Их хөлгөний буддизм (6р хэсэг)
Цагаан лянхуа сударт “1 хөлгөний үзэл”-тэй зэрэгцээд өөр нэг чухал түлхүүр үг илэрхийлэгдсэн байдаг. Тэр бол судрын сүүл хагаст гарах “Үүрдийн будда” хэмээх сургаал. Үүрдийн будда гэдгийг ганц үгээр тайлбарлавал “Шагжамүни багш үүрдийн өнгөрснөөс гэгээрэлд хүрсэн буддагийн хувиар оршдог бөгөөд, үнэндээ үхэлгүй үүрд бидний эргэн тойронд оршин байдаг” гэсэн санаа юм.
Өмнөх хэсгийг эндээс уншина уу.
Ерөөсөө л судрын хүчинд итгэ
Сурагч: Саяын ярианаас Цагаан лянхуа судар дахь Нэг хөлгөн гэх санааны талаар өөрийнхөө хэмжээнд ойлгох шиг боллоо. Гэхдээ нэг асуулт байна. Цагаан лянхуа сударт биднийг будда болохын тулд яг ямар даяанчлал хийх хэрэгтэй гэж сургадаг юм бэ? |
Багш: Буддад хүрэх даяанчлал нь үндсэндээ Билиг барамидын судартай адилхан буюу хүний хувиар сайн зүйл (буян) үйлдэн хураавал алсдаа будда болно гэж сургадаг. Цагаан лянхуа сударт буян дотроо ялангуяа чухалчилсан нь Суварга тахих. Суварга гэдэг нь Буддагийн бие цогцосыг шүтээн болгон агуулдаг байгууламж тул, “Шагжамүни буддагийн бие цогцосыг тахин шүтэх нь бодьсадвын хувиар үйлдэж болох хамгийн дээд буян болно” гэж Цагаан лянхуа сударт сургажээ. Гэвч “Суварга тахих нь чухал” гэж бичигдсэн нь зөвхөн эхний хагаст гардаг бөгөөд, сүүл хагас руу ороод ирэхээр яриа өөр болно. Сүүл хагаст нь “Суварга тахихаас илүүтэй, Цагаан лянхуа судрыг өөрийг нь дээдлэн тахих нь буддад хүрэх чухам дээд буян болно” гэсэн мөр гарч ирдэг. Энэ хавь Билиг барамидын судартай төстэй. Билиг барамидын судар ч бас эхэндээ будда болохын тулд буян үйлдэх нь чухал гэж сургаж байснаа “Судрыг уншиж, хуулан бичвэл буддад хүрэх хүч болно” хэмээн чиглэл нь өөрчлөгдөөд явдаг шүү дээ. Цагаан лянхуа судар ч бас адилхан, эцэстээ сударт өөрт нь хүч буй бөгөөд, түүнийг тахин дээдлэх нь чухам буддад хүрэх хамгийн дөт зам хэмээн номлоод ирдэг. |
Сурагч: Явсаар байгаад сүүлдээ “Судрыг тахин шүт” гэдэг дээр очиж зогссон юм байжээ? Тийм бол Цагаан лянхуа судар нь Билиг барамидын судрын санааг тэр чигээр нь дуурайчихсан юм байна, тийм үү? |
Багш: Магадгүй, анх Цагаан лянхуа судрыг зохиосон хүн сударт өөрт нь хүч бий гэж бодоогүй байсан байх. Харин хожмын хүмүүс Цагаан лянхуа судрыг түгээн дэлгэрүүлэх гэсэндээ “Судрыг тахин шүт” гэдэг хурдасгагч (booster) шинээр суулгаж өгсөн болов уу гэж бодож байна. Билиг барамидын судрын адилаар, сударт өөрт нь хүч байгаад судрыг өөрийг нь тахихаар дээд буян болдог юм гэвэл, судар маань дахин дахин хуулан бичигдсээр түгэн дэлгэрэх нь тодорхой. Сургаалаа түгээн тараах зорилготой хүмүүсийн хувьд, суварга тахихыг уриалж байснаас хамаагүй үр дүнтэй байж таарна. Ийнхүү Цагаан лянхуа судар ч, Билиг барамидын судар ч өөртөө увдистай хэмээн адилхан тунгаасан боловч, үнэндээ Цагаан лянхуа судрын хувьд Билиг барамидын судраас ч илүүтэй өөрийн оршихуйгаа үнэмлэхүй болгон товойлгосон байдаг. Өмнөх хичээлд тайлбарласан Билиг барамидын судар дахь “Хоосон чанар”-ын ухагдахууныг санаж байна уу? |
Сурагч: Сансрын хүрд дотор л хэрэглэгддэг гэж боддог байсан “үйлийн инерги”-ийг буддад хүрэхийн төлөө ч ашиглаж болдог механизм байдаг, тэр нь үйлийн үрийн хуулийн ард нуугдаж байдаг, тэрийг хоосон чанар гэдэг гэж Билиг барамидын сударт гардаг байх аа? |
Багш: Тийм тийм. Хоосон чанар гэдэг механизм байдаг учраас л сахил хүртэн даяанчлахгүй байсан ч хэн бүхэн буддад хүрэх замаар замнах боломжтой гэдэг утгаараа хоосон чанар нь их хөлгөний буддизм дахь нэн чухал ухагдахуун болдог учиртай. Гэтэл Цагаан лянхуа сударт хачирхалтайгаар хоосон чанар гэдэг түлхүүр үг төдийлөн гарч ирдэггүй. |
Сурагч: Цагаан лянхуа судар хоосон чанарын ухагдахууныг чухалчилж үзээгүй болон, судраа үнэмлэхүй хүчтэй хэмээн товойлгосон хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? |
Багш: Цагаан лянхуа судар нь судар дахь өөрийн хүч увдисаа үнэмлэхүй зүйл, учир шалтгаанаас ангид хачин жигтэй эд хэмээн тодорхойлсноор хоосон чанарын ухагдахууныг даван гарсан байдаг. “Элдэв долоон юм бодож тунгаалгүй зүгээр л энэ сударт итгэх юм бол энэ хорвоогийн бүхий л асуудал шийдэгдэнэ. Энэ судрыг амандаа уншиж явах нь буддаг зорих бодьсадвын зам мөр мөн” гэж номложээ. Мэдээж хэрэг ингэж сургасны үр дүнд “Үнэмлэхүй хүч увдис Цагаан лянхуа сударт байдаг юм бол, тэр нь энэ насны явдалд ч ашиг тустай байх учиртай. Сударт тахин мөргөвөл өвчин ч эдгэнэ, баян ч болно.” гэх зэргээр тайлбарлах болсон байна. Үнэхээр ч Цагаан лянхуа судар дотор “Цагаан лянхуа судрыг уншиж, бичиж, бусдад номлосон хүн нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл үлэмж төгөлдөр болно” хэмээн энэ насны ашиг тусыг ч бас ил тод бичсэн байдаг. |
Сурагч: Өө заа за. Цагаан лянхуа судрыг тахин мөргөвөл гэгээрлийг олж будда болоод зогсохгүй, өвчин ч эдгэж үзэсгэлэн төгөлдөр ч болно. Ёстой юунд ч таардаг эм юм биз дээ? Энэ насны явдалд ч тустай нь талархмаар л юм. Гэхдээ ингээд хэлчхээр арай л цагаандаа гарсан худал биш үү? |
Багш: Цагаан лянхуа судрын үнэмлэхүй сургаалд эргэлзэх хүмүүс цөөнгүй. Японы Эдо цагийн эрдэмтэн Ацүтанэ “Цагаан лянхуа судар бол эмийн сангаас эм авах гэж яваад, эмийг нь мартаад тайлбарыг бариад ирсэн аятай зүйл юм. Юу хийх яах тухай огт ярьдаггүй хэрнээ, судрын мундаг сайныг баахан магтан дуулснаас цаашгүй агуулгатай” хэмээн хатуу шүүмжилсэн байдаг. Судрыг бүхэлд нь уншвал “Энийг ингэж ингэж үйлд” гэсэн зүйл төдийлөн үгүй, “Энэ судар бол үнэхээр гайхалтай талархмаар судар” гэсэн өгүүлбэр хаа сайгүй байдаг нь үнэн факт л даа. Гэхдээ, зөвхөн тэрийг нь тасдаж гаргаад шүүмжлэх нь зөв байх албагүй. Яагаад гэвэл Цагаан лянхуа сударт “Судрыг тахин шүт” гэж хэлсний цаана “Цагаан лянхуа судрын нууц далдын увдист итгэж, өөрийгөө бодьсадва болохыг ухамсарла!” гэсэн гэгээрлийг зорих үзэл тод илэрхийлэгдсэн байдаг. Бодит байдал дээр Цагаан лянуа судрыг тахигчид дунд, Цагаан лянхуа судрыг түгээн дэлгэрүүлэх нь бодьсадва хүний үндсэн ажил (даалгавар) гэж үзэх хүмүүс олон байдаг. Цагаан лянхуа сударт дүрслэгдэх ертөнц энэ хорвоод биелэлээ олох нь тэдний хамгийн том зорилго болохоор тэр. Мөн энэхүү Цагаан лянхуа судрыг тахигчид судраа түгээх гэж мэрийдэг тал нь бас нэгэн шүүмжлэлийн шалтгаан болдог. Шашинд ямар ч дур сонирхолгүй хүмүүст тээртэй яриа байтал, Цагаан лянхуа судар дахь сургаал талаас нь харвал тэгж бусдыг улайран уриалах нь зөв үйл болно. Цагаан лянхуа сударт “Бусдад адлагдаж буй тэр нөхцөл байдал л чухам Цагаан лянхуа судрын үнэн зөвийг гэрчилнэ” гэж бичсэн байдаг. Бодит үнэнийг номлож буй судар мунхаг жир хүмүүсийн сонорт залхмаар тээртэй санагдах тул адлагдах нигуртай гэж буй учиртай. |
Сурагч: Нэг ёсондоо, бусдад адлагдаж, бусдад тээршээгдэх нь Цагаан лянхуа судрыг тахигчдын хувьд нэг төрлийн буян болно гэсэн үг үү? |
Багш: Тийм ээ. Тэдний хувьд “Сударт бичигдсэн сургаалыг дагаж байна” гэсэн хатуу итгэл үнэмшил бий тул, элдэв шүүмж буруушаалт төдийлөн асуудал болохгүй. Ойр тойрны хүмүүс яаж ч муулж доромжиллоо гээд “Яаж ийгээд эдгээр хүмүүсийг аваръя” гэсэн чин эрмэлзлийг сэтгэлийнхээ гүнд тээж явах нь Цагаан лянхуа судрын дүрслэх ертөнц болохоор тэр юм. |
Үхэж жүжиглэсэн Шагжамүни багш
Багш: Бага зэрэг яриа маань хадуурчихлаа. Гол яриандаа буцаж оръё. Цагаан лянхуа сударт “1 хөлгөний үзэл”-тэй зэрэгцээд өөр нэг чухал түлхүүр үг илэрхийлэгдсэн байдаг. Тэр бол судрын сүүл хагаст гарах “Үүрдийн будда” хэмээх сургаал. Үүрдийн будда гэдгийг ганц үгээр тайлбарлавал “Шагжамүни багш үүрдийн өнгөрснөөс гэгээрэлд хүрсэн буддагийн хувиар оршдог бөгөөд, үнэндээ үхэлгүй үүрд бидний эргэн тойронд оршин байдаг” гэсэн санаа юм. |
Сурагч: Шагжамүни багш одоо ч амьд байгаа гэнэ ээ? 35 насандаа бодь модны дор гэгээрлийг олоод, олон шавь нартаа сургаалаа номлосоор 80 насандаа насан эцэслэсэн биш билүү? |
Багш: Энэ ч бас тайлбарлахад ярвигтай яриа л даа. Юу гэвэл, судрын эхний хагаст Шагжамүни багшийг насан эцэслэсэн гэж гардаг. “Шагжамүни багш нэгэнт энэ хорвоод үгүй боловч Цагаан лянхуа судар түүнийг орлож, та бүгдийн бодьсадва болохыг батлан даах учир санаа амар байна уу” маягийн утгатай яриа эхний хагаст бичигдсэн байдаг тул, Цагаан лянхуа сударт анхандаа Шагжамүни багшийг нас барсан гэж үзэж байсан нь харагдана. Тэгтэл сүүлийн хагас болоод иртэл “Будда гэгээрэлд хүрсний хойно хязгааргүй насыг олж, жанч халалгүй (үхэлгүй) сургаалаа айлдана. Будда гэдэг бол орон цагийг давсан үүрдийн оршихуй бөгөөд, ямар ч газар аль ч цаг үед залран ирж хүмүүсийг аварч чадна” гэсэн яриа Шагжамүни багшийн өөрийн амаар өгүүлэгддэг. Тэгэхээр Шагжамүни багш үхээгүй гэсэн үг болж байгаа биз? |
Сурагч: Тэгээд нэг ёсондоо Шагжамүни багш үүрдийн амьтай болсон хэрнээ шавь нарынхаа өмнө үхэж жүжиглэсэн болж таарч байна уу? |
Багш: Тийм ээ. Цаашлаад сүүл хагаст Шагжамүни багш “Олны дунд намайг элдэв сударт бичсэн шиг амьдралаар амьдраад гэгээрэлд хүрсэн гэж боддог ч, үнэндээ тийм бус. Үнэндээ бол би та нарын төсөөлөл ч хүрэхгүй эрт цагт бодьсадвын замаар замнаж будда болоод, түүнээс хойш тасралтгүй хүний ертөнцөд (саха буюу энэ ертөнц) номоо номлон олон түмнийг сургаж ирсэн юм” хэмээн өөрийгөө илчилж өгүүлдэг. |
Сурагч: Тэгэхээр тэгвэл, Шагжамүни багш бодь модны дор гэгээрлийг олсон гэх нь ч бас зүгээр л үзүүлэн тоглолт байсан болж таарах нь ээ? Яагаад тийм яршигтай илүү жүжиглэлт хийхгүй бол болохгүй байсан юм бол оо? |
Багш: Үүнийхээ шалтгааныг Шагжамүни багш ингэж тайлбарласан байдаг: “Би энэ ертөнцөд гарч ирэн гэгээрлийг олж буй төрхөө үзүүлсэн нь, бодитоор авралын арга зам буй болохыг харуулах гэсэндээ юм. Мөн хэрэг болгож үхэж жүжиглэсэн нь, намайг үргэлж дэргэд нь байна гэдгийг хүмүүс мэдчихвэл санаа нь амраад даяанчлахаас залхууран хойргошоох вий гэж санасандаа тэр юм.” Энэ ч бас Билиг барамидын судрыг даван гарах гэсэн хожмын хүмүүсийн амбиц шургалснаар нэмж бичигдсэн зүйл болов уу. Сая ярьсанчлан Цагаан лянхуа сударт эхэндээ “Шагжамүни багш үгүй болсны хойно энэхүү судар буддаг орлох болно” гэж үзэж байсан боловч, тэгэх нь Билиг барамидын судартай давхцах тул, өөрөөр хэлбэл Билиг барамидын судар дахь номын лагшин (номонд хувилсан будда) гэх санаатай адилхан болж орхих тул Билиг барамидын судрыг давсан болохгүй. Тиймээс “Үүрдийн будда” гэх санааг шинээр оруулж ирсэн учиртай. Будда үхээгүй, үргэлж энэ ертөнцөд оршсоор бий гэж үзэх юм бол, бид бүхэн хэзээ дуртай үедээ буддад мөргөх боломжтой болно. Их хөлгөний буддизмд “Буддаг тахин шүтэх нь хамгийн дээд буян мөн” гэж номлодог тул, буддатай хэзээ ч уулзах боломжтой болчих юм бол тэр хэрээр өөрөө будда болоход хурдан болно. Өмнөх машины зүйрлэлээр хэлэх юм бол, Цагаан лянхуа судар болон Билиг барамидын судар нь нэг загварын мотортой боловч, “Үүрдийн будда” гэдэг шинэ санаа нэмж шигтгэж өгснөөр Цагаан лянхуа судрын моторт хурдасгагч (booster) нэмж суулгаж өгчээ гэж зүйрлүүлж бас болох юм. |
Ил хөлгөний буддизм “нэмж баяжуулагдсаар” хэлбэржсэн
Сурагч: Илүү хурдан гэгээрэхийн тулд яах вэ гэдэг хандлага руу судрууд чиглэн хөгжсөн нь нэг бодлын муу зүйл биш л байх. Гэхдээ Цагаан лянхуа судар Билиг барамидын судрыг давах гэж байна гээд Шагжамүни багшийн оргиналь сургаалаас хамаагүй хадуураад явчихав уу гэж санагдлаа. |
Багш: Тийм нь тийм. Номын хүрд эргүүлэхүйг сольж бичиж, дээр нь Шагжамүни багшийг үхдэггүй үүрдийн оршихуй болгон залсан зэрэг нь оргиналь сургаалаас чанх эсрэг шахуу сургаал болж орхисон. Гэхдээ шинээр зохиогдох судрууд оргинал сургаалаас улам бүр алсран холдох нь нэгэн бодлын жам ёсны аргагүй явдал ч гэж санагдана. Японы Эдо цагийн эрдэмтэн Томинага энэхүү судруудын үүсэлд анхаарлаа хандуулж “Баяжуулалтын онол” гэх санааг гаргаж тавьсан байдаг. “Бүхий л үзэл санаа хийгээд шашнууд нь өмнө байсан юмаа даван гарахыг хичээхдээ улам нэмж баяжуулагдаад явдаг” гэж тунгаасан нь Томинагагийн баяжуулалтын онол юм. Энэ онол дээрээ суурилаад тэрээр “Их хөлгөний буддизм бол Шагжамүни багшийн өөрийн сургаал бус хойчийн хүмүүсийн зохиосон эд” гэх тайлбарыг мөрдөн гаргасан байдаг тул, Японы буддын ертөнцөд төдийлөн дэмжлэг аваагүй байдаг. Гэхдээ бүхий л зүйлд маш рационаллаг арга барилаар хандсан гэдэг утгаараа Томинага улам үнэлэгдэх гавьяатай судлаач гэж надад санагддаг юм. |
Сурагч: Бүхнийг рационаллагаар авч үзсэнээр Томинага буддизмыг бүхэлд нь үгүйсгэсэн гэсэн үг үү? |
Багш: Үгүй үгүй. Томинага хэрхэвч Шагжамүни багш хийгээд буддын сургаалыг үгүйсгэсэн юм биш. Шагжамүни багшийг бодит түүхэн хүн байсан болохыг, түүний оргиналь сургаалыг ч бас хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Томинагаг “Их хөлгөнийг үгүйсгэсэн” гэдгээр нь дөвийлгөн харах нь түгээмэл боловч, түүний хамгийн гол гавьяа нь судалгааных нь арга барилд байгаа юм. Тухайн цаг үед идеологи (үзэл суртал) дээр суурилж, идеологио нотлох зорилгоор аливаад хандах нь илэрхий түгээмэл явдал байсан атал, Томинагагийн хандлага нь тэрнээс тэс өөр байж. Өөрийнхөө суурь мэдлэг, үзэл бодол зэргээ хойш нь тавиад болсон үзэгдлийг байгаагаар нь тэмдэглэн тайлбарлах нь түүний арга барил байсан. Томинага буддын судруудыг судлах үедээ ч, хэн нэгний ямар нэг зорилгоор бичсэн зүйлийг тэр зорилгод нь дөрлөгдөн унших бус, “Бодит үнэн түүхийн ард нуугдаж буй” хэмээн сэтгэж, асар олон буддын судруудыг хянуур гэгч нь уншиж судалсан байдаг. Тэгээд үр дүнд нь хүрч очсон нь түүний “Баяжуулалтын онол” байсан юм. Ийм байр суурьнаас аливаад хандах нь судлаач хүний үндсэн арга барил байх учиртай. Жишээ нь энэ удаагийн Цагаан лянхуа судрын хувьд ч бас, бүхэлд нь гүйлгээд уншаад байх юм бол янз бүрийн хүмүүсийн элдэв санаа шургалсан зүйлээс сургаалынх нь мөн чанарыг олж харж чадахгүй. Түүхэн талаасаа аль хэсэг нь эхэнд бичигдсэн болохыг эхлээд анхаарч, тэр нь яагаад бичигдсэн болохыг цаг үеийнх нь түүхтэй холбон тунгаах. Ийм процедураар дамжуулж байж уншвал өдийг хүртэл харагдаагүй байсан тэр зүйл сая тодрон ил гарна гэж би боддог юм. |
Сурагч: Наадах чинь судлаач хүний зөв арга барил гэдгийг ойлгох нь ойлголоо. Гэхдээ тэгж нарийвчлан судлаад явах юм бол эцэстээ Шагжамүнийн буддизм л түүхэн үнэн болж үлдээд, Билиг барамидын судар ч юм уу Цагаан лянхуа судрууд бүгдээрээ зохиомол худлаа зүйл болчих юм биш үү? |
Багш: Энэ хичээлийн эхэнд хэлсэнчлэн, би аль судар нь зөв аль нь буруу тухай хэлэлцэх санаа огтоос агуулаагүй. Эдгээр судруудын ачаар аврагдсан хүн ганц ч атугай байвал тэр нь тэндээ зөв сургаал болж таарна. Ялангуяа Цагаан лянхуа сударт гардаг шигээр “Хэнд ч хүлээн зөвшөөрөгдөхгүй, хэн бүхэнд адлагдан буруушаагдаж буй тэр байдал л чухам бодьсадвын зөв төрх” гэж номлосон учир, үнэхээр тэр мэт хүнд хэцүү нөхцөлд буй хүмүүсийн сэтгэлд том түшиг тулгуур болж өгсөн нь лавтай. Мөн Цагаан лянхуа судрыг зүгээр л амандаа уншаад байхад элдэв зовлон бүхнээс ангижрана гэсэн номлол өвчтэй ядуу зовж зүдэрсэн олон хүмүүсийг маргаашийнх нь гэрэл гэгээтэй холбож өгсөн биз. Цагаан лянхуа сударт бидний нийгмийг өөрчлөх хүч бий гэж итгэсэн учраас л өдийг хүртэл олон хүмүүс тахин шүтэж ирсэн байж таарна. Нарийн шүүж харвал Цагаан лянхуа судар нь нэгэнт Шагжамүни багшийн сургаал гэхээсээ илүү Цагаан лянхуан сургаал гэсэн бие даасан өөр зүйл болж хувирсан ч гэлээ, Шагжамүни багшийн сургаалаас холдон салаалсны ачаар эсрэгээрээ төдийг хүртэл аврагдах боломжгүй байсан хүмүүсийг аварч чадсан гэж тунгаавал, тэр нь нэг талын эерэг шинэчлэлт болжээ гэж үзэх үндэстэй. Тэрийг нь хүчээр Шагжамүнийн сургаалд нийцүүлэн тайлбарлая гэвэл янз бүрийн логикийн асуудлууд үүсч, харин ч улам уг судрын маань үнэ цэнэ дордох байсан биз ээ. |
Үргэлжлэлийн эндээс уншина уу.
Зочин
Зочин
Onom