“Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан нь бид сайн ажилласных” хэмээн МАН-ын төлөөлөл болох Их хурлын гишүүд мэдэгдсээр байгаа юм. Үнэндээ Засгийн газрыг МАН-ынхан унагаагүй шүү дээ. АН-ынхан өөрсдөө унагасан. Засгийн газрыг унагасан нь  сайн ажил боллоо хэмээн үзэж буй сөрөг хүчинтэй байгаа нь улс төрийн эмгэнэл мөн. Гэвч үүнээс гунигтай нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг элдвээр дайрч, хэмлэж унагачихаад одоо сонгуульд дахин ялах тухай мөрөөдөж суугаа АН бүр эмгэнэлтэй байна. 

АН ийм байдалд яагаад хүрснийг олон факт, болж өнгөрсөн үйл явдлаас харж болно. МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин сонгуульд ялагдсаныхаа дараа “МАН сөрөг хүчнээ өрөвдсөний горыг амсаж байна” гэж хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ бол улс төрийн цагаан толгойг ярьсан хэрэг. Улс төрийн цагаан толгой буюу улс төрийн тоглоомын дүрэм маш энгийн гэж судлаачид хэлдэг. Юу гэхээр ялсан нам улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлж, гишүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Гишүүдээ ажилтай, орлоготой, амьдралтай байлгаж төрийн ажилд зүтгүүлдэг, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Энэ нь дэлхийн улс төрийн практик. Тэрнээс нам нь ялчихаад, эсвэл олонхи болсон хэрнээ огт өөр намын лидерийг авчирч албан тушаалд тавиад, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг маанаг үзэгдэл Монголд л байдаг байх. Тэгээд бас болоогүй, ялсан хэрнээ намынхаа гишүүдийг, тодорхой лидерүүдийг шоронд барьж хийгээд л... намынхаа гишүүдийг хуйгаар нь ажлаас нь халаад л. Аль ч улсад, ялсан улс төрийн хүчин нь гишүүдээ ажлаас нь халах, шоронд явуулах тухай асуудал байдаггүй. Яах аргагүй гишүүдээс нь хүн алж, хүрээ талчихаагүй бол заяандаа цааш нь явуулахгүй. Явуулж байсан түүх ч байхгүй. Жишээ нь МАН засаглалд байхдаа гишүүдээсээ шоронд явуулж байсан юм уу. Хоёр удаагийн тохиолдол л бий дээ. Гаалийн ерөнхий газрын даргын асуудал, УИХ-ын гишүүн байсан нэгний хэрэг явдал. Гаалийн дарга болохоор намынхаа санхүүжилтэд хэт улайрснаас болсон. Яг тэр үед нь Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдож авлигатай тэмцэж, тэмцэх гол байгууллага болох Тагнуулын газрын даргаар өөрийн хүнээ тавьж лут ажиллуулсны үрээр тэрхүү Гаалийн дарга баараггүй баримт нотолгоон дээр унасан юм. Өнөө УИХ-ын гишүүн асан нь болохоор ивээлд нь байсан лидер улстөрч нь Их хурлын дарга байх үедээ зуурдаар таалал төгссөнөөр нөмөр нөөлөггүй болж, намынхандаа хаягдсанаас “аав”-ынд цөөн жил суугаад гарсан юм. Үүнээс өөрөөр намынхаа гишүүдээс шоронд суулгасан түүх МАН-д байхгүй юмаа. Тэрнээс энэ намд шоронд явах болзол хангасан хүний тоо цөөнгүй бий.

Өрсөлдөгч хүчнээсээ өө согог олж, алдаан дээр нь ажиллаж, хууль зөрчсөн гишүүдийг нь шоронд явуулах ажлыг сөрөг хүчин нь л хийх гэдэг. Тийм болохоор Америк, Англи, Япон, Солонгос... бүгдэд нь сөрөг хүчнээсээ болгоомжилж, алдаа дутагдлаа нууж, болдоггүй гишүүдээ хаацайлж байдаг. Элдэв асуудалд ороогдсон гишүүдээ нам нь засаглалд байх хугацаандаа хир халдаадаггүй. Англи улсын улс төрийн хүчнүүд гэхэд асуудалтай парламентын гишүүдээ сонгууль ойртохоор хүн төдийлөн анзаарахгүй албан тушаалд юм уу, эсвэл өөр улсын Элчин сайдынхаа яам руу амжаад явуулчихдагийг улс төр судлаачид бичсэн байдаг. Дэлхийн 200 гаруй улс орны дотор хууль бүрэн хэрэгждэг, өндөр хөгжилтэй Англид хүртэл улс төрийн тоглоомын дүрэм ингэж явагддаг билээ. Английн улс төрийн хүчнүүд “но”-той гишүүддээ тийм их хайртай хэрэг үү. Эсвэл бүгдээрээ хамтраад идчихсэн, манайхан шиг нэг нэгэндээ нээнтэгтэй байдаг юм уу. Үгүй юм билээ, хамгийн гол нь бид бүгдээрээ Консерватив нам гэсэн нэг гэр бүлийнхэн гэдэг зарчим тэнд үйлчилдэг. Монголын АН шиг нэг хэсэг нь шударга дүр эсгээд, нөгөө хэсэг нь муу хүмүүс байгаад сонгуульд ялах тухай ойлголт байдаггүй. Энэхүү улс төрийн цагаан толгойг тэд хөгжсөн 200 жилийн түүхэндээ ойлгосон хүмүүс. Тэр жил бага Буш сонгуульд ялсан агшныг Бүгд найрамдахчууд нь тэмдэглэж байхыг харсан юм. Энэ нам ялсан л бол бодлогоо хэрэгжүүлэхийн тулд сөрөг намын үзэл баримтлалтай цэвэрлэгчийг ч ажлаас нь сольдог тухай тэр үед сонссон. Сөрөг хүчнийх нь хичнээн сайн боловсон хүчин байгаад ч, алтан толгойтой, мөнгөн цээжтэй байгаад ч ажлаа өгөөд хэл амгүй явдаг тухай. Энэ нь тус улсад зарчим болсон тухай ярьж байсан. Өнөөдөр МАН-ын зарчим ч ийм байдаг, Англи, АНУ-ын улс төрийн хүчнүүдийн зарчим ч ийм байна.

Монголын АН-д энэ зарчим алга. Засгийн эрхэнд байх хугацаандаа гишүүдээ шоронд явуулж байна. Түшиг тулгуур болсон гишүүддээ хайр гамгүй хандаж байна. Өөрсдөө л өндөр сэнтийд дөрвөн жил суугаад авбал бусад нь яахав гэсэн арчаагүй үзлээр намынхаа гишүүдэд хандаж байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх АН-ын тодорхой лидерүүдийн нэг мөн. УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон, ЗГ-ын гишүүн байсан, намын генсек явсан түүнийг намынхан нь шоронд хатааж, шонд дүүжлэх шахуу юм боллоо. Л.Гансүх бол 50 гаруй насны, улс төрийн халуун тогоонд чанагдсан, алдаа хийхээргүй хатаагдсан улс төрч. Улс төрийн намтрыг нь харахад Л.Гүндалай ганцаараа улс төрийн тэмцэл хийж, онгоцны буудал дээр сөрөг хүчнийхэн нь баривчлах үеэр намынхаа төв байр руу амь тэмцэн зугтаж ирэхэд улстөрчдөөс Л.Гансүх л ганцаараа түүнийг хамгаалан, тэмцэлдэж байсан наад захын дүр зургийг ард түмэн санана. Ийм эгзэгтэй цаг үед, ардчилал нухчин дарагдаж байх он жилүүдэд өнөөдрийн АН-ын хаягтай УИХ-ын гишүүд хаана явсан юм бэ. АН-ын байрны хажуугаар өнгөрөхөөс ч айдаг байсан хүмүүс эдэн дунд харагддаг юм шүү дээ. Тэр цаг үед АН-ын байраар Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Лу.Болд нарын лидерүүд хийгээд хэдэн партизанууд, “Өдрийн сонин”-ы хэдэн сэтгүүлч л халгах юмгүй орж гардаг байсан байх. Өөр бусад нь зүглэдэг ч үгүй байсан тийм цаг үеийн АН-ын генсек бол Л.Гансүх юм. Сая АН-ын тодорхой гишүүдийн нэг Я.Батсуурийг шоронд хийлээ. Мөн л 50 нас гартлаа АН-ын үйл хэрэгт зүтгэж яваа нэгэн, Москвад Олон улсын харилцааны сургууль төгссөн, АНУ-д дипломат алба олон жил хашсан, хат суусан улс төрч. Түүнийг одоо хэдүй болтол шоронд хатаахыг бурхан ч мэдэхгүй. Я.Батсуурь Шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн. Тэр компанид Шүүхийн шийдвэрээр 10 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуул гэсэн. Харин чиг Я.Батсуурь “Арай ч хэтэрсэн мөнгөн дүн байна” хэмээн шүүхдэлцсээр 4.5 тэрбум болгосон байдаг юм. Шүүхийн шийдвэрийг хэн ч хэрэгжүүлэх ёстой. Үнэхээр хууль бус юм бол тэр шийдвэрийг гаргасан шүүгчид хэн нөлөөлсөн байх вэ. Сонин л баривчилгаа. Одоо Лу.Болдоор оролдох нь бололтой. Энэ хүн Монголын ардчилсан хувьсгалын загалмайлсан эцгүүдийн нэг. Фортуна Н.Батбаяр ч ялгаагүй ардчилсан хувьсгалын зүтгэлтэн. Н.Алтанхуягийг шоронд хийх тухай яриад эхэллээ. Сүүлийн зургаан сонгуульд дараалан намаа ялуулсан лидерээ шоронд хийх гэдэг улс төрийн хүчин дэлхий дээр Монгол л байх шиг байна. Энэ бүхэн бол үнэн хэрэгтээ фракц хоорондын тэмцэл. АН бол нэг гэр бүл. Сонгуулиар ард түмний сонголт ганц АН гэсэн нэр дээр хийгдэнэ. Хамтын хариуцлага, хамтын нэр төрөөр сонгуульд орно. Нэг хэсэг хүний нэр төрөөр сонгуульд ялдаггүйг улс төрийн шинжлэх ухаан баталсан шүү дээ. Ийм энгийн дүрмээ мэдэж улс төр хийж чадахгүй байгаа АН-ын лидерүүдэд “Намынхаа гишүүдэд хайр энэрлээ үзүүлэх цаг болжээ” гэдгийг хэлэх байна. Намын гишүүд дэмжигчид байхгүйгээр улс төр хийдэггүйг улс төр судлаачид та нарт мөн ч их хэлж байна даа. Бас дээр нь судлаачдын хэлж байгаа нэг зүйл нь “Фракц хоорондын зөрчил нь Засгийн газраа нурааж, намынхаа гишүүдийг шоронд хийж байгаа нь өнөөдрийн дэлхийн улс орнууд  дотор Монголын АН, Хятадын коммунист нам хоёр л байна” гэсэн дүгнэлт юм. “Хятадын коммунист нам авлигатай тэмцэж байгаа юм шиг харагдавч үнэн чанартаа нэг фракц нь нөгөөгөө нухчин дарж байгаа аймшигт үзэгдэл” хэмээн судлаачид үзэж байгаа юм билээ.
Энд АН ирэх сонгуулиар 2000 оных шиг ганц Наранцацралттай үлдэх тухай ерөөсөө ярьсангүй. Монголд АН, МАН гэсэн хоёр хүчин байх хэрэгтэй гэж судлаачид үздэг. Эрээвэр хураавруудаар, гурав дөрөв дэхүүдээр төр бариулна гэдэг сүйрэл гэж судлаачид бичих болж. Тийм болохоор л ард түмэн тодорхой зам мөртэй, улс төрийн тавцанд биежиж чадсан энэ хоёр намыг сонгодог. Гэвч өнөөдөр Ардчилалд итгэсэн ард түмний итгэл найдвар алга болж байна. Ардчиллын туг нь АН гэж ард түмэн хардаг юм шүү дээ. “Өрсөлдөгчөө өрөвдөж ёстой болохгүй юм байна” хэмээн шүдээ зуусан өрсөлдөгч хүчин чинь хүлээцтэй сууж байхад та нар биесээ хэмлээд яахнав дээ.   
       
АН засаглалд байх энэ цаг үед хүн хүнээ барьдаг аймшиг ид өрнөж байна. Энэ процесс эргээд эзнээ барьдаг гэдэг. Одоо Н.Алтанхуягаар, Лу.Болдоор, Н.Батбаяраар оролдоод эхэллээ. Энэ нь эздээ эргээд барьж эхлэх гэж байгаагийн шинж. Хаана хүрч зогсохыг хэн ч мэдэхгүй. Түүхэн үнэнээс харахад эзнээ эргээд барьдаг энэ аймшгийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын амьдрал замналаас харж болно. Тэд хаан байсан, махны машиныг гардан ажиллуулсан, эцэстээ өөрсдөө тэр махны машиндаа хэрчүүлэн дуусцгаасан.