Бид хөмөрсөн тогооноос гарах ёстой.
Синдикат ярилцлага – Эксклюсив ес дэх дугаараар ЭдТекийг онцолж байна. Технологи ашиглан боловсролын салбарт реформ хийж байгаа залуусыг та бүхэнд танилцуулъя. Нэвтрүүлгийн зочин TomYо-г үүсгэн байгуулагч В.Баярсайхан байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Америкаас ирээд Лэндмн рүү дөнгөж орж байхад чинь буюу гурван жилийн өмнө тантай уулзаж ярилцаж байжээ. Эдтек гээд цахим боловсролын салбар руу орж байгаа тухай дууллаа.
В.Баярсайхан: Америкаас ирээд завгүй үед чинь уулзаж байснаа санаж байна. Ирээд эхний хоёр жил Лэндмн болон толгой компани болох Анд Глобал дээр ажилласан. Энэ компаниуд намайг Монголд авч ирсэн. Гадаадад сурч, ажиллаж байсан, амжилттай яваа залуус нийлээд Монголдоо гоё төсөл хийх цаг болсон, үүнийг зорилго болгох ёстой гэж бодсон. Энэ зорилгын хүрээнд хоёр жил шургуу ажиллаж, Лэндмн-ийг Монголын зах зээлд амжилттай гаргаж, Анд Глобал компанийг Филиппин, Япон зэрэг олон улсад нэр хүндийг нь өргөж, хөрөнгө оруулагчдын өмнө сонирхолтой старт ап компани болоход нь өөрийн хувь нэмрээ орууллаа. Энэ хугацаанд би дараагийн юмаа бодож байсан.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Нэгт, би уйдамтгай хүн. Хоёрт, би хаанаас ирсэн, хэн билээ гэдэг миний бодолтой шинэ төсөл холбоотой. Багаасаа математик, компьютер, технологи сонирхдог хүүхэд байлаа. Тиймээс технологи ашиглаад нийгэм, бизнесийн бүхий л салбаруудын мэдээлэл, үйлчилгээг ард иргэдэд хэрхэн илүү хүртээмжтэй болгох тухай боддог байсан. Лэндмн-ийн гол зорилго ч ийм байсан. Бид байнгын орлоготой, банкинд түүхтэй хүмүүс л санхүүгийн үйлчилгээ авдаг гэдэг ойлголтыг задалж чадсан. Одоо хэн ч байсан хамаагүй гар утсаа ашиглаад л барьцаагүй санхүүгийн үйлчилгээ авдаг болсон. Улмаар өнөөдөр Монголын бүх банк, санхүүгийн байгууллагууд цахим болчихлоо. Үүнийг хүртээмж гэж хэлнэ. Энэ хэрээр бидний амьдрал хялбар болдог.
Үүний дараа эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарыг бодож байгаад хамгийн зүрхэнд ойр байсан TomYo төслөө эхлүүллээ. Энэ бол технологи ашиглан боловсролын салбарыг шинэчлэх, үйлчилгээг нь улам бүр хүртээмжтэй болгох төсөл юм. Манай баг сүүлийн нэг жил хийсэн ажлаа Монгол ТВ-ээр орон даяар дамжуулж нээлтээ хийлээ. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Учир нь энэ бол залуусын сурч хөгжих, дэлхийн иргэн болох хүсэл мөрөөдөлд хүргэх гарц юм. Ийм боломжийг олгох нь манай аппликэйшнийн зорилго. Би Анд Глобал компанийн олон улсын хөрөнгө оруулалтын ажил дээр нь оролцоод явж байгаа хэвээрээ. Мөн Лэндмн дээрээ ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, харин өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоо больсон. TomYo EdTech-ийн төсөл дээрээ сүүлийн найман сар 100 хувь анхааран ажиллаж байна.
- TomYo гэдэг нэрний утга юу вэ?
- Хүмүүс сонсоод шууд томъёо гэж ойлгож байгаа. Энэ нэр, логог би зохиогоогүй. Манай багийн залуусын санаа. Учир нь энэ бол залууст зориулагдсан бүтээгдэхүүн. Залууст зориулсан үйлчилгээ, тэдний чөлөөт цагаа өнгөрөөх газар гээд ярихаар бар, цэнгээний газраас өөр зүйл бараг олддоггүй. Залууст үнэхээр хэрэгтэй зүйл хийе гэвэл тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол үсгэнд Ё үсгийг хэн ч тоодоггүйтэй адилхан Монголд залуусын хүсэл эрмэлзлэлийг тоодоггүй. Иймээс залуусаа хэдүүлээ жижиг ё үсэг байх шаардлагагүй ээ. Том сэтгэж, том мөрөөдөн, хөмөрсөн тогооноос гарч дэлхийн иргэн болох томъёо болъё, жижиг биш том Ё үсэг болъё гэдэг санаа юм. Манай компанийн нэр монголоор дөрвөн үсэгтэй. Тэр нь ТомЁ юм.
Өөрийгөө хөгжүүлэхийн тулд гадаад хэл сурах, тэтгэлэг олох, сургуульдаа тэнцэх, ярилцлагад бэлдэх, гадагшаа сургуульд явах нь амархан замнал биш. Үүнийг бид хялбарханаар томъёолж, хүн бүрийг хүссэн оргил руугаа тэмүүлэх замналыг гаргаж өгөх нь манай төслийг хоёр дахь утга учир нь юм.
- Энэ төслийн зорилтот зах зээл нь хэн бэ?
- Бакалавр, мастерийн оюутнууд манай зорилтот бүлэг. Энэ бүлэгт 12 дугаар ангийн сурагчаас эхлээд 35 хүртэлх насны бүх хүмүүс багтана. Гэхдээ бидний зорилго энэ насны бүлгээр хязгаарлагдахгүй. Сурч хөгжье гэсэн хүн болгонд манай дэд бүтэц нээлттэй. Энэ төслийг эхлүүлсэн нь миний хувийн амьдралтай их холбоотой. Би хөдөө, орон нутгийн долоон хүүхэдтэй айлын нэг гишүүн нь. Аав минь намайг бага байхад бурхан болсон. Олуулаа нэг өрөө байранд амьдарч, улсын сургуулиар хүмүүжсэн. Энэ бол хөдөө, орон нутгийн залуучуудын нийтлэг төрх. Улаанбаатар хотын баруун ба зүүн дөрвөн замаас хойших гэр хороололд ч амьдрал ийм байгаа. Тэр залууст жилийн 20 сая төгрөгөөр хувийн сургуульд суралцах боломж байхгүй. Хувийн сургуульд сурсан залуус гадаадад дээд боловсрол эзэмшихийн тулд дахиад жил бүр 15-20 сая төгрөгийг зарцуулдаг. Ийм боломж Монголын нийт залуусын гурван хувьд л олддог. Надад ийм боломж байгаагүй. Ийм боломжгүй залуус том мөрөөдөж чаддаггүй.
Би азтай байсан. МонТурк сургууль хөдөө, орон нутгаас жил бүр хоёр хүүхэд авдаг квоттой байв. Энэ нь Монголын хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд ийм боломж олгосон хамгийн анхны тохиолдолд тооцогддог. Өнөөдөр ч гэсэн ямар ч хувийн сургууль ийм квот өгдөгггүй байх. Хувийн сургуулиуд хүүхэд бүрээс 20 сая төгрөг аваад, төлбөрөө төлсөн нь ор, чадахгүй нь яв гэдэг л дүрэмтэй. Монголд өнөөдөр боловсрол мөнгөөр хэмжигдэж байна. Хүүхдийг бараг төрөхөөс нь өмнө өгөгдөлийг нь тодорхойлж байна шүү дээ. Над шиг Дорнодод, эсвэл Баянхошуунд төрсөн захын сургуулийн хүүхдэд хотын төвийн хувийн сургуульд сурч байгаа баян айлын хүүхдэд байгаа шиг боломж байхгүй. Хүүхэд, залууст адилхан боломж өгч, тэр дундаас хэн мэрийж хичээсэн нь цойлж гардаг болсон цагт боловсролын тэгш бус байдал, шударга бус боломжийн ялгаа арилна. Төрөлхөөс өгсөн өгөгдлөөр нь хүүхдийн ирээдүйг тодорхойлох ёсгүй.
Азаар би МонТурк сургуульд ороод, цаашаа Туркийн Засгийн газрын тэтгэлэгээр дээд боловсрол эзэмшсэн. Боловсролын ачаар миний амьдрал өөрчлөгдсөн. Энэ боломж олдоогүй байсан бол би өдийд Дорнодод таксины жолооч, эсвэл барилга дээр ажиллаад явж байсан байх. Сурч боловсрох боломжийг бүх залууст олгох ёстой. Ямар ч ядуу хүнд саван авах мөнгө олддог гэж нэгэн бүсгүй хэлсэн байдаг. Үүнтэй адил хүн бүрт саван худалдаж авах хэмжээний бага мөнгөөр өөрийгөө хөгжүүлэх боломж байх ёстой. Иймээс TomYо гээд өдөрт 1000 төгрөгөөр гар утсан дээрээ ашиглаж болдог апп гаргасан. Энэ дундаас хичээсэн хүн нь гарч ирж чадна.
- Боловсролын хүртээмж, үнэ цэнийн асуудлыг бид хөндөж байна. Энэ чинь уг нь төрийн хийх ёстой ажил юм биш үү? Энэ төсөл дээрээ төрийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юу?
- Үгүй. Төрийн байгууллагатай хамтран ажиллахыг анхнаасаа хүсээгүй. Учир нь боловсрол ярьдаг, боловсролын реформ ярьдаг зөндөө олон ухаантай хүмүүс байдаг. Гэхдээ тэр ухаантай ярьдаг, мундаг хүмүүс хэзээ ч үйлдэл хийдэггүй. Энтрепренер гэж эрсдэл үүрээд, старт ап байгуулж бэрхшээлээ сөрөөд, үр дүн гаргачихаад ярьдаг хүмүүсийг хэлдэг. Манай ухаантай, мундаг хүмүүс хийнэ гэж ярьдаг болохоос ажил хийдэггүй, бодит үр дүн гаргаж харуулж чаддаггүй. Ер нь нийгмийн асуудлуудыг хэн нэг нь янзлаад өгнө гэж бид хэзээ ч, хэнээс ч хүлээх ёсгүй. Залуус бид өөрсдөө өөрсдийнхөө асуудлыг шийдэх ёстой. Асуудал шийднэ гэдэг чинь яг үнэндээ мөнгө, бизнес шүү дээ. Нийгэмдээ хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйл хийж чадах л юм бол хүмүүс үүний чинь төлөө мөнгө төлөхөд бэлэн байдаг. Цаашлаад бизнес болдог.
Финтек дээр бид янз бүрийн асуудал ярьж явалгүй шууд шийдэл хийсэн. Санхүүгийн салбарын энэ өөрчлөлтийг төр хараад өөрөө шинэчлэгдээд явж байна шүү дээ. Финтек гарч ирэхэд төрийн ямар ч зохицуулалт байгаагүй. Үүнтэй адил боловсролын салбарт бид шинэчлэл хийж чадвал төр дагаад өөрчлөгдөн, холбогдох шинэчлэлээ хийгээд явах байх. Жишээ хэлье. Би саяхан Архангай аймаг яваад ирлээ. Бүхэл бүтэн аймагт англи хэлний ганцхан сургалтын төв байна. Энд аймгийн хүүхэд болгон орж чадахгүй. Төлбөр нь сарын 90 мянган төгрөг. Улаанбаатарт ийм сургалтын төвийн сарын төлбөр 400-500 мянган төгрөг байдаг. Ийм мөнгө төлж чаддаг хүмүүс хэд байдаг вэ? Сарын нэг сая төгрөгийн цалинтай залуу цалингийнхаа талыг орон сууцны зээлэндээ өгөх үү, эсвэл хэлний курст зориулах уу? Орон нутагт боломж алга, хотод өндөр өртөгтэй байна. Аймаг, сум болгон улсаас англи хэлний багш нэхэж болно шүү дээ уг нь. Гэхдээ одоо тэгэх шаардлагагүй. Учир нь хүн болгоны гар утсан дээр гадаад хэл сурах апп суулгаад өгч болж байна. Сурах хүсэл эрмэлзлэлтэй хүүхэд дороо сурна. Иймээс төрийг хүлээх шаардлагагүй. Инноваци, энтрепренершип төрөөс үргэлж түрүүлж алхаж байх ёстой. Эрсдэл үүрч байж үр дүнд хүрдэг.
- TomYo EdTech төслийн хөрөнгө оруулалтын зардал хэд болсон бэ? Нууц биш бол хөрөнгө оруулагчид нь ямар хүмүүс байна? Цаашдын бизнес загварын талаар мэдээлэл өгнө үү.
- Технологи ашиглан салбарын шинэчлэл хийхэд ямар ч нууц байхгүй. Хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгт, хүртээмжийг сайжруулах. Тухайлбал, өмнө нь санхүүгийн салбар 100 мянган хүнд үйлчилдэг байсан бол одоо нэг сая хүнд хүргэнэ гэх мэт. Хоёрт, 100 хүнд нэг сая төгрөгөөр бүтээгдэхүүн зарах уу, эсвэл нэг сая хүнд 1000 төгрөгөөр бараагаа зарах уу гэдэг асуудал. Бүтээгдэхүүн, үйлчилгээг олон хүнд хүргэх тусам өртөг буурч, ашгийн төвшин нэмэгддэг. Монголд боловсролын бизнес амжилттай эрхэлж байгаа хүн дахиад нэг сургалтын төв нээх тухай л боддог. Нэг сургалтын төв шинээр нээх, технологи ашиглан сургалтаа хүмүүст хүргэхийн хооронд асар том зөрүү гарна. Эдтек байшин барилга биш технологи, контент, агуулга, хичээлүүд дээр хөрөнгө оруулалт хийдэг.
Бид зургаан сарын өмнө 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Хөрөнгө оруулагчид энэ төсөл нийгэмд хэр тустайг эхэлж харсан. Дараа нь хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцсон. Манай ашгийн загвар энгийн. Өмнө нь сарын 500 мянган төгрөгөөр авдаг байсан сургалтыг бид жилийн 300 төгрөгөөр хүргэх юм. Нэг сургалтын төв жилд үсрээд 500 хүнд үйлчилдэг байсныг бид 10 мянган хүнд хүргэнэ. Энэ зорилгоо тайлбарлаад явж байхад Нью Йорк хотод байдаг Мөнхжин гэдэг залуу, мөн Петровис компанийн Оюунгэрэл захирал хоёр Аngel investor буюу сахиусан тэнгэрийн хөрөнгө оруулагч болж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, юу ч байхгүй байхад зөвхөн бидэнд, бидний санаанд итгэж хөрөнгө оруулсан гэсэн үг. Энэ бол боловсролыг сэтгэл зүрхнээсээ дэмждэг хүмүүсийн үйлдэл. Үүний үр дүнд бид нээлтээ хийгээд, борлуулалтаа эхлээд явж байна.
Одоо дараагийн төвшинд гарах тухайгаа хэлэлцэж байна. Үүний тулд дахиж хөрөнгө оруулалт татна. Үүнийг seed investment буюу тарьсан үрийг ургуулах хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Үр ургасны дараа улам том болгохыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт гэдэг. Энэ үед компани IPO хийх, олон улсын зах зээлд гарахад бэлэн болсон байдаг. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулалтаар компани амьдарна гэсэн үг огт биш шүү. Компани өөрийн орлогоороо амьдрах ёстой. Технологи ашиглан олон харилцагчаас бага мөнгө авах нь манай орлогын загвар юм. Нөгөө талдаа мэдээж уламжлалт сургалтын төвүүдтэй харьцуулахад хамаагүй бага зардал гаргана. Орлого талаасаа нэг загвартай ч үйл ажиллагаа талаасаа олон загвараар ажиллана.
Бид сарын өмнө хэдийнэ 1000 хэрэглэгчтэй болсон. Тав хоногийн дотор 1500 хэрэглэгч шинээр орж ирсэн. Манай аппийг хэрэглэсний өдрийн төлбөр 1000 төгрөг. Өдрийн 1000 төгрөгөөр өөртөө хөрөнгө оруулалт хийх замаар гадаад хэл сурч, тэтгэлэг олж, шалгалтанд бэлдэн, гадаад улсын их, дээд сургууль руу явах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Энэ төслийг эхлүүлэхийн өмнө бид 10 мянган залуусаас судалгаа авсан. Судалгааны үр дүн нь залуус байр, машинтай болох биш харин 99 хувь нь гадаад явж суралцах гэж хариулсан.
Гадаадад сурах зургаан алхам байдаг. Эхнийх нь би сурч чадах юм байна гэдэг итгэл, урам зоригтой болох ёстой. Энэ контент манай апп дээр байгаа. Гадаадад суралцаж ирээд амжилттай ажиллаж буй хүмүүсийн түүх, видео контентуудийг бид бэлдсэн. Өөртэй итгэлтэй болсны дараа ментор буюу зөвлөх үйлчилгээг бид хүргэнэ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа 600 гаруй Монголчууд манай ментороор апп дээр бүртгүүлсэн. Би АНУ-ын Нью Йорк хотод програм хангамжийн чиглэлээр суралцмаар байна гэвэл тэр хүнийг нь бид олоод холбож өгнө гэсэн үг. Сурах шийдвэр гаргасны дараа сургуульдаа орохын тулд бэлтгэл шат эхэлдэг. Гадаад хэлнээс авахуулаад мэргэжлийн шалгалтын төвшинд бэлдэх бүх хичээлийг апп дээрээ оруулж ирсэн. Бэлдэж байх явцад өөрийгөө үнэлж дүгнэх ёстой болдог. Их сургуулийн шалгалтанд тэнцсэний дараа хамгийн том асуудал санхүү болдог. Тэгэхээр хэрхэн тэтгэлэг олж авах вэ? Үүнийг бид TomYo Foundation буюу сан байгуулах замаар шийдэхээр ажиллаж байна. Компани нийт орлогынхоо гурван хувийг энэ санд төвлөрүүлнэ. Бүх шалгуураа давсан ч санхүүгийн боломжгүй залуусыг энэ сангаар дамжуулан сургана. Дэлхий дээр бидний мэдэхгүй маш олон тэтгэлэгүүд байдаг. Бид энд санхүүгийн ялгаатай байдал ярьж байхад дэлхий дээр мэдээллийн ялгаатай байдлыг ярьж байна. Эдгээр олон тэтгэлэгийн мэдээллийг олж нэгтгэн хэрэглэгчдэд хүргэх замаар санхүүгийн асуудлыг нь шийднэ. Гадаад явж сурна гэдэг мөрөөдлийг бодит болгох бүх процесийг шийдэж өгч байна гэсэн үг. Ийм зургаан үйлчилгээг бид хэрэглэгчдэд үзүүлнэ.
Шинэ үеийн залуус худалдан авалт хийхдээ тухайн компанийн үнэ цэнийг хардаг болсон. Нийгэмд ээлтэй, улс оронд хэрэгтэй бизнес биш л үйл ажиллагаа нь доголдоод, эхнээсээ компаниуд нь байхгүй болж байна. Үүнээс болж дэлхийн гигант болох Nike, Starbucks хүртэл компанийн эрхэм зорилгоо өөрчилсөн. Nike спортын хувцас зарахаас илүү хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг руу уриалж, хэрэглэгчдийнхээ энэ зорилгод нь туслаад эхэлсэн. Starbucks зүгээр нэг кофе зарах биш байгаль орчинд ээлтэй газар тариалан хөгжүүлэх, хэрэглэгчдийн нийгмийн идэвхийг сэргээж, үр бүтээмжтэй байлгах ажлуудыг хийгээд эхэлсэн.
- Таны энэ хэлээд байгаа нийгэмд ээлтэй, хамтын үнэ цэнэ бүхий компани Монголд хэр олон байна вэ?
- Хуучны компаниуд дунд ийм ойлголт байхгүй байгаа. Нийгмийн хариуцлага гээд нэг юм хийдэг болохоос биш үүнийгээ компанийнхаа үндсэн үйл ажиллагаа болгож чаддаггүй. Хамтын үнэ цэнэ үүсгэн, компани нь хэрэглэгчидтэйгээ нэг зүг рүү харж чадсан компани цөөхөн.
- Өөрөө сүүлийн үед инстаграм дээр нэлээд ач холбогдол өгч байх шиг байсан. Сошиал медиа сувгууд дотор ялгаа гарч байна уу?
- Ялгаа байлгүй яах вэ. Нэгт, хувь хүн ч бай, байгууллага ч бай, сошиал медиа дээр ч бай, бодит амьдрал дээр ч бай хүмүүстэй амьд харилцаа үүсгэж, харилцаж буй хүмүүсээ ойлгох ёстой. Твиттер, фэйсбүүк дээр миний ярьж байгаа сэдэв, үзэл санаа олон солонгорсон бодол, олон уургальч үзэл санааны нэг хэсэг л болдог. Харин инстаграм өөрийгөө хөгжүүлье гэсэн шинэ үеийн залуусын цөм болсон. Тэнд хэлээ сайжруулж, гадагшаа явж сурах мөрөөдөл, зорилгоор өлссөн залуус дүүрэн байна. Ийм зорилготой залуустай харилцах амархан. Энэ бүлэг шинэ үеийн залуусын нэг том төлөөлөл болчихоод байна. Ийм учраас би сошиал медиагийн дэд бүтцээр инстаграмыг сонгосон.
Хоёрт, харилцаж буй хүмүүс бие биенээ сонсож, харилцан үнэ цэн өгдөг байх ёстой. Ингэж чадвал хүн бүр чамайг дэмжиж, чиний бүтээгдэхүүнийг худалдаж авч, чиний аккаунтыг дагаж, чиний фэнүүд болно. Твиттер үнэхээр мэдээллийг богино хугацаанд нөлөө бүхий хүмүүст хүргэж чаддаг дэд бүтэц. Үүнийг ашиглах ёстой. Твиттер миний Америк явах шалтгаан байсан. Би тэр үед жиргээнд маш идэвхтэй байв. Бизнетворкийг хийгээд зургаан жил болсон, жип машинтай, костюм өмсдөг, өөрийгөө мундаг гэж бодоод твиттер дээр хүмүүстэй хэрэлдээд л суудаг байсан. Нэг өдөр хөмөрсөн тогоон дотор орсон байгаагаа мэдсэн. Твиттерт байгаа 5000 хүний бие биетэйгээ цэц булаалдаж, ухаантайгаа харуулдаг хөмөрсөн тогооны мэдрэмжийг авсан. Үүнээс хойш идэвхгүй болж, өөр шинэ сувгаас мэдээлэх авах, Монголоос явах ёстойгоо ойлгосон.
Фэйсбүүк бол бүх хүнд зориулсан мэдээллийг түгээх дэд бүтэц. Personal brand identity гэж ярьдаг. Инстаграм, ТикТок бол шинэ үеийн залуусын суваг. Залуучуудтай харилцаа үүсгэе гэвэл энэ хоёр суваг дээр байхаас өөр аргагүй болсон. Олонд хүргэе гэвэл фэйсбүүк, хурдан түгээе гэвэл твиттер, залуус руу хандъя гэвэл инстаграм, тикток гэж хэлнэ дээ.
- Туршлагагүй, болоогүй гэдэг шалтгаанаар олон залуу, шинэ үеийн төлөөллийн урам зоригийг ажил, амьдрал дээр нуга дардаг. Үүнийг юу гэж боддог вэ?
- Яг энэ замаар би явсан. Тийм учраас л TomYo төслийг эхлүүлсэн юм. Бидний өмнөх үе биднийг дардаг байсан. Финтек гээд явж байхад банк, санхүүгийн салбарт 10, 20 жил ажилласан хүмүүс чи банк байгуулж үзсэн юм уу, хэдэн жил санхүүгийн салбарт ажилласан болоод ийм юм яриад яваа билээ гэдэг байв. Үүнтэй адилхан бид өөрсдийгөө анзаарахгүй дараагийн үетэйгээ ингэж харьцдаг. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл одоо бүх юм өөрчлөгдөж байна. Хүн яагаад найм, эсвэл 10 дугаар ангидаа байхдаа старт ап компани байгуулж болохгүй гэж? Хүн ер нь заавал яагаад их сургуульд сурах ёстой юм? School биш Skill буюу ур чадвар гэдэг ойлголтыг хүчтэй ярьдаг боллоо. Багаасаа ур чадвараа мэдэрч хөгжүүлэн саятан болсон олон хүмүүс дэлхий дээр бий.
Монгол залуус ч гэсэн яагаад заавал дөрвөн жил алдан барин их сургуульд дотооддоо сурах ёстой гэж? Сайн сургуульд орж чадахгүй бол ур чадвараа хөгжүүлээд мэргэжилтэн болж болно. Үүнийг нь бид дэмжих ёстой. Бид тэгж чадахгүй, харин ч эсрэгээр энэ хүүхэд инфлюенсер болно гээд ажил байхгүй, шал дэмий гүйгээд байх юм гэж боддог. Энэ нь өөрөө маш том ажил байхгүй юу. Залуусын энэ зовлонг мэдэрч байгаа учраас би инстаграмыг сонгож, хамгийн их цагаа зарцуулж байгаа. Энэ залуус л Монголыг ирээдүйг авч явж, нийгмийн хөгжлийн дараагийн төвшинд гаргах хүмүүс. Энэ залуусыг өсч дэвжихэд нь дэмжих ёстой болохоос биш зогсоох, хориглох ёсгүй.
Бид хуучирсан хүмүүс гэдгээ ойлгох ёстой. Миний яриаг үзэж, уншиж байгаа 35-аас дээш насны бүх залуус ойлго! Бид, бидний сэтгэлгээ хуучирсан шүү! Сэтгэлгээгээ засч байж залуустай хамтарч, тэдний дэмжлэгийг авч чадна. Ахдаа заагаад өгөөч гэж харилцан суралцах хэрэгтэй. Орчин цагт гадны улсын жишээг харахаар задгай сэтгэдэг залуучууд илүү их амжилтыг гаргаж байна. Шинэ цагийн залуус бид нараас 10 дахин илүү юм хийнэ.
- Инфлюенсер гэдэг үгийг яриандаа дурдлаа. Инфлюенсер гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Та өөрөө инфлюенсер мөн үү?
- Энэ талаар гадуур их буруу ойлголт явдаг. Инфлюенсер гэхээр олон дагагчтай, царайлаг, алдартай, мундаг хүмүүс гэж боддог. Үгүй! Инфлюенсер гэдэг бол өөрийн үйлдэл, хэлж буй яриа, хийж бүтээж буй зүйлээрээ нэг ч болов хүнд нөлөөлж чаддаг хүнийг хэлнэ. Гэхдээ эерэгээр нөлөөлөх шүү. Инстаграм дээр Сайханаа гээд хөгжлийн бэрхшээлтэй залуу бий. Сайханаа бол миний хувьд жинхнээсээ инфлюенсер залуу. Бусдаас ялгаатай хөгжлөөс болоод яагаад гэртээ суух ёстой юм бэ, би нийгэмд гарч ирээд үгээ хэлэх, ажил хийж болно гэж бусдад нөлөөлөж буй залуу. Мөн Ойдов гээд залуу байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй олон залууст үлгэр дууриал болж, тэр бүү хэл компани байгуулж, амжилттай бизнес эрхлээд явж байна. Хүн ямар ч байж болно. Хүн болгон бие биенээсээ ялгаатай. Энэ ялгаатай байдлыг үйлдлээрээ харуулж чадаж байгаа хүн болгон инфлюенсер.
- Ярьж байгааг тань сонсвол байнга л амжилттай байсан мэт хүмүүст санагдах байх. Энэ бүх амжилтад хүрэх зам дардан байсан гэж би бодохгүй байна. Таны гаргаж байсан хамгийн та алдаа юу вэ?
- Би Турк улсад програм хангамжийн чиглэлээр төгсөөд Станбул хотод гурван жил ажилласан. Монголдоо ирэх ёстой гэж бодож ирээд програм хангамжийн компани байгуулсан. Синглтон компанидаа долоон жил ажилласан. Бизнетворкийг хийгээд долоон жил амжилттай ажилласан ч долоон жилийг би алдсан. Энэ долоон жилийг өөр том ажил хийхэд зарцуулсан бол гэж харамсдаг. Америк руу арай эрт буюу компаниа байгуулаад гурав, дөрвөн жилийн дараа явчихгүй яав даа гэж боддог. Хүн хэр өндөрт явж, хаа хол хүрэхээ мэдэхгүй. Мэдэх ганц л арга бий. Тэр нь оролдож үзэх. Би Монголдоо ирээд компанитай, жип машинтай, 9911 дугаартай болчихлоо гээд дороо зогсчихсон байсан. Тэгэхээр одоо байгаа зүйлдээ хэзээ ч битгий ханаарай гэж залууст захимаар байна.
Stay hungry буюу хүсэл, тэмүүллээр байнга өлсгөлөн бай гэж ярьдаг даа. Би сард компани дээрээ 20, 30 сая төгрөгийн орлого олоод долоон жил comfort box (ажил, амьдралын “хуурамч” хүлээс)-т орчихсон байсан. Энэ маш аюултай шүү. Мэдээж одоо байгаа байдалдаа сэтгэл ханамжтай, ажлаасаа аз жаргал авдаг байх нь чухал. Гэхдээ үүний дараа юу болох билээ, дахиад цаашаа хаашаа тэмүүлэх ёстой вэ гээд чамайг тайван байлгадаггүй, унтуулдаггүй тийм мэдрэмж хүнд хэрэгтэй. Чи хэдэн жил залуу, эрч хүчтэй явах вэ? Тиймээс залуу насаа үр бүтээлтэй, бас зорилготой өнгөрөөх нь чухал. Хүн болгоны оргил өөр. Хүн болгон Харвардад сурч, Деллд ажиллах албагүй. Гэхдээ хүн бүр өөрийнхөө оргил руу тэмүүлэх ёстой. Ялангуяа залуучууд! Жаахан амжилтандаа ханасан байсан нь миний алдаа бас сургамж байсан гэж хэлмээр байна.
- Амжилтаа алдаа гэж яриад ямар онгироо юм бэ та? (Инээлдэв) Тэгвэл таны өөрөөрөө бахархаж явдаг зүйл юу вэ?
- Хүн нэг л амьдарна. Иймээс бидний амьдрал утга учиртай байх ёстой. Нэг удаагийн энэ амьдралаа нийгэмдээ, эргэн тойрны хүмүүст, өөртөө утга учиртай болгохыг зорьдог. Үүнээсээ би таашаал авч чаддаг. Сайхан гэр бүл, найз нөхөдтэй би азтай хүн. Үүний хажуугаар нийгэмдээ хэрэгтэй төсөл хийгээд явж байна. Бизнес маань уначихгүй, санхүүгийн хувьд тогтвортой явж байна. Тэр утгаараа би бас л азтай. Өөрийгөө ширээ гэж бодвол сая миний дурдсан зүйлс бат бөх дөрвөн хөл болдог. Ширээнийхээ аль аль хөлөнд нь хөрөнгө оруулалт хийж, анхаарлаа хандуулах ёстой. Би үүнийг тэнцвэртэй амьдрал гэж нэрлэдэг.
Зарим залуус шинэ бизнес эхлэхдээ хамгийн баян, боломжтой хэдхэн хүмүүст зориулсан премиум, люкс бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл, пирамидын дээр байгаа нөгөө л хэдэн хүмүүстэй ажиллаад байдаг. Энэ бол миний зорилго биш. Миний зорилго бол хүн амын пирамидын дундаас доош төвшинд, хамгийн дор байгаа хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах. Бизнетворк ч ийм зорилготой байсан. Залуу хүн карьер хийхийн тулд яагаад заавал Өнөөдөр сонинг худалдаж авах ёстой юм бэ? Тэр сонинг авах 500 төгрөг байхгүй ч гэсэн интернэтээр ороод үнэ төлбөргүй ажлын байрны зар мэдээлэл руу орж, ажилд орж болдог байх ёстой. Жижиг компаниуд ч гэсэн сонинд 1.5 сая төгрөг төлж зар гаргалгүйгээр, интернетэд мэдээллээ байршуулаад хүссэн хүнээ олж болдог байх ёстой. Үүнийг хүртээмж гэж хэлээд байгаа юм.
Лэндмн дээр ч мөн адил. Хүн ажилгүй байж болно. Гэсэн хэдий ч тэр хүнд санхүүгийн үйлчилгээ авах боломж байх ёстой. Одоо боловсрол гээд явж байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байна. Гэхдээ боловсролын салбарт хийх ажил асар их байна. Иймээс энэ салбарт би ойрын 3-5 жил эргэлт буцалтгүй орж ажиллахаар шийдсэн. TomYo-ийн эцсийн зорилго зөвхөн гадаад руу явуулах биш юм. Монголоо хөгжүүлье гэвэл хүнээ л хөгжүүлэх ёстой. Хөгжсөн хүн гадаад, дотоодод суралцан, ур чадвараа сайжруулж, нийгэмдээ эргээд хувь нэмрээ оруулна. Энэ боломжийг технологиор дамжуулан олгох нь бидний эрхэм зорилго. Алсдаа гадаадад сурна гэдэг нь мөрөөдөл биш, байдаг л нэг боломж болох ёстой. TomYo төслийг гадагшаа экспортлох хоёр дахь зорилго бий. Монголынхоо асуудлыг шийдсэний дараа буюу 10, 15 жилийн дараа манай төсөл дэлхийн зах зээл рүү гарсан байх болов уу. Үүний төлөө бид ажиллаж байна.
- Улс төрд хэзээ орох гэж байна?
- Улс төрд орохгүй. Яагаад гэвэл миний өмнө өөр хийх ажил зөндөө байна.
- Ер нь залуусын улс төрийн оролцоог та юу гэж боддог вэ?
- Бидний дараагийн үеийн залуус тэдний өөрсдийнх нь хүсэл, сонирхолд нийцсэн хүмүүсийг л сонгоно. Гэхдээ улс төрийн оролцоо нь хэр идэвхтэй байхыг хэлж мэдэхгүй байна. Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр ажиллаж буй залуус завгүй байдаг. Дөрвөн жилийн дараа амьдралыг нь гоё болгоод өгье гэж ярьдаг улстөрч ах, эгч нарыг тэд тоодоггүй, дэмждэггүй, тэдэнд хамаагүй байдаг. Шинэ үеийн залуус гадаад хэлээ сурах, контентоо хийх, өөрийгөө хөгжүүлэхийг анхаардаг. Би энэ залуусыг буруутгахгүй. Миний ойлголтоор ажил хийсэн, хийснээ баталсан хүн илүү их ажил хийхийн тулд улс төрд ордог болохоос юу ч хийгээгүй хүн боловсролыг шинэчилнэ гэж яриад гардаггүй л байхгүй юу. Энэ ярьж байгаа ажлуудаа хийж дуусгаад, 10 жилийн дараа би улс төрд орж, бодлогын нэг эд эс болж болно. Тэр үед залуус ийм хүмүүсийг дэмжинэ байх гэж бодож байна.
Ажил хийгээгүй хүн хийнэ, хийх гэж байна гээд олон жил яриад явсан тул залуус улстөрчдөд итгэхээ больсон. Энэ бол залуусын буруу биш. Иймээс сонгуулиар залуучуудаа, дараагийн шинэ үеэ бодлого боловсруулах төвшинд гаргаж ирмээр байна. Учир нь зөвхөн насны зөрүүнээс гадна үзэл бодол, сэтгэхүй, үнэ цэнийн зөрүү бодитой байгаад байна. Залуусаа бас уриалмаар байна! Хэдүүлээ нийлж байгаад энэ сонгуулиар залуучуудаа гаргаж ирье, бие биенээ дэмжье!
- Цаг үе, нөхцөл байдлаас болж цөөн биш залуус амьдралаа бодоод гадагшаа гарч байна. Зөрөөд багагүй залуус нутгаа зориод ажиллаж, амьдрахаар ирж байна. Монголдоо ирэх гээд шийдэж чадахгүй байгаа залуучуудад хандаж юу гэж хэлэх байсан бол?
- Боломж нь гараад, өөрсдөө хичээгээд чадаж л байвал гадагшаа яв гэж би бүх залууст хэлнэ. Бид энэ хөмөрсөн тогооноос гарах ёстой. Энэ нийгмийг задалж, бид дэлхийн иргэд болох ёстой. Гадагшаа явснаар маш олон зүйлийг сурдаг. Зөвхөн академик мэдлэг биш нийгэмтэй харьцаж сурна, үзэл бодол чинь тэлнэ, тухай улсын соёлтой танилцана. Энэ хэрээр туршлага чинь нэмэгдэнэ. Улмаар эрүүл бас гоё амьдрал гэж юу байдгийг ойлгоно. Сурч дуусаад шууд битгий ир. Хэсэг тэндээ ажиллаж, амьдар. Нэг их удахгүй Монголын иргэн эсвэл гадаад улсын иргэн байхын ялгаа байхгүй болно. Бид бүгд дэлхийн иргэн болно.
Явсныхаа дараа Монголдоо буцаж ирэх эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Учир нь чи ганц л амьдарна. Би Делл компанид ажиллаж байхад сайхан байсан. Гэхдээ тэр гоё орчинд би өөрийн амьдралаа утга учиртай өнгөрүүлж чадаж байна уу гэж байнга өөрөөсөө асуудаг байсан. Хүн гоё орчинд байхдаа эхлээд таашаал авдаг. Жилийн дараа уйдаж эхэлнэ. Дараагийн оргилоо хүн хайж эхэлдэг. Америкт гоё амьдарч болж байгаа бол Монголд ч гэсэн сайхан амьдарч болох ёстой. Элбэг хангалуун, сайхан амьдрах нь жинхэнэ амьдрал биш. Нийгэмдээ оролцоотой, хувь нэмэртэй, өгөөжтэй байж, хийж байгаа ажлаасаа таашаал авч, үйлдэл бүрээсээ аз жаргал мэдрэх нь амьдралын утга учир.
Монголд олон асуудал байна. Энэ асуудлуудыг залуус маань нэг нэгээр нь бариад шийдчих юм бол та бидний амьдрал утга учиртай болно. Монголдоо ирэх гээд шийдэж ядаж байгаа залуус үүнийг сайн бодно биз ээ. 400 мянган ажилтантай компанийн нэг ажилтан нь байх уу, эсвэл Монголдоо ирээд 400 мянган хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргах уу гэдгээ чи өөрөө сонгох ёстой.
- Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа!
Zochin
Хөрөнгө оруулагч
Mgl
Тамирсайхан