С.Энхцэцэг: Арбитр бол талуудад хамгийн ээлтэй шүүх юм
Аливаа улсын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдгийг үнэлэхдээ тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмждэг. Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны нэг үзүүлэлт болдог.
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр, "Легалдата" ХХК хамтран Монголын арбитрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ сарын 24-ний пүрэв гаригт МҮХАҮТ дээр болох “Mongolian Arbitration Day” олон улсын өдөрлөгийн талаар Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Тэгэхээр Монголын арбитрын өдөрлөгийг олон улсын арга хэмжээ болгон зохион байгуулах болсон нь ямар зорилготой вэ? Хэр олон орны арбитрын байгууллага, арбитрчид уг арга хэмжээнд оролцох вэ? гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Энэ удаагийн Монголын арбитрын өдөрлөгийг эрх зүйн Legal Data төв ТББ хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Хууль зүй, дотоод хэргийн яам оролцож байгаа. Энэ арга хэмжээнд АНУ, Герман, Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг, Испани, Хятад, Австрали зэрэг улсын Олон улсын арбитрын байгууллагын нэр хүндтэй арбитрчид, практик хуульчид, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхэд мэргэшсэн судлаачид оролцож, илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн форум болох юм. Тэдний дотор Монгол Улс олон улсын арбитрын шүүх дээр хариуцагчаар татагдсан олон хэрэг дээр манай Засгийн газрыг төлөөлж өмгөөлөгчөөр оролцож байсан Майкл Нолан, Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын дэд ерөнхийлөгч Бао Чан, хөрөнгө оруулалтын арбитрын маргаан дээр Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа Испани Улсын хуульч Патриция Нацименто зэрэг олон улсад нэр хүндтэй арбитрын байгууллага, арбитрчид багтаж байгаа. Энэхүү форумаар Монгол Улсад болон бүс нутагт арбитр, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн хөгжиж байгаа онцлог болон цаашдын чиг хандлага, арбитрын хэлэлцээрийг талууд хэрхэн байгуулах, хөрөнгө оруулалтын болон уул уурхайн маргаан, түүнийг арбитраар хянан шийдвэрлэхтэй холбоотой сургамж болон ирээдүйн хандлага, мөн түүнчлэн арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх асуудлын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ.
-Манайд Арбитрын байгууллага үүсч хөгжсөн нь яг хэдийнээс юм бэ? Би хувьдаа МҮХАҮТ-ын дэргэд байсан сүүлийн 20 жилийг нь мэдэх юм байна...
-Анх шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор 1930 онд БНМАУ-ын Засгийн газраас Арбитражийн дүрмийг баталснаар Монгол Улсад арбитрын эрх зүйн зохицуулалтын суурь тавигдаж улмаар 1940 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд Улсын арбитрын хэлтэс байгуулагдсанаар арбитрын байгууллагын тогтолцоо үүсэж өдгөө 90 гаруй жилийн түүхтэй байгууллага болон хөгжиж байна. Энэ үеэс социалист хамтын ажиллагааны орнуудын хооронд худалдаа, аж үйлдвэрийн маргаан шийдвэрлэх, мөн дотооддоо нэгдэл, улс ардын аж ахуй, хоршоод хоорондын маргааныг шийдвэрлэх үүрэгтэй ажиллаж байсан. Сүүлд гадаад худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор 1960 онд тухайн үеийн Намын төв хороо болон Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор өнөөгийн МҮХАҮТ-ын дэргэд Гадаад худалдааны арбитрыг байгуулсан байдаг. Энэ байгууллага өнөөдрийн Монголын Олон Улсын Арбитр болоод олон улсын болон дотоодын иргэн, хуулийн этгээд хоорондын маргааныг шийдвэрлэх байнгын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
-Түүхийн хувьд бол нэлээд урт замыг туулсан, туршлага хуримтлуулсан байгууллага юм байна. Гэхдээ үйл ажиллагаа, хүрсэн түвшингээрээ олон улс, бус нутагтаа хаахна нь яваа бол?
-Дэлхийн хөгжлийг харах юм бол Азид Сингапур, Хонконг, Европод Стокгольм, Лондоны арбитр, Францад төвтэй Олон улсын худалдааны танхимын дэргэдэх арбитр (ICC) тэргүүлэх байр суурьтай хөгжиж байгаа. Мөн Вашингтонд төвтэй хөрөнгө оруулалтын арбитр ICSID зэрэг байгууллагууд нэр хүндтэй, хөгжлөөрөө тэргүүлдэг. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид худалдаа, бизнес эрхлэгчид эдгээр байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлэхээр гэрээндээ тусгах нь нийтлэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд биенес эрхлэгчид тухайн арбитрын байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх дүрэм, шүүхээс ялгарах онцлогийг танин мэдсэнээр бүс нутгийн болон дотоодын арбитрыг сонгох, ялангуяа тухайн улс орнууд бодлогоор хөрөнгө оруулалтын аливаа маргааныг үндэснийхээ арбитраар хянан шийдвэрлүүлэх эрх зүйн орчныг бий болгосноор өөрийн улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчих эрсдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна. Манай байгууллага ч энэ чиглэлд анхаарч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд саналаа Засгийн газарт хүргүүлээд байна. Мөн түүнчлэн олон улсын нэр хүндтэй арбитруудын сайн туршлага, маргаан шийдвэрлэх жишиг загвараар 2017 онд баталсан дүрмээ шинэчлэн боловсруулаад баталж мөрдүүлэхэд бэлэн болоод байна. Аливаа улсын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдгийг үнэлэхдээ тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмждэг. Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны нэг үзүүлэлт болдог.
Хуульчдаас илүү салбартаа мэргэшсэн, чадварлаг мэргэжилтэн, технократуудыг арбитрчаар бэлтгэж арбитрчдын жагсаалтдаа оруулж байна. Арбитраар маргаан шийдвэрлэхэд дүрэм, хууль хэрэглээг эзэмшсэн хуульчаас гадна тухайн маргааны онцлогоос хамаарч тухайлбал, үйл баримт тогтоох, чанар, стандартыг хангасан эсэхийг тогтоох зэрэг маргаанд хууль хэрэглэх чадварлаг хуульчаас илүү туршлага, мэдлэгтэй мэргэжилтэн арбитрч илүү шударга, бодит шийдвэрлэж чадах онцлогтой. Үүнээс гадна арбитрчийн хамгийн гол шаардлага нь хараат бус, бие даасан байдлыг шаарддаг. Ёс зүйн шаардлагаа ч өндөрсгөж ёс зүйн дүрмээ мөн шинэчилсэн.
-Монголын олон улсын арбитр гэхээр иргэд зөвхөн олон улс, улс хоорондын гэрээний маргааныг хянадаг гэж ойлгож магадгүй. Дотоодын аж ахуйн нэгж, бизнесүүдийн маргааныг ч гэсэн шийдвэрлэдэг биз дээ?
-Манай иргэдийн хувьд арбитрын талаар мэдээлэл хомс учраас шүүхээс ямар давуу талтай вэ гэдгийг сайн ойлгодоггүй. Үүнээсээ болоод гэрээндээ “Маргаан гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ” гээд тусгачихдаг, маргаан гарсан тохиолдолд шүүхэд шууд нэмэхмжлэл гаргах болдог. Гэрээтэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр арбитрын загвар заалтыг гэрээндээ тусгасан тохиолдолд “арбитрын хэлэлцээртэй” гэж үзээд тухайн маргаан арбитрын харъяалалтай болж арбитраар шийдвэрлэгдэх үндэслэл болдог. “Шүүхээр шийдвэрлэнэ” гэж хуульд тусгайлан заагаагүй буюу шүүхийн онцгой харъяаллын маргаан биш л бол дотоодын бизнес эрхлэгчид ч гэсэн арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой..
Тухайлбал, гэр бүлийн маргаан, захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хуулиар тусгайлан заасан байдаг. Бусад маргааныг талууд хоорондоо тохиролцож, гэрээндээ тусгаад арбитраар шийдвэрлүүлэх боломжтой юм.
-Арбитраар маргаан шийдвэрлэх нь шүүхээр шийдүүлснээс түргэн шуурхай, зардал багатай байдаг гэлээ. Энэ нь шүүхийн ачааллаас болж байна уу, эсвэл арбитраар маргаан шийдвэрлэх процесс, дүрэм журамтай холбоотой юу?
-Иргэдийн зарим нь шүүхэд тэмдэгтийн хураамж төлөх нь арбитраар шийдүүлснээс бага зардалтай гэж ойлгодог байж магадгүй. Үнэндээ бол тийм биш. шүүхийн гурван шатаар маргааныг шийдвэл нэгдүгээрт цаг хугацаа алдана, хоёрдугаарт гурван шатны шүүхэд тэмдэгтийн хураамж төлөөд явахаар арбитраар маргаан шийдвэрлэснээс өндөр зардал гардаг. Арбитр нэг л удаа шийдвэр гаргадаг. Давах, хяналтын шат гэж байхгүй. Арбирын шийдвэр шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх шинж чанартай. Шүүхийн шийдвэрийн нэг адил шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгүүлдэг.
Хоёрдугаарт “мэргэшсэн давуу байдал” бол арбитрын шүүхээс ялгагдах хамгийн том давуу тал. Жишээ нь татварын маргаан шүүх дээр орж ирлээ гэхэд маргаж байгаа талууд татвараар мэргэшсэн шүүгчийг сонгож чадахгүй. Шүүхээс хуваарилсан шүүгч л хэргийг шийдвэрлэдэг. Арбитр дээр бол татвараар мэргэшсэн, туршлагатай арбитрчаа талууд өөрсдөө сонгох боломжтой. Хоёр талаасаа арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитрчид нь дундаасаа даргалагч арбитрчаа томилоод явдаг.
-Монголчууд чөлөөт эдийн засаг, бизнест хөл тавиад чамгүй хугацаа өнгөрлөө. Тэр хэрээр арбитр дээр ирдэг маргаан нэмэгдсэн байх. Ачаалал хэр байдаг вэ?
-Сүүлийн дөрвөн жилийн статистикаас харахад, 2019 онд Монголын Олон Улсын Арбитрт 76 нэхэмжлэл ирсэн бол 2020 онд 107, 2021 онд 187, 2022 онд 200 нэхэмжлэл ирсэн, 2023 оны статистик хараахан гараагүй байна. Гэхдээ жил ирэх тусам иргэд маань арбитрын давуу талыг ойлгож, арбитрт маргаанаа шийдүүлэхээр хандах нь нэмэгдэж байгаа нь бодитой зүйл.
Жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын илтгэлд “Шүүхийн ачаалал их байгаа учраас зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа дундаж хугацаа зургаан жил байна” гэдэг тоо баримтыг хэлж байна лээ. Гэтэл арбитр дээр маргаан шийдэж байгаа дундаж хугацаа зургаан сар байна.
Арбитрын шүүхээс ялгардаг хамгийн гол давуу тал нь талуудын эрх тэгш, чөлөөт байдлыг хангадаг. Өөрөөр хэлбэл, арбитрын бүрэлдэхүүнээр маргааныг шийдэхээсээ илүү талуудын тохиролцоогоор шийддэг. Гурван арбитрчаар маргаанаа шийдүүлэх үү, нэг арбитрчаар шийдүүлэх үү гэдгээ талууд өөрсдөө сонгодог. Мөн маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ буюу хуулиа сонгож болно. Хугацааны хувьд ч уян хатан. Арбитрын ажиллагаа эхэлснээс хойш талууд арбитрын бүрэлдэхүүнтэйгээ хамт “урьдчилсан хуралдаан” хийдэг. Энэ хуралдаанаар ямар хугацаанд нотлох баримтаа гаргах өгөх, шинжээч томилох, үзлэг хийх эсэх, хууль сонгох уу, эсвэл зөвхөн гэрээнийнхээ хүрээнд маргааныг шийдэх үү? гэх мэт маргаан шийдвэрлэж дуусах хүртэлх үйл ажиллагааны бүх журмаа талууд харилцан тохиролцдог. Шүүхийн процесс бол захиргааны байгууллага гэдэг утгаараа хатуу тогтоосон дэгээр явдаг шүү дээ. Арбитр бол талуудын эрх тэгш, чөлөөт байдалд үндэслэж, сайн дурын үндсэн дээр уян хатнаар маргааныг шийддэг талуудад маш ээлтэй тогтолцоо.
-Төрийн байгууллага ч гэсэн арбитрын маргааны нэг тал болдог биз дээ?
-Тендэр, худалдах худалдан авах ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд төрийн байгууллагын гаргасан захиргааны шийдвэртэй маргаж байгаа учраас шүүхээр шийдэгддэг. Хуулиараа захиргааны хэргийн шүүхэд харъяалуулдаг. Харин төрийн байгууллага гэрээний нэг тал болоод бизнесийн харилцаанд орсон бол маргааныг арбитраар шийдэж болно. Жишээлбэл, концессын гэрээний талууд төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээд байх тохиолдол байна. Мэдээж арбитрын хэлэлцээртэй, арбитрын загвар заалтыг гэрээндээ тусгасан бол шүү дээ. Гол нь гэрээгээ анх байгуулахдаа “Маргаан гарсан тохиолдолд арбитраар шийдүүлнэ” гээд маргаан шийдүүлэх арбитрын байгууллагын оноосон нэрийг гэрээндээ заасан байх ёстой.
-Арбитрт маргаан шийдвэрлэхдээ гэрээний нууцлалыг хамгаалдаг уу?
-Арбитр бол талуудын нууцлалыг маш сайн хамгаалда онцлогоороо шүүхээс ялгаатай. Ноу хау, патент гэх мэт бизнесийн нууцтай холбоотой маш олон зүйл маргааны цаана байдаг учраас бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудын нууцлалыг маш сайн хангадаг. Талууд хуралдаанаа хаалттай хийнэ гэсэн тохиолдолд хурлын шийдвэр олон нийтэд ил гарахгүй. Шүүхийн шийдвэр бол shuuh.mn дээр нийтлэгддэг шүү дээ. Арбитрт тийм зүйл байхгүй. Товчхондоо, арбитр бол маргаан шийдвэрлүүлж байгаа талуудад хамгийн ээлтэй шүүх юмаа л гээд ойлгочих хэрэгтэй. Талуудын тохиролцоон дээр маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдана гэсэн үг. Дээр нь цаг хугацаа, зардал хэмнэнэ.
-Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөдөлгүүр болчихоод байгаа. Энэ утгаараа арбитр дээр ч гэсэн уул уурхайтай холбоотой маргаан их ирнэ биз?
-Манай арбитр дээр ирж байгаа маргаануудтай харьцуулахад нэг их биш. 2020 онд ирсэн 200 нэхэмжлэлийн 16 нь уул уурхай, олборлолттой холбоотой. Хамгийн жин дарж байгаа нь санхүүгийн, даатгалын үйл ажиллагаатай холбоотой 81 нэхэмжлэл ирсэн байна. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой 23, боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой 19 нэхэмжлэл байна.
Мөн гэрээний төрлөөр авч үзвэл хамгийн их хувийг зээлийн гэрээ эзэлж, дараа нь ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах гэрээ орж байна. Зээлийн гэрээ их жин дарж байна гэдэг нь банк, санхүүгийн байгууллагууд арбитрыг их сонгож байна гэсэн үг. Энэ нь гэрээнийхээ онцлогтой холбоотой. Зээл авсан, өгсөн нь зээлийн гэрээгээр нотлогдож байгаа, маргаан байхгүй учраас олон шатны шүүхээр явах сонирхол банк санхүүгийн байгууллагад байхгүй. Магадгүй нөгөө уул уурхайн маргаан дээр чинь нэг талд нь төр явдаг, хөрөнгө оруулагч тал нь гаднын аж ахуйн нэгжүүд байдаг учраас Монголын арбитрыг сонгохгүй байж болно. Өөрийн орны, эсвэл гуравдагч этгээдийн арбитрыг сонгох явдал байдаг.
-Монголын Олон улсын арбитр манай хамгийн том арбитр байх. Хэр олон арбитрчтай вэ? Ирж байгаа нэхэмжлэл, маргааны хэдэн хувь нь олон улсын маргаан байдаг бол?
-Салбар салбараар мэргэшсэн 80 гаруй дотоодын арбитрч, гадаадын 35 арбитрчтай. Нийт шийдэж байгаа маргааны тав орчим хувь нь олон улсын чанартай маргаан байна, жилд 5-7 хувьд хэлбэлздэг. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн олон жилийн туршлагатай арбитрын байгууллага нь Монголын Олон Улсын Арбитр. Сүүлийн үед чиглэл чиглэлээр мэргэшсэн арбитрын байгууллага байгуулагдах хандлагатай байна. Тухайлбал мэргэжлийн холбоодын буюу Барилгын ассоциацын дэргэд арбитр байгуулагдаж байна, мөн Спортын арбитр байна. Маргааны төрөл, онцлог гэж байна л даа. Спортын маргааныг жишээ нь тухайн спортын техникийг маш сайн мэддэг мэргэжилтэн,тамирчин, дасгалжуулагч хүн шийднэ үү гэхээс биш зүгээр нэг хуульч шийдэж чадахгүй. Түрүүний миний хэлсэн технократууд чинь үүн дээр маш чухал үүрэгтэй. Жишээ нь, тухайн барилга гэрээнд тусгасан чанарын түвшинд баригдсан уу үгүй юу, далд уурхайн бүтээн байгууллалтын чанар, стандарт хангагдсан үү үгүй юу гэдгийг мэргэжлийн инженер, техникчид л мэднэ шүү дээ.
-Сүүлийн үед арбитрын байгууллага эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлж байгаа гэсэн. Өмнө нь шүүхэд ашиглаж ирсэн зүйл биз дээ?
-Шүүхийн эвлэрүүлэн зуучлал байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Одоо арбитр дээр бий болж байна. Эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн бус замаар маргаан шийдвэрлэх бусад ажиллагаа олон улсын арбитрууд дээр “тренд” болж байгаа. Иргэд аль болохоор л стресс, бухимдалгүйгээр, шүүхийн хаалга татахгүйгээр, хялбар аргаар, шуурхай, зардал чирэгдэл багатай маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсдэг. Ийм ч учраас эвлэрүүлэн зуучлалыг сонгох хандлага нэмэгдэж байна. Дэлхийн нэр хүндтэй арбитрууд эвлэрүүлэн зуучлалыг арбитрынхаа дэргэд байгуулж арбитртайгаа уялдуулсан, хослуулсан байдлаар ажиллуулж байна. Арбитрт нэхэмжлэлээ ирүүлсний дараа эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлэх үү, арбитрын маргаан үүсгэх үү гэдгээ сонгох боломжтой болсон. Хоёр талыг суулгаж байгаад эвлэрлийн гэрээг нь байгуулаад, арбитрын шийдвэрээр баталгаажуулдаг. Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол мөн л шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж албадан гүйцэтгэнэ. Дээр нь “Нотариатын мэдэгдэх хуудас” гэж бий. Үүргийн гүйцэтгэлийг хангах амлалт аваад наториатаар баталгаажуулсан нь нотариатын мэдэгдэх хуудас юм. Бас л шүүхийн шийдвэрийн нэг адил ШШГБ-аар үүргийг албадан гүйцэтгүүлэх журамтай. Монголын олон улсын арбитр ч гэсэн энэ шинэ хандлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эвлэрүүлэн зуучлалыг идэвхжүүлэхээр ажиллаж байна
-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тал дээр ямар ахицтай вэ? Манай арбитрчид бусад орны арбитрт шилжиж ажилладаг уу?
-Бүс нутагтаа тэргүүлэх Сингапур, Хонконг, Тайланд, Хятад, Туркийн арбитртай санамж бичиг байгуулаад хамтарч ажиллаж байгаа. Арбитрчдаа харилцан жагсаалтанд оруулж талуудыг сонгох боломжоор хангах, туршлага солилцож арбитрчдаа мэргэшүүлэх, сургалтууд хамтарч хийх, ажлын албаны нарийн бичгийн дарга нараа харилцан солилцож, дадлагажуулах зэрэг ажлуудыг санаачлаад хийгээд явж байна. Европ талдаа Стокгольм, Германы арбитр, ОХУ-ын арбитртай хамтарч ажиллах санамж бичиг зураад, хамтраад ажиллаж байгаа. Дотооддоо Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Наториатын танхимтай хуульчдыг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлүүлэхэд мэргэшүүлэх, арбитрын маргаан дээр талуудад үзүүлж байгаа хуулийн зөвлөгөө, үйлчилгээгээ чанаржуулахад нь дэмжиж туслахаар хамтран ажиллаж байна.
-“Mongolian Arbitration Day” олон улсын арга хэмжээг цаашид уламжлал болгон явуулах уу? Ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчээр ажилласан байгууллага бий юу?
-Энэ удаагийн арга хэмжээ анхных нь. Оролцогчид 280 мянган төгрөгийн хураамжтай. Арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагуудад санал хүргүүлээд энэ хурлын үеэр үйл ажиллагааг нь сурталчлах, танилцуулга хийлгэхээр спонсор байгууллагуудыг урьсан. Анхны үйл ажиллагааг маань санхүүгийн хувьд дэмжиж ажилласан “GRC” Австралийн хуулийн фирм болон мөн дотоодын “Legal Link” хуулийн фирм мөн оролцож байгаад энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид арга хэмжээгээ улам өргөжүүлж, олон нийтэд арбитрын үйл ажиллагааг таниулах, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэхийн давуу талыг сурталчилж ажиллана. Энэ далимд үйл ажиллагааг маань дэмжиж ажилласан байгууллага, хувь хүн болон МҮХАТ-ын удирдлагуудад дахин талархал илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.
inews.mn