Баавгайн фото хөрөг буулгах гэдэг үнэн амаргүй ажил. Энэ араатан бол цагаан зээр, хулан, эсвэл буга, бор гөрөөс шиг элбэгдүү тааралдах амьтан биш нь хяслантай. Баавгайд чоно лугаа суурин үүрлэдэг газар, сэмхэн гүйдэг хөтөл гэж байхгүй. Тэгээд ч үнэг, чоно, гахай мэт үргээлгэнд цочирч гэнэдэх аварга биш. Тэр айх мэдрэмжгүй, амьтай бүхнийг айлгадаг. Түүнийг олж харах аз гийж мэднэ, гэхдээ ойртох нь сүнс зайлхуйц аюултай, амь насанд эрсдэлтэй. Гэвч баавгайн бараа харах хүсэлдээ хөтлөгдөж, заримдаа зүүдэлж бэдэрсэн он жилүүдийн аяныхаа богцноос тайгын өлчир хүрэн, америкийн жимсчин хар баавгайг сонирхуулах ялдамд говийн өнчин борын тухай өгүүльсү. 

Өлчир хүрэн (Ursus arctos collaris)

"Өлчир өтөг"

Хүрэн баавгай бээр бяртай, ихэмсэг төрхтэй бөгөөд сүрлэг араатан. Монгол баавгайг Сибирийн хүрэн баавгайн “ихэр” гэнэ. Тэр эрч хүч, мятрашгүй эр зориг, дараг-дашгүй сүр жавхлангийн бэлгэ тэмдэг учраас манайхан биширдэг уламжлалтай. Манай оронд энэ баавгай тийм ч элбэг дэлбэг биш. Тоо толгой хэд вэ гэж асуувал хариулт нь бүдэг бадаг. Аль 1980-аад оны үеийн 500 орчим гэдэг тоо л харагдах. Нутаг орных нь тухай лавлавал Баян Өлгийн баруун хойд биеэс Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ой тайгын бүс гэх. Баавгай гэхээр л цас, хүйтэн хоёрт дургүй учраас ичээнд орж өвөлждөг гэж төсөөлдөг. Үнэндээ бол яггүй өлчир амьтан аж. Тохой зузаан цас, эрчилж ташуурдсан жаврыг үл ажран гөрөөлж яваа нь үүнийг гэрчилнэ. Өнгөрсөн жилийн өвлийн эхээр Ар туулын зүүн хөвчидбаавгайн мөртэй азаар таарсан юм, бага үдийн алдад. Тэр мөр бараг бүлээн байсан нь намайг хорхойтуулав. Түүнийг дагалаа. Аз тохиовол нөгөөдөхтэй таарч мэдэх. Ингэж горьдсон чинь хөл хөнгөрч, сэтгэл яарч билээ. Гэхдээ хаана ч тулгарч мэдэх эрсдэл нь түгшүүртэй байлаа.

Гэвч зурагчны шуналд дийлдэж газарч залуугаа дагаж өгсүү ар өөд ташиж мацлаа. 

Ойн гүн рүү нэвтрэх тусам жавар уярч, нялх цас зузаарах шинжтэй. Нөгөө мөр маань хөтлөсөөр арай нимгэвтэр цастай цоорхойд гаргав.

“Бүлээн мөр”                                                             “Цагаан балин”

Тэнд нөгөөдөх чинь “морь харж, бас хүндэрч” дураараа дургижээ. Тав, зургаан хэсэг “цагаан балин” унагаасан нь нийлээд бараг 7-8 кг гэмээр. Газарч маань анчин удмын эр. Тэрбээр эдгээр ялгадасыг модоор хатгаж үзчихээд “хэргийн эзэн” тун холгүй байгаа гэж шивнэв.

Сэмхэн гэтэж зүтгэсээр нэгэн донхгор хожуулын ард орж модны мөчир доогуур эргэн тойрноо шагайв. Төдөлгүй мань эр том алаг нүдээ эргэлдүүлэн зүүнтээ орших сүүдэртэй моддын дундуур заах нь тэр. Би ч ухасхийн өндийх гээд нэг нудруулж авлаа. Тэгээд тогтоож харвал хоёр модны ёроолын завсараар бүдүүн хар хоншоор, өрөөсөн чих цухуйж харагдав. Дурангаар шагайхул шингэвтэр сүүдэр дотор баавгайн толгой нэг дээшээ, нэг доошоо хөдлөх. Тэр зүйрмэглэж буй бололтой. Зүрх булгиж, амьсгал давхцаад нэг л хачин, ойрхон байгаа юм чинь. Гэхдээ сэжиг огт аваагүй нь азтай. Тэр сэрж босвол миний ажил бүтэх гээд байдаг… Гэхдээ яалтай ч билээ. Мань аварга толгойгоо хааяа нэг үл ялим хөдөлгөх боловч сэрэх шинжгүй, харин би халуун шуналтай, хүйтэн айдастай. Энэ хооронд “мань эр”-ийн толгой цухуйх бүрт нь би “гох”-оо дарж л суув. Ядахдаа мод, нар, сүүдэр гурав огт хөдөлдөггүй, бөөн садаа. Аргаа барсан бид хоёр сэмхэн ухарч мөлхсөөр баруун дээд талд нь гарсан боловч олигтой ил харагдах янзгүй. Сахиж суухаас өөр аргагүй болов. 

“Зүйрмэглэхүй”


Хөл, гар жиндэж, хамар, хацар хайрагдах маягтай. Хөлдүү мөчир зөөлхөн хугалж чимээ өгөхүй нөгөөх чинь зугуухан өндийж бослоо. Тэгээд зөөлхөн шилгээж, ганц хоёр эвшээснээ зүүнш хөдлөлөө. Чихээ хөдөлгөн чагнах зуураа нэг алхаж, нэг зогсхийх нь надад “галлах” боломж олгов. Тэгснээ моддын чөлөөнд хэдхэн хором хөндөлсөж зогтусаад торлог руу шургаж одлоо. Итгэхэд амаргүй ч надад зураг үлдсэнд догдлон хөөрч билээ. Гэхдээ цочирч сэрсэн мань эр уурсаж дайрсан бол яана. 

Баавгай гэнэт цочрох, эсвэл эгдүүцэхдээ сарвуугаараа алгадаг араншинтай. Тэр нь бараг 1.2 тонн жинтэй тэнцэхүйц хүнд цохилттой дүйцэх тооцоо гарчээ. Нас, бие хаа нь гүйцсэн бүдүүн өтөг баавгай 700 кг жинтэй, 2 метр урт, 1.5 метр өндөр чбайх бөгөөд харин эвш нь дунджаар 300 кг аж. Лагс бүдүүн боловч бор гөрөөс элдэхдээ 60 км/цаг таваргадаг гэнэ. Данхгар том толгойтой мөртлөө хар чавгын чинээ нүдтэй нь өвөрмөц. 

“Гүйдэл”


Эвш жил өнжиж төрдөг. Орооны цаг нь зунтай зэрэгцэж эхэлдэг боловч тогтсон үр хөврөл нь бүр намрын дунд сард л дүр төрхөө олдог, тэгээд эвш ичээндээ өвлийн адаг сард хоёр гурван бамбарууш төрүүлдэг аж. Бамбарууш нь хагас килограм орчим жинтэй, бараг цулгай 

арьстай төрж, нэг сарын дараа нүд нээж, сонсгол ордог байна. Эхийнхээ сүүг бүтэн жил хагас хөхөж, гурван ой хүртлээ дагаж торнидог. Гурван сар хүрч байж сүүн шүд нь цухуйх үед жимс жимсгэнэ, нялх ногоо, хорхой шавьж идэж эхэлдэг аж. 

Хүрэн баавгай махчин нэртэй боловч улиралд тааруулж хооллодог гэлтэй. Хаварт ихэвчлэн шинэ өвс ургамлын үндэс, мөчир, жимсгэнэ, жоргоолж, эрвээхэй, өт, мэлхий мэтийг идэж, зуны цагт самар, хэрэм, туулай,зурам, тарвага, загас, зөгийн бал зэргийг таалж, намар ба өвлийн эхээр бор гөрөөс, хандгай, буга зэрэг туурайтан амьтан зооглодог. Заримдаа чоно, ирвэс, шилүүсийн агнасан олзыг ч булааж “хусдаг” байна. Өлсгөлөн архаг өтөг бол нэг удаа бараг 70 кг мах идэж ч магадгүй гэнэ. Мөн алдуул мал, адуу, үхэр тааралдвал залгихаас буцахгүй махчин. 

Хүрэн баавгайг сүрхий ухаалаг, бас зальжин гэж эрдэмтэд ярьдаг. Анчдын далдалж тавьсан аварга хавхны тэвхийг хад чулуу, модны мөчир ашиглан буулгаад өгөөш махыг нь аваад явчихдаг гэх яриа өргөн тархсан нь ортой байхаа.

Ер нь баавгай бол хүн рүү учир зүггүй дайрдаггүй. Харин намар оройхон, заримдаа өвлийн эхээр хорхойтсон, эсвэл ичээндээ өлсөжсэрээд өвөл гарч ирсэн баавгай, мөн бамбарууштай баавгайтай нүүр тулахгүй бол тэд хүмүүнээс аль болох зайлсхийдэг гэж Хэнтийн буурлууд ярьдаг. Гэхдээ л махчин араатны араншинг таах аргагүй. Алсаас барааг нь харахад л нурууны гол руу хүйт оргидог. Орооны үед эвшээ харамлан тэмцэлдэх өтөг баавгайн архирах чимээнээс унаж явсан морь минь чичрэх шиг санагдаж билээ, тэр нэг жил. Морь минь ч, би өөрөө ч тэр зүг рүү чиглэхээс зүрхшээсэн юм. 

Харин дээрх дүрсүүдийг буулгах шуналд автаж, дэндүү улайрч гэтэх ахуйдаа элдэв аюулыг умартаж зүтгэснээ бодоход одоо ч айдастай.

Жимсчин хар (Ursus americanus)

Мазаалай, хүрэн баавгай хоёр манайд заяасан бол жимсчин хар баавгай бөмбөрцгийн нөгөө талд нутагшжээ. Америкийн дархан цаазат“Их тетон”-ы нуруунд бэдэрч явахдаа хар баавгайтай зууралдсан удаатай.

Энэ аварга бол ойн жимсгэний эрлэг махчин биш. Мазаалайтай адил “ногоон тэжээлтэн” гэмээр.

Хар баавгай ихэнхдээ зэрлэг хүрэн байцаа, ургамалын үндэс, навч, дэлбээ, мөчир, найгалзуур, жимс, жимсгэнэ, самар зооглодогоос гадна зөгийн бал, шоргоолж, шувуудын өндөг, тэгээд загас иддэг. Эдгээр нь олдоц муутай үед амьтны сэг зэм эргүүлдэг аж. 

“Жимсний эрлэг”


Америк, Канад, хойд Мексикт тархсан энэ жимсчин баавгай болбоос Хойд америкийн хүрэн ба цагаан баавгайтай харьцуулахад хавьгүй жижиг бие хаатай нэгэн. Нас бие гүйцсэн эр нь 250 орчим килограмм хүнд цогцостой гэнэ. 

Эм ньдундажаар 90 кг жинтэй байх жишээтэй. Хар нэртэй боловч шаргал, цайвар бор, цайвар хүрэн зүстэй ч тааралддаг гэж бичжээ. Харин модонд авирч чаддаг нь өвөрмөц. Нууц нь түүний саврын хумсанд байдаг гэх, тэр нь муурынхантай төстэй гэнэ. Богинохон хөлтэй мөртлөө цагт 50 км хүртэл давхидаг шидтэй. Гол мөрний усанд гайхалтай хурдан, маш уран сэлдэг, загасчилдаг гоц авъяастай. Хараа, сонсгол нь хүнийхээс хавьгүй илүү амьтан гэлцэнэ. Хар баавгай өнгө ялгаж хардаг нь сонин, бусад баавгай ч ийм хараа гэнэ. Үнэрийн мэдрэмж нь нохойныхоос долоо дахин илүү гэж судлаачид дүгнэжээ. Зөгийн балын үнэрийг хоёр гурван саахалт газраас мэдэрдэг гэдцэнэ. 

“Ганган хар”


Эвш жил өнжиж хээлтээд 6 хүртэл тооны бамбарууш төрүүлдэг. Хар баавгай байгаль дээр 20-25 насладаг нь тогтоогджээ. Ичээнд орших үедээ бусад төрлийн баавгайтай адил идэхгүй, уухгүй, шээхгүй, бас “өтгөн” гаргахгүй унтдаг аж. 

Өдөр, шөнийн амьдралтай учраас хүмүүнтэй тааралдах нь арай элбэг. Гэхдээ хүн рүү дайрч гэмтээх, сүйтгэх нь ховор, аль болохоор хүнээс зулбаж явдаг учраас америкийн уугуул улаан арьстан хүмүүс түүнийг ухаалаг амьтан гэж бишрэн шүтдэг аж. Тэд хар баавгайг Бурханы садан, хүрэн баавгайг ад чөтгөр хамаатан гэдэг домогтой гэнэ. Эдүгээ дэлхийд 800 мянга гаруй хар баавгай тоологдсон гэж номд тэмдэглэжээ. 


Говийн өнчин бор (Ursus arctos gobiensis)

Өнчин бор гэдэг нь мазаалай. Төр болоод хүмүүнд мартагдсан говь нутгийн баавгай гэдгийг манайхан одоо алдаг оног гадарлах болсон. Эдүгээ асар их цөөрч, жинхэнэ мөхлийн ирмэгт тулаад буй учраас өнчин гэж муйхарлав. 

Унаган зэрлэг мазаалайн дүрсийг зургийн хальсанд буулгасан нь нэн ховор. Үүнийг мутарлагчийн хувьд ч тийм аз тохиогооүй л яваа учраас эдгээр зургийг “Мазаалай сан”-гийн архиваас зээлж ашигласан болно. 

Мазаалайн тухай хоёр төрлийн мэтгэлцээн манай олон нийт болоод судлаачдын дунд архагшаад удлаа. Эхнийх бол түүний төрөл зүйл. Манай баруун говьд заяасан энэ баавгай дэлхийд өөр хаана ч байхгүй цорын ганцхан зүйл гэдэг нь онцлог. Түүнийг хөвчийн хүрний тасархай, Түвд баавгайн садан төрөл, эсвэл бүр бие даасан зүйл гэх мэтээр цэц булаалцалддаг.

Сүүлийн үеийн генийн шинжилгээний дүнд түүнийг хөвчийн хүрэн баавгайн "үеэл" гэх маягийн дүгнэлт гарсан гэлцэнэ. 

“Архаг шармаахай”


Нөгөө нэг мэтгэлцээн нь тоо толгойтой нь холбоотой. Зарим нь 25 үлдсэн гэхэд дийлэнх нь 35 гэх. Сүүлийн үед 40, бүр 50 орчим гэсэн тоо ч харагдах болов. Тэд Алтайн өвөр говийн Тост, Нэмэгт, Баянтоорой, Эдрэнгийн нурууны баянбүрдээр нутагладаг аж. Улсын маань торгон хилд ойрхон нутаг гэсэн үг. Алдарт Сэгс цагаан богд хавьд ч хааяа харагддаг гэх.

Ер нь мазаалай бээр өдрийн од шиг ховор амьтан. Өчүүхэн миний бие эдгээр нутагт мазаалай харахаар бэдэрч цөөнгүй гутал элээж, ганц хоёр дуран ч гээсэн удаатай нэгэн.

Мазаалайн тоо толгой өсдөггүй нэг гол шалтгаан нь хоол ундны асар их хомсдолтой холбоотой гэж болхи би муйхарладаг. Гэхдээ эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэх гэсэнгүй. Ус бол тэдний хувьд жинхэнэ чандмань эрдэнэ. Дээрх нутаг оронд цөөхөн баянбүрд оршдог. Тэдгээрийн булаг шанд хатаж ширгэсээр амь тасарч буй баримттай. Мазаалай гол төлөв бажууны үндэс, навч, хармаг зээргэний жимсгэнэ идэх боловч заримдаа огдой, алагдаага, туулай мэтийг барьж хүртдэг. Юу ч олдохгүй үед мал, амьтны сэг зэмээс буцахгүй. Гантай жил бол бажуун, хармаг ховордож хэцүүднэ. Тэгээд усгүй хатах, бажуунгүй харганах аюулд нэрвэгдэнэ. Зун, намар олигтой таргалж амжаагүй эвш, шармаахайнууд намрын адаг сараас хаврын эхэн хүртэл ичээнд унтаад гарангуутаа ус, хүнсний эрэлд тэнэж сульдана. Тэгээд ороо нийлэгт орох дур хүсэл, тамир тэнхээ дутна. Сульдаатай эвшээс сулхан аламцаг мэндэлнэ. 

Тэр нь өлсөхийн зовлонд унаж “гар нь ганзаганд, хөл нь дөрөө”-нд хүрэхээсээ өмнө мөнх бусыг үзнэ. Төрийн зүгээс тэдэнд малын зориулалттай хорголжин тэжээл өгдөг, гэхдээ түүнд зарцуулах төсөв нь туйлын ядмаг. 

Хориод жилийн өмнө Шар хулстайн баянбүрдэд босгосон тэжээлийн ганц цэг нь одоо бараг нурж дууссан байх. Тэр нь дөрвөн өндөр багана дээр суулгасан ёроолдоо тусгай цорготой зузаан төмөр сав. Түүгээр гоожих тэжээлийг мазаалай түүж идэж дасчээ. 

Өлсгөлөн мазаалайд хорголжин тэжээл “мөсөн чихэр” болжээ, сайн хэрэг. Гэхдээ тэжээл гоожсоор дууссаны дараа ирсэн мазаалай түүнийг сахиж, заримдаа мөнөөх төмөр савыг нүдэх, цоргыг нь сарвуугаараа малтах, долоох зэргээр аргаа барж буй дүрс зураг автомат камерт бичигдсэн баримттай. 

Хэдэн жилийн өмнө тэр тэжээлийн цэг дээр баахан төмс, манжин, лууван, байцаа тавьж туршжээ. Өлсгөлөн мазаалай“сонирхоод цохиж” орхичихсон чиньдорхноо “сур харвасан” баримт үлджээ. Тэгээд бүр хордож үхсэн ч байж мэдэх.

Хүнсний ногоо лавтайяа зохихгүй нь тэгж нотлогдсон хэрэг. Хоол хүнс, ус ундаа хайж энд тэндгүй тэнэхээс өөр амь насаа аврах арга зам тэдэнд байхгүй. Энэ нь электрон мэдээлэгчтэй хүзүүвч, газрын байршил тодорхойлогч сансарын төхөөрөмжийн судалгаанд бүртгэгдсэн байна. Бяцхан баримтат түүх сөхьё. 

“Усны эрэлд”

Гурван ойтой нэгэн шармаахай 2015 оны хаврын эхээр улсын хил"зөрчиж" БНХАУ-ын Ганьсу мужийн нутаг руу орчихоод хоёрхон өдрийн дараа нутагтаа эргэж ирсэн аж. Түүнд зүүсэн хүзүүвчийн дамжуулсан мэдээллийг сансарын хиймэл дагуулаар дамжуулан хянаж буй хэрэг шүүдээ, өөрөөр хэлбэл, үлгэр домог биш гэсэн үг. Энэ шармаахай бээр жинхэнэ эх оронч. Өөрийн нутагт ган тохиож ус, ургамал хомсдсон учраас л хөрш айлын нутаг руу морджээ.

Тэр нь"туршилт"-ын аян байсан байх. Учир нь мань эр мөн оны зуны эхэнд хил дахин давж бүр гурван сарын дараа эргэж ирсэн нь бас бүртгэгдсэн байна. 

“Хүний газар, гүний хошуу”-нд хоол, унд олдох авч “дассан газрын даавуу зөөлөн” учраас төрлөх нутагтаа эргэж иржээ. Тэр хүний нутгийн говь руу бараг 200 км цөмөрч тэндэхийн Хами хэмээх цөлийн хойд хормойд хүрсэн бололтой. Хоол, ундтай газар зуссан хэрэг шүүдээ. Гэхдээ хэрхэн яаж аюул осол, хүмүүний болоод техникийн хөлд өртөлгүй, Монголынхоо ба Хятадын хилчдийн нүд хараа, дуран авайнаас бултаж тийнхүү эсэн мэнд гүйж явсан нь таах аргагүй оньсого. Сонин явдал бөгөөд гашуун сургамж хайрласан тохиолдол байгаа биз. Сонин хэсгийг нь судлаачид шинжилж тайлна. Харин сургамж нь гэвэл манайх эс анхаарвал цөөхөн мазаалай маань хөрш айл руу нэгмөсөн нүүж мэдэх. Бүх мазаалай дээрх шармаахай шиг эх оронч байх ч юм уу, үгүй юм уу, хэн мэдлээ. Энд үзүүлж буй хоёр мазаалай хүзүүвчтэй. Өчүүхэн миний хувьд хүмүүний гар хүрээгүй мазаалайн зураг буулгах горьдлого тасраагүй л явна. Нэг сайхан нартай өдөр тийм ховор аз тохиох болов уу гэж найдна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.


“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас
2020.02.08