гэсэн монгол үг явж л байвал зүгээр. Нэгэнт бид морин хуураа Монголынхоо нэрээр бүртгүүлчихсэн учраас одоо бол янз бүрийн хэлбэрээр тархах тусмаа сайн.

ӨВӨР МОНГОЛ ХУУРЫН ТУХАЙД ЗУУРХАН ЯРИЛЦСАН ГУТГААР ХЭСЭГ

-Өчигдөр таны лекцийг сонсож байхад Өвөр Монголын өнөөгийн морин хуурыг үндэслэгч Сандүүрэн гэж хүн бас таны багш, алдарт хуурч Жамьян гуайн шавь юм байна. Тэгэхээр нэг багшаас гаралтай тул адил тал ч байдаг байх, бас мэдээж ялгаа ч байгаа байх. Ялгаа нь хөгжмийнхөө зэмсэгт байна уу, тоглох арга барилдаа байна уу?

-Олон зүйл дээр ялгаа байдаг юм. Дэлхийн монголчууд бид амьдарч байгаа газар орон, цаг хугацаа зэргээс болж зарим онцлог ялгаатай болсон юм уу даа. Ямар сайндаа бүр хамгийн анх Жанцанноров бид хоёр Чи.Булаг, Лхасүрэн нартай уулзаад байхдаа нэгнийгээ шүүмжилж байсан юм. Бид тэднийг “Та нар хятад шиг яриад байна” гэж, нөгөөдүүл маань болохоор биднийг “Та нар харин орос шиг яриад байна” гэж. Өвөр Монгол ч бүгд адил биш, дотроо Харчин, Хорчин, Алшаагийнхан, Сөнидийнхөн гээд л ажиглавал бүгд нарийн, өөр өөр.

Морин хуур нь ч тэр бүгд хоорондоо яг ийм өөр байх үед нь манай Жамьян багш өөрөө симфони оркестрт виоленчелло тоглодог байхдаа, анх Сандүүрэн гэж хорчин хүнд морин хуур заасан юм билээ. Тэр хүн өөрөө багшид хадаг барьж шавь орсон гэсэн. Ингэж тавиад оны сүүлээр анх өрнийн ноот бүхий морин хуурыг багш маань Өвөр Монголд анх нэвтрүүлсэн гэсэн үг. Манайхан бол гуч, дөчөөд оны эхээр өрнийн ноотоор тоглоод эхэлсэн гэж бодохоор арав гаруй жилийн зөрөө байдаг юм. Сандүүрэн өөрөө соёлын хувьсгалд хэлмэгдэж байсан, эрдмээ шавь Чи.Булагтаа заасан байдаг.

Гэхдээ нөгөө талаас олон монгол үндэстний хүндэтгэдэг, биширдэг юм маань бол нэг л байгаа. Адилхан наадмаа тэмдэглэнэ, адилхан Цагаан сараараа баярлана. Тэр талаа бид бас харж байх ёстой.

-Үнэн ч юм шиг, домог ч юм шиг нэг юм одоо хүртэл яригдаад л байдаг юм. Японд нэг удаа Чи. Булаг гуай та хоёр морин хуураар “байлдаж”, халз тоглолт хийсэн гэдэг. Тэгээд та ялсан гэдэг яриа үнэн юм уу?

-1999 онд Японд Чи. Булаг бид хоёр хамт тоглосон юм. Тэгэхэд би хялгасан утас авч очсон байсан, миний багш, профессор Томика Кожима надад “Чи ардын язгуур юмаараа л тоглосон нь дээр дээ” гэсэн. Нэг ийм хандлага байдаг юм. Бид эндээ болохоор гаднын, сонгодог юмыг морин хуураар тогловол их мундаг гэж бодоод байда. Харин гаднын хөгжмийн мэргэжилтнүүд болохоор биднийг язгуур урлагаа тогловол илүү дээр гэж үзээд байдаг юм. Тэгээд би багшийнхаа үгэнд орж хялгасан хуураар тоглосон нь оносон юм. Оносон гэдэг нь Монголын хуур гэж Өвөр Монгол хуураас өөр дуугардаг юм шүү гэдгийг л харуулж чадсан. Түүнээс биш монгол үндэстнүүдийн нэг нь сайн, нөгөө нь муу гэж юм байхгүй шүү дээ. Бид хоёр тэгэхэд байлдаа ч үгүй, байлдах байтугай нэгнээ муухай ч хараагүй.

“БАГШИЙГАА БИ БУРХАН ГЭЖ БОДДОГ” ХЭМЭЭХ ДӨТГӨӨР ХЭСЭГ

-Ингэхэд та хөдөөний хүүхэд үү. Аль нутаг вэ. Хэзээ анх хотод орж ирсэн бэ?

-Би чинь хотод төрж өссөн хүүхэд шүү дээ. Хөдөөнийх биш бол нэг л муу юм байдаг юм даа. Нутгийн зөвлөл гэж юм байхгүй (инээв). Одоо жишээ нь та бид хоёр энэ сайхан Конгрессын номын санд ярилцлага хийгээд сууж байна. Дэлхийд гайхамшигтай, сан хөмрөгөөрөө дэлхийн хамгийн том номын сан юм байна. Нутгийн зөвлөлтэй байсан бол үгүй мөн их яриа болно доо. Гэтэл та бид хоёр хоёулаа Улаанбаатарынх болохоор ингээд сууж байна гэж хэн ч тоохгүй л дээ.

-Нутгийн зөвлөл нь “сайн” бол бөхчүүд улсын цол авахад ч амар байдаг юм биш үү?

-Харин тийм.

-Тэгээд хотын хүүхэд яагаад морин хуур сонирхов гэдэг тань их сонин байна.

-Олон хүн удамд нь хуур тоглодог, дуулдаг хүн байгаад урлагт орсон байдаг. Миний хувьд бол тийм биш. Би дөрөвдүгээр анги хүртлээ ерөнхий боловсролын сургуульд сурч байлаа. Эр хүн чинь наадамд гурван даваатай байх ёстой гэж үздэг, би ч бас бөх болохыг мөрөөддөг хүүхэд байв. Зуныхаа амралтаар хүүхдүүд наадмын гимнастикт явдаг байсан юм. Дөрвөө төгсөөд тэр гимнастикт явж байхдаа улсын харцага цолтой, жинхэнэ барилддаг Булган гэж хүүхэдтэй нэг барилдаж үзлээ. Харцага гэж одоо л томчуулд өгөөд байгаа болохоос харцага, шонхор гэж хүүхдийн цол байлаа шүү дээ. Тэгээд айхтар чанга ганц л унаад, шууд хаширч, бөх болох мөрөөдөл маань төгсгөл болдог юм байна. Тэгээд тэр намраа Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн юм.

Хөгжим бүжигт тэнцэхгүй байх шалтгаан надад байсан юм. Ритм гэж шалгалт дээрээ би эхлээд уначихсан юм. Шалгалтыг нь нэг армян багш авлаа л даа. Дээхэн үед гол гол мэргэжлээр Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжилтнүүд их ирдэг байхад манайд багшилж байсан нэг багш. Тэгэхэд би анх удаа гар дээрээ битүү үстэй хүн хараад ихэд сонирхож, ритм тогшиход нь гар луу нь харсаар байгаад алдчихсан юм. Тэгэхэд миний Жамьян багш “Энэ хүүхэд авьяастай хүүхэд байна. Би өөрөө шалгана” гээд ритм цохиход нь харин би огт алдалгүй тэнцэж байсан юм. Багш хүн гэж тийм ажигч, тийм ухаантай. Тэгээд л би багшаа бурхан шиг шүтэж явдаг юм аа. Тийм ч учраас би багш өөрөө намайг сонгож авсан байх аа гэж боддог, тэгээд ч одоо хүртэл их хичээдэг.

-Таны багшийг хөгжимдөө агуугаас гадна айхтар нягт, цэмцгэр хүн байсан гээд л ярьдаг юм билээ.

-Мундаг нямбай, цэмцгэр хүн байсан юм. Хүн ер нь хэзээ ч аав ээж, багшийгаа давна гэж байдаггүй юм билээ. Одоо ингээд л өдий насандаа бодоод байхад тэгж санагдах юм. Багш маань хичээлээ, хуураа давтаагүй бол шууд мэднэ. Гэрт очоод цонхоор хармааргүй юм, яаж мэдээд байна аа гээд л гайхдаг сан. Тэгсэн, давтаагүй морин хуурын чих тогтдоггүй байхгүй юу. “Муу хуурч чих мушгиач” гэж монгол ардын зүйр үг байдаг. Тэгээд л бид хуурныхаа чихийг мушгиж байгаад баригддаг байна л даа.

АРДЫН ЯЗГУУР УРЛАГАА АВЧ ҮЛДЭХ ТУХАЙД
СЭТГЭЛ ЗОВНИН ХҮҮРНЭЛДСЭН ТӨГСГӨЛ ХЭСЭГ

-Японд та бас судалгаа хийж байсан, одоо ч удахгүй дахин явж судлан суралцах юм байна. Японы ардын урлагийн сонин хачин, манайтай адил болоод ялгаатай талаас хуучлахгүй юу.

-Японд ясашиоёка гээд уртын дуу бий. Тэр нь түрүүн би манайхан эрт өөрсдийн гэсэн ноот, тэмдэглэгээтэй, “ээээ хэ хэ хэ” (аялан үзүүлэв) гэсэн цохилтыг нэг өөрөөр, “э хээ хээ хээ” гэж өөрөөр цохих нь бас өөрөөр доороос нь зурна. Ийм тэмдэглэгээг бидний одоо хэрэглэж байгаа барууны ноотоор тэмдэглэх боломжгүй. Тэгээд жил бүр ийм дууныхаа уралдааныг наймаас наян настай бүх хүний дунд зохионо. Хэн яг ардын чанараар нь хадгалж дуулж чадаж байна, тэр нь түрүүлнэ. Нэг хүн нэг л удаа түрүүлнэ, учир нь тэр хүн түрүүлнэ гэдэг нь сурчихлаа гэсэн үг, тиймээс дараа жилээс нь тэмцээнд оролцохгүй. Ингэснээр нутгийн юм яг тэр хэвээрээ хадгалагдаж үлддэг. Тэгэхээр бид ардын юмаа, нөгөө өвөр монголчуудын “жинхэнэ үнэрийг нь гарга” гээд байдаг тэр үнэрийг нь авч үлдэхийн тулд маш их анхаармаар байгаа юм. Түүнээс биш морин хуур устчих гээд байгаа юм бол ерөөсөө байхгүй, харин тэр нутаг нутгийн нарийн нандин юмнууд л үгүй болчих гээд байгаа юм. Тийм ч учраас морин хуур биет бус өв гэж бүртгэгдсэн юм шүү дээ.

-Тайзан дээрх сонгодог маягийн урлаг, хотын стандарт болсон морин хуур тэртэй тэргүй хөгжөөд, хадгалагдаад явчихна. Ардын язгуур урлаг л давтагдахгүй гэж түрүүнээс хойш хэлээд байна аа даа?

-Яг л тийм. Сая жишээ нь манай Ардын дуу бүжгийн чуулгынхан Ховдоос улсууд авчраад нэг тоглолт хийлээ л дээ. Тэр тоглолтод манай томчууд бүгдээрээ оролцож, баруун хязгаарын дуу хуураас дуулсан. Манай томчууд, гавьяатууд бол их гоё дуулж байна л даа. Гэхдээ гоё дуулна гэдэг чинь нэг өөр. Гэтэл тоглолтын төгсгөлд Ховдын захчин залуу захчин дуу дуулсан чинь үнэхээр өөр байна лээ. Хэл аялга нь хүртэл өөр. Үзэгчид ч түүний дуулахыг илүү таалж байсан. Тэр дууг жишээ нь ноотоор ноотолчихож болох байх, харин яг тийм сайхан нутгийн аялгыг нь ноотолж үлдээж чадах уу, бид.

-Дорждагва гуайн яриаг Бадраа гуай бичлэг хийж, Жанцанноров гуай хэвлүүлсэн тэр мундаг ном дээр гэхэд л “Уяхан замбативийн наран”-г бид зөвхөн Норовбанзад гуайн дуулсныг л хамгийн төгс, зөв хувилбар гэж боддогийг шүүмжлэн, хоёр дөрвөлжинтэй биш дөрвөн дөрвөлжинтэй “Замбативийн наран” байсан тухай ярьсан байна лээ.

-Дөрвөн дөрвөлжинтэй “Уяхан замбативийн наран”-г одоо хэн ч дуулж чадахгүй байх. Дунд нь ахиж хоёр удаа шуранхай хийнэ гэсэн үг шүү дээ. “Жаахан шарга”-ыг бид Лхамсүрэн гуайнхаар төсөөлж байгаа, гэтэл Дарьгангадаа нутаг нутагт, бараг л айл айлд өвөрмөц өөрөөр дуулдаг байсан байдаг.

- Дорждагва гуайн багш нар “Уяхан замбатив” биш, “Баяхан буюу Баян Замбатив” гэж дуулдаг байсан гэх?

-“Хэрлэнгийн баръяа” биш, “Хэрлэнгийн бараа” гэсэн үг гэж бас үздэг юм билээ. Гэх мэтээр бодоод үзэхээр манай дуучид, хөгжмийнхөн, хэлнийхэн, аман зохиол судлалынхан гээд л бүгд л хамтран судалж байж, энэ ардын язгуур урлагаа хадгалж үлдэх болоод байна даа.



2010 оны 4 сар.
Конгрессын номын сан
Вашингтон хот.