Буурай нам хүчтэй хэвлэлийн чадлаар дийлнэ...
“Сонин ба зохиолч” нийтлэлээс, 1930 он
   


Боржигон Дашдоржийн Нацагдорж... Түүний хийж байсан ажлуудыг тоочин өгүүлвээс, Богд хаант Монгол улсын Цэргийн явдлын яамны сургагч бичээч, Ардын засгийн Цэргийн явдлын яамны бичээч, Цэргийн явдлын яамны орлосон туслах түшмэл, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын гарын түшмэл, Цэргийн явдлын яамны дэргэдэх Хувьсгалт залуучуудын эвлэлийн “Жавхланг бадруулагч” үүрийн нарийн бичгийн дарга, МАН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн туслах түшмэл, МАН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын туслах, Бүх цэргийн зөвлөлийн Сурган гэгээрүүлэх тасгийн дарга, МАН-ын Төв хорооны Зохиолын хэлтсийн дарга, МАН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Ардын цэрэг” сонины эрхлэгч, Монгол улсын Засгийн газрын нарийн бичгийн дарга, Бүх цэргийн зөвлөлийн Цэргийн бичиг зохиох хэлтсийн дарга, Эвлэлийн Төв хорооны даргын орлогч, МХЗЭ-ийн Төв хорооны ший жүжгийн эрхлэгч, Бүх цэргийн зөвлөлийн Сурган боловсруулах хэлтсийн дарга, Пионерийн Төв товчооны дарга, Бүх цэргийн зөвлөлийн туслах түшмэл, Төмрийн заводод орчуулагч, “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан, Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны кабинетийн орон тооны оюутан (эрдэм шинжилгээний ажилтан), Шинжлэх ухааны хүрээлэнгийн өрнө дахины хэлний орчуулагч, Түүхийн тасгийн эрхлэгч, Дуун ухааны тасгийн эрхлэгч, судлагч гээд л нам төрийн зүтгэлтэн, олон нийт, сайн дурын байгууллагуудын анхлан санаачлагч, үүсгэн байгуулагч, сонин хэвлэлийн нийтлэлч, сэтгүүлч, яруу найрагч, орос, герман хэлний орчуулагч, хэл шинжээч, толь зүйч, нэр томьёо зохиогч, утга зохиол судлаач, угсаатны зүйч, түүхч гэх мэтээр маш олон салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан байдаг билээ. Үүнийхээ хажуугаар Орост нэг жил, Германд гурван жил суралцсан, хилс хэргээр хоёронтоо шоронд орж, мөн хоёр ч удаа гэр бүл зохиож, эхнэр охиноосоо хагацсандаа гутран архи дарс ууж явсан гээд л хэзээд нь амжив гэмээр чөлөө завгүй адармаат амьдрал...

Харин энэ бүх баялаг, бүтээлч амьдралын түүхийг тэр ердөө л 31 жил хорвоод амьдрахдаа цогцлоон бүтээсэн юм. Товчхон хэлэхэд түүний үзэгнийх нь үзүүр хүрсэн болгон эдүгээ алт эрдэнэс болон үлджээ. Шүлэг бичээд л үеийн үед үл мартагдах “Миний нутаг”, өгүүллэг бичээд л гайхамшигт “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс” тэргүүтэн, дуурийн цомнол бичээд л мөнхөд дуулагдах тавилантай “Учиртай гурван толгой” гээд л хамгийн сайн нь, хамгийн шилдэг шидээврүүд нь түүнийх байлаа. Түүхэн цаг үе хүнийг бүтээдэг ч хүн өөрөө түүх бүтээхийн үлгэр бол Д.Нацагдорж юм.
   
Д.Нацагдоржийн нэгэн томоохон хөдөлмөр бол сэтгүүлч, нийтлэлчийнх нь үйл хэрэг юм. Тэрээр албан ёсоор сэтгүүлчийн ч ажил хийж байлаа, өөр ажлууд хийж байхдаа ч нийтлэлээ туурвисаар байжээ. Тухайлбал, 1922 оны 5 сард түүнийг МАН-ын Төв хорооны даалгавраар “Уриа” сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх сурвалжлагчаар томилсон байдаг. Энэ мэтээр “Уриа”, “Ардын цэрэг”, “Залуучуудын үнэн”, “Шинэ толь”, “Үнэн”, “Залгамжлагч”, “Залуу гварди”, “Хувьсгалт залуучуудын эвлэл” зэрэг сонин сэтгүүлүүдэд олон өгүүлэл, нийтлэл бичиж хэвлүүлжээ. Д.Нацагдоржийн нийтлэлүүдийнх нь онцлог юу байв?
  
Д.Нацагдорж нийгэмдээ гэгээ нэмэгч байв. Түүний 1926 онд бичсэн “Пионерын гэгээрэл боловсролын тухай” нийтлэл нь хэдийгээр пионер сурагчдад зориулсан хэдий ч хүүхэд залууст хийж бүтээх санаа сэдэл өгсөн, эрдэм номын гэрлийг бусдаас илүү хүртсэнийхээ хувьд гэгээрч боловсрохын чухлыг өгүүлжээ. Тэрээр “Багад эрдэм сурах нь мандаж буй наран мэт, дундад эрдэм сурах нь үдийн наран мэт, өтлөхөд эрдэм сурах нь шингэх наран мэт, үхтэл эс сурах нь харанхуй шөнө мэт” гээд “гэгээрэл боловсрол хэмээгч нь хүнд маш аятай тустай нөхөр болно” хэмээн эрдэм соёл тустайг хүн бүр мэдэвч тэр замаар хүмүүс явахгүй байгааг шүүмжлэн хэлжээ.
   
Д.Нацагдорж шинэ соргог бүхэнд бусдыг уриалан дуудагч байв. Шинэ соёлтой дөнгөж танилцаж байгаа тухайн цаг үеийн нийгмийн шаардлага, нөхцөл байдал ч Орос, Германд боловсрол эзэмшсэн түүнийг санаа амар суулгаагүй биз ээ. Ийм нийтлэлүүдийн тоонд түүний “Радио”, “Латин үсгийн уг гарвал”, “Сонин ба зохиолч” орно. Тухайн цаг үедээ радио хэмээгч зүйл нь өнөөгийн интернэтээс ч гайхамшигтай зүйл байсан байж таарна. Тэрээр радиогийн тухай түмэн олонд тун нарийн тайлбарлажээ. Тухайлбал, радиогийн долгионых нь тухай “тэрхүү долгионы тархах нь нуур дотор чулуу хаяхад дүгрэг хүрээлсэн долгион тархдаг лугаа нэгэн адил” гээд “Франц улсын нийслэл Парис хотноо наадаж буй хөгжмийг Герман улсад суугаа хүн орондоо хэвтээд сонсож чадна” хэмээсэн байна.
   
Д.Нацагдорж соён гэрээрүүлэгч байв. Түүний 1930 онд бичсэн киноны тухай нэгэн нийтлэл байх юм. Тэрээр “кино нь хүнийг сургана, удирдана, уяруулна, бахдуулна, гэсгээнэ, сэргээнэ” гээд “киног үйлдэж хийхэд гарах сүйтгэл их боловч нэгэнт бүтээвээс мөнхүү сүйтгэлийг магад олж чадахын дээр хонжвор олох” боломжтой хэмээн киног бизнес утгаар харсан нь сонин. Энэ мэтээр киног монголчууд өөрсдөө үйлдэж хийх цаг нь болсныг сануулжээ. Монголын анхны кино 1936 онд “Монгол хүү” нэртэйгээр бүтээгдсэн байдаг билээ.

Д.Нацагдорж улс төрийн мэдрэмжтэй нэгэн байв. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон намын тухайд ч бичиж байжээ. Тухайлбал, “Сонин ба зохиолч” нийтлэлдээ “ямар нэгэн нам сонин бичиггүйгээр тогтнон чадахгүй бөгөөд олон нам үзэл суртлыг тэмцэлдэхэд сонин бичгээр тулна. Буурай нам хүчтэй хэвлэлийн чадлаар дийлнэ” гэсэн нь барууны эрх чөлөөт ертөнцөд ганц биш олон нам оршдог төдийгүй улс төрд хэвлэл мэдээлэл, PR хичнээн чухал болохыг аргагүй л баруунд боловсорч нүд нь нээгдсэн хүний хувиар бусдаас түрүүлж харж чадсан байна.
   
Д.Нацагдорж энэ мэтээр өөрийн болон нууц нэрээр олон нийтлэл бичиж үлдээжээ. Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан юм билээ. Тийм учраас түүний бичсэн өөр олон зүйлс ч цаашид гарч ирэх боломж бий. Академич Б.Ринченээс энэ агуу хүний хэн байсан тухай асуухад “Түүнийг өнгөрсөн хойно нь хүмүүс их магтах юм, Нацагдорж бол магталтгүй сайн хүн байсан” гэжээ. Үүнээс илүү ойлгомжтой яруу сайхан тодорхойлолт юу байхсан билээ. Д.Нацагдорж бол нийгэмд гэгээ нэмэгч, шинэ соргог зүйлд бусдыг уриалан дуудагч, соён гэгээрүүлэгч, улс төрийн өндөр мэдрэмжтэй, ёстой л магталтгүй шилдэг нийтлэлч, сэтгүүлч байжээ.

2016.11.17