Урт хутгат Тулга, Улаан нүүрт Ми Еэ ба Урвагч долдой Фэн Шүйтэй хэлэлцсэн шастир аа!
Ми Еэ эхэлж хэлрүүн: Эртний нангиадын хаад мяндсан зургаан утаст эгшиглэнт пийпаа сонсож, хаш жүнзэнд дарс амталж, яруу найрагчдын уран шүлэгт уярч, ай мөн боловсролтой байв аа!
Ми Еэ эхэлж хэлрүүн: Эртний нангиадын хаад мяндсан зургаан утаст эгшиглэнт пийпаа сонсож, хаш жүнзэнд дарс амталж, яруу найрагчдын уран шүлэгт уярч, ай мөн боловсролтой байв аа!
Тулга хариу өгүүлэв: Эртний нүүдэлчин хаад адууны сүүл эрчилсэн хоёрхон утастай царгиа дуутай хууранд чоно улих мэт уртын дуу дуулахыг сонсож, үндсэн хуланд айраг ууж, үлгэр туульс сонсож явсан бөлгөө!
Ми Еэ хэлэв: Аяа, юутай бүдүүлэг, боловсролгүй! Эртний нангиадын хаад ботилж хураасан гурван улс, таван төрийн түүх уншиж, уран бичлэгээр цэнгэж, их суртлыг номлож байв, ай мөн ч боловсролтой яа!
Тулга хэлэв: Эртний нүүдэлчин хаад эцэг дээдсийн тухай мянган наст домог сонсож, элчийн аман дахь ёгт утгат үгсийг тайлж, хатуу чанга сэтгэлээр харц олноо захирч байсан нь үнэн!
Ми Еэ хэлэв: Хай юутай бүдүүлэг, боловсролгүй. Эртний хятад хаад бүжиг жүжгийг үзэсгэлэн болгож, ший янгууг үзмэр болгож, өндөр исэрт өлийж суув, аяа ямар боловсролтой!
Тулга хэлэв: Эртний нүүдэлчин хаад харвах намнахыг ид болгож, барилдах ноцолдохыг бах болгож явав.
МЭ хэлэв: Хай юутай бүдүүлэг, боловсонгүй вэ! Эртний хятадын татвар эмс бошинз, даашинз давхарлаж, оо энгэсгээр гоёод, зүймэл чулуун шалан дээр хулс зэгс мэт найган ганхаж явлаа, ай юутай боловсролтой!
Тулга хэлэв: Эртний нүүдэлчин хатад садарсан үсээ шууж, саадаг нум агсаад, өмд өмсөж, морь унаад хун галуу мэт ганганалдан инээлдэж, хулан тахь мэт цэнгэлдэж, дураар давхилдаж явлаа!
Ми Еэ хэлэв: Аяа яасан бүдүүлэг вэ? Эртний хятад жанжид Сүнзийн эрдэмд боловсорч, хээлсэн хуяг хэдрээд, сондорт дуулга асааж, зэвсгийн эрдэмд нэвтэрч, судрын утга тайлж байв, ай юутай боловсролтой!
Тулга өгүүлэв: Эртний нүүдэлчин жанжид хүйтний эх, жаврын хайрууд их ав хийж, хөдсөн дээлэндээ халууцаж, задгай галын дэргэд шинэхэн мах шорлож, шүүсийг савируулан амталж суув даа!
Ми Еэ өгүүлэв: Аяа юутай бүдүүлэг билээ? Эртний хятадын ордонд зааны ясан савхаар нарийн ногоо хавчиж, загас нугасыг амтлахад, гангар шаазангийн хээ алаглаж, түшлэгт олбогийн хоргой эрээлж байв, ай юутай боловсролтой!
Тулга хэлэв: Эртний нүүдэлчдийн хаадын гэрт цуглагчид урт хутгаар мах огтолж, том тагшаар архи тогтоож, хувцсаа ч хөнгөлөлгүй хөмөн дэвсгэр, ширмэл ширдэг дээр завилж суугаад хутгаар занган ярилцаж байв, хаан үл айна!
Ми Еэ өгүүлрүүн: Ай та нар юутай бүдүүлэг. Ертөнцийг дагуулагч атлаа танай эзэн ардаг догшин моринд мордоод, хулжсан зэрлэг хулан хөөж яваад дайруулснаас нөгчсөн гэнэ. Тэр их эзэн атлаа улсдаа юу ч бүтээсэнгүй, ай юутай бүдүүлэг! Харин манай Ертөнцийн дундадын хаад битүү сүйхэнд зүүрмэглэж, явдал зөөлөн, жороо хүний нуруунд дамнуулж, түмэн боолоор арчлуулж байв шүү!
Тулга хэлрүүн: Сүнзийн эрдэмт жанждыг чинь сүйрүүлж хядаад, чулуун хэрмийг чинь сэтэлж даваад, модон ордныг чинь галдаж, хив торгоор чинь ачаагаа татаж, хээнцэр хатдаар чинь хөлөө угаалгахын цагт танай хаан арчилж тарьса агч модноосоо торгоор дүүжилж үхсэн бус уу? Үхэх цагт юуны боловсон бэ?
Их эзэн Чингис хаан торго дурдан өмсөлгүй, цэргээсээ илүүг идэлгүй, дагуулсан ардаас ялгарахгүй, шүдний махаар хооллож, шүлсний усаар ундаалж даруухан эгэл явсан. Түүний илдэн дор Ертөнцийн тойгтон сөхөрч, толгойтон бөхийж байсан нь ёс жаягийнх биш яса хуулийнх байв аа. Тэр өнөөгийн Ертөнцийг үлдээжээ гэв.
Ми Еэ уурсаж нүд хялайж, нүүр мэнчийлгэн уурласанд Тулга нуруун дахь хутгаа тэмтрэн айлган, чиний боловсрол миний энэ хутганы хуй төдийг хээлж зурахад хүрнэ үү гэвэл ээрч түгдрэн муужрав.
Гэнэт нэгэн фэншүйгийн зурхайч босч ирээд: "Ай, Ми Еэ арван зоос өгвөл араас нь хутгалъя, хорин янчаан өгвөл хойноос нь шаая" гэж бахирав.
Тулга босч их дуугаар хэлэв: Чулуун ордонд, чийгтэж хөөгөөд, хоцрогдсон эрдмээ боловсрол гэж, хоосон хавтсаа эрдэм гэж, бусдаас илүү гэж өөрийгөө магтуулж, бялдууч шунагийг мөнгөөр хөлсөлж, ард монголоо шороотой төмс мэт харж, авилгач түшмэлээ угаасан манжин мэт арчилж, зузаан хивсийг хатуу гэж, суусан тэргээ хямдхан гэж хялалзаж сууна уу? Ясанд чинь сууж, цусанд шингэсэн ямба ёс чинь тэр л биз...
Ардынхаа дунд алаг дээлээ бүслээд, түмнийхээ дунд эрээлхэж нэрэлхэлгүй яваа нь ялах ёстой юм бол бидний цөөхөн чоно мэт, чиний олон хонь мэт болох болтугай!
Улс орныг минь хямрааж, ухаж зөөж зарсан, унхиагүй муугаа боловсрол гэж, урт гараа ариун гэж байгаа бол чулуун ордноос нь гаргаж, зөөлөн суудлаас чинь шилжүүлье! Эргэж биднийг доромжлох харь худал боловсролыг нь боловсролгүй бүдүүлэг Монгол тоотон бид хөлсөөрөө төлж, хүчээрээ тэтгэж эзэмшүүлдэг юм бол одоо больё! Ухаанаараа дутсандаа, удмаараа гологдсондоо бид ингэж яваа юм биш шүү! гэвэй...
Жич: Үргэлжлэлийг нь харин бичээрэй Монголчууд аа! Цэгийг нь сонгуулийн өдөр тавьчихна биз ээ...