Хадны зураг гэж юу вэ?

Эртний хадны зураг буюу петроглиф гэдэг нь давтах, сийлэх, зүсэх, төнхөн зорох, хусах, үрж зүлгэх зэрэг аргаар хадны гадаргуунд уран дүрс, загвар, тэмдэг үлдээснийг хэлнэ. Эдгээр аргаар урласан ховил, дүрслэлүүдийг будаагүй буюу будаг хүргээгүй байдаг.

Петроглифийг пиктограф буюу эртний чулуун хана, таазанд урласан дүрс үсэгтэй их андуурдаг. (Түүнчлэн МЭӨ 3000 жилийн өмнөөс Египет, Месопотамид уламжилж үлдсэн анхны бичиг үсэгт хэрэглэж байсан дүрст бэлэг тэмдэг буюу үг, хэлцийг энэ нэр томьёогоор илэрхийлдэг.)

Петроглиф, пиктограф зургийн аль аль нь хадны сүг зургийн төрөл юм. Петроглиф ихэвчлэн ил, гадаа талбайд байх ч, зарим нь агуй, чулуун оромжин дотроос олддог. Харин пиктограф үргэлж агуй, чулуун оромжин дотроос эсвэл элэгдэж бүдгэрэхээс хамгаалсан нөмөртэй, дээгүүрээ таазтай хадан хясаанаас олддог. Тэдгээрийг нүүрс, оохор, бусад өнгөт эрдсийг амьтны өөх, тостой хольж буддаг байжээ. Пиктографыг шинжлэх ухааны Карбон-14 аргаар судалж, түүхэн хугацааг нь тогтоодог.

Тойм: Билүүтийн хадны зураг ба
Төв Азийн эртний түүх

Монгол Алтайн хадны урлагийг дангаар нь авч үзэх боломжгүй. Түүний олон талын дүр төрх, ач холбогдлыг ойлгохын тулд Төв Ази, Сибирийн Өмнөд хэсэг болон одоогийн Монгол улсын газар нутгийн хамт түүх соёл, биет зүйл аль алиар нь өргөн хүрээнд судлах хэрэгтэй. Балар эрт цагт шийдвэрлэх үйл явдлууд бөмбөрцгийн энэ хэсэгт өрнөснийг хадны зургууд гэрчилж, ялангуяа чулуун хөшөө, газар нутгийн тэмдэг бүхий хүний бүтээсэн зүйлс, тэдгээрийн хамт олдсон эд өлгийн олдворууд үүнийг улам бүр баталдаг.

Бичиг соёл үүсэхээс өмнөх эртний хүмүүс болон Хотон нуур орчмын ахуй амьдрал соёл ондоо нийгмийн бүлгүүд, уугуул нутгийнхан, нүүн ирж суурьшсан буюу дамжин нүүдэллэгсдийн шинж төрх, шилжилт хөдөлгөөнийг ч энд тусгасан байдаг. Соёлын уг өөрчлөлтийг уулнаас уул, гол, хөндий дамнан мөшгөн хөөхөд петроглифийн судалгаа тулгуур болж, он цаг өнгөрөх тусам нэг нийгмийн соёл нөгөөдөө хэрхэн нөлөөлснийг ойлгох сэжим болдог.

Нарийн арга ухаан, донж маягаараа гоо зүй болон урлагийн түүх судлаачдын анхаарал татаж буй петроглифийг харах тусам сонирхолтой агаад сэтгэл баясам. Урлаг судлалын талаас бол нэлээд нь эртний үеэс үлдсэн, үнэхээр сэтгэл алдрам. Өнөө цагийн ойлголтоор урлагийн сор бүтээл, олон талаараа гайхамшигтай олдворууд.

Хүний харилцааны эртний энэ хэлбэрийг эрдэмтэд ч сонирхож байна. Петроглиф үнэ цэнэтэй түүх хүүрнэн, нийгэм, улс төр, түүх, шашин, угсаатны зүйгээс гадна шинжлэх ухааны бусад салбар судлаачид шинэ мэдээлэл өгч байна. Морь анх гаршуулсан түүх, адуу уналганы өв (амгайвч, жолоо, эмээл, дөрөө г.м.) соёлын хөгжил, тархалтыг он цаг, нутгаар нь судлах боломж зэрэг чухал мэдээллүүд бий. Ан аваас газар тариалангийн эрхэлдэг амьдрал руу, мөн суурин ахуйгаас бэлчээр сэлгэн нүүдэллэх хэв маягт шилжих үеийн эдийн засгийн нөхцөл, нийгмийн бүтцийг хадны зураг хүүрнэдэг.

Түүнчлэн ан ав хийж буй дүрслэл, баатар дайчны зэр зэмсэг, эртний цэргийн байлдах арга техникийн тухай Билүүтийн зургаас судалж байна. Хүрлийн үеэс Төмөр ба түүнээс хойших үед хамаарах төмөр эд өлгийн эхлэл, хөгжлийн цар хэмжээ, тархалт гэж бас үзэж болно. Дугуйт тэрэг, хөсөг тэрэг, тэдгээрийн хийц загвар ашиглалтын талаарх судалгаанд Билүүтийн хадны зурагнууд их учиг тайлж, Хүрэл, Төмрийн үеийн Буган хөшөө, Түрэгийн хүн чулууны үүсэл, тархац, ач холбогдлыг бидэнд илүү сайн ойлгуулж байна. Зарим зургийн төрөл, тоо хэмжээ, байрлал нь нарийн учир утгатай бөгөөд газар тэнгэрийн ариун дагшин чанар, бөө мөргөл, түүний зан үйл, ёслолын тухай шашны буюу сансар огторгуйн нууцлаг ухагдахууныг өгүүлдэг.

Билүүтийн хадны зурагнаас эртний уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, хангай хээрийн хүйтэн энэ бүсэд амьдарч байсан ан амьтан гэх мэт эртний экологи судлах мэдээлэл олж авдаг. Товчхон хэлбэл Билүүтийн хадны зургаас ихийг судалж мэдэх боломжтой. Тэдгээр нь аль ч газрын олдворууд адил эртний өвөг дээдсийн цаг үе, амьдралын талаар ийнхүү олныг хүүрнэх бөгөөд бусад салбар судлаачдын тусламжтайгаар уг түүхийн ээдрээ, өнөөдрийн бидний оршихуйн учиг тайлсаар байна.


НЭПКО хэвлэлийн газар