МОНГОЛ ГЭДЭГ ЭРХЭМ
Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор хулгайч шоргоолжны хоолыг зөөнөө гэж... хэмээн бүгд дуу дуугаа аван элэг нь хатчих шахан инээлдэх ажээ.
УДИРТГАЛ БҮЛЭГ
Нар битүү үүрээр Багануурын чанга дэглэмтэй хорих газрын үүдэнд нэгэн хянагчийн хамт өндөр биетэй хоригдол зоны жижүүрийн байрны хаалгыг аяархан нүдэж зогслоо. Тэрээр тавь гаран насны, хууз сахалтай, гялалзсан нүдтэй, монхордуу хамартай, нуруулаг эр авай. Багануурын шоронгоос гарахын тулд таван цоожтой хаалгыг нэвтрэх бөгөөд энэ хоригдлыг дагуулж ирсэн хянагч гурван цоожтой хаалгыг тайлж, жижүүрийн хянагчид хоригдлыг хүлээлгэн өгч буй нь энэ. Жижүүрийн байранд нойрмоглон суусан залуухан хянагч жижиг цонхоор шагайж хараад хаалгыг түгжсэн төмрийг хяхтнуулан татаж шоронгийн зон хэмээх төв хэсгийг үүдний хэсгээс тусгаарласан хашааны жижиг хаалгыг нээхэд хоригдлыг дагуулж ирсэн хянагч гартаа барьсан түлхүүрээ эргүүлсээр цааш явж одов.
Хоригдол жижүүрийн өрөөнд орж ирээд гараа өмнөө авч, номхон зогсоод
- Ялтан Даваа яландаа гарахаар ирлээ хэмээн хэлэхэд залуухан хянагч сандал дээр эвшээснээ кителийнхээ хоолойн товчийг суллаад хүзүүгээ шөргөөв. Тэгээд ширээн дээрх “Улаан шонхор” янжуураас нэгийг сугалж зуугаад хятад асаагуураар асааж сороод үл үзэгдэх хэн нэгэнд хандан
- Батсүх ээ, би аж ахуйн хашаа руу хоригдол хүргэчихээд ирье. Удахгүй бослогын хонх шдээ... гэж хашхираад өндөр хоригдлыг дагуулан жижүүрийн байрнаас гарч, дахин нэг цоожтой хаалгыг түлхүүрдэж онгойлгохын өмнө хоригдлыг нэгд нэггүй нэгжиж үзэв. Дараагийн мушгирсан өргөст торон хонгилоор түүнийг дагуулан явж нэг хаалгыг түлхүүрдэн онгойлгоод 380 вольтын цахилгаан гүйлгэсэн тортой хэрмэн хашааны хаалганы өмнө ирээд хананд байрлуулсан камер өөд харж
- Аж ахуй орноо. Үүдээ!.. хэмээн хашхирахад шоронгийн хэрмэн хашааны төмөр хаалга түржигнэн хажуу тийш онгойж залуухан хянагч хоригдлын хамт шоронгийн хашаанаас гарлаа. Шоронгийн хашаанаас зүүн чигт нэлээд хол үзэгдэх аж ахуйн хашааны зүг залхуутай гэлдрэх хянагч нусаа хүр хийтэл нийгээд
- Чи хачин ялтан юм аа. Зоонд, заалтгүй зүгээр хэвтэж байхын оронд ингэж махаа зулгааж байх ч гэж дээ. Одоо тэгээд ялаа тавьж сурч байна уу? гэж асуувал
- Тийм ээ, жижүүр ээ. Би сурч байгаа. Өглөө эрт гарч, галаа түлж, пийшингээ халаах ёстой. Бас гурилаа зуурч эсгэх хэрэгтэй болохоор бослогоос эрт гарах хэрэгтэй болдог. Өдрийн талх тасарвал би сахилгад орно шүү дээ... гэв.
- Шоронгийн дарга чамайг ялаа дийлэхгүй хэд хоноод буцаад ирнэ гэж байсан. Харин чи овоо шүү. Яах гэж ийм халуунд тэр халуун гал руу орчих шахаж талх барихыг хүсдэг байнаа? Талх их идмээр байдаг юм уу?
- Үгүй ээ, хянагч аа. Дотор заалтгүй байхаас ажил хийж байх нь дээр л дээ. Ядаж өдөр хоног хурдан өнгөрнө.
- Чиний жинхэнэ нэрийг Монгол гэдэг гэх юм?
- Тийм ээ. 1958 онд намайг төрөх үед Хөшөө Цайдамд өвөө маань Б.Ринчен гуайтай хамт ажиллаж байсан юм. Ринчен докторын өгсөн нэр. Түрэгийн Билгэ хаан Монголяны нэр юм гэнэ лээ.
- Чи муу сайхан шаах юм аа. Ринчен Бямбаа нэр өгөөд л. Чи тэгээд нэрээ солиод л. Монгол гэж хулгайч байх ёсгүй ээ. Чи бол Даваа л гэдэг хулгайч!
- Сургуульд орох үед л нэр хүнддэх байх гээд аав сольчихсон юм гэнэ лээ. Даваа гээд дуудахад нь би мэдэхгүй, намайг Монголо гэдэг, Даваа бол ахын минь нэр гээд самбарт гарахгүй. Багш гайхаад нэрээ мэддэгүй юм уу? гэж загнуулж байснаа санадаг юм аа. Манай ойр тойрныхон Монголо л гэдэг гэхэд хянагч түүн рүү гайхсан янзтай харснаа
- Оросоо гэдэг шиг үү? гээд дээш өлийж тэнгэр өөд нэг нүдээ аньж хараад ярианы сэдвийг өөрчилж,
- Өнөөдөр ч бас л аймаар халах нь дээ. Ойрдоо шатааж алах нь дээ. Чамтай хамт талх барьдаг тэр нөхөр хүн алаад мөчлөөд хаячихсан новш шүү дээ. Гяндан, онцгойгүй явсан хулгайч. “Хулгайчууд сайн нь сайн. Гэхдээ цаанаа л нэг ёозгүй” гэж үгтэй юм даа хэмээн ярьсаар тэр хоёр аж ахуйн хашаагаар орж ирэхэд нэг алаг морь түмпэнтэй талхны хог идэж зогсоно.
Талхны цехийн гадна гуч эргэм насны булиа эр метр хэртэй хөрөөдсөн хар модонд сүхээ зоогоод дээрээс нь төмөр бариултай том лантуугаар нүдэж голоор нь хувааж байлаа. Тэрээр тэвхгэр цээжтэй бөх байрын биетэй, царайг нь ч харахад жихүүдэс төрмөөр догшин дүртэй нэгэн ажээ.
Талхыг зөвхөн хар модоор галлаж барьдаг бөгөөд нүүрсээр талх баривал түүхийрэх учир зонд байгаа таван зуун хоригдлын идэх талхыг өглөө бүр ингэж метр хэрийн урт яртай хар модыг хагалж зуухаа галлахаар бэлддэг аж. Ийм урт, тийм бөх хар модыг голоор нь цуу татан хагалах гэдэг хэр баргийн хүний хийж чадах ажил биш учир залуугаараа Ширчин хагалж, хоригдол Даваа түүнтэй хамт мод хөрөөдөж бэлдэнэ. Даваа хагалсан модыг хамж тэврээд дотогш оруулж, асар том талх барих зуухны ам руу урт уртаар нь хийж галаа өрдөж байх үед гаднаас тэр хоригдол орж ирээд
- Новш гэж, төмрөөр ишилсэн сүх лантууны цохилт даахгүй дахиад хугарчихлаа. Энийг гагнах гэж бас нэг ажил гарлаа, пяздаа... гэснээ
- Даваа, гурилаа зуурч, хөрөнгөө эсгэ. Би галаа өрдөөд орхиё гээд тэвэрч орж ирсэн урт хар моднуудаа шалан дээр тавиад түрүүчээс нь зуух руу хийчихээд эргэж хянагчид дөхөж очоод ширээн дээрээс тамхи авч хянагчид сарвайлаа. Хянагч нэг тамхи авч зуугаад
- Гадуур жааны хулгайч аа гэж... Америк янжуур татаад л, айн. Чамд эргэж ирэх хүн гэж байдаггүй байх аа. Би л лав хоёр жил болоход чамайг эрка авч байхыг харсангүй.
- Байхгүй, байхгүй. Ээж маань гянданд байхад өнгөрчихсөн. Надад өөр хэн ч байхгүй гэж хариулав. Энэ үес хоригдол Даваа цээж нүцгэлээд толгойгоо цагаан даавуугаар ороож аваад хулдаасан хормогч зүүж, уртаашаа гурван метр модон онгоцонд шуудайтай гурил задлан хийгээд дээр нь ус нэмэн гурил зуурч эхлэв. Тэрээр хоёр гараа алдлан гурил тэвэрч сурмаг зуурах бөгөөд төдөлгүй зуухан дахь мод дүрэлзэн шатаж байж суухын аргагүй халуу төөнөөд ирэхэд хянагч:
- Паа, за халаад алж өгөх нь. За, за... Одоо бослогын хонх ч дуугарах боллоо гээд халуунаас зугтан ум хумгүй гарах үед тэртээ алсаас хонхны дуу жингэнэж, шоронгийн хэрмэн хашаан дотроос “Босоод, босоод!..” хэмээх журам сахиулагчийн хахир дуу хадаж, болдгоороо болдог шоронгийн өглөө эхэлж байлаа.
Даваа модон онгоцонд дүүрэн хийсэн хэдэн шуудай хуурай гурилыг хоёр гараа алдлан ихэд хүчлэн зуурахын сацуу галаа өрдөж зуухаа халааж буй нөгөө хоригдол руугаа хуурай гурил болчихсон сахлаа хөдөлгөн инээхэд өнөөх нь хүйтэн царайлан түүнийг харснаа
- Сайн зуурна шүү! Жаахан л хуурай гурил талхнаас гарвал чи сахилга шаана шүү. Шоронгийн дарга талх бүрийг шалга гэж тушаал буулгасан. Чи овоо л сурч байна. Гэхдээ сураад ирэхээрээ хулгайчууд еэвэндээд эхэлдэг юм шүү... гээд урт уртаар бэлдсэн хуурай модыг пийшингийн амаар гал руу түлхэж суув. Хамартаа бурзайх хөлсийг алгаараа ахин дахин шударна.
Даваа “еэвэндэх” гэдэг үгийг анхандаа ойлгодоггүй байсан ч модны шоронгийн хоригдлууд унагаасан модныхоо тоог нэмэхийн тулд өмнө унагаад тоолчихсон хуучин модны нэг ирмэгийг еэвэн шиг нимгэн огтолж хаяад шинээр унагасан мод хэмээн тоонд оруулдагаас үүдэлтэй үг гэдгийг мэдэж авчээ. “Еэвэндэх” гэдэг нь хуурч, ажил хийсэн болж харагдахыг хэлдэг шоронгийн этгээд хэллэг ажугу.
Тэрээр гурван жилийн чанга дэглэмтэй хорих ял аваад энэ шоронд ирээд зонд заалтгүй буюу ажилгүй байх үед Монгол Улс даяар “Анод банкны хэрэг” ид шуугиж байв. Дээрээс “Түүнийг хорлож ал!” гэсэн даалгаврыг архаг хуучин хоригдлуудын заримд өгчихсөн байсан гэх тул түүнийг араас нь дүрчих хоригдол нэгээр тогтохгүй байлаа.
Тэр ч бүү хэл нэг хоригдол түүнийг хатгах заавартай байснаа гэнэт няцаж, түүнд төмрийн хөрөөг ирлэж хийсэн хутгаа өгөөд “Таныг нэг л өдөр араас чинь ийм юмаар хатгана. Тэгэхээр тоонд суухдаа хамгийн ард сууж байгаарай. Бөөгнөрсөн хоригдлуудтай хамт байхдаа дандаа ард нь яв. Энэ хутга танд хэрэг болно” гээд түүнд өгсөн ч тэрээр хутгыг авсангүй.
Тэр цагаас эхлэн Даваа хоригдлуудын ард гарч жагсахыг хичээх болж, жорлон явахдаа ч бригад, журам, зөвлөл мэтэд хэлж, тэдний хараан дор бие засдаг байсан ч сүүлдээ энэ олон хоригдлоос л холдож байвал юу ч хийсэн яахав гэж бодох болжээ.
Шоронгийн хоригдлуудын даргыг “зөвлөл” гэнэ. Тэр нь зөвлөлийн дарга гэсэн үг бөгөөд яагаад зөвлөл гэдэг, ямар зөвлөл байдаг гэдгийг хэн ч үл мэднэ. Багануурын шоронгийн зөвлөл Буяа гэх биерхүү эр хүн амины хэргээр ял эдэлж байгаа гэнэ. Тэрээр анх малын хулгайчийг мал хулгайлж байхад нь барьж авчээ. Тэд нар гурвуул байсан учир түүнийг үл тоож, “Чи муу хэн бэ?” гээд зуурч авах үед Буяа хүчтэй том эр учир гурвуулантай зодолдож, нэгнийг нь сайтар балбахад нөгөө хоёр нь ум хумгүй цугтаж одсон аж. Тэгээд нэг хулгайчийг нь бариад цагдаад аваачиж өгсөн байна. Тэр нөхөр Буяад зодуулсан уурандаа цагдаа нар луу дайрсан ч цагдаа нар нэмж зодсон гэнэ. Гэвч сүүлд амь алдсан хүний хүүрэнд задлан шинжилгээ хийх үед цагдаа нарын зодуураас бус Буяа гэх этгээд үхэлд хүртэл зоджээ гэсэн дүгнэлт гараад хүн амины хэрэгтэй шоронд орсон нь тэр аж.
Давааг дөнгөж яллагдаад чангын чанга гэгдэх Багануурын хорих ангид ирэхэд зөвлөл Буяа түүнийг дуудаж уулзжээ.
- Би шоронгоор олон жил явахдаа чи тэрэнд туслаарай, энийг ч харж үзээрэй гэж хүмүүсийн захихыг бишгүй л сонсч явлаа. Гэтэл энд тэндээс бүр өөр шоронгоос хүртэл “Давааг ирэхээр алаад өгөөрэй. Дэглээд өгөөрэй” гэж захих юм. Улс төрийнхөн, бүлэглэлүүд бүр өөр шоронгийн овгорууд хүртэл үг дайгаад байхаар нь гайхаад байсан юм. Чи чинь улс төрийнхөн, хуулийнханы занаанд орчихсон Багануур, зөвлөл Буяагийн хамт хүн юм билээ шдээ гээд ширээн дээрээс сонин авч, энд чиний тухай гарчихаж гээд түүнд өгөв.
Даваа сонинг авч уншлаа. “Харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч нарт 122 тэрбум төгрөг, дөрвөн сая америк долларын хохирол учруулсан хэрэгт холбогдсон “Анод”-ын гэх дуулиант хэрэг 2008 оноос хойш шалгагдаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн шүүхээс ‘Анод’ банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын Газрын дарга Л.Уламбаяр, Зээлийн Газрын захирал Э.Оюунсүрэн, зээлдэгч Ж.Гантулга нарыг банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцжээ. Түүний зэрэгцээ Гүр-Аранз 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Л.Уламбаяртай хамтран банкнаас нэг тэрбум төгрөг завшиж, сурталчилгаандаа ашигласан нь тогтоогдсон байна. Д.Энхтөр хувийнхаа “Интерпэй” компаний түрээсийн төлбөрт банкнаасаа их хэмжээний мөнгө завшиж төлсөн нь ч тогтоогдсон аж. Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жил мөн чанга дэглэмтэй хориход ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн болно. Мөн 2009 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу тус бүрээс нь гурван жилийн ялыг нь хасч, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, нөгөө хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэх шүүхийн шийдвэр гаргасан болно” гэж бичсэн байхыг гүйлгэж уншаад
- Тийм байна. Гэхдээ надад анх хорин нэгэн мянган доллар завшсан гэж хилс хэрэг үүсгэсэн юм аа. Байцаагч гурав хоног хорьчихоод хорин нэгэн мянган доллар гэж нэг их сүрхий мөнгө идчихсэн юм шиг нүд нь орой дээрээ гарчихсан ирж билээ.
- Юун хорин нэгэн мянга юм? Чамд бол инээдмийн тоо биз дээ? Наана чинь бичсэнээр бол 122 тэрбум төгрөг, бас дөрвөн сая доллар гэж байна шүү дээ...
- Энэ тоо хамаагүй. Монгол банкнаас манай банкийг булааж аваад өөрсдийнх нь оруулж зувчуулсан мөнгөний тоо. Манай банкийг шалгана гээд битүүмжлэх үед манайд нэг алтны компанийн нягтлан хорин нэгэн мянган долларын хадгаламжтай байхгүй юү. Тэгээд тэрийгээ авая гэхээр чи Даваад ийм хэмжээний доллар өгсөн гээд биччих гээд өнөөх нь яахав дээ мөнгөө авах гээд тэгээд биччихсэн юм билээ.
- Тэгээд ердөө ийм хэргээр ялласан болж байна уу? Тэр банк чинь та нарын хувийн банк биз дээ. Нэг тэрбум төгрөгөөр сурталчилгаа хийлгэсэн ч гэх шиг. Өөрийнхөө мөнгөөр яах нь та нарын л хэрэг биз дээ?
- Үгүй, би анх хэлэхэд нь инээгээд ийм жижиг мөнгийг би зүгээр л банкнаасаа аваад өгчихнө шүү дээ. Манайх чинь Монголдоо дээрээсээ хоёрт ордог банк гэсэн чинь өнөөх байцаагч бүр мэл гайхаад байсан. Манай актив хэдэн тэрбум гэхэд юу ч ойлгоогүй шдээ. Ямар ч санхүүгийн ойлголтгүй ахлах дэслэгч л дээ.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцад тэр хорин нэгийг нь ч хэрэгсэхгүй болж, эцэстээ зүгээр л “үгсэн хуйвалдсан” гээд л ял өгчихсөн юм.
- Заа даа, энд ч хэрэг хийсэн хүн нэг ч байдаггүй газар юм байгаам даа. Бүгд л би хэрэг хийгээгүй гэдэг. Гэхдээ чи тэр Иргэний Хөдөлгөөний Нам гэдгийг байгуулж, төрд л тэрсэлсэн хүн юм билээ шүү дээ. Засгийн ордонг мориор бүсэлсэн ч гэх шиг... Тэгэхээр чи энд их л болгоомжтой байхгүй бол амьд гарахад хэцүү шүү. Энэ хоригдлуудтай аль болох бага ярьж бай. Ер нь хүнд сайн сонсч бай гэж үргэлж нээлттэй хоёр чих, бодолтой бага ярьж бай гэж нээж хаагддаг нэг ам заяасан юм шүү дээ! Чи яаж ч бие муудсан эмнэлэгт хэвтэж болохгүй. Шоронгийн эмнэлэгт бол чамайг хөнгөхөн цааш нь харуулна. Ямар тариа хийж байгааг чи яаж мэдэх юм? Хэн нэг нь даалгавар өгөхөд л дуусаа шдээ. Тэр Хууль Зүйн Яамнаас ч юм уу, Прокуророос ч юм уу, даалгавар авдаг нөхдүүд байдаг. Тэгэхээр чи ажилд гар. Энэ зонд ингэж заалтгүй хэвтэх дэмий. Тэгээд энэ заалтгүй зонд байгаа хулгайчууд дандаа новшнууд, бууны нохойнууд шүү дээ. Бууны нохой гэж нэг юм байдаг юм аа. Хэний бууны нохой гэдгийг чи ойлгож байгаа биз дээ? Төлөөлөгчдийн л нохойнууд шүү дээ. Чанга бол чанга шүү!.. хэмээн тэр хэлжээ.
Тэд шөнөжин ярилцаж, түүнийг хэн гэдгийг ойлгосон цагаас хойш зөвлөл Буяа Давааг хамгаалдаг болсон төдийгүй усанд ороход нь хүртэл хамгаалж, түүний нурууг угааж өгч байхыг хараад зэвүүцсэн нэгэн хоригдол зөвлөл Буяагийн араас төмрийн хөрөөг ирлэж хийсэн хутгаар гуя руу нь дүрчихсэн ажээ. Азаар, гол судас таараагүй учир хөнгөн шарх авч, тэр цагаас хойш Давааг бүр ч илүүгээр бусдаас хамгаалдаг нэгэн болж хувирчээ. Зөвлөлийн дарга гэдэг үнэхээр л өөрийн нэр хүнд, хүч чадлаар хоригдлуудын дундаас тодорч гардаг учир хоригдлууд ч Давааг алчих гээд байх нь арай хумигдаад иржээ.
Даваа шоронгийн даргатай уулзах хүсэлтээ бичиж хүргүүлээд хүлээж байтал нэг өдөр шоронгийн дарга түүнийг дуудуулав. Давааг хүрч очиход шоронгийн дарга маш ууртай сууж байлаа. Багануурын шорон тоосго хийдэг үйлдвэртэй бөгөөд тэр өдөр хоригдлууд их хэмжээний тоосгыг түүхийрүүлчихсэн байж. Тоосго шатаахад галыг нь ихдүүлбэл түлэгдчихдэг, галыг нь багадуулбал түүхийрчихдэг бөгөөд асар их тоосгыг түүхийрүүлж орхисон учир тэрээр маш ууртай утсаар ярьж, хараал урсгаж суухад Даваа орж иржээ. Тэрээр хөмхийгөө зуугаад түүн рүү харж,
- Чи яах гээд байгаам? Чамайг энэ шоронд ирснээс хойш шалгалт тасрахаа байчихлаа. Чамайг шоронгоо худалдаад авчихсан жаргаж байна гэсэн юм сонингуудаар бичигдээд прокурор, удирдах газраас шалгалт цуваад байх боллоо. Үнэн хэрэг дээрээ чиний идсэн мөнгөнд манай шоронгийн таван зуун хоригдлын хохироосон бүх мөнгийг нэмээд ч хүрэхгүй. Ямар лайгаар ийм хулгайч манайд хувиарлагддаг байнаа... хэмээн үглэх аж.
- Даргаа, би ажил хиймээр байна. Гэхдээ бүр биеийн хүчний ажил хийх хүсэлтэй байна хэмээн тэрээр эрс шийдэмгий хэлжээ. Шоронгийн дарга машид гайхан түүнийг дээрэнгүй хараад
- Чамд бол зүв зүгээр зонд хэвтээд байх жаргал баймаар юм. Чи тоосго хийж чадахгүй. Өмнөх хулгайчууд тоосгоо түүхийрүүлчихээд байхад... За яахав, тэгвэл чи талхчин бол. Гэхдээ бас аж ахуйн ачигчийг давхар хийнэ. Талх яахав үдээс өмнө дуусдаг ял. Үдээс хойш ачигч хийгээд нэг үзэж дээ. Халуун талханд гар чинь цэврүүтээд таван зуун ялтаны хоолны ачаанд нуруу чинь хотойгоод ирэхээр чи зонд түгжээтэй хэвтэх дээр гэдгийг ойлгох байлгүй... гээд их л хоржоонтой инээгээд түүнд ийм ажлын заалт гаргасан ажээ.
Ингээд тэрээр дотор зонд унтаад өглөө бүр гарч аж ахуйн хашаанд ажиллах болж, үдээс өмнө талх барьж, үдээс хойш нь хоолны мах, цувдай гурил тэргүүтнийг хадгалдаг хөлдүү зоориноос гал тогоо руу хүнсний зүйл ачих заалттай ялтан болов. Энэ бол борви бохисхийх чөлөөгүй өдрийг барах ажил. Өглөөд шатам халуун галтай зууралдаж талх бариад, үдээс хойш тасхийм хүйтэн зоориноос хөлдүү мах, цувдай ачиж гал тогоонд хүргэх тул ёстой л өглөөг халуун тамд, үдээс хойшхийг хүйтэн тамд өнгөрөөж, шөнө арван нэгэн цагт л ялаа тавьж дуусгаад зон руугаа орж унтдаг болжээ. Үдээс хойш хийх ажил бол хамгийн хэцүү нь байлаа. Зооринд байх хөлдөөгчид давхарлан хийж хоорондоо наалдсан цувдайг лоомоор гөжиж салгах нь маш хэцүү учир анх л нойтон цувдайг хооронд нь зай гарган хурааж лоомоор хөшихөд хялбар болгожээ.
Шоронгийн аж ахуйн дарга
- Чи дархан удамтай хүн гэсэн, албан хаагчдын талх хийхэд зориулан жижиг талхны 80 ширхэг стандарт хэв гөлмөн төмрөөр хийх үүрэг өгөв. Энэ мэт урдах ажлаа арайхийн давж байхад нэмэлт ажлаар шахах нь тэдний хувьд хэвийн явдал байв. Түүнийг хийх гэж гөлмөн төмөр хайчлан хэв хийх нь тийм ч амар ажил биш байлаа. Яалт ч үгүй хоёр гар цэврүүтэн бадайрч цуцан, бие сульдан сөхрөх үед Жанцанноровын Мандухай хатны аялгуу, Дашбалбарын “Тэнгэр шиг бай” найргийг чихэвчээр сонсоход бие чангаран сэтгэл сэргэн босож ирж шөнө орой ажлаа үргэлжлүүлдэг байв.
Тэрээр эхэндээ шантарч байсан ч “Үхвэл үхээ л биз, азгүй муу хог. Одоо тэгээд ч ээж минь үгүй болсон болохоор үхээд ээж дээрээ очсон ч дээр” хэмээн яс зааж, энэ ажилдаа улайран зүтгэсээр овоо гаршин ажил арай хөнгөрч хэдэн сар болжээ. Түүнийг хэрэгт орсоныг дуулаад ээж нь, багаасаа үхэлтэй тулаад амь гарсан хүүгээ “хаан” мэт энхрийлэн өсгөсөөр эрийн цээнд хүргэж, хүү нь ч өөрийн хүчээр ажиллаж, зүтгэсээр хувьдаа банктай болж дээшилсэнд баярлаж суусан ч гэнэт хэцүү мэдээ дуулаад цочролд орж, тэр өдрөө л усанд орж, биеэ цэвэрлээд хоолоо тас сойж хэвтсээр насан өөд болсныг Даваа ял авсанаасаа хойш хоёр сарын дараа л мэдсэн билээ.
...Өдрийн арван нэгэн цагийн үед Даваа талхны гурилаа зуурч, гөлмөн төмөр хэвэнд хийгээд байшин доторх том зуухны дээгүүр өрж хөөлгөхөөр амраагаад цээжээ даган урсах хөлсөө шудраад тэр алчуураа толгойдоо зангидлаа. Талхны цех яг энэ үед амьд хүн тэсэхийн аргагүй халах тул ялаа ч орж ирэхгүй. Ялаа ч шалзарч үхмээр халуун өрөөнд амь тэмцэн сэрүүцэхээр гарчээ. Түүнийг гадаа гарах үед бага үд болж байв. Нар дээр хөөрч, халуу шатаж эхэлсэн нь талхны цехэд нэрмээс болно. Гадаа агааргүй бүгчим ч гэлээ салхи зөөлөн сэвэлзэх тул зуухан дотроос ил гарах мэт сайхан.
Ширчин гэх өнөөх хоригдол ч хэдийнэ гараад хагалж хураасан модон дээрээ суугаад тамхи татаж байлаа.
- За арван минут гурилаа амраагаад зуухандаа хийхэд болох байх аа. Хөгшин нь жаахан сэрүүцчихээд гялалзуулнаа. Тэгээд л хөлдүү цувдай руугаа орно доо гээд инээхэд Ширчин түүнийг гөлрөн харж байснаа тамхиа сорж үлээгээд нүүрэндээ шавах ялааг үргээх зуур
- Чи өчигдөр нэг тогооны бариул шиг жижигхэн ном орхиод явжээ. “Евразийн түүхээс” гэнэ үү? Би урд шөнө жаахан харлаа. Хүннү гүрний үеийн тухай юм уу даа.
- Аан, тийм. Лев Гумилёв гэж Оросын алдартай эрдэмтний ном. Манай түүхчид Их Монгол Улсаас хойш мэддэг хэрнээ өмнөх үеийг нь сайн судлаагүй. Их Монголын өмнөх үе гэхээр шууд л Хүннү гүрэн гээд л үсэрчихдэг. Хүннүгээс хойш, Сянби, Нирун, Хөх Түрэгийн хаант улс гэж байгаад дараа нь Уйгар улсад бут цохиулаад, дараа нь Их Монгол Улсыг Чингис хаан байгуулсан юм шүү дээ. Нууц Товчоо гэж чи дуулсан биз дээ? Уйгарт ялагдсан цагаас хойших үеийн түүх тэнд бичсэн байгаа. Түүнээс өмнө Хүннү хүртэл мянга гаруй жилийн их түүх бий шүү дээ.
- Тийм үү? Мянган жил гэдэг мөн их ээ. Тэгээд тэр талаар судалгаа тийм муу байдаг юм уу? хэмээн гайхшран бодож хэсэг сууснаа
- Намайг гянданд байхад Элдэв-Очир гэж нэг лут хүн байсан юм. Монте Кристо гүн романыг цээжилчихсэн. Цээжээр шууд ярьдаг нөхөр байсансан. Гянданг даалгүй тэндээ чад хийчихсэн дээ, хөөрхий. Түүх мүүх янзын мэднэ. Гяндангийн нэг давхар тэр чигээрээ түүний цээжээр ярихыг орой бүр сонсдог байлаа. Радио шиг хүнгэсэн хоолойтой нөхөр байсан юм. Бас их сайхан дуулна. Орой болонгуут л Элдэв-Очирын ярихыг бүгд хүлээнэ шүү дээ. Янзын яринаа. Монте Кристо чинь шоронд ширээт ламаас их эрдэм сураад лам үхэхэд шуудайд нь орж, далайд хаяуулаад түүний хэлсэн эрдэнэсийг олж баян болдог тийм ээ?
- Тийм ээ. Сонгодог зохиол л доо... Монголын түүх бол агуу түүх шүү дээ. Бор, Батсайхан гэж хоёр түүхчийг би санхүүжүүлдэг байлаа даа... гээд тэрээр санаа алдав.
- Заа за, тэр түүх яахав, орж талхаа барья. Чи өдөр зон руу талх хүргэж өгнө биз. Энэ муу алаг морь хашин гэж яав аа. Дотор хулгайчууд талхаа хүлээж байгаа гээд тэд талхаа барихаар дотогш орцгоов. Төдөлгүй өрөөгөөр нэг талхны үнэр тарахад Даваа гартаа хоёр давхар хөвөнтэй бээлий хийгээд зуухнаас болсон талхнуудаа гаргаж эхлэв. Хэдийгээр хоёр давхар хөвөнтэй бээлий өмссөн ч халуун талх алга түлэм бөгөөд тэрээр хөлсөө ч арчих завгүй шуурхайлан нэг нэгээр нь талхнуудыг гарган гөлмөн төмрөөр бүрсэн ширээн дээр эгнүүлэн тавьж байлаа. Талх гаргах энэ үе хамгийн хэцүү мөч байдаг ч хийсэн ажлаа харах бас л сайхан. Том, том хар талхнуудыг зуухнаас гаргаж эгнүүлэн өрөх энэ үе бол эхний ялаа тавьж буй хэрэг бөгөөд үдээс хойш тэрээр тасхийм хүйтэн зооринд хөлдүү цувдайтай лоом барин ноцолдож гарна.
Нар чанх дээр хөөрч, аагим халуу шатаж арван хоёр цаг болжээ. Даваа хашин алаг моринд талхаа ачаад шоронгийн хашаа чиглэн морио хөтлөн хөдлөв. Тарган алаг морь дөрвөн хөл нь чичрэн төмөр тэргэнд ачсан талх, шуудайтай гурил тэргүүтнийг арай ядан дааж явна. Шоронгийн морь гэхээр ийм байдаг юм уу, нохой шиг хаздаг хачин ааштай энэ морьтой дасах гэж Даваа их удаан ноцолдсон. Талхаар л хооллодог болоод тэр үү, тарга тэвээрэг сайтай ч хэдэн арван шуудай гурил таван зуун хүний идэх талхыг өдөр бүр ингэж зөөхдөө хүч алдаж, дөрвөн мөч нь чичрэгнэнэ. Нэг удаа алаг морио сул тавих үед ойрхон идээшилж явсан азаргатай зодолдож, хүзүүнээс нь хазаад нам дарж, хоёр эзнээ баярлуулж байсан бөгөөд өдөр бүрийн хүнд ачаандаа зүдэрсэн адгуус уурсахаараа тэргээ ч хөмөрч орхидог учир Даваа эвийг нь олох гэж нэлээд зовсон байдаг.
Тэрээр хүнсээ морин тэргэндээ ачаад шоронгийн хэрмэн хашааны үүдэнд ирэх үед нэгэн автобус ирж зогсоод албаныхны дунд болох лекцэнд суухаар цагдаа нар бууж байлаа. Даваа ял өмдтэй, цээж нүцгэн, толгойдоо араб хүн шиг алчуур боочихсон морио хөтлөөд хөлсөө урсган ирж үүдэнд зогсоход түүнийг харсан цагдаа нар инээдмийн кино үзэж буй мэт дуу дуугаа авалцан хөхрөлдөж эхлэв.
- Паа, тэрнийг хараач ээ, яг араб. Тэр хууз сахлыг нь ээ гэлцэв.
- Манайд бас араб хоригдол байдаг байх нь. Монхойчихоод, сахал үс яг аа яг. Хөөе араб аа, чи ямар зүйл ангитай юм?
- Хөөш, энэ чинь “Анод” банкны эзэн Даваа байна шүү дээ.
- Тийм үү, “Анод”-ын Даваа тэгээд энэ юм гэж үү?
- Ха ха ха. Хувьдаа банктай байсан хулгайч ингээд явж байх гэж. Мөн байна шдээ. Ээ лагай гэж. Бас алаг морь хөтөлчихсөн, айн. Түүндээ бас талх аччихжээ. Ха ха ха.
Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор хулгайч шоргоолжны хоолыг зөөнөө гэж... хэмээн бүгд дуу дуугаа аван элэг нь хатчих шахан инээлдэх ажээ.