“Хувь тавилангийн ээдрээ” роман (Хүн болсных, ганц ном бичихэд яахав дээ)
Зурагтаар гараад байгаа Хувь тавилангийн ээдрээ олон ангит киноны номон хувилбар гарч байгаа юм. Гэхдээ үйл явдал нь яг адилхан биш. Яагаад гэвэл би ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөөд зарим үйл явдал энээ тэрээ юмыг нь ихээхэн гуйвуулсан болно. Гэхдээ манай гол шугам буюу баатруудын хувь заяа хэрхэх нь хэвээрээ байгаа.
Заавал уншиж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй лаг ном гэж байгаа юм биш. Тэнэг ном ч болсон юм билүү. Би ерөөсөө ном зом бичиж чадахгүй гар ч юм билүү. Гэхдээ хувьдаа л тэнэг болох вий гэж бишгүй л хичээлээ чааваас. Хичээгээд хичээгээд уншихын аргагүй тэнэг болсон бол одоо яая гэхэв, өөрийгөө шийтгэж дараагийн ном руу гаа шалавхан орно доо :D.
Юун кино вэ! гэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд, “зүгээрээ, ямар ч кино биш, харин нэг ном” л гэмээр байна. Кино ч бай, ном ч бай дангаараа цагийг аятайхан өнгөрүүлэхэд хаваасаг зүйл. Харин ч номонд киноноос давуу нэг тал байдаг нь, нойлд хамт ороод цагийг муугүй өнгөрөөж болдог. Хуучин бол нойлд орсон ном эвгүй аймар хэлмэгдэх явдал байдаг байсан. Одоо бол нойлын цаас гарсан, гончигсүм!
Өгүүлэх үйл явдлын идээ санаа нь мэдээж Б.Цэнддоо, Д.Батбаяр, Гамп, Аанхаа, Д.Энхболдбаатар бидний хамтын бодож гаргасан зүйл. Харин ном болгох үүргийг миний (цайны цаг хүлээгээд сууж байгаа) бие хүлээгээд, ард нь арай гэж гарчихаад байгаа нь энэ. Ном дараагийн долоо хоногт дэлгүүр хоршоогоор зарагдах юм.
За ингээд уншигчиддаа гурван хэсэг, гучин бүлэг, гурван зуун хуудаст номынхоо хэсэг зуур юмнаас нь толилуулья.
ДУЛМАА хэмээх 12-р бүлгээс...
Хамаг юмыг баллаад хаячихсан гэж өөртөө гутарч, зөнөг тэнэгээ дуудаж хэвтсэн Дулмаа хөгшнийг охиных нь “найзтай болсон, их сайн хүн байгаа. Удахгүй танд танилцуулнаа” гэсэн үг бага ч болов баясгаж сэтгэлийг нь хөнгөлжээ. Чихэнд чимэгтэй үгэнд баярласан Дулмаа хөгшин,
-Одоо миний охин ах дүү нараа л олчихвол мөн сайнсан гэж хушуу цорвойн өгүүлэв. Нээрээ ч охиных нь амьдрал ингээд тэгшрээд ирэх ч юм шиг...
Тэмка өглөө гэрээсээ гараад Энхүүшийг замаараа дайрч аван ажил дээрээ ирнэ. Тэднийг ирэхэд нөгөө хоёр нь ихэвчлэн ирчихээд сууж байна. Залуусын хамгийн дуртай цаг бол цайны цаг. Хэр мөнгөтэй байгаагаасаа шалтгаалж гаднаас хоол захиалах юм уу, эсвэл гарч хоол иднэ. Хол ойр хамаагүй, харчуул нь гоё цуйвантай, харин Энхүүш аятайхан шпагеттитай газар эрэлхийлэн явах, ирж очих замдаа хамтдаа алхах дуртай. Харин өнөөдөр Эба Аагий хоёр гадуур явж мань хоёр л студиэ манаж байгаа ажээ. Тэмка гарч гүйн ажлынхаа ойролцоо газраас хуушуур авчирлаа.
-Бөөрөнхий хуушуур ч хааяа гоё шүү тийм ээ?
Тэмка нэг хуушуурыг хоёр үмхээд л дуусгах хэрнээ, ам хуурайгүй чалчихыг нь яана.
-Чи цайнаасаа уугаач ээ. Харсаар байтал хуурайгаар нь явуулаад байх юмаа гэж Энхүүш өөрөө горойчихсон мэт үрчийв.
-Хахаха, оюутан байхад ингээд сурчихсан юмаа.
-Цай олддоггүй байсан юм уу хаашаа юм.
-Олдолгүй дээ.
-Тэгээд?
-Ардаас ангийхан орж ирэх гээд, амжуулж хэдийг идэх гэж ховдоглосоор байгаад л энэ шүү дээ.
Тэмка Энхүүш рүү харж инээд алдан хуушуураасаа улам том хазна. Энхүүш толгой сэгсрэн нүдээ эргэлдүүлнэ.
-Энэ эрчүүд гэж хоолны төлөө л төрчихсөн улсууд байх юм..
-Тэгээд ч... гээд Тэмкаа гараа өргөн асар том хазсан хамгий сүүлийн хазамаа гүлдхийтэл залгиад,
-Цай авч байснаас арав хорин төгрөг нэмээд ахиад нэг хуушуур авсан нь дээр шүү дээ.
-Горойхгүй юу тэгээд?
-Горойно.
-Тэгэхээр яах вэ, крантны ус уух уу?
-Аанха, чи бас тэгж байсан юм уу?
-Ха ха ха, үгүй ээ үгүй. Зүгээр, таануус өөр юугаа уух вэ дээ.
Энхүүш идэхээ болин гараа арчлаа.
-Чи наадхаа барахгүй байгаа юм уу?
-Харин тийм, май чи идчих гээд охин тал хуушуураа чимхэж аваад тавагтай нэг хуушуураа түүн рүү түлхээд босов. Тэмка тэрийг нь аваад үмхэх гэж байснаа гэнэт ориллоо,
-Хөөе хөөе хөөе! Битий хая, наашаа өгчих.
-Юун муухай орилдог юм бэ, май. Чи аймаар идэх юм, есөн хуушуур шүү. Гэтэл би хоёрыг л арай гэж барж байна.
Гэдэс гарсан Тэмка гараа арчиж шүдээ чигчлэн их л маадгар инээмсэглэх аж.
-Энхүүшээ сайн идэж бай за юу, толгой сайн ажилладаг байхгүй юу.
-Хө ёстой! Таргалаад алийгаа алдах байлгүй.
-Машин явж бензинээ үрдэг шиг, хүн идсэн юмаа толгойгоороо үрэх хэрэгтэй байхгүй юу. Сайн юм сэтгээд л, бодоод л бай. Тэгвэл таргалахгүй.
-Тэгээд... толгой томроод байвал яах юм?
-Тэгдэггүй юм аа, намайг хар л даа. Аймаар их иддэг, гавал толгой гэхэд хэвийн л байгаа биз дээ. За цайгаа ууя.
-Цай чинь хөрчихөж үү хэвийн хүн гуай?
Тэдний өдрийн хоол сайхан болж өнгөрлөө. Студид хуушуурын үнэр арилахгүй байсан тул Энхүүш цонхоо онгойлгосон ч нөгөө хоёр нь гаднаас ахиад л баахан хуушуур аваад иржээ. Дөнгөж сая тэр хоёрын пологдотлоо идсэн тэр л зүйлс тор дүүрэн харагдана. Тэмка тэр дороо, “Одоохон би хуушуур идэх хүмүүс аваад ирье” гээд босоод явчихав.
-Хэнийг? гэж Энхүүш араас нь хашгирвал,
-Жижүүр, үйлчлэгч хоёрыг оо, миний найз нэг ус тавьчих гэж Тэмка хариу хэлээд алга боллоо.
-Сэргэлэн толгой шүү гэж Эба Тэмка хоёр түүнийг шагшин магтна.
...........................
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сайнбаяр дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийжээ. Нэгэнт сонгууль дөхсөн тул хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хөдөлж камер харагдвал амаа ардаа гартал инээд алдан, хөгжил дэвшил ярьдаг цаг ирсэн байв.
Ороо нь орох дөхөхөөрөө өөрийгөө гайхуулаад ирдэг адгуус амьтдыг санагдуулам амьдралын хэмнэлд орсон хүмүүс бол улстөрчид билээ. Бүхий л шатны сонгууль гэдэг тэдний хувьд амьтдын орооноос ч илүү дур тачаалын цаг. Сайнбаяртай хамт дүүргийн Засаг дарга болон Намын үүрийн дарга зэрэг бас бус хүмүүс сууна. Тун ч чухал хүмүүс сууна. Чухал асуудал ярина. Шийднэ.
Тайзан дээр олон цаасан хайрцагтай тусламжийн бараа өржээ. Сайнбаяр хоолой засаад гараа их л дохилзуулан, чанга сүртэй ярихыг нь харвал “гудамжны улстөрчөөс” дэвшин ямар нэг сандал олоод удаагүй байгаа нэгэн болох нь илт.
-Та нар бод, Нийслэлийн хурал хэдэн төлөөлөгчтэй билээ. Бүгд л өөр өөрийн тойрог руу хуваарилуулах гэж бөөн л юм болдог. Тэр дотроо би нэр нөлөө харьцангуй гайгүй болохоор тусламжийн бараа материал ирэх бүрт та нартаа хуваарилуулж авч чадаад байгаа. Зарим төлөөлөгчид бүр юу ч үгүй хоцорч байна. Тэгэхээр тэр хотын шийдвэр гаргах түвшинд нөлөөтэй байх гэдэг маш чухал юм байгаа юм шүү. Энэ бүхнийг цааш цаашдаа, ер нь байнга бодолцож байх хэрэгтэй. Надаас өөр хүн байсан бол ийм хуваарилалт хийлгэж чадах ч уу, үгүй ч үү тийм ээ...
Бэлдээгүй хэрнээ шууд л лоозогнон ярьдаг авьяастай түүнийг үгээ дуусмагц хэсэг хороодоос цугласан хүмүүс гомдол тавих цаг эхлэв. Тэтгэврийн баахан хөгшчүүл, ажил төрөлгүй эрчүүд голдуу цуглажээ. Бас хэд хэдэн эмэгтэй өөрийгөө өрх толгойлсон гэдгээ мэдрүүлэхээр тус бүр хоёр гурван нялх нярай хүүхэдтэйгээ ирсэн нь энд тэндгүй чарлалдаж, арай томхон нь хүмүүсийн хөл доогуур тасралтгүй бужигнан хөөцөлдөнө. Үг хэлсэн хүмүүс автобусны үнэ өндөр байна, тэтгэвэр бага байна, тэтгэмж хаанаа ч хүрэхгүй байна, оюутан хүүхдийн төлбөр өндөр байна гэх мэт хэдэн асуудал тавьж, бусад нь уухайлан түрж байв. Төлөөлөгч бүгдийг нь сонсож дуусах тэвчээр нь ч хүрсэнгүй, гараа өргөн байж хүмүүсийг чимээгүй болгоод,
-За уучлаарай, иргэд ээ. Өнөөдөр би энэ сайхан хүмүүнлэгийн барааг авчрах үүднээс хурлын завсарлагаар давхиад ирсэн юм л даа. Одоо буцаад хуралтай. Хот орны амин чухал олон асуудлыг хэлэлцэж байгаа. Таны асуусан наад асуудлыг чинь ч яриагүй биш ярьж байгаа. Тэгэхээр одоо түргэхэн буцахгүй бол болохгүй. Тийм учраас асуултанд хариулж амжихгүй шүү. Дараа сайхан тухтай ирнэ ээ. Тэгэхээрээ бүүр нэг сайхан ярилцъя гэж жигтэйхэн эелдэг агаад ажил хэрэгч байдлаар хэлээд үргэлжлүүлэн бүүр ч эелдэг, ивээнгүй царай гарган,
-За одоо ингээд Засаг дарга бараагаа хүлээгээд авчихсан, тэгээд хорооддоо сайхан хуваарилна биз дээ гэж хэлээд босов.
......................................
............Аагийгаас бусад нь цагдаа руу хүргэгдлээ. Ухаангүй хэвтэх Аагийг түргэний тэрэг аваад явжээ. Энхүүш уйлж хайлан байж ар гэрт нь мэдэгдлээ. Зовлон гэдэг хэнийг ч үл тойрон эргэлдэх аж. Цагдан хорих газар, цагдаагийн мөрдөх алба, эмнлэлэг гурвын дунд нүд нь хавдсан энэ охин хоёр өдрийг явж барав. Хэвлий нь чангарч өвдөнө, охин, “үр минь” гэж уйлна.
Энхүүш гэрчээр дуудагдаж бүх л зүйлийг үнэн зөвөөр нь ярьж мэдүүлснээр эхний удаадаа Тэмка, Эба хоёр суллагджээ. Тэд шууд л эмнэлэг явж Аагий дээр очлоо.
Аагийгийн өрөөсөн бөөр бяцарснаас болж ухаан оролгүй, хоёр хоног эм тариагаар л халууныг нь бууруулан хэвтэж байгаа аж. Бөөрийг нь солихоос нааш тэр амьдрал үхлийн зааг дээр, торгон утсан дээр тэнцэж байхаас өөр аргагүй болов. Гадаад руу явж хийлгэх мэс заслынх нь үнэ тэнгэрт хаджээ. Бүх хүн эрвийх дэрвийхээрээ хөдлөв. Чойжилжав ах нь дөнгөж амиа авраад сууж байгаа хүн, түүнээс шальтай юм гарсангүй. Уянгаа ч байдаг мөнгөө өгөв. Банзай ч гар сунгав. Гэсэн зардлын талын талд нь ч дөхөж очсонгүй ээ.
Баярласан хэрээ бархирах болоогүй байжээ.
Бүгдээрээ ярилцаж ярилцаж студиэ зарах дээр тогтлоо. “Амьдрал яагаад нэг гараа сунгаад, нөгөө гараараа алгадаж байдаг юм бэ!” гэж Тэмкагийн цөхөрсөн толгойд бодогдоно. Мөр зэрэгцэн явсан нөхрөө харсаар байж алдалтай биш дээ... Санхүү мөнгө нь шийдэгдэх янзандаа орсонд сэтгэлд нь горьдлого төрсөн аав залуустай уулзаж, Тэмка, Эба хоёрт хандан, “миний хүүхдүүд, ах нь заавал та нарт эргүүлж өгнө. Олон ч хүнтэй нөхөрлөж явлаа, та нар шиг эрчүүдийг харсангүй” гэж тэвэрчээ. Мөнхүү Энхүүшд хандан, “миний охины үйлс үргэлж бүтэж явах болтугай“ гэж ерөөв.
Ялалт гэх, амьдралын шуурганд нэг цохиулж, наранд нэг шарагдаж яваа хижээл эр ганц хүүгээ сахин хоёр хоног нойргүй суужээ. Дараалж ирсэн энэ олон зовлонт мэдээ, уйт хэрэг явдлуудыг даах хат түүнд бийсэн. Гэлээ ч ганц хүүгээ алдах дээрээ тулахыг юутай ч харьцуулам юм бэ дээ. “Би ингээд хэвтэж байх минь яалаа...” гэж тэр зүрхэндээ мэгшинэ. Юу болсныг Жанцан өвөөд нь дуулгасангүй. Даралт ихтэй өвгөн харваж ч мэдэх.
Алтанцэцэгт хорвоо дээр жинхэнэ эр хүн хоёр л бий гэж бодно. Түүний аав ба төрсөн дүү нь. Эгчээсээ хоол нэхэж, амтгүй байна гэж адайрдаг ч алдаж эндэж, авааль нөхөртөө чадуулж, агсан тавихад нь золиос болон зовж байхад газар дээрх ганц дүү нь эрийн шийр зааж эгчийгээ хамгаалж өссөн билээ л. “Миний дүү хэнд гай тарьсан юм бэ...” гэж тэр юунд ч юм шаралхана.
Жаргалмаа өөд нар харсангүй хамаг нулимсаа барав. Өөдөсхөн хүүгээ цэцэрлэгт байхад нь хаяж явсансан. Өчнөөн олон жил өөд уруугаа тэмцэж байхад нь амьд байлган торгоож байсан, хүслийнх нь хязгаар хүүхдүүд нь юм сан. “Ээж ирлээ гээд гүйж ирдэг баацгар бацхан хүүгийнхээ барааг нь хараад л алдах гэж үү” гэж тэр өдөр шөнөгүй шаналж, бурхандаа залбирна. Тэр хүрээд очиж болдоггүй хүсэл хяслангийн нэг хоногийг арайхийн өнгөрүүлээд маргааш нь эртлэн гэрээсээ гарлаа.
........................................
naraa jagai
Hugshuun
Зочин
Зочин
Зочин
bazgaan
хэрээ галуу
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншдаг
Зочин
SAINHUU
Зочин
Зочин