Кино зохиол бол уран зохиол буюу А.Миеэгомбо
Түүний кинонууд үзэгчдийн хүртээл болох талаараа, өөрөөр хэлбэл, борлуулалтаараа монгол кинонууд дотроо нэлээд дээгүүр давхидаг нь ерөнхий сэдэв, сужетийг оновчтой сонгож төлөвлөдөгтэй нь холбоотой. Мөн үйл явдлын өрнөлийг үл тасалдах логик уялдаагаар нягт зангидаж, итгэхэд бэрх сужетуудыг ч ихээхэн үнэмшилтэй болгож чаддаг нь түүний давуу тал юм.
Монгол киноны үнэлэмж
Монголын киноны үйлдвэрлэл сүүлийн 20 гаруй жилд үндсэндээ “системийн” шинэчлэлт хийлээ. Энэ бол маш чухал бөгөөд адармаатай шилжилт байсныг дурдах учиртай. Урьдын “найруулагч” төвтэй үйлдвэрлэлийн тогтолцооноос “продюсерын кино”-ны системд шилжин орсон энэхүү урт удаан шилжилт тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэж болох бөгөөд энэ нь дараа дараагийн шаардлагуудыг зүй ёсоор гарган тавьж буйн хамгийн чухал нь киноны чанарыг асуудал.
Продюсерын киноны онцлог нь зах зээлийн хандлага буюу үзэгчдийн сонирхол, шаардлагад нийцүүлэх эрмэлзлийг түлхүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, продюсерын системд “кассын” гэж нэрлэдэг арилжааны шинж чанар бүхий кинонууд түлхүү хийгддэг гэсэн үг. Тиймээс сүүлийн үеийн монгол кинонууд үзэгчдийн эрэлт сонирхлоос шалтгаалан инээдмийн голдуу жанраар өсвөр насныхан, оюутан залууст зориулсан “коллежийн” ангиллаар хийгдэж байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ үйлдвэрлэлийн процесс “продюсерын” зарчмаар явагдаж байгаа нь киноны чанарыг сулруулах шалтгаан биш юм.
Хэдийгээр техник, технологийн хүчин чадал ихээхэн дээшилж, дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж нэгэнт орж ирсэн, дуу, дүрсний болон пост продакшны технологи зохих хэмжээнд хүрч шинэчлэгдэн, монгол киноны “зүс царай” илэрхий сайжирсан ч гэлээ чанаргүй, муу байна гэх үзэгчдийн шүүмжлэл саарахгүй хэвээр байна. Киноны уран бүтээлчид өөрсдөө “бага багаар сайжирч байгаа” гэх боловч хангалттай хэмжээнд үнэлэгдэх яагаа ч үгүй гэдэгтэй бас санал нийлдэг. Үзэгчид ч, киноныхон ч зохиол муутай, заримдаа бараг зохиолгүй шахам байдлаар хийгдэж байгаа нь киноны чанарт сөргөөр нөлөөлж буйг хаа хаанаа хүлээн зөвшөөрцгөөдөг.
Үйлдвэрлэл ба кино зохиол
Социализмын үед буюу “найруулагч” төвтэй үйлдвэрлэлийн тогтолцооны үед киноны зохиолын үндсэн эхийг мэргэшсэн зохиолч уран зохиолын шаардлагад нийцүүлэн бичиж, түүнийг нь найруулагч дахин шинээр задалж, цоо шинэ ажлын зохиол болгон төлөвлөж бэлтгэдэг байв. Ингэхдээ зохиолчийн үзэл санаа, агуулгын царааг алдагдуулахгүй, дордуулахгүй байхын зэрэгцээ өөрийн харж буй өнцөг, дэвшүүлж байгаа санаагаар харин ч баяжуулан сайжруулж бичнэ. Өөрөөр хэлбэл, гүйцэд боловсорсон уран зохиолын бүтээлд тулгуурлан хийгддэг байсан нь “найруулагчийн кино”-ны чанарыг харьцангуй өргөдөг байсныг тухайн үеийн бүтээлүүдээс харж болно.
Харин өнөөдрийн кино үйлдвэрлэлийн үйл явц дотор зохиол бичих ажиллагаа багц ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг болж явахын зэрэгцээ ихэнхдээ продюсер, найруулагч нар өөрсдөө зохиолоо бичиж, ингэхдээ үзэгчдийн сонирхол, группийнхээ техникийн болон хүн хүч, хөрөнгө мөнгөний нөөц зэрэг олон хүчин зүйлийг тооцоолж төлөвлөснөөр уг зохиолын чанарыг ихээхэн дордуулж орхидог нь нууц биш. Дээр нь киноны зохиолыг дэлхий дахинд баримталж байгаа нийтлэг формат, бичлэгийн стандартын дагуу гаргахыг шаардах болсон бөгөөд энэ нь үндсэндээ шууд найруулагчийн зохиол бичиж байгаатай адил юм.
Киноны салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн дотроос цөөн тооны найруулагч, жүжигчин мэргэжлийн хүмүүс кино зохиол дээр ажиллаж байгаагаас О.Бат-Өлзий, А.Миеэгомбо, З.Батболд, О.Эрдэнэ нарын ажлууд харьцангуй зүгширсэн гэж мэргэжлийн хүмүүс онцолж буй. Тэдний дотроос “Сайн, муу, хэрцгий-1, 2”, “Сийнгл Лээдийс-1, 2, 3” кинонуудаараа үзэгчдэд нэгэнт танил болсон А.Миегомбын зохиолуудад хийсэн бяцхан ажиглалтаа энд тэмдэглэе.
Зохиолч А.Миеэгомбо
Александрын Миеэгомбо СУИС-ийн “бүтээгдэхүүн”. Жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Оюутан байхаасаа телевизэд орчуулгын кинонд дуу оруулж, харилцан ярианы дотоод механизмыг үндсэндээ дадлагаар ойлгосон хүн. Нийтдээ 5000 орчим кинонд дуу оруулсан байдаг. Энэ нь түүнд дүрийг ойлгох, аливаа өгөгдсөн нөхцөлд дүрийн үзүүлэх хариу үйлдлийг сэнхрэх боломжийг хангалттай олгосон биз. 2006 онд “ZMN” кино компанийн бүтээсэн “Ийм нэгэн дурлал” киноны зохиолыг бичсэнээр кино-зохиол бичих гараагаа эхэлсэн байна. “Миний хөрш чөтгөр”, “Амьдралын амт”, “Дэв”, “Миний хайр” гэх мэт арав гаруй киноны зохиолыг бичиж, “Сайн, муу, хэрцгий 1, 2”, “Сийнгл Лээдийс-1”-ээ өөрөө найруулсан.
Түүний кинонууд үзэгчдийн хүртээл болох талаараа, өөрөөр хэлбэл, борлуулалтаараа монгол кинонууд дотроо нэлээд дээгүүр давхидаг нь ерөнхий сэдэв, сужетийг оновчтой сонгож төлөвлөдөгтэй нь холбоотой. Мөн үйл явдлын өрнөлийг үл тасалдах логик уялдаагаар нягт зангидаж, итгэхэд бэрх сужетуудыг ч ихээхэн үнэмшилтэй болгож чаддаг нь түүний давуу тал юм. Сүүлийн үед гарч байгаа монгол кинонуудад нийтлэг үзэгддэг алдаа нь энэ л дээ. Үйл явдлын хэв шинж буюу төрлийн онцлог, хэмнэлдээ хөтлөгдөөд логик буюу шалтгаант холбоосуудыг үсчүүлэх, итгэл үнэмшил төрөхөөргүй дэглэх дутагдлыг бид кино болгоноос хардаг.
Киноны зохиол бол уран зохиолын нэг төрөл юм. Тэгэхээр уран зохиолын зүй тогтлоор бүтээгдэх учиртай гэсэн үг. Гэвч зохиол бичих ажиллагааг киноны үйлдвэрлэлийн нэг дамжлага болгосны улмаас уран зохиолынх нь мөн чанарыг алдагдуулахад хүргэж байна. Кино гэх цогц бүтээлийн суурь болдог зохиол нь “зураг авалтын төлөвлөгөө” маягтайгаар бичигдээд ирэхээр үйлдвэрлэлийн чанар бүхэлдээ уначихаж байгааг уран бүтээлчид эдүгээ нэгэнт анзаарч харах болсон байна. А.Миеэгомбо бичсэн зохиолуудынхаа ихэнхийг өөрөө найруулаагүй. Гэхдээ найруулагч, жүжигчин мэргэжилтэйн хувьд зохиол дээр ажиллахдаа зураг авалтын боломж, техникийн шаардлага болон бусад үйлдвэрлэлийн нөхцөлүүдийг ихээхэн бодолцсон, мөнхүү тэдгээрийн илэрхийлэхийн давуу талуудыг ашигласан байгаа нь анзаарагдаж байна. Үндсэндээ тэрээр зохиол бичихдээ үйл явдлын адармаа, зөрчил тэмцлийн ээдрээг хөөх гэхээсээ хүний дотоод сэтгэлийн хөдлөл, эрмэлзэл, эмзэглэлийг дэлгэн харуулахыг хичээж байгаа нь бусдаас ялгарах онцлог гэж дүгнэж болохоор. Хошигносон үйлдлийн агуулгад ч учирласан, ухаарал агуулсан, эс бөгөөс асуудал дэвшүүлсэн, шүүмжилсэн, бүр зарим газарт эмгэнэн харуусмаар шийдлийг хийж өгч байгаа нь түүний мэргэжлийн гэхээсээ уран туурвилын арга барил нэгэнт бүрэлдэн бий болсонтой нь холбоотой.
“Төөрөг”-ийн дүрийн эсрэгцэл
Түүний ихэнх киног үзэгчид нэгэнт мэднэ. Зохиолчийнх нь талаас ажиглан судлахын тулд дүрсжиж дэлгэцнээ гараагүй, цаасан дээр байгаа зарим зохиолыг өөрөөс нь авч уншсанаа энд жишээлбэл уншигчдад сонин болов уу.
Асар эрмэлзэлтэй, өнөөгийн залуусын ярьдагчлан амбицтай бүсгүй бүх мөрөөдөл, амьдралынхаа сайн сайхныг золиослон багын найздаа хүү төрүүлж өгч байгаа сонирхолтой сужет бүхий “Төөрөг” зохиолоо тэр бодит үйл явдлаас сэдэвлэн бичсэн байна. Цаг хугацааны зэрэгцүүллийн аргыг ашиглан “боловсролтой, хөгжилтэй, том даргын хүү, жинхэнэ хотын залуу”-тай гэрлэж ганц хүүг нь гаргах, “алтан Москваг зорин төмөр замын сургуульд суралцаж, тэндээ амьдрах” хүсэлтэй охиныг Булант өртөөнөөс Улаанбаатар вокзал руу өглөөний суудлаар ирж сүү зардаг хижээл эмэгтэйтэй сүлжилдүүлэн гаргах зохиомжийг сонгон авсан нь дүрийн хувирлыг тод томруунаар эсрэгцүүлэн харуулах тун оновчтой шийдэл болсон нь харагдаж байна. Гол дүрийн эмэгтэйг төвлөн өгүүлэхдээ бусад дүрүүдийн идэвхийг бага зэрэг дарагдуулсан, зарим талаар хувирал болон реакц багатай харагдуулж мэдэхээр болсныг эс тооцвол зохиол бүхэлдээ хүн хийгээд амьдралын гүн рүү яргаж, дотоод мөн чанарыг илтгэн харуулахыг эрмэлздэг уран зохиолын үндсэн шинжид тун дөхсөнийг олзуурхсанаа нуух юун.
Олон жилийн өмнө хувь заяаг нь нэг бүрчлэн хэлсэн ламтны үг хэдий өөрийнх нь зам мөр тэр л эш бошгоор явсныг илтгэх боловч зөв, буруугийн чухам алин болохыг эс тайлна. Багын найз нь түүнд амь, амьдралаас нь ч үнэ цэнэтэйг хожмоо тайлбарлахаас өөрөөр тоглуулж харуулаагүй сул тал бас зохиолд байна. Хөрш айлын сайхан сэтгэлт залуу бусгүй чухамдаа сайхан сэтгэлээс өөр тээшгүйдсэн байж мэдэх боловч хүн хүндээ эерэг дулаан хандахын гэгээн сайхныг үзэгчдэд хангалттай мэдрүүлж чадахаар дүрслэгджээ. Олон хүүхэдтэй болж, Эрхүүд төгсөж, яг л мөрөөдөж байсан шигээ амьдарсан багын найз нь түүнийг Москвад сайхан амьдарч байгаа гэсэн эндүүрлээр цаг хугацааг элээснийг зөвтгөж болох ч энэ урт удаан хугацаанд нэгээхэн бээр эрж, сураагүй, бужигнасан олон ах, дүүсээс нь ч асуугаагүй нь мөн эргэлзэхээр. Гэвч энэ эндүүрэл л киноны үндсэн сужетийг асар эффекттэй харагдуулж байгаагийн дээр зохиолчийн сэдэвлэн авсан бодит амьдрал ийм л бол яах ч аргагүй юм. Эх хүний үртэйгээ холбогддог чанадын нандин холбоог дарж чадах хэмжээний тийм гүн гүнзгий нөхөрлөлийг тодруулан тоглуулж чадвал зохиолын бүрдэл ихээхэн жигдрэх болов уу.
Хошигнолыг дэглэх нь
Нийлмэл бөгөөд бүтэцлэг урлалынх нь хувьд кино урлагийн судлал шинжлэл, задлан шинжилгээ, онол бодрол нь харьцангуй олон талтай. Зөвхөн кино зохиол, түүний бүтэц, туурвил зүйн аргачлал номлол л гэхэд хэл бүр дээр өч төчнөөнөөрөө хэвлэгдэн гарсан байна. Тэдгээрийн зарим нь яг л үйлдвэрлэлийн процессыг нэг бүрчлэн зааварчилсан, киноны зохиол бичихийг хэт догматик техник ажиллагаа мэт болгосон, баригдмал шинж чанартай байх нь бий. Тодорхой баримтлал, хэлбэр болон үйлийн дарааллыг номлон, хэв загварыг ягштал зааварласан гарын авлагуудаасаа илүүтэй тодорхой нэг бүтээлийг задлан шинжилсэн судалгаануудад кино-зохиолын судлалын мөн чанар түлхүү нээгдсэн байна уу гэлтэй санагддаг юм.
А.Миегомбын зохиолуудыг бүгдийг нь нэвт сүлбэж гарсан нэгэн нийтлэг хэрэглэгдэхүүн бол хошигнол. Ёжлолтой өнгө аяс, егөөдсөн хэтрүүлэл бүхий хөнгөн хошигнолыг киноны хэрэглэгдэхүүн болгож хэрэглээд зогсохгүй үйл явдлын өрнөл, эргэлтүүдэд ч чадварлаг ашигладаг нь зохиолчид төлөвшсөн ур чадвараар л тайлбарлагдана. Дээр өгүүлсэн уянгын драмын “Төөрөг” зохиолд ч ийм элементүүд зохих хэмжээний үүрэгтэйгээр орж ирж байна. Тухайлбал, өргөмөл эцгийнхээ мэргэжлийг залгамжлан цагдаа болсон төрсөн хүүтэйгээ гол дүрийн эмэгтэйн хөөцөлдөж буй хэсэг эндүүрэл болон төөрөгдлүүдийг давхар тоглуулж байгаа мэт хэрнээ төгсгөлийн тайлбартай эсрэгцэж, эмэгтэйн хувьд зориудын жүжиглэлт болон тайлагдаж, киноныхны хэллэгээр “давхар тонгороо” болж байгаа нь бүр ч сонирхолтой.
Уран зохиолчийн туурвихуй
Тэрээр асар баялаг, олон талтай зохиолч болохыг кинонуудаас нь, зохиолуудаас нь харж болно. Загвар өмсөгчдийн амьдрал, тэмцлийг харуулсан түүний бас нэг зохиол “Топ” нэртэй. Киноныхны нэрлэдгээр “загварын” кино болгож бүтээх үндсэн өгөгдөлтэй. “Төөрөг”-өө бодвол арай хүнд өгүүлэмжтэй, драмын төрлөөр бичигдсэн эмгэнэлт элемент бүхий зохиол. Ядуу амьдралтайнхаа эрхээр түргэхэн шиг нэрд гарч баяжих хүсэлтэй бүсгүй, аавыгаа хориглосоор байтал загвар өмсөгч болох замыг сонгож байгаа боломжийн айлын охин хоёрыг өрсөлдүүлж, мөн сөргөлдүүлсэн үйл явдлын ээдрээ дундаас хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээсээ хандахын, шударга зарчимч байхын үнэ цэнийг илтгэн харуулж буй нь зохиолыг ихээхэн гүнзгий болгож байна. Ингэж дүрийнхээ дотоод ертөнц рүү алсарч чадсанаар кино-зохиол уран зохиолын шинж чанарт илүү ойр болж байгааг хэлэх хэрэгтэй.
Ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны байр суурь нь зохиолчид уран туурвилын арга барилыг бий болгодог гэх сонгодог онолчдын үзэл санаагаар бол уран сайхны дүр зохиолчийн “өнцөг” дээр л зогсоно. Тийм ч учраас дүрүүдтэйгээ “амьдарч”, тэднийг дүрчлэн хүүрнэж буй бүхий л ахуй руу нь нэвтэрч бичих шаардлага кино зохиолчдод тавигддаг. Учир нь кино-зохиол бол уран зохиол. Уран зохиол амьдралаас ургадаг ч амьдралыг хуулбарладаггүй. Харин гүн эргэцүүлэлт дүр, дүрслэлээр сэтгэн бүтээж, уран сайхны аргуудаар зохиомжлон өгүүлэхдээ амьдралыг мөн чанараас нь дэлгэн харуулах шаардлагатай болдог бөгөөд үүнд зохиолчийн үзэл санаа туйлын чухал юм. Тиймдээ ч уран зохиолын дүр амьдралд ойр, эс бөгөөс “амьдралтай” байх албагүйгээр барахгүй харин ч амьдралаас хавь илүү бодит дүр болж “биеждэг” гэж болно. “Дүрээр сэтгэх”, “дүрээр бүтээх” хэмээн бидний “тоймлон” нэрлэдэг энэхүү урлан туурвих үйлийн мөн чанар нь чухамхүү энэ бөгөөд огтхон ч орхигдуулж болохгүй энэ зарчмыг олж харсан нь “багаар ажиллах”-ын бүүм болсон өнөө цагт А.Миеэгомбын бусдаас ялгаран гялтайх хамгийн том давуу тал болж буй юм.
Уншигч
Zochin
Зочин
Обама