2022 оны 12 сарын 10-ны өдөр АНУ дахь Монгол Соёлын Төв, Элчин Сайдын Яамтай хамтран “Америкад ирсэн анхны монголчууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Хурлаар Америкад ирсэн анхны гурав болох Онон Өргөнгөө, Хангины Гомбожав, Дилова хутагт нарын тухай, тэднийг дагалдан ирсэн Мөнхийн Жамц, Да лам Намжилдорж, Жамбалдорж дооромбо, Хайдав гуай, Жахчид Сэцэн нарын талаар хэлэлцсэнээс гадна Төмөр хөшигний дараа АНУ-д ирсэн анхны монголчуудын төлөөлөл мөн үүх түүхээсээ ярьсан юм.

Онон Өргөнгөөгийн хоолыг буудаж явсан түүх


Гоогийн Бадан: Сая чиний гаргасан хоёр номыг хоёуланг нь уншлаа. Дилова хутагтын захидал гадаад үг хэллэг, гадаад хүний нэр ихтэй, бас л уншихад хэцүүхэн захидлууд байна шүү. Харин Онон Өргөнгөөгийнх хичээнгүйлэн бичсэн шүлэг учраас их тодорхой юм байна. Онон Өргөнгөөгийнд ч олон очиж, “хоолыг буудсан даа”.

М. Саруул-Эрдэнэ: Таны англи хэл сурсан тэр Лийдсийн хөтөлбөр нээрээ Оуэн Латтимор, Онон Өргөнгөө хоёрын санаачилга байсан шүү дээ. Өргөнгөө гуайнх ямар айл байв даа?

Том охин нь оюутны байранд суудаг байл уу, одоо мартаж. Бага охин нь гэртээ байдаг байсан (Уурган охин Солонгуа, бага охин нь Ононгуа. М. С.). Отгон хүү нь Тэмүжин гээд банди, арваад настай, тэрийгээ эрхлүүлнэ гэж жигтэйхэн, амин гол нь. Бид хэд чинь тэгээд хагас бүтэн сайн бүрийд л тэднийд очно шүү дээ. Өргөнгөө гуайн эхнэр Нарангэрэл сайхан мах чанана, бууз хийнэ. Сайн хоол идэж аваад, элдвийг ярьж байгаад явдаг байлаа. Гэхдээ улс төр бол огт ярихгүй. Өргөнгөө гуай улс төр лүү их л орлоо гэхэд ганц хэлдэг юм нь: “Өө Монгол социалист байна уу, коммунист байна уу, ямар хамаа байх вэ, гол нь сайн л байвал болоо доо. Монгол л сайн байвал миний хүсэл биелж байгаа нь тэр” гэх.

Латтимор гуай бас ирнэ биз?

Байнга ирнэ. Латтимор гуайн гол хэлдэг үг бол “Монгол бол хамгийн баян улс. Монголд өлсдөг хүн гэж байхгүй ш дээ” гэдэг байлаа. За тэгээд тэмээ хөсгөөр явж Монголд ирснээ, МкКартигийн хэрэгт шүүгдэж байцаагдсан зэргээ их ярина.

Латтимор монголоор ярих уу, англиар ярих уу?

Англиар ярина. Монголоор бол бичгийн хэлтэй. Монгол бичгийн хэлээр ярих нь ярина, гэхдээ тэр нь сайн ойлгогдохгүй. 

Онон Өргөнгөөг Монголд ирэхэд нь уулзаж байв уу?

Уулзах нь уулзсаан. Нөгөө хамт хоолыг нь бууддаг байсан хэдтэйгээ буудал дээр нь очиж уулзаж байлаа. Гол нь хэцүү үедээ тэгж дайлуулж байсан хүмүүс, нутагтаа сайхан гэр орноороо аваачих, хөдөө гадаа гаргах гэхээр боломжгүй. НАХЯ-ны улс байнга хажууд нь дагаад байна. Ийш тийшээ явах нь бүгд нарийн тодорхой. Тэгээд нөгөө “аяганы хариу өдөртөө” гэдэг сайхан монгол ёсоо л гаргаж чадаагүй дээ. Аа тийм, нэг удаа их сонин. Улаанбаатар зочид буудалд Цэвэгмаа гуайтай Онон Өргөнгөөгийн тухай яриад зогсож байлаа (Энэхүү Цэвэгмаа гуай өөрөө маш сонин түүх намтартай хүн, Японы алдарт зохиолчийн ном буй. М.С.). Нөгөө алга болдог нөхрийнх нь сайн найз байж. Тэгтэл гэнэт хажуунаас нэг хүн “Би нөгөөдөх нь шүү дээ” гэж байна. “Юун нөгөөдөх?” гэсэн, Онон Өргөнгөөгийн “нөгөөдөх” буюу Хангины Гомбожав байж. Гомбожав гуайтай тэгж танилцсан (инээлдэв).

Лийдс рүү англи хэл сурахаар хэдүүлээ явсан юм бэ?

Эхлээд бид гурвуулаа явсан юм. Британийн зөвлөл гэж байгууллагын журмаар. Англид байдаг, гадаадаас хүмүүс авч мэргэжил дээшлүүлдэг байгууллага. Тэдний шугамаар явлаа.

Яаж шалгарав?

Анх Англи явах болсон түүх их хөгийн, хөгжилтэй. Би чинь тэр үед Эвлэлийн Төв Хорооны Гадаад хэлтэсийн дарга байлаа шүү дээ. Намын Төв Хороонд Дүгэрээ гээд биний бүр МУИС-д байхын танил нэг хүн байсан юм. Нэг өдөр Дүгэрээтэй ярьж байсан чинь “Англи руу гурван хүн явуулах гэсэн чинь нэг хүнийг маань эмэгтэй гээд явуулдаггүй ээ, нэг хүн дутчихлаа, яая дөө” гэсэн сууна. Тэгэхээр нь би зүгээр тоглоомоор “Би чинь эрэгтэй ш дээ” гээдэх сэн, мань эр нээрээ юу билээ гэсэн маягтай харснаа, шууд “За би Пүрэвжавтай ярина аа” гэж байна. Пүрэвжав гэдэг нь Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга. Тэгэхэд эмнэлэгт хэвтэж байл уу даа, шууд ярьснаа “Зөвшөөрч байна, юмаа бэлд, яв” гэж билээ. Бараг нөгөөдөр нь тэгээд Англи явсан байх шүү.

Нөгөө хоёр чинь хэн хэн бэ?

Нэг нь Нацагдорж гээд МУИС-ийн багш, нөгөөх нь Биеийн тамирын хорооны Цэнд-Очир гэж залуу. Ингээд гурвуулаа англи хэл үзэж байтал араас, өөр шугамаар зохиолч Хуушаан, Уртнасан хоёр ирж нийлээд тавуулаа болж сурсан юм.

Уртнасан гэдэг нь хэн билээ?

Нэртэй сэтгүүлч байсан юм. Соль гээд алдартай эмэгтэй сайд байсныг мэдэх бил үү? Тэдний хүргэн.

Манай дээхэн үеийн англи хэлний хамаг гол орчуулагч эрдэмтэд тантай адил Лийдсийн тэр дамжаанд сурсан түүхтэй. Монголын Нууц Товчоог орчуулсан Доржготов багш бас тэнд сурсан гэсэн.

Тийм, биднээс өмнө сурсан юм. Доржготов, бас хэл шинжлэлийн Нямсүрэн хоёр өмнө ирж.

“Хэл хэлэхүйн учир” номыг бичдэг Нямсүрэн үү?

Тийм, ер нь тэр үедээ англи хэл хамгийн сайн сурсан нь Нямсүрэн байсан байх шүү. 

Онон Өргөнгөөгийнд очиж мах бууз идэхээс бусад үедээ хаагуур яаж хоолож байв даа?

Өглөө оройны хоол сургуулиас. Өдрийн хоолоо өөрсдөө гарч иддэг байсан юм. Бас нэг багаахан цалинтай бид хэд чинь. Өдөр гараад тэрүүгээрээ Фиш анд Чипс (Fish and chips) гэж юм авч идээд, ганц шил пиво уучаад ороод ирнэ. Тэр чипс гэдэг юм нь сүүлд Америкад ирээд мэдэх нь ээ, нөгөө фрэнч фрайз (French fries) л байсан юм билээ. Оройн хоол бол их сайхан, шарсан хавирга гэх мэт. Гадаад оюутнууд хонины хавирганы яг өөхтэй хэсгийг нь хаячихна. Манай Нацагдорж тэрийг нь хараад “хамаг сайхан хэсгийг нь хаячихдаг улс юм даа” гээд л харамсдаг сан. Нацагдорж маань ер нь их паянтай, нэг удаа дэлгүүр хэсэж яваад нэг их сайхан сайхан хоол хямдхан байгааг харж. Баярлаад яг авдгийн даваан дээр нохойн хоол гэж мэдээд, ичсэндээ ум хумгүй гараад гүйсэн гэдэг юм.

Хэдэн багштай байв?

Хоёр багштай, нэг нь нэг тийм танхайдуу байрын англи эр, нөгөө нь бүдүвтэр, архи овоо уучихдаг хүн. Бид хэдийг гадуур хичээл хийнэ гэж дагуулж их явна. Тэгээд янз бүрийн хүнтэй уулзуулж, их яриулна. Бас нөгөө монгол оюутнуудыг анх Германд сургасан Волфф гээд нөхөр байдаг даа. Тэр их ирж, бидэнд янз бүрийн юм үзүүлдэг байлаа. Нэг өдөр мань Волфф бид хэдийг хотын захад юу үзүүлнэ гэлээ дээ, аваад давхисан, замын түгжрэлд ороод. Жаахан яваад гацсаар байтал нөгөө газар нь хаагаад, замаасаа буцаж билээ. Машингүй газраас очсон би тэгэхэд амьдралдаа анх удаа машин тэгж явж чадахгүй болтлоо түгжирдэг юм байна гэдгийг үзээд ихэд гайхаж байж билээ. 

Африкаар аялж, амиа алдах шахсан түүх

Та чинь бүр 1966 онд Африкаар нэг явсан байх аа? Тэр талаараа хуучлаач. Манайхан бараг явдаггүй байсан үе шүү дээ.

За тэгэхэд чинь би Эвлэлийн төв хорооны Гадаад хэлтэсийн дарга хийж байлаа. Конго улс тэгэхэд Конго мөрнийхөө хоёр талаар хуваагдаад, хоёр улс болчихсон байсан юм. Цаад тал нь барууны чигтэй, наад тал нь социалист. Тэгтэл тэр наад Конгогийн залуучуудын байгууллагын их хурал болно гээд урилга ирлээ. Намын Төв Хороон дээр ороод явах уу, яах вэ гээд хэлэлцсэн, Дамба гуай “Яв яв, гэхдээ зардал мөнгө хэмнэнэ ээ” гэснээр гав ганцаараа явах болдог юм байна. Москвад эхэлж очоод Орост сурдаг баахан Конго залуустай нийлж аваад цаашаа нислээ, хаагуур хаагуур ч яваад байлаа, ямар ч байсан Малид нэг бууж хонох юм боллоо. Малид буугаад нөгөө Конго залуусдаа ганц ганц шил ус аваад өгчихсөн чинь, тэдний баярлаж байна гэдэг жигтэйхэн, намайг чинь юм үзүүлнэ гээд л Малигийн зах гудамжаар баахан дагуулж явлаа. Тэр үед бол ер нь монгол хүн Африк байтугай Орос руу ч ховорхон явдаг байсан үе шүү дээ. Тэгээд нэг ханхай өрөөнд ганцаар хоносон, шөнө шүр шар гээд нэг юм дуугараад байх юм. Очоод харсан өнөө өрөөнд чинь тохойн чинээ арзайсан том гүрвэл явж байдаг байгаа. Арай гэж нэг хөөж гаргаж байлаа. 

Онгоц чинь унахаа шахаж хүмүүс их айсан гээд та ярьдаг даа?

Аа тийм, бид Аэрофлотын онгоцоор нисэж байсан юм. Тэгж байтал гэнэтхэн онгоц унадаг юм. Би яг унаж байна гэдгээ бас сайн ойлгоогүй, жингүйдээд хөл хөндийрөөд ирдэг юм билээ. Тэгээд ойлгож амжаагүй байтал л тогтсон, онгоцоор нэг “Аллах аллах” гэсэн хашгираан, баахан араб авгай нар явсан юм. Миний хажууд нэг солонгос хүн сууж явсан, зүрхээ дарчихсан, “аах аах аах” гэж аахилж байсан, тэгэхэд л сая би үхэх гэж байснаа нэг юм ойлгож байгаа юм. Онгоц буусан хойно улсуудын ярих нь 300 метр хэртэй чөлөөтэй унаж гэнэ ээ.

Буухад хэрхэн угтаж авав?

Ёстой нэг хөөрхөн юм үзсэн. Нээг их хөөрхөн бяцхан божийсон божийсон хар хүүхдүүд, бүгд улаан бүч зүүчихсэн. Гадаад улсын зочин гээд хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бүр орой, харанхуй болчихсон байж. Тэгээд буудалдаа очлоо. Маргааш нь цай цүү уугаад байж байтал нэг шар нөхөр хүрээд ирлээ. Тэгээд “Оросоор ярина биз дээ?” гэж асууж байна. Германы Чөлөөт залуучуудын байгууллагын төлөөлөгч гэнэ. Хурал эхэлчихсэн, би хоцорч очсон юм л даа. Мань Герман тэгтэл тун нухацтайгаар “За энүүгээр юу болж байгааг танилцуулахгүй бол болохгүй нь” гэнэ. Тэгээд ярилаа: “За нээлтийн хуралдаан болсон, одоо зохион байгуулалтын асуудал хэлэлцэж байгаа учраас гаднын төлөөлөгчдийг оруулаагүй байгаа. Болгоомжтой байх хэрэгтэй, энэ улс Хятадын талын коммунистууд бололтой. Яагаад гэвэл нээлтийн хуралдаан дээр бид Марксын зураг бэлэглэсэн юм. Хятадууд Мао Зэдуныхаа зургийг өгсөн, тэгсэн сая танхимд ороод харахад Марксын зургийг буланд тавиад, Маогийн зургийг дээшээ залчиж. Ийм л чигтэй улс байна шүү” гэнэ. Тэр үед чинь социалист систем чинь дотроо бас Зөвлөлт, Хятад гээд хуваагдсан байлаа шүү дээ. 

Өөр ямар ямар улсаар явж үзэв дээ?

ЭТХ-ны Гадаад хэлтэсийн даргын хувиар Европын социалист улсуудаар бол бүгдээр нь орсон, харин тэр үедээ арай сонирхолтой, социалист биш улс гэвэл Финланд явсан юм байна.

Төмөр хөшигний үед Финландад ямар ажил гараад очсон хэрэг вэ?

Вьетнамын дайнд үрэгдэгсдийг хүндэтгэх нэг үйл ажиллагаа болсон юм. Хэлсинки гэж их сайхан намуухан хот байна, маш олон нууртай. Нуурынх нь үнэр сэнгэнэх нь тийм нэг сайхан танил үнэр. Чи худгийн лай гэж юм мэдэх үү? Говийн хүн биш болохоор мэдэхгүй байх аа даа. Манай говьд хааяа худгийнхаа ёроолыг цэвэрлэдэг юм. Тэгэхээр нэг лаг хар шороо гарна. Тэрийг худгийн лай гэдэг юм. Их онцлог үнэртэй, Хэлсинкээс яг тэр үнэр ханхлах нь таатай байлаа. 

Орос хэл сурснаар монгол хэлний багш болсон түүх


Сургуульд хэдэн настай орсон юм бэ?

Би бүр хожим, 11-тэй орсон юм. Тэр үед сургуулиас их зугтаадаг байсан цаг. Аав гэхдээ сүүлдээ ойлгоод, гэрээр надад кирилл бичиг үзүүлээд. Тэгээд сургуульд оруулсан, кирилл үсэг сурчихсан ч байсан, бусдаасаа ах ч байсан, онц сураад эхэлсэн юм. Бумбаатайгаа хамт нэг ангид орж байлаа. (Бумбаа гэдэг нь Бадан багшийн дүү охин, одоо нас сүүдэр 88-тай. М.С.)

Таныг МУИС-д сурч багшилж байхад манай гурван том багш бүгд л байгаа биз дээ?

Байлаа байлаа, эхлээд заалгалаа, дараа нь нэг тэнхимд хамт тэдэнтэйгээ багшиллаа. 

Хэл, уран зохиол хоёр хамтдаа нэг тэнхим байсан хэрэг үү?

Тийм ээ, ерөөсөө гуравхан л факультет байсан юм. Хөдөө аж ахуйн, Анагаахын, тэгээд Багшийн гэж. Багшийн факультет нь дотроо Физик-Математикийн, Хэл-уран зохиолын гээд цөөхөн тэнхимтэй. 

Хэдэн онд элсэн орсон билээ?

1953 онд. Сайншандаас Улаанбаатарт ирж шалгалт өглөө. Орос хэл онц, монгол хэл сайн, түүх дунд өгөөд л орчихсон. Тэр үед хүүхдүүдийг комиссоор оруулаад нэг багш "Шалгалт нь сайн муу, элсүүлэх үү?" гэхээр "За тэгье ээ" гээд л бусад багш нар гараа өргөөд элсүүлчихдэг байв шүү. Тэндээс тэгтэл нэг бүлтгэр хүн "Чи чинь монгол хэлний ангид орох гэж байж, орос хэлэндээ илүү хүн юм шив дээ" гэсэн нь П. Хорлоо багш байж. 

Орос хэлээ онц өгөөд, монгол хэлээ сайн өгөхөөр тань тэгжээ дээ? Хөдөөний хүүхэд яаж тэгж орос хэл сураа вэ?

Сайншандад оросууд их байсан юм. Урд хилийг хамгаалж байсан шиг билээ. За тэгээд орос охидтой чинь ярина, кино үзнэ, заримтай нь бүр үерхэнэ гээ. Би чинь 10-р анги, нөгөө хожуу сургуульд орсон хүүхэд чинь хорь хүрсэн залуу байхгүй юу. Тэр нэг орос охинтой бол яриад л байдаг байсан, бодвол орос хэлээр л яриад байсан юм байлгүй. Тав арван төгрөгөөрөө орос дэлгүүрт очиж юм авна. Бас дээр нь орос хэлний багш гэж орос авгай байсан, үдэшлэг, олон нийт олон юм их зохиодог хүн байлаа. 

Тэр орос охин местный (суурьшмал) орос уу, мэргэжилтний хүүхэд үү?

Аав ээжийгээ дагаж ирсэн л хүүхэд байсан байх даа. Орос эмнэлгийн үүд хавьцаа, өвчтөний карт март бичих ажил хийж суудаг байсан юм. Тэрнээс орос хэл их сурдаг байсан, нэг инээдтэй жишээ яривал, нэг удаа өнөөхтэйгөө болзлоо. “Полседьмого” уулзъя гэж байна. “Седьмого” гэсэн болохоор би “долоо хагас” гэж ойлголоо. Тэгээд тэр өдрөө цаг нөхцөөх гээд Сайншандын урдхан байсан орос дэлгүүр энэ тэрээр ороод дэмий явж байтал нөгөө охин маань “Чи яачхав аа?” гэсээр хүрээд ирдэг байгаа. Полседьмого болоогүй байна шүү дээ гэтэл “Үгүй ээ тэр чинь Зургаа хагас байхгүй юу” гэж тайлбарлаж өгч байсан.

Орос хэлний элсэлтийн шалгалт нь ямархуу зүйл байв даа?

Орос хэлний шалгалтыг нэг орос багш амаар авч, баахан ярьсан юм. Тэгээд л онц тавьчихсан, бодвол хөдөөнөөс ирсэн бусад хүүхдийн орос хэл тааруу байсан биз ээ. Монгол хэл уран зохиолын шалгалт болохоор, МУИС-ийн дугуй танхимд сууж байтал нэг том малгай тавсан хүн орж ирснээ их дуугаар "Баян Болдын дүрийг бичицгээ" л гэсэн дээ. 

За тэгээд 1953 онд элсээд 1957 онд төгссөн ангийн чинь хүүхдүүд гэвэл хэн хэн байна даа?

Олны танихаас Олимпын Магван манай анги. Судлаач Мөөмөө, Намын төв хорооны Адьяа бас манай ангийн хүүхдүүд.

Танай ангиас зохиолч төрөв үү?

Сугарын Цэдэв гэж зохиолч манай ангийнх, нэлээд эрт өнгөрчихсөн юм аа хөөрхий. "Сумьяагийн сураг" гээд зохиол нь байдаг даа.

Та чинь тэгээд Багшийн факультет төгссөн мөртлөө Эвлэлийн төв хорооноос ажлынхаа гараагаа яагаад эхэлдэг билээ?

Шууд л хуваарилчихсан юм. Төгслөө, дуудлаа, очлоо, "За чамайг ЭТХ-д хуваарилсаан" л гэсэн, тэгээд л болоо. Уг нь багш болно гэж бодож мөрөөдөж байсан, тэр нь нэг жаахан тийм боловч Эвлэлд ажиллана гэхээр Улаанбаатарт аж төрж болно гэсэн үг, тэр нь бас сайн тал байлаа.

Нутгийн сониноос

... Манай нутагт Дашбалдан гээд нэг хүн байлаа. Дээхэн үед хөдөөнийхөн чинь өөрсдөө аяга, хэт хутгаа авч явдаг байлаа даа. Мань эр бараг нэг литр орчих хэмжээний маш том мөнгөн аягатай, айлд ороод тэрийгээ өгч байгаад л хоол хийлгэж иднэ шүү дээ. Нэг өдөр манай төрсөн ахынд ирсэн юм. Ах ч “Дашбалдандаа нэг жаахан юм амсуулна аа, өөрийнхөө аягаар амсана биз дээ” л гэв. “Тэгэлгүй яах вэ” гээд аягаа өгч байна. Тэгсэн ах шилтэй хатуу цагаан архи гаргаж ирээд хийсэн, бүтэн шил архи яваад орчиж билээ. Хүний юм, ялангуяа архи асгаж болохгүй, бүгдийг нь уусан даа, хөөрхий. Дараа нь “Би энэ Бандгайд ганц сайн чадуулж билээ” гээд л ярьж явдаг сан. 

... Би чинь адуунд их хүүхэд байсан юм ш дээ. Ямар ч эмнэгийг барьж аваад л номхруулдаг байлаа. Үеийнхэн дотроо бол адуундаа хамгийн сайнд нь орж явсан. Сүүлд их сургуульд сурч байхдаа зуны амралтаар адуугаа санасаар л харина. Хамгийн догшныг нь сургана гээд л дайрчихна шүү дээ. Барагтай бол ойчихгүй ээ. Нутгийн адуучид, өвгөчүүд намайг их тооно, очихоор “Өө чи ирэв үү, ашгүй” гээд л баярлана. Аав бас адуунд их дуртай, сумын наадамд даага шүдлэн уядаг байлаа.

Бадан гэж танай нутгийн нэр үү? Ямар учиртай нэр вэ?

Уг нь би бол Бадарч гэж нэртэй байсан юм. Миний дээр олон ах эгч эндсэн, хүүхэд тогтохгүй болохоор намайг Баарин хошууны Бадарчин гэж нэг хөгшинд хэсэг үрчлүүлж л дээ. Тэгээд Бадарч нэр өгч. Тэгж байтал Бумбаа эд нар маань төрөөд Бадарч гэж хэлж чадахгүй, Бадан гэсээр байж жинхэнэ нэр маань болчихсон юм гэнэ лээ.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч

Мягмарын Саруул-Эрдэнэ.