ФРАНЦЧУУД БИДЭНД ЭЛЭГТЭЙ, ХАРИН БИД…
Монголын эртний нийслэл Хархорумыг малтан судлаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэхэд цагтаа дэлхийн нийслэл гэгдэж байсан Төв Азийн цээжин дэх энэ хотын яг төвд нь сүндэрлэх баганан модны оройд загалмайн шашны нэгэн бэлгэ тэмдэг болсон далавчтай архангелийн бүрээ үлээж байгаа том баримал байрладаг байжээ. Парисын их мастер Вильгельм Гильмом Бушьегийн Мөнх хаанд зориулан урласан энэхүү мөнгөн модот оргилуур нь дээрээ дөрвөн могойтой ба тэдгээрийн тус болгоны амаар цорго гарч, доорх тоссон дөрвөн тогоонд дөрвөн амттан болох архи, дарс, айраг, бал гоожуулна. Рүбрүк энэ гайхамшигт бүтээлийг нүдээр үзсэн төдийгүй дархан Вильгельмтэй нь уулзаж учирч байв.
ФРАНЦЧУУД БИДЭНД ЭЛЭГТЭЙ, ХАРИН БИД…
Францын Гадаад явдлын яамны сайд Лорэн Фабиус 2013 онд Монголд айлчиллаа. Ийм өндөр зэрэглэлийн зочны Монголд хийж буй айлчлал нь хоёр орны олон зуун жилийн харилцааны хамгийн анхных байсан юм. Фабиус бол урьд нь Францын Ерөнхий сайд асан, мөн Парламентийн даргаар хоёр удаа сонгогдож байсан нэгэн. Сайдын айлчиллын гол зорилго нь Францын цөмийн эрчим хүчний агентлаг, төрийн өмчит Ариава компаний Монгол дахь үйл ажиллагааг тохиролцох явдал байсан юм. Ариава компанийн Монгол дахь салбарын 34 хувийг Монголын тал үнэ төлбөргүй эзэмшихээр хоёр тал урьдчилан тохирчээ. Энэ нь ОТ-тэй адилхан нөхцөл мөртөө Монголын тал хувьцааг үнэгүй авч байгаагаараа ялгаатай.
Энэ асуудлыг Монголын талаас шийдэх гол хүн нь УИХ-ын дарга гэж түүнд ойлгуулсан тул тэрээр даргад бараалхав.
Франц сайдын зарим гомдол цөхөрлийг сонсож суусан Монгол дарга гэнэт:
-Манай улс биотехнологийн үйлдвэрлэлийг сонирхож үүгээр дэлхийд гарахаар зэхэж байгаа. Одоо энэ салбарын суурийг Баруунхараа тосгонд нэгэнт эхлүүлсэн. Та манай энэ зүтгэлд нэмэр болгож 10 сая доллар өгчих. Хариуд нь би танай Ариава компаний Монгол дахь бэрхшээлийг арилгаж, хайгуулийн лицензийг нь сунган, ашиглалтын эрх олгоё!
Сайд цочирдлоо. Энэ бол харсаар байтал авилгын увайгүй шантааж! Энэ бол Францын колони байсан Африкийн гуйлгачин орнуудын удирдагчдын байсхийгээд тавьдаг ичигвэргүй нэхүүлтэй яг адил.
-Франц улс бол мянган жилийн түүхтэй, дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг. НҮБ-ийн байнгын хорооны таван гишүүний нэг. Европын холбооны тэргүүлэх улс. Цөмийн зэвсэгтэй таван орны нэг. Францын хувьсгалаар энэ дэлхийд ардчилсан тогтолцоог анх буй болгосон чөлөөт ардчилсан нийгмийн шилдэг үлгэр жишээ. Бид Европын холбооны гишүүний хувьд бүхий л өгч авдаг зүйлээ доллароор биш евро гэх Европын нэгдсэн валютаар гүйцэтгэдэг. Франц нь газар нутгаараа Европт хамгийн томд ордог төдийгүй далайн бүсэд буй хамааралт газруудаа тооцвол газар нутгийн хэмжээгээр Монголоос том. Францын төрийн удирдлага ард түмний сонголтоос хамааран байнга солигдож байдаг. Энэ удаагийн Францын Засгийн газар Гадаад явдлын яамтай, тэрний сайд нь Лорэн Фабиус гэх нэртэй миний бие байна. Таньтай танилцсандаа баярлалаа!
Ингээд тэрээр уулзалтаа өндөрлөөд буцав.
Франц бол эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 80%-ийг атомын цахилгаан станцаас гаргаж авдаг орон. Оросын хий, нефтиэс хэт хараатай болсон европчууд Украин дахь дайнаас болж эрчим хүчний гүн хямралд орсон бол гангц Франц л санаа амар байна. Тэдний эрчим хүчний энэ асар их хэмнэлт нь Украинд янз бүрийн харамгүй тусламж үзүүлэх эх үүсвэр нь болжээ.
Цөмийн эрчим хүч нь Францын төрийн мэдлийнх, гүйцэтгэгч агентлаги нь Ариава хэмээх төрийн компани. Ариава нь ураан олзворлолтоос эхлээд атомын цахилгаан станц хүртлэх бүх үйлдэл боловсруулалтыг бие даан хариуцаж гүйцэтгэнэ. Тэд ураан олзворлолтоо гол төлөв Нигери, Канад, Австралиас авдаг.
Хүйтэн дайны дараа Зөвлөлтийн эзэнт гүрэн задран унаснаар урааны нөөцтэй байж болох нутаг орон чөлөөлөгдсөнөөр шинээр олзворлолт хийх бололцоо гарчээ. Энэ нь ялангуяа таамаг бүхий Казахстан, Монгол хоёр. Казахстаны хувьд Оросоос хэт хамааралтай учир болгоомжлов. Чөлөөт ардчилсан Монгол улс нь хэдийгээр мэдэгдэж байгаагаар дэлхийн нээгдсэн урааны нөөцийн ердөө хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа боловч хайгууль хийвэл том нөөц гарч ирж болох геологийн өгөгдөлтэй. Үүнээс гадна Монгол улс өөрийн газар нутаг дээр геологийн хайгууль хийж хамтран ажиллах уриалга гарган бүх дэлхийгээр нэг сурталчилж байлаа. Тэгээд ч Монгол нь чөлөөт ардчилсан улс болсон. Ингэж Ариава Монголд хайгууль хийхээр орж ирсэн хэрэг.
Монголын оронд Казахстан руу очихгүй яав хэмээн францчууд тун удалгүй тархиа шаах болов. Монголчуудын үзэж байгаагаар францчууд Монголд цөмийн аюул авчирсан аж. Бичиг үсэг тайлагдсан нь тун эргэлзээтэй шантаажчин, рэкэтчин, дээрэмчидийн бүлэг ээлжлэн хайгуулийн компанид очин сүрдүүлнэ. Үүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд идэвхитэй оролцон сурталчилна. Гүтгэлэг замбараагаа алдав. Интенэтээс гажигтай төрсөн мал амьтны зураг татаж аван чухам яг францчууд хайгууль хийснээс болж тэр газар цацрагт хордогсод гэж нийгмийн сүлжээгээр цацана. Монголын төр үүнд ямар ч арга хэмжээ авахгүй, харин ч дэмжиж хөөргөөд байгаа шинжтэй.
Хоёр орны хэдэн жил хүйтэрсэн харилцаагаа гэсгээж, Төрийн том компани хамтран ажиллахаар Монголд орж ирсэн учраас Франц өөрийн элчин сайдын яамаа хоёр мянган оны эхээр дахин нээсэн билээ. Уул нь чухам монголчуудад элгэмсэг ханддаг учраас л францчууд 1965 онд Монголтой дипломат харилцаа тогтоосон коммунист биш анхны орон болсон юм. Хэдэн жилийн дараа Улаанбаатарт бүр Элчин сайдын яамаа нээж ажиллуулах болсон. Харин яамаа 1984 онд эгүүлэн татсан төдийгүй, түүнээс хойш 1990 он хүртэл Францад суух Монголын элчин сайдыг хүлээж авахаас татгалзсан тул энэ хооронд Парис дахь элчин сайдын яамыг түр хариуцагч нар төлөөлж байлаа.
Харилцаа гэнэт мөстсөний шалтгаан ийм юм. Анхны Элчин сайдаар Жорж Пэрюш томилогдон иржээ. Түүний удаах сайд Филипп Лэграйн-д зориулж НАХЯ мундаг операци зохион байгуулсан байна. Элчин сайд руу өнгөний өвчтэй хүүхэн оруулчихаад (Хүүхэн үнэхээр өнгөний өвчтэй байсан нь тун эргэлзээтэй) дараа нь дуудаж авчран “чи өвчин авсан, энийг чинь зарлана, эсвэл манай тагнуулын байгууллагатай хамтарч ажилла” гэж тулгаж байлаа. Элчин сайд хүзүүгээрээ заагаад “Миний энэнээс дээших нь Францын Ерөнхийлөгчид хамаардаг, дооших нь надад хамаардаг” гэж хариулсан ба Улаанбаатар дахь Элчин сайдын яам хаагдсан байна.
Хэргийн мөрөөр хөөвөл үүний жинхэнэ учир шалтгаан өөр газар байжээ. Farewell хэмээх шуугиан тарьсан тагнуулын хэрэгтэй холбоотой аж. КГБ-ийн тагнуул Владимир Ветров Францын тагнуулын албанд элсэж, зөвлөлтийн 4 мянган маш нууц баримтыг тэдэнд дамжуулав. Энд нь шинжлэх ухаан-технологийн тагнуулын сүлжээний бүрэн мэдээлэл байлаа. Дэлхийн олон оронд байрласан КГБ-ийн 250 тагнуулч технологийн ололт хулгайлан СССР рүү илгээдэг байж. Зөвхөн Францаас гэхэд КГБ-ийн ийм 47 тагнуулч илэрсэн. Үүнээс гадна КГБ-д ажилладаг 450 хүн 15 оронд ажиллаж байжээ. Энэ бол түүхэнд илэрсэн хамгийн том тагнуулын сүлжээ байлаа.
Дипломат нэрээр халхавчлан ажиллаж байсан КГБ-ийн олон тагнуулчийг францчууд хөөж гаргав. Ичсэндээ зөвлөлтүүд ийм асуудалтай огт хамаагүй Францын иргэдийг хариу болгож СССР-ээс хөөн гаргажээ. Францын Элчин сайдыг Монголоос шахан гаргах ажиллагааг мэдээж КГБ удирдан зохион байгуулсан. Монголчууд ердөө л даалгавар гүйцэтгэсэн юм. Ядарсан Монголоор хариу хонзонгоо авахуулсан, тэгээд ч Монголыг хөрөнгөт оронтой хэт ойртохоос сэргийлээ биз. Үүнээс болж монголчууд аргагүйн эрхэнд Парист Элчин сайдаа суулгахаа больж зөвхөн түр хамаарагчаар хариуцуулах боллоо.
1975 оны гуравдугаар сард Францын Ерөнхий сайд Жак Ширак СССР-т айлчиллаа. Оросууд түүнд Байгал нуурыг үзүүлсэн юм. Ширак Монголын түүх их сонирхдог, энэ талаар нэлээд мэдлэгтэй нэгэн. Монгол нутаг, Чингисийн нийслэл Хархорумыг очиж үзэх юмсан гэж насан туршдаа мөрөөддөгөө оросуудад ярьсан хэрэг. Зөвлөлтүүд хүндэт зочиндоо гайхмаар гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Өвөр Байгалын цэргийн тойргийнхон онгоц, нисдэг тэргээр Монгол руу ямар ч зөвшөөрөлгүйгээр дуртай цагтаа нисэн очдог, тэр байтугай дарга офицерууд Монгол дахь цэргийн ангиудад хуралд суух гэж очоод буцаад нисдэг нь ердийн үзэгдэл байжээ. Ингээд Зөвлөлтийн цэргийнхэн НАТО-гийн гол орны нэгийн Засгийн газрын тэргүүнийг цэргийн нисдэг тэргэндээ суулгаад ямар ч зөвшөөрөл, визгүйгээр Монголын нутаг руу гүн орлоо. Ширак Чингисийн нийслэл Хархорумд бууж сонирхоод, дахин нисэн Улаанбаатарын дээгүүр эргэлдэн орчин үеийн монголчуудын нийслэлийг агаараас сонирхоод буцсан байна. Энэ явдлыг Монголын талаас хамгийн дээд удирдлага нь ч мэдээгүй. Бие даасан, эрх чөлөөт Монголын төлөөлөгчдийн Франц дахь айлчлалын үеэр зочидтой уулзахдаа Жак Ширак энэ нууц айлчлалынхаа тухай ярьж өгчээ.
Хоёр орны харилцаа муудсан байх үе 1986 онд Ерөнхийлөгч асан Жэскар дө Эстан жуулчны шугамаар Монголд ирж байв. Ер нь францчууд Монголыг сонирхдог. Европын орнуудаас ирдэг жуулчдын тоогоор францчууд тэргүүлдэг. Жил бүр 8-10 мянган жуулчин.
Аль XIII зуунд Франц л анх Монгол руу элч илгээж байлаа. 1253 онд Францын IX Лүи хаан Гийом дө Рүбрүкийг Монголд очиж их хаантай нь уулз хэмээн илгээжээ. Папад Байжуу хааны Ансэльм захидлыг авчирсан бол, Карпини захидлаас гадна Монголчуудын түүх хэмээх бараг ном болчихмоор тайлан бичиж өгчээ. Рүбрүк Itinerrarium гэсэн захидлын хэлбэрээр бичсэн номыг Францад эргэж ирсэн хойноо бичиж үлдээсэн. Гийом дө Рүбрүк санваартан хүний түүхэнд тохиолдоогүй аварга цар хэмжээтэй байлдааны төлөвлөгөө хэлцэхийг сонссон гэрч болсноо номондоо бичиж үлдээжээ.. Иргэншил, соёлоос хол хөндий алсын уудам талын дунд монгол гэрт хэдэн монгол ердөө л өрнө зүгт Египетийг эзлэх, Дорно зүгт өмнөд Хятадыг дайлах “яль шальгүй” төлөвлөгөөг хэлцэж байв. Дэлхийг эзэгнэх ийм том цар хүрээтэй төлөвлөгөөг үнэнээсээ буурьтай хэлэлцэж байсан өөр тохиолдол хүний түүхэнд гараагүй ээ. Мөнх хаан дүү Хүлэгүдээ Африк хүртэл аялах санал тавьсан нь зуун жил үргэлжилсэн Хүлэгүгийн хаант улс буюу Персийн Илхаадын улсын суурийг тавьсан байна. Тэрээр өөртөө Өмнөд Сүн династийг дарах үүрэг ногдуулав.
Өгөөдэй хаан нэсторын загалмайн шашинт Турхан хатныхаа нөлөөгөөр загалмайтныг нэлээд ивээдэг байсан бол түүний дараа Гүюг хаан эхийнхээ нөлөөгөөр бүр ч талтай байжээ. Зарим баримт сэлтээс үзэхүл тэрээр загалмайн мөргөлд орсон ч байж магадгүй сурагтай. Юутай ч түүний эхнэр Дохуз хатан мөн л загалмайн шашинтан байсан ба магадгүй түүний нөлөөгөөр Францын IX Лүи хаан руу элчээр зарсан Элжигдэй-гээр монголчууд загалмайн шашныг ивээлдээ авч болох юм гэж хэлүүлсэн байж болох талтай.
Монголын эртний нийслэл Хархорумыг малтан судлаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэхэд цагтаа дэлхийн нийслэл гэгдэж байсан Төв Азийн цээжин дэх энэ хотын яг төвд нь сүндэрлэх баганан модны оройд загалмайн шашны нэгэн бэлгэ тэмдэг болсон далавчтай архангелийн бүрээ үлээж байгаа том баримал байрладаг байжээ. Парисын их мастер Вильгельм Гильмом Бушьегийн Мөнх хаанд зориулан урласан энэхүү мөнгөн модот оргилуур нь дээрээ дөрвөн могойтой ба тэдгээрийн тус болгоны амаар цорго гарч, доорх тоссон дөрвөн тогоонд дөрвөн амттан болох архи, дарс, айраг, бал гоожуулна. Рүбрүк энэ гайхамшигт бүтээлийг нүдээр үзсэн төдийгүй дархан Вильгельмтэй нь уулзаж учирч байв.Энэ мөнгөн модны дүрслэлийг монголч эрдэмтэн Владимирцов анх зуруулсан ба одоо ч монгол төгрөгийн дэвсгэрт мөнхөлсөн. Хэдийгээр Рубрук мөнгөн модны хэмжээг хэлээгүй, Владимирцов буруу ойлгож асар томоор дүрсэлсэн боловч өдий болтол Монголын түүхийн нэгэн бэлэгдэл болжээ. Мөнгөн мод үнэндээ ширээн дээр тавьдаг хундагалагч байсан бололтой.
1689 оны Нэрчүүгийн хэлэлцээрт латин хэлний орчуулагчаар оролцсон франц гэлэн, шашин номлогч Жан Жэрбиллон Долоннуурын гэрээ, ёслолд оролцож үзсэн харснаа тэмдэглэхдээ,
“Энэ лам тавь гаруй настай, намхавтар нуруутай, бүдүүн хүн агаад ихээхэн улаа бутарсан, нэн эрүүл саруул царайтай... Тэр хүнд Монголын хууль цаазын тэргүүн бараа болж явав...Тэр хүний араас Түшээт хан ах нь алхаж явав... Тэднийг орж ирэхэд Цог жавхлант хаан зогсож байсан бөгөөд өвдөг сөгдүүлсэнгүй, бохирч суух гэхэд нь гараа явуулж босгов”.
Занабазарыг мөн Өндөр гэгээн гэж авгайлдгаас түүнийг өндөр нуруутай хүн гэсэн ойлголт их байдаг. Гэтэл түүнтэй нүүрээр учирсэн франц гэлэнгийн тодорхойлсноор намхавтар нуруутай хүн байжээ. Ингэхээр “Өндөр гэгээн” гэсэн нь өндөр дээд гэсэн утгатай болж таарч байна.
Манжийн эзэн хаан Чиньлүнгийн дэргэд францын хэдэн зураачид ажиллаж байжээ. Хятадын уламжлалт дүрслэх урлагийг Европын уран зургийн арга барилтай хослуулсан тэдний гайхамшигт бүтээлүүд одоо ч Тайваний төв мүзэйд хадгалаастай. Эдэн дунд Жан Дэнис Аттирэ-ийн бүтээл "Монголчуудын сүүлчийн байлдаан" зураг манайтай холбоотой. Тэнд 1758 онд Манжийн арми Амарсанаагийн бослогыг дарж байгааг дүрсэлсэн байдаг. Нэг талаас галт зэвсэгтэй манжийн тал, нөгөө талаас нум сум бүхий Ойрдын цэрэг.
Шинээр өөрийн тусгаар тогтнолыг 1911 онд зарласан Монгол улс орчин үеийн жишгээр яам байгуулж, Засгийн газрыг үүсгэж шинэ Засгийн газрын нэрийн өмнөөс Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсад ноот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласан бичигтээ, “Франц, Их Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад явдлын явдлын яамнаа илгээв, мэдтүгэй хэмээн явуулах учир” гэжээ. Энд үсгийн дараалал бариммтлалгүй Францыг нэгдүгээрт оруулан онцолсон байна.
1912 онд Хятадын шинэ залуу бүгд найрамдах улсад баруун ертөнц их хэмжээний зээл олгох асуудал яригдах үед Хятад энэхүү зээлийг Манжуур, Монгол, Хятадын Түрэгстан дахь Оросын сонирхлын эсрэг ашиглах ёсгүй гэсэн Оросын шаардлагыг Франц мөн идэвхтэй дэмжиж байв. Ер нь францчууд Алс Дорнод, түүний дотор Монгол дахь Оросын үйл ажиллагааг зөвхөн “Франц-Оросын найрсаг харилцаа” гэсэн утгаар л авч үзэж байсан нь ялангуяа 1912 оны арваннэгдүгээр сард Хүрээнд гарын үсэг зурсан Монгол-Оросын хэлэлцээрийг Францын Ерөнхий сайд Раймон Пуанкарэ-д оросууд танилцуулсан байдлаас тод харагддаг. Оросууд түүнд зурагдсан худалдааны протокол, улс төрийн хэлэлцээрийн хоёрдугаар зүйлд туссан хэсгийг “гээж” танилцуулсан байна. Пуанкаре энэ тухай бичихдээ:
Монголд Францын улс төр, худалдааны ямар нэг сонирхол байхгүй учраас мөн бидний Оростой харилцах сайн харилцааны үүднээс бидэнд үзүүлэхдээ “гээгдүүлсэн” энэ зүйлийг “нээн илрүүлэх” ямар нэг шалтгаан бидэнд байхгүй. Ингэснээр бид дэлхий дахинаар хүлээн зөвшөөрсөн худалдааны тэгш эрхийн зарчмыг оросууд зөрчсөн байж болох тохироог мэдэхгүй байх нь түүнийг хүлээн зөвшөөрөхөөс илүү дээр юм.
МАХН-ын Төв Хорооны дарга Дамбадорж Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Европыг зүглэв. Тэрээр шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа монгол судлалаар гадаадын зарим орон, их сургууль, хүрээлэнтэй холбоо тогтоох гэсэн утга бүхий албан томилолт авчээ. Дамбадорж Герман, Франц орноор ийнхүү хувиараа ч юм шиг явахдаа Монголыг Европтой, тэр дундаа Герман, Францтай холбох оролдлого хийжээ. Энэ нь зөвлөлтийнхний хүсэл зоригоос гадуур, аягүй бол нууцаар хийсэн үйлдэл байсан бололтой. Юутай ч тэрээр Германд худалдааны төлөөлөгч очуулах, Герман, Францад оюутан сургах, Монголын аж үйлдвэрийн хөгжилтөд Германы тусламж авах, тэндээс мэргэжилтэн урьж авчран ажиллуулах зэргийг тохирсон бололтой. 1926 онд анхны 25 монгол хүүхдийг Герман, Францад сургуульд явуулсан ба тэд, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд суралцжээ. Төлбөрийг нь Монголын Засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчдын монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдоржин гэгчийг ажиллуулав. Суралцагсдын тоо дараагийн элсэлтээр нэмэгдэн 50-д хүрсэн ба 1928 онд Гэгээрлийн яамны сайд Эрдэнэ-Батхаан явуулсан хүүхдүүдээ эргэхээр Герман, Францаар очив.
Баруун Еюропын орнуудаас Францад л монгол судлал эртнээс илүү хөгжсөн. Хамгийн алдартай нь нэрт эрдэмтэн Рэнэ Грүссэ, Поль Пэллио нар. Грүссэгийн “Талын эзэнт гүрэн” бүтээл нь ялангуяа Чингисийн болон Юань гүрний дараах Халх Ойрдын талаарх шилээвэр бүтээл юм. Тэрээр ердөө 100 гишүүнтэй байдаг Францын шинжлэх ухаан академийн жинхэнэ гишүүн хүн. Пэллио Төв Азид том хэмжээний судалгаа шинжилгээний экспидиц зохион байгуулж ялангуяа монгол хэл шинжлэлийн талаар үнэтэй бүтээл тууривсан нэгэн.
1946 онд Монгол улс НҮБ-д элсэхээр өргөдөл гаргахад Францын төлөөлөгч Пароди "Монгол шиг эртний аугаа их түүхтэй, эртний том төрт улс НҮБ-д заавал байх ёстой" гэж дэмжиж байв. Хүйтэн дайны үед АНУ ба ЗХУ-аар толгойлуулсан эсрэг лагериуд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэхэд хоорондоо марган барьцаж харилцан биенээ зөвшөөрдөггүй байв. Франц хэдийгээр АНУ-ын бүлгийн гишүүн боловч тухай бүрд Монголыг НҮБ-д элсүүлэхийг үргэлж дэмжиж байсан.
Аугаа их социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд МАХН-ын төлөөлөгчид Франц, Италид тэндэхийн коммунист намын болон хэвлэлийнх нь баярт ээлж дараалан очиж оролцон хандив өргөдөг уламжлэлтэй байлаа. Одоо тэдгээр орны коммунист намууд байхгүй болсон доо. Татан буугдсан уу, нэрээ сольж бодлогоосоо татгалзсан уу.
Монгол улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Францад айлчилсан нь хоёр орны түүхэн дахь анхны дээд хэмжээний албан ёсны айлчлал байлаа. Энэ айлчлалаар хэсэгтээ нэлээд муудаад байсан хоёр орны харилцааг эргэж сэргээсэн юм. Хожим нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бас айлчилсан. Жаахан шарааны явдал дагалдсан л гэдэг, гэхдээ тэрийг энд дурсаад ч яахав дээ.
2023.5.19