“П.Шагдарсүрэн. Амьдралын хувь төөрөг (Дурсамж)” хэмээх энэ ном 2008 онд уншигчдын гарт очсон юмсан. Номын зохиогч нь маршал Х.Чойбалсангийн дэргэд ажиллаж явсан,  50 гаруй жилийн тэртээ Монголын төрд Гадаад хэргийн сайдаар  зүтгэж явсан, өмнөх нийгэмд энэ албыг хашсан түүхэн хоёрхон гэрчийн нэг нь гэдгийг бэлгэшээж би энэ бүтээлд хянан ариусгагчаар (редактор) ажиллаж хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Номын хэсгээс хүргэж байна.

... Малынхаа бэлчээрээс цааш гарч үзээгүй бага балчир надад Да хүрээ гэдэг түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газрын амьдрал, орчныг үзсэн анхны сэтгэгдэл ер мартагддаггүй юм.

Миний үеийнхэн отог жинстэй ноёдыг үзээгүй боловч, хүрээний баячууд, лам нар, хүрээ хийд, сүм дугана, элдэв төрлийн мөргөл, шүтлэгийн ёслол, цам майдар, мухар сүсгийг үзэж мэдэрсээн. Сургуульд орохоос өмнө эмээ ээж, эхээ дагаж, Гандан Хүрээг эргэн, сунаж мөргөж, сүм дуганын хүрд эргүүлж явснаа сайн санаж байна. Зүүн хүрээний өмнө талд Ёнзон хамбын өргөө гэх нэгэн том өндөр сургааган хашаанд байдаг байв. Түүнд мөргөж, адис жавтий тавиулах, рашааныг нь хүртэх гэж сүсэгтнүүд дараалан зогсдогсон. Эмээ, ээж хоёртойгоо түүнд бараалхаж л явлаа. Тэдний том цэцэрлэг дэх заан, сармагчин, тоть, түвдийн бүдүүн дуутай том гарз нохой зэрэг нь хүүхэд багачууд бидний сонирхлыг ихэд татдаг байж билээ. Сүсэгтэн хүмүүс Богд хан уулыг эргэж, сунаж мөргөнө. Шинийн найман, 14-ний ерөөл, Хүрээний болон Манзүширийн хийдийн цам, Майдарын их мөргөлийн өдрүүд болдогсон. Одоогийн аж үйлдвэрийн комбинатын урд талд Туул голын хөвөөнд уран хийцтэй Голын цагаан сүм гэж байв. Үүнийг эхийн хамт эргэж, ээж минь Сундуй, Жадамба гэдэг том зузаан судрыг үүрч мөргөл хийнэ. Тэр хүнд судрыг насныхаа тоогоор үүрч мөргөхийг буяны их хүндтэй үйл гэдэг байж.



Сүсэгтэн олны нүгэл хилэнц, зовлонг арилгах, буян үйлддэг лам нар хот, хөдөөд гүрэм ном жасаа уншин, овоо тахиж, өргөл барьц авч байхыг ч сайн мэдэх юм. Зарим жил Зүүн Хүрээний Майдар, сор залах ёслол нь Майн нэгний баяртай зэрэгцдэг байв. Сургуулийн сурагчид бид Майн баярын жагсаалд оролцсоны дараа лам нар, сүсэгтэн хүмүүс Майдар бурхан залахыг даган хошуурч, адис тавиулах гэж хөлсөө гоожуулан чихцэлдэж, өнгийн даавуугаар чимэглэсэн лам банди нарын шүхэрт дөрвөн дугуйтай догууд чирч гүйлдэн хойно хойноос нь мөргүүлж байхыг сонирхон хүрээ тойрч гүйлдэж л явлаа.

Гандан, Зүүн Хүрээнд шашны ном үздэг орхимж бүсэлсэн банзал өмссөн омогтой банди нар ардын сургуулийн сурагч биднийг өдөж, зодолдох нь энүүхэнд, яагаад ч тэгж дайсагнах ёстойг балчир ухаандаа бид бодоод бодоод олдоггүй байж. Хот, хөдөө, хотол хошуу дамжин явган тэнүүчилж явдаг таяг тулсан үүргэвчтэй бадарчингийн үг яриа, шог үлгэрийг ч сонирхон сонсож явлаа. Бас хөдөөний айлуудаар доншуучлан арилжаа, наймаа хийж явдаг хятад, түвд цагаач наймаачид ноос, арьс, шир авч, оронд нь чихэр, боов, танзуур, зурмал бурхан, зүү утас зэргийг өгч арилжаа хийнэ. Багадаа тэдэнд хотны шарласан ноос, хурга, ишгэний хатсан хаягдал арьс өгч, өлмүүн бид боов чихэр олоод идчихдэг байв.



Тэр үеийн хүрээнд баян, хоосон лам, харын ялгаа нүдэнд илт, тэдний орон байршил нь хүртэл заагтай байж билээ. Хотын баруун хойт дэнжид Гандан, Жанрайсиг, сүм, дугана сүндэрлэж, лам нар нь улаан шарыг тунуулсаар  түүний орчинд үргэлжилсэн олон хашаа гэрт сууна. Хотын хойд талд Зүүн хүрээний сүм дугана, лам нар нь мөн тэр орчимдоо байрлана. Гандан, хүрээнээс үдэш, орой лам нарыг хотын хороолол руу, эмс охидыг лам нарын хороо руу явахыг цээрлэдэг байсан. Сүм, дугануудад өдөржин хурал, ном хурж, бурхан, тахил, зул өрөөстэй, хонх, дамар, цан, хэнгэрэг нижигнэж, бүрээ бишгүүрийн дуу тасардаггүйсэн. Их мөргөлийн өдрүүдэд тэнд сүсэгтнүүд багшран мөргөнө. Гандан дээрхи нэг сонирхолтой газар бол лам нарын хоол, манз, цай бэлтгэдэг хэдэн том тогоо ил байдагсан. Түүнд цай чанахдаа дөрвөлжин булантай цайнуудыг бүхлээр нь чулуудна. Хичнээн ч их сүү хэрэглэдэгийг хэмжих аргагүй. Тэр том тогоонуудаа манзчин банди нар дотор нь орж биеэрээ мөлхөж цэвэрлэнэ. Тэнд цай, хоолны шавхруу горилсон ядуу эмгэд, хөгшид, хүүхэд, ноход бужигнана. Тэр халуун тогоонд нь нохой орж үхэж гэнэ гэж хэлцдэг байсан.



Гандан, зүүн хүрээ хоёрын хооронд Тасганы овооны наад талаас хятадын  өргөн чөлөө, Гэсэр сүм, Шиянз хэмээх хятад клуб, хятад цагаачдын оршин суудаг Есөн гудамжны цаасан цонхтой шавар байшингууд, түүний орчимд хятадын пүүс, лангуу, самрын тосны хиншүү ханхлуулсан хятад хоолны газрууд, халуун усны газар, янз бүрийн наргиан цэнгээн, мөрийтэй тоглоомын газрууд үргэлжилсэн их хөлийн газар байсан.

Хятадуудын оршин суудаг хоёр дахь хороолол нь “Маймаачин” хэмээх одоогийн Амгалан байв. Тэнд Гэсэр сүмтэй, жил бүр “Ханш нээх”, “Еэвэн сар” гэх мэт хятадын заншилт мөргөл, ёслол болж лаа, дэнлүү асааж, пуужин пижигнүүлэн янгуу, жүжиг тоглодог байв. Тэнд нь нас барсан хятад цагаачдын цогцсыг авсалж, ёслол үйлдэн нутаг руу нь тээвэрлэдэг газар байсан. Нутагтаа ясаа хүргүүлээгүй нь одоогийн Алтан-Өлгий хавьд булшлагдаж байсан гэлцдэг. Зүгийн муу зүүн хойноос гэх яриа тэр үед гарсан гэж үздэг одоогийн Алтан-Өлгийг зүглүүлж хэлсэн хэрэг болов уу. 

Манай улсын яам, албан газрууд, эмнэлэг, сургууль, хоршоо дэлгүүр гээд  улсын байгууллагууд гол төлөв их хотын төв хэсэгт бөөгнөрөн байрладаг  байв. Хотын баруун ба өмнөд хэсэгт энгийн иргэдийн оршин суудаг сургааган хашаа, гэр хорооллууд үргэлжилнэ. Хотын зүүн зах Амеркан дэнж, Консулын дэнжид СССР-ийн Полпред буюу Бүрэн эрхт төлөөлөгчийн газар (Элчин яам гэж буулгая), орчин тойронд нь нутгийн оросууд суудаг. Улаанхуаранд манай цэргийн ангиуд, цэргийн нисэх хүчний аэрдором байрладаг байв.



Хотын үйлчилгээний зах, дэлгүүрийн орчинд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн газрууд байдаг байлаа. Тэнд ядуу зүдүү амьдралтай өвгөд, эмгэд, хүүхдүүд эргэлдэнэ. Ажилгүй залуус хүмүүсийн худалдан авсан мах, бараа, таваарыг зөөж хэд гурван зоос олдог. Одоогийн 1 дүгээр хорооллын орчим Туул голын дагуу малын өргөн зах байв. Тэнд малын дамын наймааны их зах төвлөрч, хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ сүргээрээ төрөлжин багшрана. Ядуучууд тэдний малыг харж манаж үйлчилж амь зуудаг байлаа. Хотын зүүн хойт захад мод, түлээний зах байх. Тэнд ядуу өвгөд, эмгэд, багацуул түлш хайж модны холтос хуулж, зоргодос хогийг нь түүнэ.



Хотын тээвэр, хүнсний үйлчилгээнд хятадууд зонхилж, энд тэндгүй л гоёж чимсэн зөөлөн нумтай дөрвөн дугуйтай морин сүйх тэрэг зогсоно. Түүнд чинээлэг хүмүүс, гангачууд л суудаг байв. Мөн ачаа тээш зөөдөг морь болон илжигэн тэрэгний үйлчилгээнд хятадууд л зонхилж байсан. Тэд олон морь хөлөглөсөн товруу хадаастай том дугуйутай даачаа тэргээрээ Хүрээ-Налайхын хооронд нүүрс зөөнө. Бас Хүрээ-Жанчхүүгийн хооронд бараа тээвэрлэнэ. Хотын усан тээвэрт мөн л тэд давамгайлан дулаан цагт том модон ган саваар ус зөөж, өвөлд Туулын голын мөс зөөн түгээж, худалдана. Мах, хүнсний ногооны лангуунуудад хятадууд ноёрхож, гэр хорооллоор хятад үүргийн худалдаачид чихэр боов, дүфүү, хүнсний ногоо худалдан гүйлдэнэ. Бас түлээ хөрөөдөгч, хутга, хайч ирлэгч, хуучин хувцас арьс шир цуглуулагч, жорлон ухаж цэвэрлэгч, гутал тахлагч хятадууд энд тэндгүй орилон дуудаж явдаг байлаа. Ахуй  үйлчилгээний хамаг ажлыг тэр үед үндсэндээ хятадууд нугалдаг байсан бөгөөд ардчиллын жилүүдэд хятадууд орж ирээд хамаг ажлын байрыг нь булаагаад авчихсан мэт өнөөдөр ярьж  хэлж бичдэг нөхдөд зориуд хандаж бичиж байгаа хэрэг.  Монголчууд бид аль эртнээс л хятад ажилчидтай зууралдсан юм байна шүү гэсэн санаа л даа. 

1920, 1930-аад онд Түвд, Германы цөөн тооны худалдаачид Хүрээнд байсан. Тэд өөрийн орны бараа таваараа бөөний болон жижиглэнгээр худалддаг дэлгүүр, мухлагтай, жишээ нь түвдийн дэлгүүрт хүж, арц, хамрын тамхи зэрэг үнэртэн, шашны зэмсэг хэрэгсэл, хоргой, торго, цэмбэ зэрэг барааг зарна. Германы “Воствак” гэдэг пүүсийн дэлгүүрт бугуйн болон энгэрийн цаг, ангийн буу, зургийн аппарат, унадаг дугуй, биеийн тамирын хэрэгсэл, хутга, сэрээ, жижиг багаж хэрэгсэл зэрэг чамин зүйлүүд байдаг байв. Одоо бодоход, тэр үед манайд чөлөөт зах зээл гэдэг л байжээ дээ.



1930-аад оны эхээр монголчуудын сонирхол шохоорхолыг татаж, хошуурч  байсан техник хэрэгсэл гэвэл, гараар эргүүлж дууддаг телефон, эгшигт хайрцаг хэмээх пянз тоглуулагч, сүүдэр зургийн дуугүй кино, унадаг дугуй, орос машинуудаас гадна, Англи, Америк, Германы суудлын, ачааны бийвк, форд, бенз, яз маркийн цөөхөн машинууд байдаг байлаа.

Тэр үед манай цэргийн нисэх онгоцныхон шүхрээр буух спортод хүмүүсийг сургаж эхэлсэн нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихэд татаж, шүхэрчдийн тоо малчин түмэндээ жишиж харьцуулахад багадахааргүй болсон байв.

Тэр үеийн Хүрээ хог новш ихтэй, бохир, шавар шавхайтай, гэрэл гэгээгүй, утаа униар их, шөнийн цагт энд, тэндгүй нохой боргоод, ер нь төсөөлөн хэлэхийн аргагүй. Дунд голын эрэг дээр ганц жижиг цахилгаан станцтай, тэр нь зөвхөн албан газруудад гэрэл өгдөг. Дүнжингаравын хүр, Богдын зуны лаврин, голын цагаан сүмийн хэдэн улиас мод, хятадын ногооны газруудын шуудуунд ургасан бургаснаас өөр ямар ч мод, цэцэрлэг, зүлэггүй, хэсэгхэн ч цардмал зам, талбайгүй байв даа ...