2026.05.13. 

Нэг.

Эрүүл мэндээ алдвал нэр алдар, эрх мэдэл, эд баялаг, тэр бүү хэл залуу нас, гоо үзэсгэлэн, өөр юу байна, бүгдийг нэгмөсөн алддаг бол ил тод байдал үгүйгээр улс төр, засаг, хууль ёс, ардчилал, зах зээл, чөлөөт өрсөлдөөн явахгүй.

Юм л бол нуудаг, цухуйвал далдалдаг, яаж ойлгохыг зааж тулгадаг байсан нь өмнөх дэглэм нурж унасан нэг шалтгаан мөнөөс мөн. Ардчилсан хувьсгалын ачаар юу дуртайгаа айж сүрдэхгүйгээр ярьж бичдэг болов. Чөлөөт, хараат бус, бас ичиж зовохгүйгээр туудаг шар, шарын шар хэвлэлүүд нийлээд мэдээллийн орон зайг эзэгнэсэн хөл толгойгүй ил тод, нээлттэй байдал шинэ зуун гартал үргэлжлэв. Яам, агентлагуудын мэдээлэл бас л замбараагүй, хэн эрх барьж буйгаас хамаарч өрөөсгөл, хагас дутуу байсан тул эмх цэгцэнд оруулж баталгаатай бөгөөд бүрэн болгохыг шаардсан нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд.

2009 оны 5-р сарын 14-нд Санжийн Баярын Засгийн газрын 143-р тогтоолоор “Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг баталж 1. Үйл ажиллагаа 2. Хүний нөөц 3. Төсөв санхүү 4. Худалдан авалтын гэсэн дөрвөн ил тодыг тунхагласан юм. Ингэж төрийн ил тод байдал анх удаа хэмжих нэгжтэй болов. Яам, агентлаг, аймгуудад оноо өгч индекс гаргаад шалгаруулж байр эзлүүлдэг байв.

Эхлээд сонсгол зохион байгуулж дараа нь 2011 оны 6-р сарын 16-ны өдөр Монгол Улсад анх удаа “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” УИХ-ын дарга Дамдины Дэмбэрэлийн гарын үсэгтэйгээр батлагджээ. Агуулга нь маш энгийн: Төрийн нууцаас бусад бүх мэдээлэл нээлттэй байна, хэрвээ байгаагүй бол хүсэлт тавиад авна, цаасаар ба цахимаар аль нь ч болно, юунд яаж ашиглахыг чинь асуухгүй, хэрвээ долоо хоногт багтаан гаргаж өгөхгүй бол дахин долоо хоног сунгаж хүлээгээд даргад нь хэлнэ, тэгээд бүтээгүй бол дээшээ Хүний эрхийн үндэсний комисс хүртэл гомдол мэдүүлнэ. Энгийн, ойлгомжтой бөгөөд тодорхой хууль. Гэхдээ цаг үеэсээ бага зэрэг түрүүлсэн байх магадлалтай. Төрийн ажил алба цаасан суурьтай хэвээр учраас өгч авалцахад урьдын адил түвэгтэй, гэтэл мэдээлэл гэдэг бол “амархан мууддаг” буюу хуучирдаг бүтээгдэхүүн байдаг …

Энэ хооронд тасралтгүй нэмэгдэж байсан төсөв, санхүүгийн асар их мэдээллийн тоо цифр болгоныг нэхэж нэхүүлэхгүйгээр олон нийтэд хүргэж тэдний хараа хяналтад оруулах тийм арга механизмыг Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачлав. Нэр нь Шилэн данс.

2014 оны 7-р сарын 1-нд батлагдаж 2015 онд туршилтаар, 2016 оноос бүрэн хэрэгжсэн Шилэн дансны тухай хууль төсвийн мэдээллийн үндсэн талбар, жишээлбэл, таван саяас дээш орлого, зарлагын гүйлгээ, тэдгээрт хавсаргасан тушаал шийдвэрүүд нь иргэд, иргэний нийгмийн хувьд сайд, дарга, албан тушаалтнуудын зөв буруу зарцуулалтыг нэгд нэгэнгүй мэдэж авдаг, хянадаг, харин улс төрчид бие биенээ намнах (баримт үнэн бол зөв)-даа итгэлтэйгээр ашигладаг ганц эх сурвалж болж чадсан.

Даанч 2020-иод оны цар тахлыг далимдуулан эрх баригчид онц байдал нэрээр дураараа дургиснаас гадна мэдээллийн ил тод байдлыг хязгаарлаж эхэллээ. Улмаар 2021 оны 12-р сарын 27-нд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргав. Шулуухан хэлэхэд энэ бол ухралт бөгөөд мухардал. Үүгээр төрийн нууцаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх өмнөх хуулийн зарчмыг бүрмөсөн цуцалж зөвхөн 68 төрлийн мэдээллийг ил болгохоор жагсаажээ. Тэгсэн хэрнээ албаны нууц, хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэл гэсэн хачирхалтай ангилал шинээр зохиов. Үлдсэн нь төрийн нууц бөгөөд ихэнхдээ чухам яагаад нууцалсан нь бас л нууц. Төрийн нууцын жагсаалт хэмжээ хязгааргүй уртассаныг эрх баригчид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхэн дэлгүүрт ямар бараа байгааг дэлгэхгүйгээр нэрийг нь тааж хэлбэл гаргаж үзүүлнэ гэсэнтэй агаар нэг юм.

Шинэ нөхцөлд Шилэн дансны цахим системийг цааш хөгжүүлэх талаар ямар ч алхам хийгдсэнгүй. Энд тэндээс үе үе дуулиантай баримт, жишээ илэрч байгааг эс тооцвол бүрэн дүр зураг алдагдаж мэдээллийн ил тод байдал буцаад алдаг оног, хагас дутуу байдалдаа шилжлээ. Сүүлийн хэдэн жилийн авлигын дуулиантай хэргүүдийг ажиглахад хэзээ хойно, заримдаа УИХ дээр сонсгол хийж байж, эсвэл хэн нэгэн албан тушаалтан улс төрийн шалтгаанаар “шүгэл үлээснээр” илэрч олон нийт сая нэг мэдэж авдаг боллоо.

Төрийн мэдээллийн урсгал, тогтолцоог сайжруулж оновчлохын оронд байгууллага, албан тушаалтнууд тус тусын амбицад хөтлөгдөн зөвхөн төсвийн санхүүгийн мэдээллээр гэхэд Шилэн дансны нэгдсэн системээс гадна арав шахам платформ, сайтыг (төсвийн мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулалт, зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сан, шилэн ажиллагаа гэх мэт) бий болгоод нээлт хийж шоудаад мартсан, хөгжүүлдэггүй, өөр хоорондоо уялдахгүй байна. Гэтэл яам, агентлаг, төрийн өмчит компани, Улаанбаатар, аймаг, орон нутгийн сайтууд бүгд тус тусын төсвийн мэдээллийг агуулдаг ч бүгд хагас дутуу, алдаг оног. Онцлох шинэчлэл гэвэл Zasag.mn хаягийг Gov.mn-ээр сольжээ. Ингээд төрийн мэдээллийн тогтолцоо мухардалд орж зөвхөн нийгмийн сүлжээн дэх бужигнаан дундаас олон нийт баримжаа авч байх шиг.

Хоёр.

Ил тод байдал гэдэг үгсийг өөртөө аймшиггүйгээр авсан манай “Ил тод байдал сан” ТББ байгуулагдаад яг 20 жил болж байна. Ийм чухал нэрийг танайх дангаараа өмчилж таарахгүй, холдуул хэмээн Улсын бүртгэлээс шаардсаны дагуу сан гэдэг үгийг нэмсэн юм.

Манайд бусдаас онцгойрч гайхуулах сүйдтэй түүх үгүй ч бидний амьдралын хорин жилийг эзэлсэн хичээл зүтгэл, оноо, алдаа, гоё дурсамжууд бий.

Анх 2006 оны 4-р сард Будваагийн Бямбасүрэн, Цогсүрэнгийн Ганболд, Дэмбэрэлийн Цэрэнжав бид гурав хуралдаж 5-р сард улсын бүртгэлээс гэрчилгээ гардан авч тэр үеийн Монгол Улсын 20 мянган төрийн бус байгууллагын нэг болов. Манай үйл ажиллагаа ашигт малтмалын салбараас эхэлсэн. Тэр жилийнхээ намар нэг талдаа уул уурхайн компаниудын улс, орон нутгийн төсөвт оруулдаг татвар, төлбөр, хураамж, нөгөө талдаа төр, орон нутгийн байгууллагууд тэдгээрийг хүлээн авсан тухай тайланг харьцуулан судалж элдэв зөрүү, санаатай санаагүй алдаа, цаашлаад буруу зөрүү зарцуулалт, авлигыг илрүүлэх, олон нийт, нутгийн иргэдийг мэдүүлэх зорилго бүхий “Төлсөн Авснаа Нийтэл” (ТАН) эвслийн үүсгэн байгуулагчдын нэг болж гүйцэтгэх захирал Ц.Ганболд анхны зохицуулагчаар томилогдон ажиллав. (Тэгэхээр ТАН эвсэл энэ намар бас 20 жилийн ойтой). Дараа жил буюу 2007 онд Монгол Улс дэлхий нийтийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад албан ёсоор нэгдэн орсноор бидний хэсэг нөхөд иргэний нийгмийг төлөөлөн Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан орж ажилласан бөгөөд энэ жил ОҮИТБС-ын 19 дэх тайланг гаргах ажилд оролцоно. Энэ хооронд ОҮИТБС-ын цар хүрээ татвар, төлбөр хураамжийн хүрээнээс хальж компанийн эзэмшил, ашиг хүртэгч эзэд, тусгай зөвшөөрөл, байгаль орчны нөхөн сэргээлт, гэрээ болон бусад асуудлыг хамарч нэг ёсондоо Монгол Улсын уул уурхайн компаниудын 20 жилийн тоон түүхийг бүрдүүллээ.

“Ил тод байдал сан” бие дааж “Уул уурхайн компаниудын ил тод байдлын рейтинг” хэмээх судалгааг олон жилийн турш хийж түүнийгээ компаниудын эзэмшлийн мэдээллээр өргөжүүлэн “Уул уурхайн ил тод байдал” сонин бичгийг эрхлэн гаргаж байв. Манай цөөхөн ажилтан энэ хугацаанд маш ихийг суралцсан. Ганц жишээ хэлэхэд, нийслэлийн баруун захад Шувуун фабрик орчмын түгээмэл тархацтай ашигт малтмалын болон Төв аймгийн Заамар сумын нутагт Туулын тохойрлыг дагасан алтны ордуудад олборлолт хийж байгаа том жижиг компаниуд байгаль орчин, нутгийн иргэд малчдын амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг баталгаажуулахын тулд лицензийн талбайн хэмжээ, хил хязгаарыг харуулсан газрын зургийг ArcGIS болон QGISпрограммууд дээр боловсруулж хэвлүүлэн нөлөөллийн ажилдаа ашиглаж сурсан. Үүгээрээ иргэний нийгмийн байгууллагууд дундаа цорын ганц биш юмаа гэхэд бараг анхдагч болж бусад аймаг, сумд бидэнд ханддаг болсон нь сайхан санагддаг.

“Ил тод байдал сан” ТББ-ын үйл ажиллагааны нөгөө чиглэл нь төсөв, санхүү, худалдан авалтын ил тод, нээлттэй байдлын хяналт, мониторинг хэвээр байв. Өнгөрсөн хорин жилд Монгол Улсад өрнөсөн энэхүү үйл явц, түүний амжилт, алдааны онооны гэрч төдийгүй оролцогч нь бид юм. 2011 онд дээр дурдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иас гадна Төсвийн тухай хууль шинээр батлагдаж тэдгээрийг хэрэгжүүлэх зорилготой журам, дүрмүүд ар араасаа урсан гарч тэр бүгдийг ягштал дагаж мөрдөх бүү хэл ойлгоход маш түвэгтэй байсан тул эмх цэгцэнд оруулах зорилгоор “Төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг боловсруулж нийслэлийн зарим дүүрэг, аймгууд дээр туршсан ажил маш үр дүнтэй болсон гэж үздэг. Үүнийгээ гүнзгийрүүлж яам, агентлагуудын мэдээллийн ил тод байдлыг ижил загвараар харьцуулан судлаад тухайн байгууллага, албан тушаалтнуудад танилцуулж, ил тод байдлыг нь урагшлуулж байлаа. Эргээд харахад бид тэртээ тэргүй хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд шуугиулдаг төсвийн зөв буруу, үр ашиггүй зарцуулалт, авлигын баримтуудын хойноос хөөцөлдөхөөс илүүтэйгээр арга зүй, аргачлалын асуудалд илүү чиглэж ажилласан байна.

2010-аад оны эхээр Ерөнхийлөгчийн тамгын газраас Нийтийн зар мэдээллийн тухай хуулийн төсөл, төрийн байгууллагын зар мэдээллийн систем, нийтийн зар мэдээ хүргэх үлгэрчилсэн журам зэргийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх их ажил өрнөв. Хэрвээ та санаж байгаа бол, төрийн болон төсвийн байгууллага бүрт заавал байх ёстой цахим сайт ба мэдээллийн самбарын хаана юу оруулах, тэр самбар нь байгууллагын гол хаалгаар ороход шууд харагдаж шалнаас 1,2 метрийн өндөрт байрлана, хөдөө хээр малчид цуглардаг худгийн дэргэд зарын самбар босгоно гэх мэтээр зураглаж байсныг бүх юм фэйсбүүк болсон өнөөдөр эргэн санахад хөгжилтэй санагдавч тухайн үедээ үнэхээр сонирхолтой эрэл хайгуул байсан бөлгөө. Эдгээр хууль, журмууд тухайн үед батлагдаагүй.

Шилэн дансны тухай хуулийн төсөл ихээхэн найдвар, урам зориг төрүүлж байлаа. Энэ хуулийн маш чухал буюу орлого, зарлагын гүйлгээг ил зарлах босгыг бид саяас дээш, эсвэл огт босгогүй болгох саналтай байсан ч УИХ дээр 5 саяар тогтоож хэт доошлуулбал бүх гүйлгээг Шилэн дансанд оруулж барахгүй, төрийнхний хамаг ажлыг алдуулна хэмээн тайлбарласан ч өнөөдөр мэдээллийн технологи, өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашиглахад бүрэн боломжтой нь харагддаг.

Ертөнцийг тайлбарлах нэг хэрэг, гэхдээ үндсэн асуудал бол түүнийг өөрчлөх явдал юм гэж ухаантнууд хэлсэн байдаг. Бид төрийн байгууллага, албан тушаалтнуудын хэзээ ч барагдахгүй алдаа дутагдлын баримт жишээг цуглуулж шүүмжилсээр он жилүүдийг барах бус илүү оновчтой гарц, үр дүнтэй арга замыг хайж санал болгох нь илүү чухал гэж үздэг. Өнөөдөр төр мэдээлэл, өгөгдлөө бүрэн гаргаад өгчихвөл “Үзүүлээд өгье” гэж амалсан байгууллага,судлаачид, арга хэрэгсэл хангалттай олон болжээ. Харамсалтай нь тийм төгс боломж хэзээ ч бүрдэхгүй, чухам энд эгзэг, эмзэг цэг нь байгаа юм.

Төрийн байгууллагын мэдээлэл маш их, барахын аргагүй их, тасралтгүй урсах хэрнээ үргэлж дутуу учир бид бүх тоог цуглуулж барахгүй. Нэг шийдэл бол төрийн байгууллагын бүх биш юмаа гэхэд аль болох бүх шийдвэрийг ил тод болгодог байх. Үүнд Ерөнхийлөгчийн зарлигаас эхлээд яамны сайд, агентлаг, төрийн өмчийн компанийн дарга, захирлуудын тушаал, УИХ, нийслэл, орон нутгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, бас хөрөнгө мөнгө зарцуулах эрх мэдэлтэй тамгын газрын дарга зэрэг хүмүүсийн гаргадаг бусад шийдвэрүүд хамаарна. Мэдээж, төрийн нууцад хамаатайг хасаад шүү. Бид яаж ч шүүмжилсэн Монгол Улс төртэй, хуультай, журамтай, төрийн бүх шийдвэр буруу зөв нь хамаагүй зөвхөн албан тушаалтны гарын үсэг тамгатай, огноо, дугаартай гарч чаддаг. Авлигыг хүртэл албан тушаалтны шийдвэр гаргаж хийдэг.

Ulaanbaatar.mn сайтын “Захирамж, шийдвэр” цэсэнд Нийслэлийн Засаг даргын 2010 оноос хойшхи 26 жилийн хугацааны 10 мянга орчим А захирамж тавигдсаныг дугаараар нь хөөж үзэхэд нийт гарсан захирамжийн зөвхөн дөрөвний нэгээс хэтрэхгүй болов уу. Ялангуяа Х.Нямбаатарын үед арав, хориор нь алгасдаг болсон байх юм. Ил тавьсан захирамжуудын агуулгыг харахад хамгийн эгзэгтэй буюу хөрөнгө мөнгө зарцуулах, газар, барилга байшингийн зөвшөөрөл олгосон нь ор тас алга. Хавсралтууд бол бүр сураггүй. Хэрвээ бүх захирамж хавсралттайгаа бүрэн ил тод байдагсан бол өнөөдрийн нийслэлийн төсвийн хахалт, мега хулгай ингэж даамжрахгүйсэн. “Тэд юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай” гэж үнэн үг шүү.

Өнөөдөр бүх салбарт үе солигдож бүх юм өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ ба иргэний нийгмийг ялгаж заалгах аргагүй, нэг хавтгайд байрлаж, тэдний үйл ажиллагааны хамгийн чухал ололтууд талуудын хамтын ажиллагааны үр дүнд гарч байна. Хилийн чанадад Panama paper, манай Хөгжлийн банкнаас эхлээд өнөөдрийн Туулын хурдны замыг илчилж өөрчлөлт гаргаж буй олон жишээнүүд үүнийг нотолно. Төрийн бус байгууллагууд эхлээд ажиглаад мэдээлэл цуглуулж, түүнийгээ боловсруулж дүгнэлт зөвлөмж гаргадаг бол хэвлэл мэдээлэл сэжүүр олж авангуутаа шууд, эсвэл эрэн сурвалжилж нийтэд хүргэдэг тус тусын давуу талтай.

Иргэний нийгэм бол сайн дураараа, итгэл үнэмшлээ дагаж, чөлөөтэй ажилладаг, бас барахааргүй бол больж болдог тийм орчин юм. Бидэнд эрх мэдэл байхгүй, манай байгууллага гэхэд сан-гаар нэрлэгдсэн ч мөнгө сан огт үгүй боловч дотоод, гадаадын олон байгууллага, юун түрүүнд Нээлттэй Нийгэм Форумын зүгээс төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, бас хурал чуулган, семинар, хэлэлцүүлэгт хамруулж тасралтгүй сургаж дэмжсээр өдий хүрчээ.

Өнгөрсөн хорин жилд “Ил тод байдал сан” ТББ-ын хувьд үйлдвэрлэж сурсан бас нэг зүйл бол цахим сайтууд. Бид 20 жилд бүтээж хийсэн ажлаа тун удалгүй www.iltod.mn сайтынхаа шинэчилсэн хувилбараар олон нийтэд тайлагнах болно.