Их хөлгөний буддизм (5р хэсэг)
Өнөөдрийн лекцээр Билиг барамидын судар төрснөөс хойш ойролцоогоор 50 – 150 жилийн дараа хойд Энэтхэгт бүтээгдсэн гэгддэг Цагаан лянхуа судрыг тайлбарлан ярилцъя.
Өмнөх - Их хөлгөний буддизм (4р хэсэг)
3. Үүрдийн будда – Цагаан лянхуа судар
Бүх судрын хаан
Багш: Өнөөдрийн лекцээр Билиг барамидын судар төрснөөс хойш ойролцоогоор 50 – 150 жилийн дараа хойд Энэтхэгт бүтээгдсэн гэгддэг Цагаан лянхуа судрыг тайлбарлан ярилцъя. Цагаан лянхуа судар нь Билиг барамидын судар дахь сургаалын загварыг шинэчилсэн, Билиг барамидын судрын сайжруулсан загвар гэж хэлэхүйц судар юм. Энэ судрыг “Бүх судрын хаан” хэмээн оройн дээдэд залж, их хөлгөний буддизмын олон олон урсгалууд онцгойлон тахьдаг. |
Сурагч: Яагаад өч дөчнөөн судрууд дотроос энэ судрыг “Бүх судрын хаан” гэдэг юм бол? |
Багш: Үүний учрыг тайлбарлахын тулд, эхлээд Энэтхэгээс Хятад руу буддизм дамжин тархсан процессыг ярьж өгөх нь зүйтэй болов уу. Буддизм Хятадад орж ирсэн нь Торгоны зам нээгдсэн 1 – 2-р зууны үе бөгөөд, Шагжамүнийн буддизм үүссэнээс хойш 500 – 600 жилийн дараах явдал юм. Тэр хооронд шагжамүнийн буддизм нь өмнө тийш Шри-Ланка хүртэл дэлгэрсэн бол, умар тийшээгээ Торгоны зам нээгдэхийг хүлээх мэт хил тулан зогссоор байж. Тэгээд Торгоны зам нээгдэхэд, тэр үеэр аль хэдийнэ Энэтхэгт их хөлгөний буддизм үүсчихсэн байсан тул, Хятадад шагжамүнийн буддизм болон их хөлгөний буддизм гэх шинэ хуучин 2 төрлийн буддизм нэгэн зэрэг урсан орж иржээ. Үүнд хятад хүмүүс гайхаж орхиж. Тэр нь ч аргагүй биз. Ижилхэн биддизм гэдэг нэрэн дор тэс өөр зүйлс бичигдсэн судрууд хойно хойноосоо орж ирээд, тэр бүр нь “Чухам энэ л Шагжамүни багшийн үнэн сургаал мөн” гэж өөрийгөө дөвийлгөөд байхаар, ямар учиртай юм бол гээд баахан толгой нь эргэсэн шиг байгаа юм. Ингээд хэдэн 100 жил үргэлжилсэн будилаант цаг үеийн эцэст хятад хүмүүс шагжамүнийн буддизмыг бус их хөлгөний буддизмыг Шагжамүни багшийн жинхэнэ сургаал хэмээн чухалчлах болж. Учир нь шагжамүнийн буддизм нь эхнээсээ дуустал учир жанцантай товхийсэн эд боловч, айхтар чанд хатуу сургаал тул нийт масст тохирсонгүй. Мөн эхний лекцээр ярьсанчлан, сүүлд дэлгэрсэн их хөлгөний буддизм нь өмнөх үеийн шагжамүнийн буддизмыг дорд үзсэн байдлаар сургаалаа номлодог байсан болохоор, түүхийн өрнөлийг мэдэхгүйгээр унших юм бол их хөлгөний буддизм л чухам шагжамүнийн сургаал юм байна гэж санагдах нь аргагүй биз. Тэгвэл яагаад их хөлгөний буддизм дотроо Цагаан лянхуа судар нь онцгой гайхалтай гэж дээдлэгдсэн юм бол? Үүн дээр гарч ирэх нь Хятадын анхны буддын шашны урсгал болох Тяньтай шашныг үндэслэгч Чжи И ламтан юм. Тэрээр Билиг барамидын судар, Цагаан лянхуа судраас гадна Аватамсака судар, Вималакирти судар, Цогц судар зэрэг олон олон судруудыг судалж ангилаад, үүн дотроо Цагаан лянхуа судар л Шагжамүни багшийн жинхэнэ хэлэхийг хүссэн, хамгийн дээд сургаал мөн гэж үзсэн байна. Яагаад тэгсэн гэхээр, Цагаан лянхуа сударт “Хэн бүхэн будда болж чадна” гэх сургаалыг хүчтэй номлосон байдаг. Судрын агуулгын талаар цаашид дэлгэрүүлэн ярилцах боловч, ямартай ч Чжи И багшийн энэ үзэл азийн олон газар, цаашлаад Солонгосын хойгоор дамжин Японд хүртэл дэлгэрчээ. |
Бүх хүнийг эн тэнцүү аврагч “1 хөлгөний үзэл”
Багш: Цагаан лянхуа судрыг санскрит хэлэнд Саддарма Пундарика Сутра гэх буюу утгачилбал Үнэн сургаал цагаан лянхуа нэрт их хөлгөн судар гэж бууна. Эх хувь болох санскрит хэлнээс авхуулаад төвөд, уйгур, монгол, солонгос, ханз гээд олон янзын орчуулга азийн газар бүр тархан дамжигдсан байдаг. Ханз хувилбар гэхэд л бүрэн бүтнээрээ байгаа 3 янзын орчуулга байдаг ба, Японд Кумаражива гэх ламын орчуулсан хувилбар хамгийн өргөн дэлгэрчээ. Тэр хувилбар нь 28 бүлгээс бүрдэнэ. Бүхлээр нь уншвал, эхний хагас болон сүүл хагас дахь сургаалын агуулга харилцан өөр байх ч юм уу, зөвхөн нэг хэсэгт нь л дурьдагдаад өнгөрөх сургаал байх зэргээр, судрын аль хэсгийг чухалчлан авч үзэхээс хамаараад олон янзаар тайлбарлагдаж болохуйц байдал нь жаахан ярвигтай. Үүнээс нь болж Японд олон ч урсгалууд үүсэн салаалсан байдаг. |
Сурагч: Судар гэдэг чинь уул шугамандаа бол бүхлээрээ нэг цогц сургаал номлосон зүйл байх учиртай биз дээ? Тийм байтал яагаад нэг сударт тийм олон янзын харилцан зөрчилтэй сургаалууд холилдсон байдаг билээ? |
Багш: Үүний шалтгаан нь судар хэрхэн бүтсэнтэй холбоотой юм. Цагаан лянхуа судрын үүслийн талаар олон таамаг тайлбар байдаг боловч, ерөнхийдөө цаг үе өнгөрөх явцад бага багаар нэмэгдэж бичигдсээр өнөөгийн энэ хэлбэрээ олсон шиг байдаг. Нэг ёсондоо, анхандаа бол энгийн ганц байсан сургаалд “Ийм ч байдлаар тайлбарлаж болно, тийм ч байдлаар өргөтгөж болно” гэхчлэн хойчийн хүмүүсийн санаа шургалан нэмэгдсээр, нэгдмэл цогц шинжээр дутмаг агуулгатай болж орхижээ гэсэн үг. Тиймээс Цагаан лянхуа судрын жинхэнэ сургаалыг мэдье гэвэл, судрын анх бичигдсэн хэсэгт анхаарлаа хандуулах нь чухал болж ирнэ. Яг Цагаан лянхуа судрыг уншаад үзэхээр цөм болохуйц чухал сургаал бичигдсэн нь илэрхий “Арга мэх” (Ways and Means) хэмээх 2-р бүлэг байдаг. Тиймээс юуны өмнө Цагаан лянхуа судрын гол цөм нь гэж хэлж болох “Арга мэх” бүлгийг эхлээд тайлбарлая. Гэхдээ түүний өмнө, Цагаан лянхуа судар болон Билиг барамидын сурдын нийтлэг хэсгийг тайлбарлаад орхиё. Сая би “Цагаан лянхуа судар бол Билиг барамидын судрын сайжруулсан хувилбар” гэж хэлсэн дээ. Учир нь энэ хоёрын суурь санаа нь бараг ижилхэн юм. Өмнөх хичээлээр ярилцсан, Билиг барамидын судар дахь гэгээрэлд хүрэх процессийн талаарх яриаг санаж байна уу? |
Сурагч: Тийм ээ. Бид бүгдээрээ аль хэдийнэ урьд насандаа буддатай учирч, андгай өргөөд бодьсадва болсон бөгөөд, өдөр тутмын амьдралдаа буян хураагаад явах юм бол алсдаа бүгд будда болж чадна, гэж сургадаг байх аа? |
Багш: Яг зөв. Архад биш будда болохыг зорьж буй явдал болон, өдөр тутмын буяныг буддад хүрэх инерги болгон хувиргах боломжтой гэж үздэг дээр Цагаан лянхуа судар ч Билиг барамидын судартай адилхан тохирдог. Мөн, “Судрыг уншаад сэтгэлдээ ямар нэг юм мэдэрч байвал, тэр нь та урьд цагт буддатай учирч байсны нотолгоо юм” гэж үздэг нь ч адилхан. Машинаар зүйрлэх юм бол Цагаан лянхуа судар ба Билиг барамидын судар нь бараг ижил хөдөлгүүртэй машин гэж ойлгож болно. Гэхдээ хэд хэдэн хэсэг дээр Цагаан лянхуа судар нь шинэ өнцөг оруулж өгсөн байдаг. Тэдгээр ялгаатай өөрчлөлтүүдээс хамгийн чухлууд нь бичигдсэн хэсэг бол “Арга мэх” хэмээх бүлэг юм. |
Сурагч: Мөн мөн. Ижил загварын машин боловч, арай сайжруулсан хувилбар хэлбэрээр гарч ирсэн нь Цагаан лянхуа судар юм байна. Тэгвэл Цагаан лянхуа сударт бодитоор яг ямар функц шинээр нэмэгдсэн байдаг юм бол? |
Багш: Юуны өмнө Билиг барамидын судраас ялгарах хамгийн том ялгаа нь, Цагаан лянхуа сударт “1 хөлгөнийн үзэл” гэх шинэ сургаал номлогдсон байдаг. Нэг хөлгөний үзэл гэдэг нь, ганц үгээр хэлбэл “Бүхий л хүмүүс эрх тэгш, эн тэнцүү будда болох боломжтой” гэсэн утгатай сургаал юм. Хөлгөн гэдэг бол уналга, тэрэг гэсэн утгатай тул, нэг хөлгөн гэдгийг “Буддад хүргэдэг хоёргүй цор ганц уналга тэрэг” гэсэн утгаар ойлгоорой. |
Сурагч: Хальт зөрүүлээд асуучхад, Билиг барамидын сударт ч бас “Бүхий л хүмүүс аль хэдийнэ бодьсадва бөгөөд, яваандаа будда болж чадна” гэж сургадаг биз дээ? Тэгэхээр хоёулаа л ижилхэн зүйл хэлсэн юм биш үү? |
Багш: Үнэндээ бол Билиг барамидын судар нь “3 хөлгөний үзэл” гэх санаан дээр суурилдаг бөгөөд, бүх хүмүүс эн тэнцүү будда болж чадна гэж үздэггүй. Өмнөх хичээлээр энэ тухай дурьдаагүй болохоор нөхөөд тайлбарлаад өгье. Билиг барамидын сударт гэгээрлийг олохын төлөөх 3 янзын даяанчлах арга (хөлгөн) байдаг гэж үзжээ. Нэг дэхь нь “Брадигабудын хөлгөн” гэх ба, энэ нь сургаалыг сонсдог хүн гэсэн утгатай бөгөөд Шагжамүнийн сургаалыг сонсонгоо архадыг зорин даяанчлах хуврагыг хэлж буй. Хоёр дахь нь “Ширвааны хөлгөн” гэх ба, хэний ч тусламжгүй бие даан гэгээрсэн хүн гэсэн утгатай. Сургаал сонсдог хүмүүс шиг хуврагын чуулганд элсэлгүй, ганцаараа тусгаарлагдан цор ганцаар даяанчилсаар гэгээрлийг олж, тэр сургаалаа бусдад номлодоггүй хүнийг хэлж буй. Энэ хоёр зам бол шагжамүнийн оргиналь буддизмд байдаг, хүлээн зөвшөөрөгдсөн гэгээрэлд хүрэх зам юм. Тэгээд гурав дахь нь “Бодьсадвын хөлгөн” бөгөөд, өөрийгөө бодьсадва болохоо таньж, өдөр тутмын амьдралдаа буян хураасаар будда болохыг зорих нь энэ зам юм. Билиг барамидын сударт “Гурван хөлгөн дотроо хамгийн гайхамшигтай нь бодьсадвын хөлгөн мөн” хэмээгээд, нөгөө хоёрыг нь дорд муу гэж үзсэн байдаг ба, энэ нь Билиг барамидын судар үүсэн бий болсон өрнөлөөс харахад илэрхий дүгнэлт гэж хэлж болно. Брадигабудын хөлгөн, ширвааны хөлгөн нь шагжамүнийн буддизм дахь гэгээрэлд хүрэх зам бөгөөд, бодьсадвын хөлгөн бол их хөлгөний буддизмын гэгээрэлд хүрэх замыг илэрхийлж буй учиртай тул, Билиг барамидын сударт бодьсадвын хөлгөнийг нөгөө хоёроосоо нэг түвшин дээгүүрт залсан нь мэдээжийн явдал юм. Гэтэл шинээр бүтээгдсэн Цагаан лянхуа сударт энэхүү 3 хөлгөний дээд доод зэрэглэлийг бүхэлд нь үгүйсгэж, брадигабуд болон ширваан нарыг ч бас эн тэнцүү аврах арга (буюу хөлгөн) бий хэмээн номолжээ. Тэр хөлгөн нь “Нэг хөлгөн” юм. |
Сурагч: Саяын яриаг бас л сайн ойлгосонгүй. Жоохон лавшруулаад асуухад, бүхий л хүмүүс аль хэдийнэ бодьсадва болцон юм чинь эцэстээ будда болж чадна гэж үздэгээрээ Билиг барамидын судар дахь бодьсадвын хөлгөн болон Цагаан лянхуа судрын нэг хөлгөн хоёр ижилхэн гэсэн үг болохгүй юу? |
Багш: Ахиад жаахан тайлбарлах хэрэгтэй юм шиг байна. Үнэндээ бол Билиг барамидын судрын 3 хөлгөний нэг болох бодьсадвын хөлгөн болон, Цагаан лянхуа судрын нэг хөлгөн хоёр ижил зүйл үү, эсвэл тусдаа зүйлс үү гэдэг дээр Цагаан лянхуа судрыг дагагчид ч хоорондоо эрт цагаас нааш мэтгэлцэж ирсэн чухал сэдэв байгаа юм. Гэхдээ би энэ хоёрыг илэрхий тусдаа зүйлс бөгөөд, Цагаан лянхуа судар дахь нэг хөлгөн бол 3 хөлгөний үзлээс ахиад нэг түвшин дээгүүр байрлах зүйл гэж боддог. Тийм биш бол хэрэг болгон Цагаан лянхуа судар шинээр бүтээхийн хэрэг байхгүй болчино шүү дээ. Магадгүй Цагаан лянхуа судрыг анхлан бүтээсэн хүн дараах байдлаар тунгаасан болов уу. “Билиг барамидын судар өөрсдийгөө брадигабуд болон ширваан нараас ялгаж зааглаад, өөрсдийгөө дээгүүр түвшнийх гэж хэлж буй боловч, тиймэрхүү дээр доор мэтийн зэрэглэл гаргаж ярих нь өөрөө доогуур түвшний ядмаг яриа. Бидний Цагаан лянхуа судар түүнийг давахын тулд, брадигабудыг ч ширвааныг ч бодьсадваг ч нэгтгэн базаад бүхий л хүмүүсийг орхилгүй аварч чадах хамгийн дээд хамгийн том зам оршин байдгийг үзүүлэх хэрэгтэй.” |
Арга мэх хэмээх “Номын хүрд эрүүлэхүй”
Сурагч: Брадигабуд ч юмуу ширваан байлаа ч будда болж чадна гэхээр тийм ч муу яриа биш шүү дээ. Шагжамүнийн буддизмд итгэдэг хүмүүсийн дунд ч бас “Болбол архад биш, түвшин дээгүүрээр нь будда болох юмсан” гэж сэтгэлээсээ хүсэх хүмүүс ч бас байсан байлгүй. Хэрвээ би брадигабудын байр сууринд байсан бол эргэлзэх юмгүй шууд нэг хөлгөн рүү шилжиж сууна аа. |
Багш: Гэхдээ “Брадигабуд болон ширваан нар ч бас үнэндээ бодьсадва бөгөөд, хэзээ нэгэн цагт бүгдээрээ будда болж чадна” гээд ярихаар нэг л авцалдахгүй болоод явчина. Шагжамүнийн буддизмыг номлодог Агама судар болон өөр бусад хуучны сургаалуудад “Брадигабуд нар гэгээрлийг олоод архад болцгоолоо” гэж бичсэн байдаг ч, “Брадигабуд нар бодьсадва болон даяан хийлээ” ч юм уу, “Эцэстээ будда боллоо” гэж хаана ч бичээгүй байдаг. Билиг барамидын судар шиг брадигабудын хөлгөн, ширвааны хөлгөн, бодьсадвын хөлгөн гээд хувааж үзсэн тохиолдолд, шагжамүнийн буддизм дахь гэгээрлийн замыг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар, түүнээс өөр зам ч байдгийг үзүүлсэн явдал болох тул, тэгтлээ зөрчилдөх явдал үгүй боловч, Цагаан лянхуа судар шиг “Шагжамүнийн буддизимд итгэн даяанчлах брадигабуд болон ширваанууд ч бас үнэндээ бодьсадва юм” гээд хэлчхээр гарцаагүй Шагжамүни багшийн сургаалаас зөрөөд явчиж байгаа юм. Үүн дээр Цагаан лянхуа сударт, шагжамүнийн буддизмтай зөрчилдүүлэхгүйн тулд “Номын хүрд эргүүлэхүй” сургаалыг сольж бичихээр шийдсэн байдаг. |
Сурагч: Номын хүрд эргүүлэхүй гэдэг чинь сонсоогүй үг байна. Юу билээ? |
Багш: Номын хүрд эргүүлэхүй гэдэг бол, Шагжамүни багш хамгийн анх хүмүүст сургаалаа номлосон тэр явдлыг хэлдэг. Шагжамүнийн буддизмд хамаарах хуучны судраас харвал, Шагжамүни багш бодь модны дор гэгээрлийг олсны дараа, тэндээсээ 200 километр хэртэй алслагдсан Сарнат гэх газар хүрч, 5 даяанчийн өмнө анх удаагаа гэгээрлийн зам мөрийг номлосон байдаг. Ерөөс Шагжамүни багш анхнаасаа зөвхөн өөрөө л гэгээрлийг олохын тулд даяанчилсан болохоос, түүнээ өөр хэн нэгэнд заан дамжуулах санаа агуулаагүй байсан боловч, домогт гардгаар бол гэгээрлийг олсон тэр цагт Брахма тэнгэр гарч ирээд “Түмэн олныг аварч, сургаалаа түгээж хайрла” хэмээн Шагжамүнигээс гуйж гэнэ. Брахма тэнгэр гэдэг бол эртний Энэтхэгт тахигдаж байсан хамгийн дээд бурхан тул тийм мундаг бурхнаар гуйлгасан Шагжамүни багш татгалзах аргагүйдэн, сургаалаа номлохоор шийдсэн гэдэг. Тэр үед 5 даяанчид номлосон Номын хүрд эргүүлэхүй сургаал дотор, Шагжамүни багшаас сургаал сонссон 5 даяанч тэр дороо гэгээрч архад болжээ гэж гардаг. Будда болжээ гэж гардаггүй. Шагжамүнийн буддизм дахь яриа болохоор мэдээж л дээ. Гэтэл тийм гэвэл, “Шавь нар (брадигабуд) нь ч бас үнэндээ бодьсадва бөгөөд, эцэстээ будда болж чадна” гэх нэг хөлгөний сургаал биелэхгүй. Үүн дээр Цагаан лянхуа сударт, энэхүү Номын хүрд эргүүлэхүйг ердийн нэг арга мэх бөгөөд, Шагжамүни багш түүний хойно номлосон “Хоёр дахь номын хүрд эргүүлэхүй”-дээ жинхэнэ үнэнийг өгүүлсэн гэх 2 шатлалтай түүхийг зохиож оруулсан байдаг юм. |
Сурагч: Түр хүлээгээрэй. Тэгэхээр чинь номын хүрд эргүүлэхүйг номлох үеийн Шагжамүни багшийн сургаал бүхлээрээ оргүй худлаа гэсэн үг болчихгүй юу? |
Багш: Тийм болно л доо. Цагаан лянхуа судар нь Шагжамүни багш болон Шарибудра хэмээх хамгийн шилдэг шавь хоёрын хоорон дахь харилцан яриа хэлбэрээр бичигдсэн байдаг ба, “Арга мэх” бүлэгт тэр хоёрын хооронд ийм яриа өрнөдөг. Шагжамүни багш эхлээд Шарибудрад хандаж “Өмнө номын хүрд эргүүлэхүй үед би гэгээрэлд хүрэх сургаал номлосон боловч, үнэндээ бол тэр маань мэх байсан бөгөөд, жинхэнэ үнэн өөр газар буй болой” хэмээн хэлж орхино. Үүнийг сонссон Шарибудра шавь мэдээж гайхсан боловч, “Тэгвэл тэр үеийн сургаал тань юу байсан юм бэ? Тэгээд саяын айлдсан жинхэнэ үнэн гэдэг нь ямар эд вэ?” хэмээн хариу асуувал, Шагжамүни багш “Жинхэнэ үнэнийг хэлсэн ч бүгд айхаас хэтрэхгүй тул, хэлсний гарз биз” хэмээн татгалзаж, ер ам нээж өгсөнгүй. Шагжамүни багш 3 удаа завсаргүй шалуулсны эцэст нэг юм ам нээж гэнэ. “Өдийг хүртэл би та нарт архадыг зорьцгоо гэж хэлсэн ч, будда болох боломжтой гэж хэлсэн нь үгүй. Гэвч үнэндээ бол урьд цагт та нар бүгд буддатай учирч, бодьсадва болцгоосон. Хэрвээ бүх хүмүүст будда болохыг зорьцгоо гэсэн бол, мунхаг харанхуй хүмүүс гүнд нь хүртэл ухан ойлгож чадахгүй будилан төөрөлдөж орхих биз гэж санасан тул, өдийг хүртэл хэлээгүй ирсэн юм. Гэвч үнэндээ тэр бол жинхэнэ сургаал биш. Жинхэнэ үнэн бол “Нэг хөлгөн” юм. Архад болох нь жинхэнэ зам бус, бодьсадвын хувиар буддаг зорих нь зөв зам болой.” |
Сурагч: Номын хүрд эргүүлэхүй бол худлаа шүү гээд Шагжамүни багш өөрөө хүлээчхэж байгаа хэрэг үү? Цагаан лянхуа сударт тэгвэл Шагжамүни багш хамгийн эхлээд худал хэлсэн болж гардаг юм байна л даа. |
Багш: Гэхдээ энэ бол худал биш, нэгэн төрлийн арга мэх юм. Бид нар ч бас “Цагаан худал бол худал биш” гэцгээж, зөв зорилгод хүрэхийн төлөө үнэн биш зүйл хэлсэн ч зөвтгөгдөнө гэж бодоцгоодог шүү дээ. Тэрэн шиг арга мэх гээчийг буддизмд “Хүмүүсийг үнэн сургаал тийш хөтлөхийн төлөөх түр зуурын хэрэгсэл” гэсэн эерэг утгаар авч үздэг. |
Сурагч: Гэхдээ эцэс сүүлдээ үнэнийг л хэлэх юм бол, арга мэх гэж тойруулалгүй шууд л анхнаасаа шавь нартаа үнэнийг өчсөн ч болох байсан биш үү? |
Багш: Арга мэх хэмээх эхний сургаалд ч бас нарийн учир шалтгаан бий. Эцсийн эцэст арга мэхийн сургаалд татагдан олон шавь нар Шагжамүни багшийн дор цугласан болохыг харвал, арга мэх байдлаар номын хүрд эргүүлсэн нь хүмүүсийн анхаарлыг татах зорилготой байжээ гэж ойлгож болно. Ямар ч л байсан, өмнө нь оршиж байсан Билиг барамидын сургаал ч юм уу шагжамүнийн буддизмыг үгүйсгэж, нэг шат дээгүүр сургаал номлохын тулд, ингэж яриаг өөрчлөх шаардлага байсан учиртай болов уу. Арга мэх бүлэгт “Нэг хөлгөнд итгэхгүй бол тамд унана” гэх мэтээр хүртэл бичсэн байдгийг харвал, Цагаан лянхуа судар яаж ийгээд ч болов өмнөх судруудыг даван гарахгүй бол болохгүй гэсэн хүчтэй амбицаар бүтээгдсэн болох нь мэдрэгддэг юм. |
“Гурван тэрэг ба түймэр” хэмээх үлгэр
Багш: Энэ хүртэл Цагаан лянхуа судар дахь сургаалын цөм болох “Арга мэх” бүлгийн тайлбарыг ярилаа. Ямар нэгэн асуух зүйл байна уу? |
Сурагч: Цагаан лянхуа судар “Номын хүрд эргүүлэхүй” дээр суурилан цоо шинэ Нэг хөлгөний сургаал дэвшүүлэн гаргасныг ойлголоо. Гэхдээ тэр Нэг хөлгөн нь бодитоор яг ямар утгатай яадаг зүйл болохыг сайн ойлгосонгүй. Эртний хүмүүс иймхэн юм сонсох төдийд л итгэчихдэг байсан юм байх даа? |
Багш: Лавтайяа тухайн цаг үед шууд ойлгосон хүмүүс төдийлөн олон байгаагүй болов уу. Гэсэн ч тэдгээр олон түмэнд ойлгуулахын тулд Цагаан лянхуа судар олон янзын арга хэрэглэсэн байдаг. Тэдгээр нь юу гэвэл, бүлэг бүрт энд тэндгүй бичигдсэн байдаг үлгэрүүд (зүйрлэл) юм. Цагаан лянхуа судрын гол онцлог гэвэл тэдгээр олон тооны үлгэрүүд гээд хэлсэн ч хэтрүүлэг болохгүй. |
Сурагч: Үлгэрүүдийг нь уншаад байхаар нэг мэдэхэд өөрийн эрхгүй сургаал нь толгойд орчдог гэсэн үг үү? Ямар үлгэрүүд байдаг юм бол, сонсох юмсан. |
Багш: Нэг хөлгөний санааг ойлгомжтойгоор тайлбарласан “Гурван тэрэг ба түймэр” гэдэг алдартай үлгэр Цагаан лянхуа сударт байдаг. Энэ үлгэрийг сонсвол Цагаан лянхуа судар дахь Нэг хөлгөн гэдэг нь ямар утгатай болох, яагаад Шагжамүни багш арга мэх хэрэглэсэн зэрэг нь аяндаа ойлгогдоод ирнэ. Нэгэн хотод нэгэн азай буурай амьдардаг байжээ. Гэр бүл нь том эдлэн газарт амьдардаг байсан боловч, тэр эдлэн нь хуучирч хатсаны дээр гарах гарц цор ганц байсан юмсанж. Тэгтэл нэгэн өдөр эдлэнд нь түймэр гарчээ. Буурай түймрийг анзааран гадагш зугтан гартал, хүүхдүүд нь түймрийг анзааралгүй гэртээ тоглоод л байх юм гэнэ. Үүнийг харсан буурай байдгаараа сандран, хүүхдүүддээ “Бушуу гарцгаа” хэмээн орилсон боловч, хүүхдүүд нь угтан ирж буй аюулыг үл ойлгох тул ер гэрээсээ гарахыг завдсангүй. Аргаа барсан буурай хүүхдүүдийнхээ хүсдэг тоглоомуудыг санан байж ийн хашгирав: “Та нарын хүсээд байсан хонин тэрэг, буган тэрэг, үхэр тэргэн тоглоомыг өгье. Бушуу гараад ир!”. Үүнийг сонссон хүүхдүүд бөөн баяр гүйлдэн гараад ирэв. Гэвч хүссэн тоглоом нь байхгүйг мэдээд “Аав та юунд биднийг хуурав?” хэмээн зэмлэж гэнэ. Тэгэхэд нь буурай амалсан 3 тэргээс ч хавьгүй тансаг бөгөөд хурдан давхидаг “их цагаан үхэр тэргэн” тоглоом гурвыг гаргаж ирээд хүүхдүүддээ бэлэглэн, хүүхдүүдээ баяруулжээ. Үүнийг “Гурван тэрэг ба түймэр” үлгэр гэдэг. |
Сурагч: Аз жаргалтай төгсгөл юм биз дээ? Энэ тэгээд Цагаан лянхуа судрын Нэг хөлгөнтэй яаж холбогддог юм бэ? |
Багш: Ийм байдлаар төсөөлөөд үзнэ үү. Түймэрт автсан эдлэн газар бол бидний амьдарч буй зовлонгоор дүүрэн хорвоо. Түймрийг урьтаж хараад эдлэнгээс зугтаж гарсан буурай бол даяан хийж гэгээрлийг олсон Будда багш. Гэртээ үлдсэн хүүхдүүд бол бидний мунхаг жир хүмүүс. Хүүхдүүд түймрийг аюултай зүйл гэж бодолгүй зугаацан тоглож байгаа нь, зовлон дунд байгаа хэрнээ түүнээ зовлон гэж мэдрэлгүй өөрийн хүсэл шуналдаа дөрлөгдөн амьдрах мунхаг жир хүмүүсийг дүрсэлсэн зүйрлэл юм. Хүүхдүүдээ аврахын тулд буурай “Гараад ирвэл хонин тэрэг, буган тэрэг, үхэр тэрэг өгье” гэж орилдог. Тэнд хэлэх хонин тэрэг, буган тэрэг гэдэг нь брадигабудын хөлгөн болон ширвааны хөлгөнийг, үхэр тэрэг гэдэг нь бодьсадвын хөлгөнийг төлөөлж буй. Тэгээд Будда болох буурай гэрээс гарч ирсэн хүүхдүүддээ гурван тэргээс ч хавьгүй мундаг их цагаан үхэр тэрэг бэлэглэсэн нь Цагаан лянхуа сударт гардаг Нэг хөлгөн юм. |
Сурагч: Зөв зөв. Сүрхий зохиосон үлгэр байна. Гурван хөлгөний нэг болох бодьсадвын хөлгөний үхэр тэрэг биш, түүнээс хамаагүй сүрлэг их цагаан үхэр тэрэг бэлэглэсэн гэдэг нь, “Гурван хөлгөн бэлэглэе” гэж хэлсэн Буддагийн эхний үг нь ердөө л бидний сэтгэлийг татах гэж хэрэглэсэн арга мэх төдий бөгөөд, сүүлд нь өгсөн их цагаан үхэр тэрэг л чухам түүний жинхэнэ сургаал байжээ, гэсэн үг байх нь ээ. |
Багш: Яг зөв. Тэр их цагаан үхэр тэрэг л цорын ганц хамгийн сайн зам бөгөөд, оройн дээд эрдэм байсан учиртай. Будда багш номын хүрд эргүүлэхүй үедээ гэнэт тийм дээд түвшний сургаал номлох юм бол жирийн хүмүүс сайтар ойлгохгүй гэж бодон, юу ч гэсэн бэлтгэл шат болгон арга мэх байдлаар “Шагжамүнийн буддизм”-ыг номложээ. Тэгээд хэсэг хугацааны хойно жинхэнэ сургаал болох “Цагаан лянхуа судар”-ыг номлосон учиртай. Энэ бол маш чухал санаа байгаа юм. Номын хүрд эргүүлэхүй бол яг үнэндээ 2 шатлалтай юм аа гээд шинэчилж засварласнаар, уул шугамандаа бол анх байсан оргиналь сургаал л цор ганц абсолют үнэн байсныг түүн дээр нэмж давхарлах байдлаар “Үнэндээ бол, жинхэнэ болсон явдал нь энэ юм” гээд цоо шинэ сургаал гаргаад ирж байгаа юм. Энэ санаа зөвхөн Цагаан лянхуа сударт бус өөр олон олон сударт ашиглагдаад явсан байдаг. Цагаан лянхуа сударт үүнээс ч өөр олон үлгэрүүд гардаг. Цагаан лянхуа судар түмэн олны дунд уусан тархсаны нэг том шалтгаан нь, энэхүү хэн бүхэнд сонирхолтой дотно агуулга бүхий судар байсан явдал гэж боддог юм. |
Үргэлжлэлийг эндээс уншина уу
onom
РАВДАН