“Аймгаасаа баян” Засаг дарга асан “намаасаа том” ялалт байгууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 7-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ИТХ-ын дахин болон нөхөн сонгууль болж өнгөрлөө. Тод гялалзах “од” нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багт АН-аас нэр дэвшсэн Ж.Батсуурь 678 санал авч ялалт байгуулсан явдал байв. Түүнийг АН-ын өнгө гэж “том зурагаар” харахыг хичээж тус намын “пиарчид” хүч өгч ажиллав бололтой. 

Үнэндээ 1078 хүнээс 678 хүний санал авна гэдэг үнэмлэхүй хүчирхэг ялалт мөн үү. Тэрбээр 2016 онд УИХ-ынсонгуульд нэр дэвшсэн хэдий ч найман жил удирдуулсан аймгийн иргэд түүнд итгэл хүлээлгээгүй. Түүнийг дэмжихээр Ардчилсан намын топ лидерүүдийн нэг баруун аймгийн Р.Амаржаргал хүртэл зүүн аймгийн Ж.Батсуурь хөвүүнийг дэмжихээр очсон боловч УИХ-ын гишүүн болох хэмжээний хүн биш гэдгийг Сүхбаатарчууд нотолсон. 

Тухайн үед тэрээр сонгуулийн сурталчилгааныхаахуудсанд “Сонгуулийн ялалтын баяр”, “Зөв хүнээ итгэл төгс ялалт байгуулахад сонгон дэмжсэн хүн бүр Ардчиллын баяраа тэмдэглэх болно” гэхчлэнёстой л эртнээс “үнээ, тугалаа ялгана” гэгч болсон боловч баяр тэмдэглэж чадаагүй Ч.Улаанд цэвэр тонгоруулж улс төрд ямархуу бөх болохоо харуулсан. Улсад уралдаж гавиагүй түүнийг орон нутагт ялалт байгуулсанд нь Ардчилсан нам хөөрцөглөж дахин нэг ерөнхийлөгчтэй болсон юм шиг уухайлав. Ардчилсан нам ийм хэмжээнд хүртэлээ жижгэрсэнийг намын пиарчид нь харуулж байна.

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх, тэр тусмаа арван жил Засаг даргаар ажилласан “босоо” аварга гэхэд чамлалттай бус уу. Улсын наадамд уначихаад, аймгийн наадамд ааглаад байдаг бөхтэй адилгүй гэж үү.

Яг үнэндээ санал хураалтын дүн нэр дэвшигчид өгөх дүгнэлт гэхээсээ илүү тухайн намд нь анхааруулга, дохио болох учиртай байсныг энэ сонгууль харуулсан байх талтай. Тухайлбал “Ж.Батсуурь цэвэр хүн мөн үү” гэдэг асуултын хариултыг тухайн орон нутгийн нийт иргэдээс асуувал нэлээд өөр дүн гарах биз. 2017 онд ЗГХЭГ-аас Сүхбаатар аймгийн санхүүгийн тайланд шалгалт хийхэд үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрсэн байдаг.

Үүнийхээ үр дүнд “Аймгаасаа баян Засаг дарга” гэдэг гоё имижтэй үлдэж билээ. Харин хариуцлага хүлээх болов уу гэтэл сонгуульд ялалт байгуулчихаж. Ж.Батсуурийг орон нутагт биш Их хуралд очих хэмжээнд нам нь үнэлсэн боловчэнэ хэмжээнээс давахгүй хүн гэдгийг нь Ардчилсан нам хүлээн зөвшөөрөв бололтой.

Энэ оны эхээр АТГ-аас мэдээлэл хийхдээ түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад шилжүүллээ гэсэн байдаг. 

Ер нь сүүлийн үед прокурорын анхааралд орсон нэр дэвшигчид одтой байгааг шат шатны сонгуулиас харж болно. Нэгэнт шүүлтүүр нь ийм байгаа бол “Батсуурь ардчиллыг аварлаа” гэсэн хошин цуурайнд баясах, санаашрах нь илүүц юм. Тэгээд ч Ж.Батсуурь МАН-аас нэр дэвшигчийг ялсан болохоос МАН-ыг ялчихсан хэрэг огтоос биш. Хөөрхий МАН есөн тойргийн долоод нь ялалт байгуулахаас өөр яаж “ялагдаж” өгөх билээ. Хэрэв есөн тойргийн есүүлэнд нь ялчихсан бол ямар пиар хийх байсан бол... Гэхдээ л Ж.Батсуурь азтай адтай залуу юм. “Аймгаасаа баян Засаг дарга” байсан тэрбээр НАМААСАА ТОМ ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХЛАА шүү дээ. Тийм биш гэж үү. Мундаг л байгаа биз дээ.