Г.Занданшатарын задалсан бэлгийг задгайлж үзэхэд...
Ж.Оджаргал нар улстөрд “шартаж”, шантаажид цөхөрсөндөө цэг хатгасан биз ээ-
Стратегийн болон түүний үүсмэл ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоол батлагдах тун дөхөж байна. УИХ алх цохиод Ерөнхийлөгч соёрхож хууль хүчин төгөлдөр болмогц “компанийн борлуулалтын орлогоос тусгай АМНАТ-өө төлөгдөөд, тэр өдрөөс иргэдийн нэрийн дансанд орлого урсан орж ирнэ.
Дөрвөн компанитай хэлцэл хийх болсон шалтгаан юу байв?
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн 6.2 буюу газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд одоо ба ирээдүй үед тэгш, шударга хүртээдэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусгаж баталсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг дагаж Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Уг хуулийн 5.4-т төсвийн мөнгөөр хайгуул хийсэн бол улс 50 хүртэлх хуулийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байдаг.
Түүнчлэн уг хуулийн 5.5-д тухайн компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол улс 34 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан. Гэхдээ 5.4-т төрөөс оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан үзэж төрийн эзэмшлийн хувийг тогтооно гэсэн байдаг. Цаашилбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47’2 заалтад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулж болно гэсэн байдаг.
Үндэсний баялгийн сангийн 11.1.2-ын В-д төрийн эзэмшлийн хувийг тусгай АМНАТ-өөр орлуулбал тэндээс орох орлого нь шууд Үндэсний баялгийн сангийн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд орно гэсэн хуультай. Төрийн хувь эзэмшлийг хэдээр тогтоох, хэдэн хувийг нь тусгай АМНАТ-өөр орлуулах зэрэг асуудлыг УИХ батална.
Стратегийн ордуудын жагсаалтад Хөшөөтийн уурхайг багтаах эсэхийг С.Бямбацогт шийддэггүй
УИХ-аар батлагдсан нийтдээ 16 стратегийн орд л бий. Ерөнхий сайдын удирдамжаар батлагдсан Засгийн газрын Ажлын хэсэг нь УИХ-аар батлагдсан 16 ордын хүрээнд ажиллах ёстой болохоос тэрхүү жагсаалтад багтаагүй ордуудын асуудлаар хэлцэл хийвэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно. Жишээ нь С.Бямбацогт яагаад Ховдын Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах талаар ажиллаагүй юм бэ гэж буруутгах гэж оролдъё.
Тэгвэл 2007 онд Стратегийн ордын жагсаалтыг баталж байхад Хөшөөтийн уурхайг тэр жагсаалтад яагаад оруулаагүй юм бэ гээд тулгах гэхээр С.Бямбацогт 2008 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Тэгвэл одоо сайд хийж байхдаа яагаад Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй байгаа юм бэ” гэж нэхэх гэхээр хуулиараа “Стратегийн ордын жагсаалтад аль ордыг багтаах” нь ЗГХЭГ-ын даргын бус Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудалд багтдаг юм. С.Бямбацогт удаа дараа сайд хийсэн нь үнэн боловч хэзээ ч АҮЭБ юм уу, түүнээс өмнөх нэршлүүдээр ч “уул уурхай хариуцсан” сайд байгаагүй. Тиймээс тэрбээр “Стратегийн ордын жагсаалтад Хөшөөтийн уурхайг оруулъя, оруулахгүй байя” гэдэг асуудлаар шийдвэр гаргах эрх эдэлж, эсвэл үүрэг хүлээж байсангүй.
2007 оноос хойшхи үе үеийн Засгийн газрууд Стратегийн ордын жагсаалтад аль ордыг оруулах, оруулахгүй талаар маргаж байсан ч энэ эрх мэдлийг гагцхүү уул уурхайн асуудал эрхэлсэн сайддаа л үүрэг даалгавар болгодог байсныг бүх хууль, тогтоомж, шийдвэрүүд харуулдаг. Салбар хариуцсан сайд нь саналаа оруулж ир гэдэг, тэр нь хэзээ ч Засгийн газрын босгоор давж УИХ-д орж байсангүй. Бүтэн 20 жилийн хугацаанд Засгийн газраа давж, УИХ руу орж байгаагүй гэхээр сонин байгаа биз.
Нэг л тохиолдол бий. Тэр нь 2015 онд “Бороо гоулд”-ыг нэмж, одоогийн 16 ордын жагсаалт амь бөхтэй яваа нь энэ. Өөрөөр нэг ч орд нэмж, хасаагүй.Хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сард АҮЭБ-ын сайдаар ажиллаж байсан Г.Туваанд Засгийн газрын тэмдэглэлээр хоёр үүрэг өгсөн байдаг. Тэмдэглэлийн нэгдүгээрт, “Стратегийн орд газруудын хил заагийг эцэслэн тогтоох” үүрэг бий. Жишээ нь Тавантолгойн бүлэг орд яг хаанаас эхлээд хаана дуусах, Нарийнсухайт ордод хаанаас хаана хүртэл хамаарах гэх зэргээр тогтоож УИХ руу оруулахыг даалгасан. Салбарын яам энэ ажлыг хийж дуусгасан ч Засгийн газар огцроод уг асуудал УИХ руу ороогүй гацсан нь байдаг юм. Үүнийг УИХ-аар оруулахгүйн тулд Засгийн газрыг огцруулах шаардлагатай байжээ ч гэж таамаглах нь бий.
Тэмдэглэлийн хоёрдугаарт, стратегийн ордын жагсаалттай холбоотой асуудал бий. Мөн 39 ордыг нэмэх тухай яриа, жагсаалтын төсөл зэрэг баримтууд бий. Хамгийн сүүлд энэ талаар УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол л батлагдсан, үүнд дээрх 15 ордын жагсаалтыг /Бороо гоулдыг сүүлд нэмсэн/ баталлаа, нэмээд 39 ордыг стратегийн жагсаалтад оруулах, эсэхийг судалж, саналаа оруулж ирэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг юм. Тэрхүү 39 ордын жагсаалтад нь ганцхан сая тонн нүүрсний нөөцтэй Алагтолгойгоос эхлээд гурав, таван сая тоннын нөөцтэй ордууд хүртэл багтсан байдаг. Ер нь “Стратегийн орд гэдэг нэр томъёо байдаггүй. Харин “стратегийн ашигт малтмал гэдэг нэр томъёо байдаг” ч гэж салбарынхан ярих нь бий. Тэгэхээр ашигт малтмалаа стратегийнх мөн, бишээр нь ангилчихаад түүнийхээ дагуу ордоо хамруулахаар Ашигт малтмалын тухай хуульд тусгах нь илүү зөв бодлого ч байж мэдэх юм.
Анхны дөрвөн компанийн хэлцэл ба “Ачит ихт” яагаад санаачилгаараа нэгдэв?
Одоогоор УИХ-аас баталсан стратегийн 16 ордын жагсаалт бий. Үүнд хувийн хэвшлийн 25 ААН ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл дээрх 25 компанийн 10-аад нь хайгуулын лицензтэй, ашиглалтын лицензгүй. Хайгуулын лицензтэй компанитай Засгийн газар хэлцэл хийж болохгүй биз дээ? Үндсэн хуульд заасан зарчмаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын өгөөжийн дийлэнх хувь буюу 50+1 нь төрд ногдох ёстой. Стратегийн 16 ордын 14-т нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Өгөөж дээр 51 хувь гээд байгааг хэрхэн хувь хэмжээг өөрчилж нэмэгдүүлэх вэ гэдгээ бодитой тогтоохын тулд тухайн арваад компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг, тухайлбал “Ухаа худаг”-ийн 2009 оноос хойшхи, “Ачит ихт”-ийн 2010 оноос хойшхи, “Өсөх зоос”-ын 2014 оноос хойшхи түүхийг судалж үзсэн юм билээ.
Ингээд “Орано майнинг”-тай гэрээ байгуулсан бэлэн загвартай харьцуулаад үзэхэд өгөөжийн 60 хувийг төрд авч болохоор тооцоолол гарсан учраас энэ саналаа бүх компанид тавьжээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх 25-аас олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 14 компани л байна. Үүнээс дөрөвтэй нь сая хэлцэл хийлээ. Цаана нь 10 компани үлдсэн. Үүн дээр Эрдэнэтийн үүсмэл буюу “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэдэг гурван ордыг нэмж тооцвол 17 ААН байгаа гэсэн үг. Гэхдээ Эрдэнэтийн үүсмэл гурван орд стратегийн биш, үүсмэл учраас дээрх 25 дотор ордоггүй, тэднийг нэмбэл 28 орд болно. Үүсмэлүүдээс “Ачит ихт” компанийн зүгээс өөрсдөө хэлцэлд орох саналаа тавьж өгөөжөө өгөхөөр болсон юм билээ. Яриа хэлэлцээ олонтаа үргэлжилсээр эцэст нь хэлцэл хийсэн дөрвөн компани бүх нөхцлийг зөвшөөрье гэсэн байдаг.

Ажлын хэсгийнхний тооцоогоор “Ачит ихт” компанийн 42-43 хувийг төр эзэмшсэн тохиолдолд өгөөжийн 60-аас доошгүй хувь нь улсад ногдож болохоор байсан. Гэхдээ УИХ-аар энэ асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх учраас босгоо өндөрлөж “Ачит ихт” компанийн 44 хувийг төр эзэмшсэн тохиолдолд өгөөжийн 60-аас дээш хувь нь улсад ногдох байдлаар тохирсон. Тус компанитай холбоотой шүүх, хуулийн байгууллагын маргааныг хаасан ямар нэг тохироо Засгийн газартай хийсэн байх ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Учир нь УИХ энэхүү хэлцлийг баталсан мөчөөс эхлээд тухайн компанийн хувь төрийн мэдэлд ирж, тэдний бүх асуудал Засгийн газарт хамаатай болох бөгөөд түүнээс өмнөх хэрэгт нөхөн оролцож хамаарахгүй.
Хэлцлийн бас нэг давуу тал нь “Оюутолгой”-н сургамж, “Орано”-той хийсэн гэрээнээс харахад гэрээг жил бүр дүгнэдэг байхаар тохирсон байдаг. Оюутолгойн одоогийн гэрээгээр бол долоон жил тутамд дүгнэнэ гэсэн байдгийг энэ өдрүүдэд үргэлжилж буй хэлэлцээрээр өөрчлөх гэж байна. Тухайн жилд өгөөж 60 хувьд хүрээгүй байвал зөрүү буюу тохируулах төлбөрийг компаниас улсад нэмж төлүүлнэ.
Тусгай АМНАТ-өөр орлуулах саналыг ААН-ээс гаргасан
Ажлын хэсгийнхэнд ААН-ээс нэг л санал тавьсан. Энэ ямар санал байсан бэ гэвэл төр хувь эзэмшихээр ашиг багатай харагдах гэж янз бүрийн арга хэрэглэдэг тал бий. Тэр эрсдлийг хаах. Мөн түүхий эдийн үнэ ханш зэрэг хэд хэдэн эрсдлийг хаахын тулд тусгай АМНАТ-өөр орлуулах саналыг компаниудын зүгээс тавьсан байдаг. Түүнийг нь Ажлын хэсэг хүлээж авчээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Шийдвэрийн нэр нь “Стратегийн болон түүний үүсмэл ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах тухай” УИХ-ын тогтоол байх юм. Тусгай АМНАТ-ийн хувьд ашгаас нь биш орлогоос нь шууд авдаг төлбөр гэдгээрээ ялгаатай. Эхний ээлжинд хувь эзэмшил, өгөөжийн хэмжээг Тусгай АМНАТ-өөр орлуулна. АМНАТ нь түүхий эдийн үнэтэй уялдаж өсөн нэмэгдэх нөхцөлтэй байна. УИХ “Орано майнинг”-ийн гэрээг баталчихсан учраас энэ нь ажлын хэсгийнхэнд бэлэн кэйс болж өгч байгаа аж.
“Баялгийн санг мөнгөжүүлэх” эх оронч тулгалтын оньс тусгай АМНАТ-өөр тайлагдлаа
Ер нь л дээрх хуулиудын хүрээнд хувиа өгөхийг зөвшөөрөх л байсан. Монгол Улсад хэн ч байсан хууль биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан эдгээр шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээрх компаниуд цаашид үйл ажиллагаагаа ч явуулах боломжгүй. Тэр ч байтугай шаардлагатай тохиолдолд Засгийн газраас БЭТ томилж болохыг ч хуульд заасан байгаа шүү дээ. Тиймээс хуулиа дээдэлдэг аж ахуйн нэгж гэдэг сайн жишээг үзүүлсэн хэрэг мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрч талархах учиртай. Нөгөөтэйгүүр Монголчууд 2007 оноос хойш яг 20 жил уул уурхайн салбараа тойрон улстөржиж маргалаа. Тэгэхээр “хувиа ч нэмж өгье, улстөржилтөд ч цэг хатгая” гэсэн Ж.Оджаргалын үг ухуулга, уриалга биш чин сэтгэлийн үг нь тэр гэж итгэж болох юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр бизнесээ тайван хийхийг хүсч байна. Хэлцэлд оролцогчид бүгд л тэгж хэлсэн.
Нийгмийн хариуцлага талаасаа тэндээс орох орлого хуримтлалын сан буюу иргэн бүрийн нэрийн дансанд шууд шилжин орно. Ерөнхий сайдын Цахим хөгжлийн яаманд үүрэг болгосноор системд өөрчлөлт хийсний дараа УИХ-ын тогтоол батлагдаж гэрээ баталгаажиж эхэлмэгц иргэн та e-Mongolia аппликэйшн руугаа ороход “Энержи ресурс”-ээс, “Өсөх зоос”-оос, “Ачит ихт”-ээс, “Хангад эксплорэйш”-нээс таны нэрийн хуримтлалын дансанд тусгай АМНАТ-т хэдэн төгрөгийн орлого ороод ирж буй нь харагдана. Энэ нь Үндсэн хуулийн 6.2 дахь заалт “амилж” иргэн бүр баялгаасаа хувь хүртэж, улмаар уул уурхайн салбар хэчнээн чухал болохыг ойлгож, хүндлэх цаг мөчийг авчирч байна.
Ажлын хэсгийнхний тооцоолсноор энэ онд багтаж 70 орчим тэрбум төгрөг орох байх гэж байгаа юм. Үүнийг иргэн бүртээ хуваахад тус бүрт 20 орчим мянган төгрөг болж очих байх. Мэдээж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайдын хэлсэнчлэн гэнэт палхийтэл 10 сая төгрөг орохгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд батлахдаа, “Ирээдүйн өв” сан болон хуримтлалын сангаас 2030 он хүртэл ямар ч зарцуулалт хийхгүй байх тухай Дагаж мөрдөх журмын тухай хууль баталчихсан байдаг. Гэтэл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд бол органик хууль. Үндсэн хуулийн заалтыг шууд хэрэгжүүлж буй учраас. УИХ-ын нийт гишүүдээс хамгийн багадаа 66 хувийн саналаар өөрчлөлт орно.
Хуульд ингэж заасан учраас эрхэм сайд ингэж тайлбарлахаас өөр аргагүй. Гэхдээ энэ хуулийг өөрчилж, иргэд өөрсдөө захиран зарцуулж болдог болгож болно шүү дээ. Харин зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны урьдчилгааны зориулалтаар зарцуулах заалттай. Ямартай ч эхэлж хэлцэл хийсэн дөрөвхөн компаниас зөвхөн тусгай АМНАТ-өөр 70 тэрбум төгрөг хагас жилийн хугацаанд ороод ирнэ гэж тооцвол маш том ололт болно. Цаана нь хэчнээн компани байгаа билээ гээд бодоход иргэд уул уурхайг өөр нүдээр харахаас аргагүй үйл явдлын эхлэл энэ мөн.
Нүүрсний гурван компани…яагаад?
“Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорэйшн” компаниуд Тавантолгойн бүлэг ордыг эзэмшдэг. “Өсөх зоос” нь Нарийнсухайтын бүлэг орд дээр олборлолт хийдэг. “Монголиан майнинг корпорэйшн” /ММС/-ийн “Хангад эксплорэйшн” компани Баруун Наран ордод олборлолт хийдэг. Энэ хоёр компани улсын төсвөөр биш өөрийнхөө мөнгөөр хайгуул хийгээгүй юм. Нарийнсухайтад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байгаа хоёр компанийн нэг нь МАК, нөгөө нь SGS нар ашиглаж байгаа юм. Гэтэл салбарын сайд Д.Сумьяабазараас Г.Туваан хүртэлх хугацаанд стратегийн ордуудын хил хязгаарыг тогтооход хэний мөнгөөр хайгуул хийсэн нь хамаагүй бүлэг орд гэж хэлээд Барууннаран, Нарийнсухайтыг хамааруулсан түүхтэй юм билээ. Ингээд тэд нэгэнт стратегийн ордын хил хязгаарт багтчихсан учраас хувийн хөрөнгөөрөө хайгуул хийсэн ч гэсэн Монгол Улсын хуулиа биелүүлж нийгмийн хариуцлагаа хүлээгээд 34 хувиа төрд өгөхөөр болсон аж.
Ингээд төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Ухаахудагийн “Энержи ресурс”, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ч стратегийн ордод хамаарсан Нарийнсухайтын “Өсөх зоос”, Барууннарангийн “Хангад эксплорэйшн” нар гурван компани 34 хувиа улсад өгнө, өгөөж 60-аас доошгүй хувийг Баялгийн санд өгнө, жил бүр гэрээгээ дүгнэнэ, 60 хувьдаа өгөөж хүрэхгүй бол тохируулгын төлбөр нөхөж төлнө. Улсын эзэмших хувийг тусгай АМНАТ-өөр орлуулна гэдэг хэлцэл хийсэн ажээ.
Шалтгаан нь, Монгол Улсын хуулиа дээдэлье, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны шанг татъя. Уул уурхайг тойрсон улстөржилтөд цэг тавья. Нийгмийн хариуцлагаа хүлээж иргэддээ бодитой хувь хүртээгээд эхэлбэл уул уурхайн салбарыг дэмждэг болох эерэг уур амьсгал бүрдэнэ гэж үзсэн билээ.

