В.Ганзориг: Монгол Улсын давуу талыг хүн амын насны бүтэц буюу залуучуудын орон гэж ярьдаг. Энэ давуу талаа бид бүрэн ашиглаж чадаж байна уу? Та нар яагаад энэ салбарт ажиллах болов?

Т.Хандсүрэн: “Лоринет” сангаа товч танилцуулъя. Манайх 2013 онд үүсгэн байгуулагдсан гэр бүлийн сан юм. Монгол болон Зүүн Өмнөд Азийн орнуудад бага насны хүүхдийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт гэсэн хоёр чиглэлд төвлөрч ажилладаг. Ирэх жилүүдэд Монгол Улсад залуусын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар ажил хийх ёстойг баталгаажуулахын тулд залуусын асуудлыг гүнд нь орж нарийвчлан тодорхойлох, аль шийдэл дээрээ төвлөрөх ёстойг ойлгохын тулд бид нилээд том судалгааг сая хийж дуусгалаа. Энэ судалгаанаас ч өмнө бид “Дэлхийн зөн”, “Зориг сан” зэрэг байгууллагатай хамтран залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Судалгааныхаа хүрээнд бид 15-29 насны залуусыг онцолсон. Энэ насны залуусын хувьд хөдөлмөр эрхлэлт маш чухалд тооцогддог. Учир нь нэгт, залуучууд ихтэй улсын хувьд тэдний шилжилтэнд тохирсон ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн хүний нөөцийг бэлдэж чадвал эдийн засгийн хувьд хамгийн өндөр өгөөжийг үзүүлж, улсын хувьд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болж чаддаг. Хоёрт, яг энэ насны залуус буюу хөдөлмөрийн зах зээл дээр дөнгөж гарч байгаа хүмүүсийг гараан дээр нь дэмжиж чадвал тэдний цаашдын амьдрал, ахуй, төлөвшилд нь сайн нөлөө үзүүлдэг. Ийм учраас манай байгууллага залуусын хөдөлмөр эрхлэлт дээр онцгой ач холбогдол өгөн ажиллаж байна.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Б.Мөнхдалай: Бид nito.one, goodjob.mn гэсэн хоёр платформ ажиллуулдаг. Монголын хөдөлмөрийн зах зээл дээр нилээд асуудал бий. Шийдэх ёстой зүйл олон байна. Хөдөлмөрийн зах зээл хувиран өөрчлөгдөхийн сацуу залуучууд өөр зүйл хүсдэг болсон. Ажил олгогчид энэ өөрчлөлттэй хөл нийлүүлж алхах ёстой. Манай хөдөлмөрийн зах зээл сүүлийн хэдэн жил хөгжил явагдаагүй, инновац төдийлөн хийгдэж чадаагүй салбарт тооцогдоно. Иймээс энэ салбарт ажиллаж эхэлсэн. Бид одоогийн ажилтан болон өмнө нь ажиллаж байсан хүмүүс компаниа үнэлдэг шинэ функцийг нэвтрүүлсэн. Эдгээр сэтгэгдлээс ажил хайж буй хүмүүс тухайн компанийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг авч чаддаг. Одоо компаниуд авах хүнээ өөрсдөө эрчимтэй хайдаг болсон. Ажлын зар тавиад хариу ирэхийг нь хүлээж суудаг цаг өнгөрсөн.Ажлаа зөв сонгох нь зөвхөн хувь хүн төдийгүй компани, том зургаараа улс орны хувьд маш чухал шийдвэрт тооцогддог тул хүмүүсийг зөв шийдвэр гаргаасай гэж зорин хөдөлмөрийн зах зээл дээр энэ бизнесийг эхлүүлсэн. Манай дэд бүтэц бүх хүнд үнэгүй бөгөөд ямар нэг насны хязгаар байхгүй. Манай үйлчилгээг 18-38 насны хүмүүс түлхүү хэрэглэдэг. 

Б.Бат-Оргил: “Зориг сан” жил бүр 10 гаруй тэтгэлэг, солилцооны төсөл, хөтөлбөрийг залууст зориулан хэрэгжүүлдэг. “Лоринет” сантай 2018 оноос хойш хамтарч байна. Тэр нь залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Залуусын дунд ажилгүйдэл ихсэж байгаа, мөн их, дээд сургууль төгссөн ч ажилд орж чадахгүй байгаа залуусын асуудлыг шийдэх зорилгоор энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Асуудал яг хаанаа байгааг ойлгож авахын тулд гурван жилийн турш 120 залуутай яг тулж ажиллан, асуудлыг нь хамтдаа шийдэхийг зорьсон. Манай хөтөлбөрийн зорилтот бүлэг хөдөө, орон нутгаас шилжин ирж, гэр хороолол, хотын захын дүүрэгт амьдардаг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй залуус байсан юм. Залуусын боломжийн тэгш бус байдлыг багасгахыг зорьсон гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бид зургаа дахь ээлжээ аваад, 100 залууг төгсгөөд байна. Эдгээр залуусын 85% нь хөтөлбөрөө төгсөөд бүтэн цагийн, тогтвортой ажлын байртай болж чадсан. Үлдсэн 15% нь амаржсан, гадаадад сургуульд явсан үр дүнтэй байна. Иймээс энэ хөтөлбөрийн үр дүн нэлээд өндөр хувийн амжилттай хэрэгжиж байгаа. 

Хөтөлбөрийг агуулга гурван хэсэгт хуваагддаг. Нэгт, ажилд ороход шаардлагатай ур чадварыг залууст суулгадаг. Үүнд, имэйл, СиВи-гээ хэрхэн бичих, ажлын ярилцлаганд яаж бэлдэх, ажлаа хэрхэн хайх зэргийг дурдаж болно. Хоёрт, ажилд ороод сайн ажилтан болохын тулд эзэмших ур чадваруудыг суулгадаг. Үүнд, багаар ажиллах, бүтээлч байх, албан бичиг боловсруулах, танилцуулга бэлдэх гэх мэт сургалтууд орно. Гуравт, хөтөлбөрийн төгсгөлд гурван сарын мэргэжлийн дадлагыг хүссэн байгууллага дээрээ хийнэ. Энэ хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Г.Билгүүн: GIZ Монголын мэргэжлийн боловсролын салбарт 2013 оноос хойш төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Би зөвхөн Герман биш Австрали, Швейцар, БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гол зорилго нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гэхдээ илүү мэргэжлийн боловсролыг олгох юм. Ихэнх залуус 10 жилээ төгсөөд их, дээд сургуульд орохыг сонирхдог. Нөгөө талдаа олон хүн мэргэжлийн боловсролын үнэ цэнийг мэддэггүй үлддэг. Мэргэжлийн боловсролын үнэ цэнийг өсгөх, энэ салбарт жендерийн тэнцвэрийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй сургалт, ажлын орчинг бий болгоход анхаарч ажилладаг. Техник ур чадвараас гадна харилцааны ур чадвар, хандлага, хүмүүжил дээр нь залууст зөв чиглэл өгөхөд анхаардаг.

В.Ганзориг: Ажил олгогчид залуусыг их голох юм. Нөгөө талаас залуус маань ажил олгогчдоо багагүй шүүмжилдэг. Яагаад ийм зөрүү гараад байна вэ? Асуудал хаана байна вэ?

Т.Хандсүрэн: Энэ зөвхөн залуусын асуудал биш монголын хөдөлмөрийн зах зээлийн нийтлэг проблем. Бидний сая хийсэн судалгаанаас харж байхад манай хөдөлмөрийн зах зээл, харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудал нийгэм, эдийн засгийн байдлаасаа болоод нилээд онцлогтой нь харагдсан. Тухайлбал, байгаль, цаг уур, хүн амын тархай бутархай суурьшил, хүн амын шилжилт хөдөлмөрийн зах зээл дээр сорилт үүсгэдэг. Энэ бол тогтолцоо, системийн асуудал. Үр дүнд нь таны хэлдэг зөрүү үүссэн. Нэгт, манайд ажиллах оролцоо, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол буурснаар мэргэжлийн ажиллах хүчний хомсдолд орсон. Хоёрт, хөдөлмөр эрхэлсэн ч авч буй цалин, хөлс нь амьдралын баталгаа болж чаддаггүй. Хөдөлмөр эрхэлж буй гурван залуу тутмын нэг нь дундаж түвшнээс доогуур хэрэглээтэй буюу ядуурлын түвшинд шахуу байна. Гуравт, салбараараа ажиллах хүчний дутагдалд орсон. Барилгачин, гагнуурчны хомсдолд орчихсон. Гэтэл боловсролын системээс шал өөр мэргэжлийн хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсээр байна. Нэмээд ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ур чадварын зөрүү үүссэн. Мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн ирсэн ч ажил олгогчийн шаардлагад нийцдэггүй. Энэ зөрүү зөвхөн залуусын хувьд үүсээгүй шүү. Энэ бол манай хөдөлмөрийн зах зээлийн нийтлэг асуудал болсон. 

Б.Мөнхдалай: Үүнээс гадна ажилтан, ажил олгогчийн хооронд ойлголцлын зөрүү үүсдэг. Хувь хүний хувьд дасан зохицох чадвар сайн байдаг бол компани томрох тусам ийм чанар нь багасдаг. Шинэ хүмүүст зориулан соёлоо өөрчлөхөд компаниудын хувьд нилээд хүнд. 15-аас дээш насны 2.2 сая хүний 1.2 сая орчим нь ажиллах хүчин. Үлдсэн 900 мянган хүн ажилах хүчнээс гадуур тооцогдож явдаг буюу 54%-ийг эзэлдэг. Гэтэл тэтгэвэрийн насныхан, өндөр настан ихтэй гэгддэг Япон улсад энэ хувь манайхаас өндөр буюу 62% байдаг. Хөдөлмөрийн зах зээл үнэхээр асуудалтай байгаа. Нийгмийн олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна. Хүүхдийн цэцэрлэг, сургууль байхгүй, сугалаагаар ордог манай нийгэмд залуучууд хүүхдээ хараад ажилүй гэртээ суухаас өөр аргагүй болдог. Энэ мэт нийгмийн асуудлууд залуусын хөдөлмөр эрхлэлтэнд шууд нөлөөлдөг. Энэ сөрөг нөлөө сүүлийн хэдэн жил байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Залуусын ажиллах оролцоо, хөдөлмөр эрхлэх хүсэл сүүлийн 10 жил зогсолтгүй буурч байгаа тул бодлогын түвшинд дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэж хэлмээр байна.

Манай платформ дээр компаниудын талаар эерэг сэтгэгдэл бага хувийг эзэлдэг. Учир нь хүмүүс асуудалтай тулахаараа түүнийгээ хуваалцдаг. Мэдээж бид янз бүрийн буюу бүдүүлэг, баталгаагүй гэж үзсэн сэтгэгдлүүдийг нийтэлдэггүй. Бидэнд энэ тал дээр баримталдаг бодлого байдаг. 50 хүртэлх ажилтантай жижиг, дунд компаниудын сэтгэгдэл өндөр хувьтай эерэг байдаг. Харин том буюу групп компаниудын хувьд сөрөг сэтгэгдэл түлхүү харагддаг. Олон хүнтэй байгууллагын хувьд бүх хүнээ аз жаргалтай байлгах нь угаасаа боломжгүй байх. 

Б.Бат-Оргил: Залуу хүний хувьд өөрийн туршлагаа хуваалцмаар байна. Надад олон жил ажилласан туршлага байхгүй. Америкт сургуулиа төгсч ирээд Монголдоо ажиллаад гурван жил болж байна. Манай байгууллагууд шинээр төгсөөд ажлын гараагаа эхэлж буй залуусаас туршлага шаарддаг нь утгагүй байдаг. Мундаг оюутнууд нь сурахын хажуугаар ажлын дадлага хийгээд энэ туршлагыг олж авч чаддаг бол нийтэд нь ийм боломж байдаггүй. Гол зүйл нь манай залуус их, дээд сургууль элсэн орохдоо анхнаасаа мэргэжлээ буруу сонгодог нь харагддаг. Үр дүнд нь төгсөөд ажилд орж чаддаггүй. Ажилд орж чаддаггүй, мөн манай хөтөлбөрт хамрагддаг залуусын мэргэжлийг харвал голцуу сэтгүүл зүй, сэтгэл зүй, хууль эрх зүй, олон улсын харилцаа, Их Британи судлал, орон судлал зэрэг байдаг. Эсрэгээр нарийн мэргэжил, мэргэшлийн дутагдал хөдөлмөрийн зах зээл дээр байгаад байдаг. 

Үндсэндээ залуус мэргэжлээ буруу сонгодог, нэмээд боловсролын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн чанартай сургалтыг өгч чаддаггүй. АНУ-д энэ асуудлыг сургуулиудын карьер хөгжлийн төв нь шийдэж өгдөг. Бид төслийнхөө хүрээнд ийм карьер хөгжлийн төвийг улсын нэг, хувийн нэг их, дээд сургууль дээр загвар байдлаар байгуулаад тэр нь амжилттай болбол Монголын бүх их, дээд сургууль дээр байгуулахаар зорин ажиллаж байна. Энэ төсөл амжилттай явбал залуучууд мэдлэгийг заавал хичээлээр дамжуулан авах биш ажлын туршлагатай цуг энэ төвөөрөө дамжуулан авах боломжтой болно. Боловсролын системд энэ мэт инновац зайлшгүй шаардлагатай байна гэж залуу хүний хувьд онцолмоор байна.

Б.Мөнхдалай: Манайд хийгдсэн ийм судалгаа байдаг. Ажлын байран дээр гараад нэгээс хоёр жил болж байгаа залуусаас ажлын байран дээрээ ашиглаж буй ур чадвараа хаанаас сурч авсан бэ гэж асуухад 65% нь ажлын байран дээрээс, 35% нь их, дээд сургуулиас гэж хариулсан. Энэ бол манай боловсролын салбарын алдааг харуулж байгаа юм. 

Г.Билгүүн: Манай мэргэжлийн боловсролын салбар бүгдийг захиргааны аргаар шийддэг аргаасаа салаагүй, хуучны тогтолцоотой хэвээр байгаа гэж би боддог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сургалт, сургуульд сурлага муутай хүүхдүүд явдаг гэдэг ойлголт байсаар л байна. Түүнчлэн, үйлдвэрийн ажилчдыг хуучин шигээ шууд техник мэргэжлийн сургуулиудаас авдаг мэт бодоод байдаг. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад хүүхэд мэргэжлээ сонгосон бол эхлээд сургууль биш ажил олгогч дээрээ очдог. Компани нь тухайн хүүхдийг үнэлээд онолоо тэр сургуульд сураад, манай дээр энэ ажлыг хийж ажлын ур чадвар эзэмшинэ шүү гээд төлөвлөгөө гаргаж өгдөг. Компанийн энэхүү захиалгын дагуу сургалтын байгууллага үйлчилгээ үзүүлдэг. Чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд боловсролын байгууллага ажил олгогчтой хамтран ажиллаж, тэдний эрэлтэнд нийцсэн сургалтын хөтөлбөр гаргахаас өөр аргагүй болдог. Ингэж ажил олгогч ба боловсролын байгууллага хооронд гардаг зөрүүг багасгаж, талуудын хариуцлага өндөр болдог. Бидний алдаа ийм тогтолцоог өнөөдрийг хүртэл хийж чадаагүйд байдаг. 

Нөгөө талаас карьер хөгжлийн төвүүд маш чухал. Бид 2013-2018 оны хооронд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төсөл хэрэгжүүлсэн. Гадаадын улсууд хүүхдүүдийг цэцэрлэгт байхад нь ажил, мэргэжил танилцуулах аялал зохион байгуулдаг. Харин ахлах анги, их сургуулид ороод ажил, мэргэжлээ бодитой сонгох үедээ карьер хөгжлийн төвүүд дээр очиж зөвлөгөө авдаг. Монголд хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр энэ чиг үүрэг байдаг боловч чанарын хувьд алдаг оног байж магадгүй. Мэргэжлийн боловсролын сургуулиуд дээр энэ чиглэлийн мэргэжилтнүүд байдаг. Манай төслийн хүрээнд анхаарч хийсэн нэг ажил бол албан ёсоор ажил, мэргэжлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтнийг МУИС дээр магистрын түвшинд бэлтгэж эхэлсэн. Эхний төгсөлтөө хийсэн. Энэ тал дээр манай хүмүүс мэдээлэл багатай байж магадгүй. 

Т.Хандсүрэн: Энэ асуудлыг судалгааны дүнтэйгээ холбон тайлбарламаар байна. Залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тулгамдаж буй хамгийн том асуудал сая ярьдаг ажил олгогч ба ажилтан хоёрын хооронд гарч буй зөрүү юм. Үүний суурь шалтгаан манай боловсролын системд байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, төрийн ажил биш боловсролын системийн асуудал юм. Боловсролоос хөдөлмөрт шилжихэд боловсролд хамрагдах, ур чадвар эзэмших, ажил хайх гэсэн гурван үе шатыг туулдаг. Энэ гурван замыг туулахад монгол залууст маш олон асуудал үүсдэг. 

Боловсрол, сургуульд хамрагдахдаа манай залуус хангалттай сайн мэдээ, мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргаж чаддаггүй. Үүний шалтгаан нь бүх шатны боловсролын байгууллагын ажил, мэргэжлийн чиг баримжаа олгож буй үйлчилгээний чанар хангалтгүй байгаатай холбоотой. Энэ чиглэлд олон улсын байгууллагууд дэмжин хамтран ажилладаг боловч хэрэгжилт талдаа төдийлөн сайн үр дүн гардаггүй. Том зургаараа энэ бол Монгол Улсын боловсролын системийн хөдөлмөрийн зах зээл дээрх ач холбогдол, чанарын асуудал юм. Ажил олгогчид хэрэгтэй хүнээ авч чадаж байна уу, сургуулиуд хэрэгтэй ажилтан бэлтгэж байна уу гээд үзвэл боловсролын чанартай холбоотой багшлах боловсон хүчин, сургалтын агуулга, тоног төхөөрөмж, орчин, их дээд сургуулиудын засаглал гээд олон асуудлыг хөндөх ёстой болдог. Оюутнуудын мэргэжлийн дадлага хийх ажил бүх шатны боловсролын байгуулага дээр одоо хүртэл асуудалтай байдаг. Үүний суурь шалтгаан ажил олгогчдын идэвхгүй оролцоо юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны асуудал энд гардаг. Үр дүнд нь одоо манай компаниуд ажлын зар тавьчихаад хүн ирэхгүй байна гээд хүлээгээд суугаад байдаг. Зүй нь хэрэгтэй хүмүүсээ бэлтгэж авахын тулд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, энэ асуудлыг шийдэхэд өөрсдөө оролцох ёстой юм. 

В.Ганзориг: Боловсролын байгууллагууд чанаргүй мэргэжилтэн бэлдээд байгааг нь мэдсээр байж яагаад эцэг, эхчүүд, залуус их мөнгөөр хөрөнгө оруулалт энэ салбар руу хийгээд байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй байна. Ажил олгогчид хүн авахдаа сургууль соёлыг нь харахаас илүүтэйгээр бие биенээсээ тодорхойлолт, дүгнэлт авч голцуу шийдвэр гаргадаг шиг санагддаг.

Т.Хандсүрэн: Ямар нэг байдлаар хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө эцэг, эхчүүдийн оруулж буй хөрөнгө оруулалтыг шууд буруутгаж болохгүй. Тэд сайн боловсрол эзэмшиж чадвал сайхан амьдарна, хөдөлмөрийн зах зээлд энэ хөрөнгө оруулалтын үр ашиг нь гарна гэж итгэж байгаа учраас хүүхдийнхээ сургалтын төлбөрт гар таталгүй мөнгө зарцуулдаг. Монгол Улсын нэг давуу тал бол боловсролд хамрагдах хувийг сүүлийн жилүүдэд маш өндөр болгож чадсан. Ялангуяа бүрэн дунд боловсролыг хүүхэд бүр эзэмшдэг болсон. Тэдгээрийн 70-аас 80% нь их, дээд сургуульд элсэн ордог. Үүнийг бид буруутгаж болохгүй. Харин энд юу дутагдаад байна вэ гэвэл шийдвэр гаргалтанд нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн талаарх мэдээллийг залууст, аав, ээжүүдэд, багш, сургуулийн удирдлагад нь сайн хүргэх хэрэгтэй. Тэгвэл энэ мэдээлэл хаанаас гарч ирэх ёстой юм гэдэг асуулт гарна. Үүнийг ажил олгогчид буюу компаниуд гарган эдгээр хүмүүстэй хуваалцах ёстой. Энэ асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийн манлайлал маш чухал. 

Б.Мөнхдалай: Би нэгэн бодит жишээ хуваалцъя. Математикийн сонгоны анги төгссөн хүүхэд заавал МУИС-ын эдийн засгийн ангид ордог гэдэг тэр үеийн залуусын хандлага, сэтгэлгээгээр тэр ангид нь ороод гуравдугаар курсдээ сургуулиа хаясан. Эдийн засгийн онол гэдэг ангийг математик биш нийгмийн шинжлэх ухаан гэдгийг сая л мэдлээ, энэ чиглэлээр би цаашаа явахгүй юм байна хэлж байсан. Үүнийгээ их сургуульд ороод гурван жилийн дараа ойлгож мэдсэн байдаг. Уг нь ийм шийдвэрийг залуучууд эртнээс гаргах, үүний тулд бүр багаасаа зөв мэдээлэлтэй байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн судалгааны хүрээлэнгээс гаргасан 2022 онд хэрэгцээтэй байх мэргэжлүүд гэсэн судалгааг өнөөдөр харсан. Энэ судалгааг залуус өнөөдөр хараад яах юм бэ? Харин үүний оронд дөрвөн жилийн дараа хэрэгцээтэй байх мэргэжлийн мэдээллийг өнөөдөр залуучуудад хүргэх ёстой шүү дээ. 

Манай технологийн салбар хүний нөөцийн маш том асуудалтай байгаа. Компаниуд их, дээд сургуулиудын 4-р курсын оюутнуудыг дуусгаад одоо 3-р курс руу орж байгаа. Оюутан байхад нь сургалтын төлбөрийг нь тодорхой хэмжээгээр даагаад эртнээс ажилтнаар авч бэлтгэж байна гэсэн үг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) хүүхдүүд мөн маш их эрэлттэй болсон. Үүнд ковидын дараах бизнесийн сэргэлтийн үе нөлөөлж байна. Түр зогссон байсан төслүүд эргэж сэргэж, шинэ ажлууд эхэлж байгаа нь манай платформ дээр мэдрэгдэж байгаа. 

Г.Билгүүн: Манай сургуулиуд хүүхдүүдээ төлбөрийн хэрэгсэл гэж харах гээд байдаг. Тэд улсаас хүүхдийн тоогоор хувьсах зардал авдаг. Энэ мэт санхүүжилтээс болоод боловсролын системийн гажуудал явагдаад байна гэж би боддог. Ковидын өмнө судалгааны ажлаар Говь-Алтай аймагт явж байхад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төрөөс маш сайн дэмжиж байгаа нь харагдсан. Сургалт, дотуур байр нь төлбөргүй. Сайн оюутнууд тэтгэлэг болон ажлын байраар шууд хангагдах бүрэн боломжтой. Эдгээр мэдээллийг төр олон нийтэд хүргэхдээ дутуу ажиллаж, сурталчилгаа хангалтгүй учраас аав, ээж, хүүхдүүдийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй байна гэж харагддаг. Сайн сурч чадвал их сургууль төгссөн хүүхдээс илүү ажлын байрны туршлагатай, сайн инженер болох боломж МСҮТ-д бүрэн бий. 

Б.Бат-Оргил: Гадаадад боловсрол эзэмшсэн ихэнх найзууд маань хил нээгдэхээр Монголоос хурдан явж гадаадад ажиллах хүсэлтэй байдаг. Санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр гадаадад сурсан залуус АНУ-д жишээ нь жилийн 100 мянган ам.долларын цалинтай ажилд орох боломжтой байхад тэднийг Монголд сарын 1.5 сая төгрөгөөр үнэлдэг. Иймээс тэд бушуухан Монголоос явъя гэдэг. Тэднийг буруутгах ямар ч аргагүй. Учир нь ид ажлын насан дээрээ эдгээр боломжийг ашиглах ёстой. Харин Монголд боловсрол эзэмшсэн нь гадаадад мэргэжлээрээ ажиллах гэхээр хэл, дотоодын сургуулийн нэр хүнд, чанараар гологдож, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй. Монголд ажиллахаар ахиж дэвшин, өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Ялангуяа эмэгтэйчүүд! Цэцэрлэгт байхаас нь эхлээд хүүхдүүдэд мэргэжлээ сонгох мэдээ, мэдээллийг өгөх нь маш чухал гэдэгтэй санал нийлдэг. 10 жилийн хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Залуу дадлагажигч” гэдэг хөтөлбөрийг “Зориг” сангаас тав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Мэргэжлээ анхнаасаа зөв сонгох нь залуусын хувьд маш чухал асуудал. 

В.Ганзориг: Саяхан талбай дээр залуус жагсаал хийсэн. Та бүхэн Монгол бол залуусын орон гэж хэлсэн. Гэтэл яагаад залуусын дуу хоолой, хүсэл тэмүүлэл шийдвэр гаргах түвшинд хүрэхгүй байна вэ? Үнэхээр хүн амын олонхи л юм бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломжтой баймаар юм? 60-аад оных үхэж дуусч байж Монгол хөгжинө гэдэг яриа 90, 2000 оных болчихсон явж байна лээ. Манай залуусын нийгмийн оролцоо, хариуцлага хангалттай түвшигд байж чадаж байна уу?

Б.Бат-Оргил: Залуусыг талбай дээрх жагсахыг хараад Монгол ардчилсан улс гэж бахархсан. Гэхдээ “Ажлаа хий” гэдэг бичгийг нь харахаар тавьж буй шаардлага нь зөв үү, энэ залуусын хэдэн хувь нь сонгуульд саналаа өгсөн бол гэж бодогдсон. Сонгуульд бүгд саналаа өгсөн бол “Ажлаа хий” гэж жагсахгүй байж болох байсан. Бид “Өглөө” кампанит ажлыг хоёр жилийн хугацаанд хийгээд УИХ-ын сонгуульд залуусын оролцох идэвхийг 12% өсгөж чадсан. Харамсалтай нь дараа нь болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өсөлт гараагүй, буцаад хуучиндаа очиж буусан. Орос, Хятад, Казакстан, Хойд Солонгос улсуудын дунд байдаг бидний үнэт зүйл ардчилал. Ардчиллаар олгогдсон хамгийн том эрх бол сонгууль саналаа өгөх. Энэ эрхээ ашиглаж заншвал улстөрчид сонгогдохын тулд хүссэн хүсээгүй бидний дуу хоолойг сонсдог болно. 

Г.Билгүүн: Одоогийн Засгийн газар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг уриа дэвшүүлээд ажиллаж байна. Гэхдээ дорвитой том алхмуудыг зоригтой хийх хэрэгтэй. Би мэргэжлийн боловсрол дээр онцолж хэлмээр байна. Германд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 20% нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх процесст шууд оролцдог. Ажил олгогч, боловсролын байгууллагын хамтын ажиллагаа ийм өндөр түвшинд байна гэсэн үг. Ийм учраас герман залуусын ажилгүйдлийн түвшин Европт хамгийн бага хувьтай байдаг. Дадлага хийгээд тэр хүүхэд цалин авна. Энэ компанийн хувьд зардал мэт боловч хоёр, гурван жилийн дараанаас тэр хүүхэд компанидаа өгөөж авч ирж эхэлдэг. Улмаар сургуулиа төгссөнийхөө дараа тэр хүүхэд компанийнхаа хамгийн үнэ цэнтэй ажилтны нэг болдог. Компани нь ч тэр хүүхдээ алдахгүйн тулд цалин, хангамжийг нь өрсөлдөхүйц түвшинд аваачдаг. Ийм сайн туршлагуудыг Монголд жижиг, дунд бизнесүүд болон МСҮТ хамтраад хэрэгжүүлэх ёстой. 

Т.Хандсүрэн: Залуусыг нийгмийн оролцоо болон хөдөлмөрийн зах зээл дээр идэвхгүй байгаа юм биш үү гэж та асуусан. Би залуусыг шууд 100% буруутгамааргүй байна. Мундаг, идэвхтэй залуус олон байгаа хэдий ч нийт залуусын дуу хоолой нийгэмд дутагдаж буй нь үнэн. Ийм учраас залуусыг шүүмжлээд байгаа шалтгааныг олох зорилгоор бид судалгаагаа хийхдээ тэднийг бүлэглэж авч үзсэн. 2020 оны байдлаар 15-29 насны залуусын тоо 700 мянга орчим байв. Эдгээрийн 41% нь ажил хийдэг, 38% нь сурдаг, үлдсэн 20% нь хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэг боловсролд хамрагдаж, сургууль сурдаггүй. Бид энэ 20% буюу 150 орчим мянган залуусын асуудлыг хөндсөн юм. Сургуульд сурдаггүй, ажил хийдэггүй энэ 150 мянган залуусын тухай өнгөц сонсоход нийгмийн идэвхгүй бүлэг гэж харагдана. Гэтэл энэ бүлэгт маш олон шалтгаан байдаг. Тухайлбал, энэ насны бүлэг нөхөн үржихүйн үе тул залуу ээжүүд олноор байдаг. Монгол Улс бага насны хүүхэдтэй залуу ээжүүдийн асуудлыг шийдэж чадсан байгаа юу? Цэцэрлэг нь хүртэл сугалаагаар хүүхдээ авч, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн үйлчилгээ хангалттай байж чаддаггүй. Мөн эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй залуусаас гадна ажил идэвхтэй хайж байгаа боловч боловсрол, ур чадвар гологдох, мөн ажлаа зөв хайж чадахгүй байгаагийн улмаас ажилд орж чадахгүй байгаа залуус олон байдаг. Тэд залхуудаа ажилгүй байгаа юм биш. Үнэхээр ажил хайгаад залхсан, итгэл алдарсан, ажил хийх сонирхолгүй залуус энэ бүлгийн ердөө 25% буюу 30 гаран мянга нь л байдаг. Иймээс эдгээр залууст ур чадвараас гадна сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох, тэгш бус байдлыг нь хангах дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм аа.

Б.Мөнхдалай: Монголд 95 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг гэж ярьдаг. Эдгээрийн ихэнх нь 1-9 хүнтэй бичил, жижиг бизнесүүд. Эдгээр аж ахуйн нэгжүүд дотроо бас сайн, муу гэж байдаг нь бидэнд мэдрэгддэг. Залуусыг бүтэн өдөр ажиллуулаад 5000 төгрөг өгөөд явуулдаг компаниуд байдаг. Гэтэл өдрийн хоолондоо тэр залуус 7000 төгрөг зарцуулдаг. Унааны мөнгө өгөлгүй орой шөнө тараадаг кэйсүүд нилээд бий. Энэ мэтээр компаниуд залуусын нурууг нь анхнаасаа авчихдаг. Харамсалтай нь ийм аж ахуйн нэгжүүд манай хөдөлмөрийн зах зээл дээр нилээд байдаг. Монгол залуус залхуу юм бол яагаад Солонгост очоод уралдаад хамгийн сайн ажил хийдэг юм бэ? Манай компаниуд хариуцлагатай байж, хүний хөдөлмөрийг үнэлж бас хүндэлж сурах хэрэгтэй. 

Тусгай мэргэжил, мэргэшил шаарддаггүй ажлын байр тодорхой хэмжээгээр зах зээл дээр үргэлж байдаг. Эдгээр ажлын байрны эрэлт ч тогтмол өндөр байдаг. Жишээ нь манай платформ дээр олон улсын франчайз компаниуд хүн авна гээд захиалга өгдөг. Шатахуун түгээгүүрийн газар Улаанбаатар 400 орчим байдаг бөгөөд нэг газарт нь л гэхэд дор хаяж дөрвөн хүн ажиллах ёстой болдог. Өдөр, шөнийн ээлжийг нь тооцоод үзвэл зөвхөн шатахуун түгээгчийн хувьд хэдэн мянган хүний ажлын байр бэлэн байдаг. Гэвч хүн олддоггүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл манай компаниуд өөрсдөө хариуцлагатай баймаар байна. Мэргэжилтэй мэргэжилгүй, боловсролтой боловсролгүй гээд ажилчдаа гомдоогоод явуулаад байж болохгүй. Томоохон компаниуд энэ чиглэлд бусаддаа үлгэр жишээ болоод ажиллаж байгаа. Гадны томоохон фрайнчайз компаниуд Монголын хөдөлмөрийн зах зээлд үнэхээр том өөрчлөлт хийж байна гэж би хардаг. Залуус CU, GS25-д ажиллаж сурч байна. Хэзээ манай залууст ийм цагийн ажил хийх боломж байсан билээ. Гэсэн хэдий ч эдгээр ажлын байр ажил хийх хүсэлтэй оюутан залуусын 20%-д ч хүрээгүй байгаа. Барууны орнуудад энэ харьцаа 70%-иас дээш байдаг. Цагийн ажил хийх явцад залуус soft skill буюу мэргэжлийн болон мэргэжлийн бус ур чадвараа зэрэг хөгжүүлж чаддаг. 

В.Ганзориг: Залуусын хөдөлмөрийн зах зээлийг анхаарч ажиллаж буй та бүхний дийлэнх нь ТББ-ууд байна. Яагаад заавал ТББ-аар дамжуулан энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна вэ? Сүүлийн асуулт, хэрэв та нар энэ салбарт шийдвэр гаргадаг хамгийн өндөр эрх мэдэлтэй нэгэн байсан бол ямар шийдвэрийг хамгийн эхэлж гаргах байсан бэ?

Б.Бат-Оргил: ТББ-ын нэр хүнд болон янз бүрээр тэгж ярьдаг нь үнэн. Би энэ салбарт ажиллаад бараг хоёр жил болж байна. ТББ-д ажиллаад би нийгэмдээ ер нь ямар хувь нэмэр оруулж байгаа юм бол гээд би сүүлд бодож үзсэн. Энэ хугацаанд би бараг 200 мянган ам.долларыг санхүүжилтыг гаднаас Монголдоо татан оруулж ирсэн. Энэ мөнгө миний, манай байгууллага руу ордоггүй. 80-аас 90% нь шууд залуучуудад зориулагддаг. Үр дүнд нь 120 залууг ажлын байртай болгож, олон хүүхдэд мэргэжил сонголтын талаарх мэдлэг түгээж, сонгуульд саналаа өгч, нийгмийн идэвхтэй байхыг уриалж ажилласан. Харин яг ажил эрхлэлтийн хөтөлбөр дээрээ тулгуурлаж ярьвал маш олон залууст боломж олгож байгаа. Монгол залуусыг залхуу, ажил хийдэггүй гэж ярьдаг нь худлаа гэж би хэлнэ. Хөтөлбөрт оролцогчдоос санал асуулга авч байхад өмнө нь надад хүмүүс итгэдэггүй, боломж олгодоггүй байсан гэж тэд хариулдаг. Итгэл, боломжийг надад та бүхэн олгосон учраас би өнөөдөр ажилтай, орлоготой явж байна гэж хэлдэг. Нэг залуугийн ард доод тал нь хоёр хүн тухайн өрхөд байдаг гэж тооцвол би 300-400 хүний амьдралд шууд болон шууд бус байдлаар нөлөөлөл үзүүлсэн. Нэг оролцогч бүр “Хэрвээ би энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол амиа хорлосон байх байсан” гэж хариулсан байв. Тэгэхээр залууст маань ийм том хэмжээний тусламж хэрэгтэйгээс гадна ийм их стресс, депресс дор амьдарч байна гэсэн үг. Хүний амь аврахад оролцсон гэдэг утгаараа би залуу хүний хувьд өөрөөрөө бахархдаг. 

Хэрвээ би шийдвэр гаргадаг хүн байсан бол урт хугацааны бодлогод илүү анхаарна. Монгол улстөрчид сонгуульд ялахын тулд дандаа богино хугацааны сонин сонин ажил хийдэг. Уг нь 20 жилийн дараа үр дүн харах ажлууд дээр төвлөрөх ёстой. Жишээ нь, 20 жилийн дараа бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгохын тулд өнөөдөр юу хийх вэ, цэцэрлэгт бүрэн хамрагдсан хүүхдүүд 20 нас хүрэхээр ямар хүмүүс болж төлөвших ёстой гэх мэт. 

Г.Билгүүн: МСҮТ-д сурах нь буруу эсвэл муухай зүйл огт биш шүү. Дээр ярьсан ажил олгогчтой холбоотой асуудал дээр нэмж мэдээлэл өгье. Мэргэжлийн дадлагад гарч байгаа хүүхэд болгон дээр гурван талт гэрээг суралцагч, сургууль, ажил олгогч хоорондоо хийдэг. Энэ гэрээгээр ажиллах цаг, цалин хөлс, аюулгүй байдал болон ажилд дадлагажуулагчаар хангах заалтууд ордог. Энэ гэрээний хяналтыг сургуулийн багш нар хийдэг. Энэ процессийг улам сайжруулж төгөлдөржүүлэх хэрэгтэй байгаа. Мэргэжлийн боловсролын чиглэлээр бид олон ТББ-тай хамтран ажилладаг. Эндээс харж байхад төсөл, хөтөлбөрүүд тодорхой хугацаанд хэрэгжээд дуусдаг. Энэ явцад ТББ тэр бүх мэдлэг, судалгаа, туршлага, ноу хауг өөртөө авч үлддэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын дундаж нас буюу санах ой хоёр жил хүрэхгүй гэдэг судалгаа байдаг. Ийм учраас манай улсад ТББ-ын үүрэг маш чухал байх ёстой. 

Шийдвэр гаргах эрх мэдэлтэн байсан бол хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахын тулд би татварын систем дээр ажиллах байсан. Ажил олгогчдыг дэмжсэн татварын тогтолцоо байх ёстой. Хүн сургадаг, хүндээ хөрөнгө оруулалт хийдэг компаниудыг татвараас нь хөнгөлөх, буцаан олгох байдлаар дэмжих хэрэгтэй. Жишээ нь, Малайз улсад хөдөлмөр эрхлэлтийн Levy тогтолцоо гэж байдаг. Хэрэв ес хүртэлх ажилтантай жижиж аж ахуйн нэгж байвал 0.5 хувь, үүнээс олон ажилтантай компаниуд цалингийн сангаасаа нэг хувийг төлөөд тэндээ нэрийн данс үүсгэдэг. Компани дараа нь хүнээ сургах, хөрөнгө оруулах үедээ энэ сангаасаа мөнгөө авч зарцуулдаг байх жишээтэй. Ийм байдлаар ажил олгогчдоо дэмжсэн татварын зөв тогтолцоог бий болгох дээр би анхаарах байсан. 

Б.Мөнхдалай: Бид арилжааны зорилгоор хөдөлмөрийн зах зээл дээр ажилладаг. Эхний үр дүн гараад эхэлсэн. Манай платформ гараад хагас жил болж байна. Компаниудын цалин, хангамж, ажилчиддаа зориулсан бодлого зэрэг бүх мэдээллийг бид хүмүүст дэлгэрэнгүй, ил тод өгдөг учраас өнгөрсөн хугацаанд сайн хүний төлөө компаниудын өрсөлдөөн улам ширүүн болж чадсан. Энэ хэрээр хүмүүс өөрийгөө үнэлж эхэлдэг. Компаниуд ч бусад компаниасаа суралцаад, хүн рүүгээ чиглэсэн бодлогоо улам сайжруулж, цалингийн схемдээ өөрчлөлт оруулдаг болсон. Энэ хэрээр өндөр ур чадвартай хүмүүсийн төлөөх дайн шударга болж байна гэсэн үг. Ийм учраас манай компани байгуулагдсан зорилгодоо хүрч чадаж байгаа. Ямар ч байгууллагын хувьд хүн хамгийн том капитал, хамгийн чухал нөөц нь байдаг.

Хамгийн том дарга байсан бол боловсролд их анхаарах байсан. Учир нь боловсрол бүх юмны цаана байдаг. Боловсролд зориулсан ямар ч мөнгө ирээдүйд үржигдэн орж ирдэг. Нэг сая төгрөгийн сургалтыг үнэтэй байна гэж ярьдаг залуус гурван сая төгрөгийн үнэтэй гар утсыг зээлээр аваад барьсан явж байдаг. Боловсролын үнэ цэн өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой.

Т.Хандсүрэн: ТББ, олон улсын байгууллагуудын тухай асуусан. Энэ бүхнийг хөгжлийн салбартай холбон тайлбарлана. Хөгжиж буй улсуудад ТББ, иргэний нийгэм, ашгийн бус байгууллага, олон улсын байгууллагын нөлөө маш өндөр байдаг. Зөвхөн хөдөлмөр эрхлэлт бус боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт олон асуудал бидний өмнө тулгамдсан байгаа. Ардчилалд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын төр бүх ажлыг хийгээгүй. Төр бүгдийг ганцаараа хийх боломжгүй, чадваргүй, нөөцгүй гэдгийг бид мэддэг. Иймээс эдгээр байгууллагууд болон олон талт хамтын ажиллагаа ямар чухал гэдэг нь ойлгогдоно. Залуу хүмүүс хүсэхгүй болохоор ажилгүй суудаг нь ховор. Олон шалтгаан байдгийн суурь нийгмийн тэгш бус байдал, тэгш бус боломж байдаг. Үүнийг “Лоринет” сангийн хийсэн судалгаа баталж байна. Иймээс Монголын ирээдүйг авч явах залуусын ажил эрхлэлт дээр бид одооноос эхэлж анхаарах ёстой. Тэр дундаа хувийн хэвшил манлайлал гаргаж, асуудлын шийдэл дээр идэвхтэй оролцож, хөрөнгө оруулах шаардлагатай. Төрийн байгууллагууд гаргаж буй бодлого, шийдвэрүүдээ олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, тэр хэрээр хоорондоо нягт хамтран ажиллаж заншмаар байна. Эцэст нь боловсролын реформ залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдэх үндсэн арга гэж хэлнэ. 

В.Ганзориг: Маш хэрэгтэй мэдээлэл ярилцлага өгсөн эрхэм зочиддоо баярлалаа! Залуучуудын хувьд нас нь давуу тал мэт боловч ургаж буй цэцгийн дэлбээ шиг нийгмийн өөрчлөлт, хямралд хамгийн түрүүнд өртдөг бүлэг ажээ. Залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлын шийдэл нь яах аргагүй боловсролын байгууллагуудаас эхлэх хэрэгтэй болжээ. Эхнээсээ карьер хөгжлийн мэргэжилтнүүд бэлтгэгдээд эхэлсэн сайхан мэдээ байна. Цаашид бүх их, дээд сургуулиуд дээр карьер хөгжлийн төвүүд олноороо байгуулагдах болтугай!