Орчин үеийннийгэм бол хэрэглээний нийгэм юм. Өдөр бүр хүмүүсийн хязгааргүй хэрэглээг хангах гэж нийгэм зүтгэж байна, компаниуд хүмүүсийг хэрэгцээт бараагаар хангах гэж тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Энэ бол ахуй ертөнцийн материаллаг зүйл юм. 

Харин хүний сэтгэл зүй, ёс зүй бол тусдаа том асуудал юм. Орчин үед хүүхдийг хар багаас нь сургуульд явуулж бүтэн 12 жил сургадаг. Баахан шинжлэх ухааны нэр томъёо зааж, баахан гэрийн даалгавар өгдөг. Дараа нь их дээд сургуульд 5 жил сургадаг. Тэнд баахан мэргэжлийн ухаан судалж том том ном уншдаг. Гэтэл бодит амьдрал дээр нөгөө 15 жил сурсан залуу маань ёс зүйтэй болж чадаагүй байдаг, сайн хүн болж төлөвшиж чадаагүй байдаг. 

Тэхлээр хүүхдийг багаас нь ёс зүй дээр суурилсан боловсрол олгох нь чухал болоод байна. Орчин үед хүүхдүүд яагаад улам харгис болж багш нараа үл тоож, найз нөхрөө хэсэг бүлгээрээ нийлж зоддог, хов зөөдөг, бие биенээ муу хэлдэг юм бол? Яагаад монгол хүүхэд том болоод ихэнхи нь хувиа боддог, шуналтай амьтан болдог юм бол? Яагаад монгол хүүхэд бүр бүгд сайн хүн болж төлөвшдөггүй юм бол? Сайн хүүхэд байдаг л даа. Гэхдээ цөөхөн байх биш,бүгдээрээ сайн байх ёстой. 

Дээр дурдсан асуултын хариулт нь ердөө дараах ганц зүйл юм. Монгол хүүхдийг бага наснаас нь монгол ардын ёс заншил , Бурханы сургаалд сургаж заагаагүйгээс болж ёс зүйгүй болоод байгаа юм. Хүүхэд, залуус, төрийн албан хаагчдад төрөөс зааж сургахдаа “Та нар ёс зүйтэй бай” хэмээн улиг болтлоо ерөнхий зүйл ярьж сурталчилдаг. Гэтэл ямар ёс зүй, ямар сэтгэлтэй болохоо хүн мэддэггүй. Ёс зүйн талаар багш нар нэг л тийм ерөнхий зүйл яриад байдаг.Үүнийг нэг мөр зөв болгох хэрэгтэй. 

Тэгвэл 2500 жилийн өмнө Бурхан багш гэлэн лам хувраг нартаа 257 сахил сахих тухай маш нарийн ёс зүйг заадаг байв. Харин энгийн хүн хүмүүст10 цагаан буян үйлдэх ёс зүйн сургаал заадаг байв. Энэхүү арван цагаан буяны тухай сургаал л хамгийн сайн ёс зүйн сургаал байдаг юм. 

Орчин үед ч гэсэн энэ 10 цагаан буяны ёс зүйн сургаал ус агаар мэт хэрэгтэй байна. Өөр олонзүйл ярьж цаг алдаад яах вэ. Ердөө энэ сургаалийг л хүүхдэд бага наснаас нь эхлээд цэцэрлэг, сургуульд сурч байхад нь заагаад байх хэрэгтэй. 

Монголчууд бүтэн жаран жилийн турш шашингүйн үзлээр хүмүүүжсэн тул бурханы шашны сургаалийг “хэрэггүй зүйл, ард түмнийг мунхруулдаг хар тамхи” хэмээн гүтгэдэг. Тийм биш. Хамгийн хэрэгтэй сургаал бол Бурхан багшийн ёс зүйн сургаал юм. Үүнийг л бид орчин үед хэрэгжүүлвэл нийгэм амар амгалан болж, улс орон зөв гольдролоор хөгжих юм. Монгол хүн бүр л дор дурдсан арван цагаан буяныг үйлддэг болчихвол үүнээс илүү ёс зүй гэж хаана байхав дээ. Арван цагаан буян:

  1. Амьтны амь таслахгүй байх. Ач тус нь урт настай болно.
  2. Хулгай хийхгүй байх. Ач тус нь эд баялагтай болно.
  3. Буруу хурьцал үйлдэхгүй байх. Ач тус нь хайртай бүхнээсээ хагацахгүй болно.
  4. Худал хэлэхгүй байх. Ач тус нь хүмүүс чамайг шударга үнэнч хүн хэмээн хүндэлнэ.
  5. Хов үг хэлэхгүй байх.Ач тус нь сайн нөхөдтэй болно.
  6. Хараал хэрүүлийн үг хэлэхгүй байх. Ач тус нь хэрүүлгүй орчинд зөөлөн үг сонсоно
  7. Дэмий чалчихгүй байх. Ач тус нь ухаан сайжирч, бусдын хорлолд өртөхгүй болно
  8. Хомхой шуналт сэтгэлээ хорих. Ач тус нь юү хүссэн бүхэн нь биелнэ
  9. Бусдыг хорлох сэтгэлээ дар. Ач тус нь айх аюулгүй болж, амар амгалан болно
  10. Бурхан, буян нүгэл, хойд нас байдаг гэсэн зөв үзэлтэй болох. Ач тус нь сүсэг бишрэл төрнө. 

Ийм ёс зүйтэй болчихвол нийгмээрээ амар амгалан болж тухайн улс орон диваажингийн орон болох юм биш үү. Хэрэв ийм сайн ёс зүйтэй байсан бол Монгол улс олон зуун сая долларын мөнгөө хулгайд алдахгүй,тэр их мөнгөөрөө аж үйлдвэржиж хөгжих байсан бус уу. 

Саяхан монголчууд бид телевизээр үзсэн сонсголыг хараад Хөгжлийн банкнаас 1.5 тэрбум долларын бондны мөнгийг зээлж авсан монгол хүмүүс яагаад эх орондоо тэрхүү зээлийгзориулалтын дагуу зарцуулж үйлдвэр барихгүй, зөвхөн хувьдаа завшиж хулгайлсанюм болхэмээн гайхаад байсан. Монгол улсыг үйлдвэржүүлнэ гэсэн 888 төсөл яагаад хэрэгжихгүй хоосон цаас болоод өнгөрөвгэж гайхаад байдаг. Монгол улсад жил бүр хүн амины хэрэг, бусад гэмт хэрэг яагаад их хэмжээгээр өсөөд байдаг юм бэ хэмээн гайхдаг. Энэ талаар гайхаад байх юмгүй.Улсаас их хэмжээний зээл авсан тэдгээр компаний захирал нар ердөө л ёс зүйгүй хүмүүс байгаа юм. Ёс зүйтэй хүмүүс байсан бол Монгол улс аж үйлдвэржээд хөгжих байсан бус уу. Гэмт хэрэг хийсэн зарим хүмүүс архи ууснаас болж гэмт хэрэг хийлээ хэмээн хамаг бурууг архи руу чихээд байдаг. Архинаас болсон юм биш. Хүмүүс нь ёс зүйгүй учраас л гэмт хэрэг өсөөд байгаа юм. Монголчууд яагаад улам харгис болоод байна вэ,яагаад улам их хулгай хийгээд байна вэ хэмээн хүмүүс гайхдаг. Ёс зүйгүй учраас л ийм байгаа юм.“Бусдад төвөг учруулахгүй амьдрах ёстой” гэсэн наад захын ёс зүй байхгүйгээс ийм болоод байгаа юм. 

Эрт дээр үед дайсан хүртэл ёс зүйтэй байжээ. Чингис хааны үед Чингисийн цэргийн жанжин эсрэг дайсны цэргийн жанжинд тийм газар, тэдний өдөр дайтна, эрэгчин эмэгчнээ үзэлцэнэ гэхэд дайсан нь яг тэр өдөр тэр цагт хүлээж байдаг байсан гэдэг. Зуун жилийн өмнө хоёр монгол малчин арилжаа хийхдээ “За чи 2 жилийн дараа тийм газар тэдэн морио хөтлөөд ирээрэй” гэхэд яг л тэр өдөр тэр цагтаа нөгөө хүндээ өгөх ёстой морио хөтлөөд ирдэг байсан гэдэг. Монгол айлд ирсэн зочноо гэрийн эзэн ихэд хүндэлдэг байжээ. Ирсэн зочны морийг нь амраагаад гэртээ хоол цай хийж өгөөд ор засаж унтуулаад явуулдаг байсан гэдэг. Гэрийн эзэн хэзээ ч ирсэн зочноос “Чи яах гэж манайд ирсэн юм бэ?” хэмээн асуудаггүй байсан гэдэг. Учир нь тэр хүнийг ад үзсэн мэт болно хэмээн хүндэлжяах гэж ирснийг нь асуудаггүй байж. Ирсэн хүн өөрөө л ямар зорилгоор ирснээ хэлэхгүй бол хэн ч асуудаггүй байж. Дээр үед хөдөөний монгол айл гэрээ цоожилдоггүй , гэртээ явуулын улс орвол идэг гээд мах , цагаан идээгээ ил тавьж орхиод гадагшаа малдаа явдаг байжээ. Ямар ч танихгүй хүн тэр гэрт ороод хоол цай зооглоод цаашаа аян замынхаа мөрийг хөөгөөд мөрөөрөө явдаг байжээ. Гэрт нь орсон хэн ч эзэнгүй айлын гэрээс хулгай хийдэггүй байжээ.Монголчуудийм л өндөр ёс зүйтэй ард түмэн байжээ.

Орчин үеийн зарим монголчуудад ийм нэгэн буруу бодол байдаг. Хүн хараагүй бол хулгай хийсэн ч яадаг юм, хүүхэн хүчиндсэн ч яадаг юм гэдэг. Тийм биш. Хүнд эхлээд хорон муу санаа сэдэл төрж байж нүгэл үйлддэг. Тэр нүгэл нь голдуу шунал, уур, атаа сэтгэлээс үүдсэн байдаг.Үйлдсэн нүгэл бүхэн нь тухайн хүний сэтгэл дотор компьютерийн файл мэт хадгалагдан үлдсэн байдаг. Үүнийг л үйлийн үр гэдэг юм. Үйлийн үрээ нимгэлж устгахгүйгээр хүн амар амгалан амьдарна гэж байхгүй. Дараах төрлөө ч сайжруулж чадахгүй. Үйлийн үр эндүүрдэггүй гэдгийг энэ олон хулгайч,хүчирхийлэгч нар ойлгох хэрэгтэй. Хуулийг чи нэг удаа аргалаад өнгөрч болно, харин үйлийн үрийг бол хэзээ ч аргалж чадахгүй.

Ёс зүй бол үйлийн үртэй маш их холбоотой. Ёс зүй сайтай хүн бол хэзээ ч үйлийн үрээ муу нүглээр зузаатгахгүй. Жишээ нь ууртай хүн нэг хүнийг харааж доромжиллоо гэж бодъя. Нөгөө доромжлуулсан хүн хариу хэлэхгүй дуугай байж тэвчиж өнгөрөөвөл энэ хүн буян хурааж нөгөө доромжилсон хүн нүгэл хурааж байна гэсэн үг. 

Үүнтэй холбоотой нэг түүх яръя. Будда нэгэн удаа хөдөө тосгоноор номоо айлдах гээд алхаж явж байж гэнэ. Гэнэт тэр тосгоны нэгэн танхай залуу Буддатай таарч :” Чи хэн бэ. Олон хүнийг мунхруулж элдэв айлдвар хүмүүст ярих эрхийгхэн чамд олгосон юм бэ” гэх мэтээр элдвээр харааж доромжилжээ. Будда түүний хараалынүгэнд огт уурласангүй, харин дөлгөөн тайван харцаар түүнийг харжтэр залуугаас “Би танаас нэг зүйл асууя. Хэрэв та хэн нэгэн хүнд бэлэг зориулж аваад өгөх гэтэл тэр хүн бэлгийг чинь авахгүй гэвэл тэр бэлэг хэнийх болох вэ? хэмээн асуув. Тэр залуу” Тэр бэлэг минийх болох нь мэдээж шүү дээ” гэв. Будда: “Та зөв хариуллаа. Хэрэв та хэн нэгнийг элдвээр харааж доромжилвол тэр хараалын үгийг чинь тухайн хүн хүлээж авахгүй нь мэдээж. Тэр хэлсэн хараал доромжлолын үг тэр хэлсэн хүндээ л буцаж ирнэ. Тэхлээр хүмүүс бие биенээн элдвээр дайрч харааж доромжлох нь нүгэл юм. Хүмүүс бие биетэйгээ эелдэг найрсаг харилцах нь буянт үйл юм” гэв. Энэ үгийг сонссон ууртай залуугийн харц зөөлөрч учрыг ухаарсан гэдэг. 

Орчин үеийн багш нар, төрийн албан хаагч нар дээр дурдсан 10 цагаан буян буюу сайн үйллийг баримталдаг болчихвол нийгмээрээ дагаад ёс зүйтэй болно. Хүүхэд зоддог багш нар, авилга авдаг, бусдыг дарамталдаг дарга нар яаж бусдыг ёс зүйд сургах юм бэ. Тарган хүн яаж турахыг бусдад заах юм бэ. Архичин, тамхичин хүн яаж бусдад архи тамхинаас гарахыг зааж сургах юм бэ. Арван хар нүглийг үйлддэг хүн яаж бусдад арван цагаан буян үйлдэхийг зааж сургах юм бэ. Иймд эхлээд багш нар, төрийн албан хаагч дарга нар өөрсдөө ёс зүйтэй буянтан сайн хүн болж төлөвших хэрэгтэй байна. Эс тэгвээс ёс зүй,буянытухай яриа хоосон яриа болж өнгөрнө. Ёс зүйгүй нийгэмд бидний үр хүүхэд маань яаж амьдрах юм бэ. Монголчууд бид шашингүй,ёс зүйгүй нийгэмд бүтэн зуунытуршид амьдрахаараа нэг боллоо. Монголчууд “Амьдрал бол тэмцэл” гэсэн Марксын буруу үзлээр амьсгалж өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийсээр залхаж гүйцээд байна. Одоо болоо юм биш үү. 

Монголчууд минь. “Амьдрал бол аз жаргалтай хормуудын хэлхээс юм” гэсэн Далай лам багшийхаа мэргэн сургаалийг бодож үзэх хэрэгтэй юм биш үү. Монголчууд бид ёс зүйтэй, шударга нийгэмд амгалан тайван амьдрах эрхтэй шүү. Ийм нийгэм байгуулахын төлөө бид сайн тэмцэж их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болоод байна даа. 


2023.03.17