Эрүүдэн шүүх эртнээс угшилтай. Аль ч орны музейд гав гинж банз шаахай гэх үзмэрүүд байж л байдаг. Энэ талаар нурших илүүц. Харин ХХ зуунд 40 мянган гэмгүй монголыг буудаж, түүнээс хэд дахиныг эрүүдэн тамласан дайрлагаас бид сургамж авсангүй. 40 мянга гэх статистик хэлмэгдлийн гол нүгэлтэн МАХН-ын зарласан тоо. Судлаачид 40 мянгаас илүүг хөнөөсөн гэдэг. Гол харлам түүх. Би халаглан бичиж “өнгөрснөө харлуулдаг” хоч зүүж явав. Дээдсийнхээ эдэлсэн тамыг дурсахад дургүй хүн олон юм билээ. Нуулгүй хэлэхэд С.Зоригийн аллагад ялласан ажиллагаа дэндүү хуумгай. Захиалгаар хөнөөсөн гэх алуурчид захиалагчаа мэддэггүй. Хөөрхийг хэн захиалж, хэн алав? Заавал олохсон гэж монголчууд шаналдаг. Түүнийг нөхөр нь бус дайсан нь устгасан байж таарна. Дайсан нь хэн байв? Ардчилсан хөдөлгөөнийг толгойлж явсан түүнийг хуучин тогтолцоогоо хамгаалагч МАХН-ынхан үзэн яддаг байсныг мартах аргагүй. Тэр үед ардчилагчид нягт байв. С.Зориг алагдлаа гэх аймшгийг сонсуут надад эн түрүү зүхэж хараадаг өрсөлдөгчид нь сэжиг төрүүлж билээ бурхан минь. Хувийн мэдрэмжээ нуугаад яахав. Хүний дотор юу ч ордог, юу ч багтдаг.

Иргэд эрх чөлөөтэй, төр засаг толгой мэдэлтэй болсон 90 оноос хойш бид улаан хувьсгалчдын эрүү шүүлтийг цэвэрлэх байтугай өдий хүртэл мэдрээгүй нь хуучинтайгаа хэт зууралдсаны гай. Ногоон малгайтны эрүүдэлт арилаагүй нь энэ салбарын 5 удаагийн сайд Ц.Нямдоржийн 20 жилийн ажлын үзүүлэлт. Тэр биеэ магтахаас өөр ямар амжилт гаргасан эрхэм бэ. Ц.Содномдаржаа Т.Чимгээ хоёрыг эрүүдсэн бичлэг үзсэн УИХ-ын гишүүд “аймшиг” хэмээн шогширч ард түмэндээ асар их хайртайгаа рекламдав. Юутай ч та нарыг дахин сонгох хүсэл төрсөнгүй. Харин зэвүү хүрэв. “Үгээр хэлэх аргагүй” гээд толгой сэгсрээд буй Ө.Энхтүвшин та эрүүдүүлсэн хоёрыг өрөвдөв үү, эсвэл сүр бадруулж өрсөлдөгчөө намнах шалтаг оллоо гэж хөөрөв үү? Ардчилсан Монголд эрүү шүүлт байдаг бас хачинаа гэж гайхаад зарим гишүүд эгээ л муурч унасангүй. Бичлэг үзүүлж уйлуулаад шинэ хуулиа шууд кнопдуулав. Зөвлөлт Монголын ард түмний туулсан залхаан цээрлүүлэлтийг дурсаад ч барахгүй. Тиймээс эрүү шүүлт бидэнд сонсоогүй айдас биш. Хар шар феодал, нударган, ардын дайсан, японы тагнуул, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг хэрхэн тамлагдсан билээ. Хоригдлууд эрүү шүүлт даахгүй олноор үхдэг бөгөөд соц. нийгэм тас нууна. Бичвэл өнгөрөө. Яс арьс болсон сүнс сүүдрүүд хүнээр түшүүлж явдаг тухай мань шивнэлдэнэ. ДЯЯ тамын подвальтай. Юун агааржуулагч, юун 00, юун галуун цуваа гар дээрээ суниах. Жадлуулснаа ч ярихгүй. Эрүүдэн тамлаж ял тулгадаг зандалчдыг хуу цэвэрлэхийг зохиолчид зуун хувь дэмждэг. Энэ сэдэв намайг насан турш шаналааж буй. Ц.Нямдоржийн өнгөн дээр коммунист эрүү шүүлт тасарсангүй. ХЭҮК-оос өргөн барьсан шаардлага, хохирсон иргэдийн өргөдөл УИХ-д дараастай хэвтээ. Гишүүд хамар дороо 30 жил тамлан эрүүдэхийг мэдээгүй аж. Мэдэх шалгах эрхийг та нарт сонгогчид чинь уг нь даалгасан.

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай “С.Зориг хөнөөгдсөн хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 оны 3-р сарын эхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Дараа нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийгөө энэ хэргийг нууцаас гаргасан мэт ярьж, Засгийн газарт дахин ил болгохоор хандсан” гэж мэдэгдэв. Хэн нь нууцаас гаргасан юм бэ. Ойлгосонгүй. Хуулийн салбарыг гялалзуулахаар нэг номерын улстөрч, нэг номерын хуульч, туршлагажсан парламенч Ц.Нямдорж таван удаа сайдаар томилогдож энэ салбарыг жолоодсон. Тамлаж эрүүдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээх гол хүн тэр. Түүнтэй хариуцлага ярьдаг өндөрлөг байна уу? Ерөнхий шүүхч, ерөнхий прокурор, АТГ-ын даргыг ажлаа муу хийвэл хусдаг гурван догшин Бүрэлваагийн зөвлөмж Ц.Нямдоржид ижил үйлчилбэл энэ салбар цэвэршинэ. С.Зоригийн хэргийг хөөцөлдөж буйг тань дэмжиж байна. Амжилт хүсье. Гэвч Ц.Нямдорж таны хууль зөрцсөн үйлдлүүд дэндүү. Танд зэм хүртээж дөнгөх эсэхээ Монгол харуулах цаг болсон. Гутган үймүүлж төр засаг самардгаа боль. Хэрүүл тэмцлээс тань улсад ноцтой хохирол учирдаг. “Эрүү шүүлтийг чулуу болгох фронт”-ыг эрүү шүүлтийн нууц ноён Ц.Нямдорж командалжээ.

Эрүүдэн шүүхийг Ц.Нямдорж сайд мэдэхгүй гэнэ. Гаднаас номхруулдаг аймшигт сандал өч төчнөөн валютаар оруулж ирсэн захиалга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийнх. Сайдыгаа давж, тэр тусмаа Нямдоржийг давж, хэн тийм ажил хийж зүрхлэх билээ. Номхруулдаг сандал чинь эрүүдэх хэрэгсэл мөн биз дээ. Францаас хулгайлж авчрах Д.Энхбат сонгуулийн ялалт мөн. Д.Энхбатад ямар ч аргаар хамаагүй С.Зоригийн хэргийг тулган хүлээлгэ. Тэгвэл бид сонгуульд ялна. Д.Энхбатад хилс хэрэг тулган хүлээлгэх гэж зодож, хороор тарьж үхэлд хүртэл тамлаж байхдаа чи С.Зоригийг М.Энхсайханы захиалгаар алсан гээд л хэлчих. Тэгвэл чи хэргээс мултарна. Чамд дуртай орондоо амьдрахад хүрэлцэх доллар өгье гэж байсан тухай хэвлэлээс уншиж байлаа. Д.Энхбат тэгж өчөөд амь мултарсан бол аллагыг захиалагч хэмээн М.Энхсайханыг цаазлаж таарна. Бодохоос зарсхийдэг. Д.Энхбатыг өмгөөллөө гэж Санжаасүрэн хурандааг шоронд хатаасан нь юу ч үйлдэхээс сийхгүйн нэг жишээ. Энэ муйхар комбинаци тухайн үеийн ХЗДХ сайдынх байх үндэстэй. Төр үнэнээ илчлээч. Хоёр иргэнээ эрүүдэн тамлаж хилс ял тулгасан нь нотлогдвол буруутныг олны өмнө гэсгээ. Д.Энхбатыг тамлаж алсан ба тамлах тушаал өгсөн нөхдөө мэдсэн ч мэдээгүй мэт орхисноо залруулахыг ёс зүй шаардаж байна.

Гучаад оны эрүүдэн шүүх харгис ажиллагааг дөчөөд онд залуу удирдагч Ю.Цэдэнбал сааруулах байтугай чангалсан баримт бий. Хилсээр гүтгэгдсэн улс төрийн хэрэгтнүүд ялаа хүлээхгүй яс заахад зодож тамлах, эрүүдэн шүүхийг ДЯЯ-нд зөвшөөрсөн МАХН-ын нууц тогтоолд Ю.Цэдэнбалын гарын үсэг дурайж буй. Эвлэлийн дарга Ё.Магсарыг баривчлах ажлыг тэр бээр зохион байгуулж, цаад залуу нь эрүү шүүлт даалгүй нас барсныг 5 удаагийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уншаагүй учраас өдгөө эрүү шүүлт гэдгийг мэдэхгүй хэмээн тамаалж буй №1 хуульч уу. Амьдралдаа уучлал гуйж үзээгүй бүдүүлэг авираа ичихгүй дөвийлгөж сагсуурав. Уучлалт гуйх алдаа гаргаж яваагүй бол Нямдорж та хүн биш бурхан байж таарна. Харин толгой дээр чинь Ю.Цэдэнбал байхгүй, Ю.Цэдэнбалын ардахь Кремль эрин зууны эрхээр хөндийрснийг ухаарч үхэр халхуудтай (өөрийн тань доромжилдгоор) хуулийн дор эрх тэгш амьдрах болсон гэдгээ ухаар.

Ерөнхийлөгчийн оргилд заларсан Ц.Элбэгдорж “Авилгатай тэмцэнэ” гэж ангалзсан. Ангалзсных нь жавтийг түүнд хүртээхээр заналхийлж эхлэв. Түүнийг шоронд хийж шонд өлгөх гэж буй нь хэн бэ гэвэл нэгд хулгайн үүрээ хөндүүлсэн олигархиуд, хоёрт хэтэвчээ дүүргэх зорилготой залуу хувьсгалчид ба тэдний “ард түмэн” болох идэр есийн тэсгим жаварт жанжны талбайд жагсагч 30-40 мянган илүүдэл жинтэй ядуус. Тэд “Хүзүүгүй тарвагыг алъя” гэж давалгаалав. Хүзүүгүй ганцаараа далд орохгүй болтой. “Авилгатай тэмцэх амаргүй” гээд тэр бээр гар нийлэх нөхдөө шүүх, прокурор, тагнуул, АТГ-ын удирдлагад тавьсан юм байх. Авилгыг ялахын тулд хүч хавсрах санаа. Харамсалтай нь Элбэгдоржийн авигатай тэмцэх санаа ганц алхаагүй. Харин нь ч дайн үүсгэжээ. Дайн юм чинь байлдагч хоёр тал бүрэлдэв. Сэжигтэн яллагдагчаар татагдсан Х.Баттулга, Н.Алтанхуяг, Алтан авхай (араа даадаг Ц.Нямдоржтойгоо) нэг тал юм уу даа. Нөгөө тал нь Ц.Элбэгдорж, АТГ, шүүх, тагнуул, прокурорын удирдлага болтой. Хэдэн жилийн өмнөөс ийнхүү хуулийн байгууллага Ерөнхийлөгчтэйгөө, шархаа хөндүүлсэн хүчирхэг хулгайчидтай үзэлцэж эхэлсэн түүхтэй. Нэг нь “Авилгыг устгая” хэмээх ангалзсан уриатай, нөгөө нь “Манан”-гийн гар хөл бологчдыг суудлаас нь хусъя гэх лоббитой. Ил далд өрнөсөн ширүүн тэмцлийн бөгсөнд хулгайгаа шалгуулж буй бүлэглэлийг бид бүгдээрээ “хэлмэгдэгч” гэж өмөөрөөд, хулгайг нь шалгасан хуулийн байгууллагаа 37 оны “хэлмэгдүүлэгчид” гэж зүхдэг болов. Хүн ам ингэж “хэлмэгдэгч” талд шилжсэний улмаас АТГ, шүүх, прокурор ялагдлаа. Авилгатай бид ингэж тэмцэв. Мунгинуу хуулийнхан гэж үхэр тэрэг. Мулгуу байж бас зориуд замхруулдаг арын хаалгатай. Эрүүдэн шүүлдэг ногоон малгайтны менежменттэй, авилгад нугасгүй, тамлахдаа зэрлэг. Хөрөнгө мөнгөнд хэт шунагчид томилсон эзнийхээ хүүхэлдэйд дуулгавартай хувирдаг авъяастай. Дайтахаас өөр гарцгүй болсон мэт баяжихын төлөө амиа дэнслээд байна уу моньднуудаа. Ганцаараа, эс чадвал бүлгээрээ баяжих алалцаан. Улс баяжвал бүгд баяжна шүү дээ.

Хулгай нь захаасаа сөхөгдсөн томчуудын бүлэглэл “авилга” гэж ангалзсан Элбэгдоржийг шаварт хутгаад, өөрсдөө ялнаас мултрах хөтөлбөртэй. Шалбаагт ойчсон Элбэгдоржийг олон нийт жигшиж, харин хулгай нь сөхөгдөж сэжигтэн, яллагдагчаар татагдсан олигариудыг шударга ёс тогтоогчид хэмээн мандуулав. “Авилгатай тэмцэнэ” гэж сэвсний үр дүн энэ. Харанхуй масс-биднийг сэхээрээгүй цагт хуулийн байгууллага авилгач-арслан барсуудад идүүлнэ. Харанхуй бид гэгээрвэл авилга багасна. Өвчтөн эмчийнхээ зөвөлгөөг дагахгүй бол өвчинтэйгөө хүч хавсраад эмчээ дийлдэг. Эмчтэйгээ нэгдвэл өвчнөө давдаг гэх нуруугаа авсан үгээ би масст давтая. Авилгадах, эрүүдэх, хувийн өмч хураахдаа бид гарамгай атлаа менежментийн ухаанд паг, бренд бүтээх авъяас нойл. Ийм өөдгүй хүмүүст буддаа ч, ардчилал ч, тусалж хүч хүрдэггүй ажээ.

Хулгайг нь шалгавал Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, “Нам дамнасан бүлэглэлийн хулгайтай эвлэршгүй тэмцэгч намайг Ерөнхийлөгч болохоос олигархиуд айсандаа хэлмэгдүүллээ” гэдэг эх оронч өчиг Н.Алтанхуягийн зохиол. АТГ-т гардуулсан хулгай луйвраа сэгсрэх өчиггүйдээ мань эр самбарт хонгил зурж дүйвээлэх нь инээдэмтэй ч түүнийг дүнхүү масс дэмждэг тул мань эр олуулаа. Олуулаа учраас дийлнэ. Харж байгаарай. Ард олон ухаажвал Алтанхуяг мэтийг уснаас гаргаад хаячихсан загас гэж ойлго. Төгс гэгээрсэн нийгэмд булхай хождоггүй. Бүдүүлэг харанхуйд хулгай оодордог. Хуулийн байгууллагуудын толгойлогчдыг хуучин Ерөнхийлөгчтэй булшилсан гавъяатай хүчирхэг хулгайчдын бүлэглэл өөрсдийнхөө хүүхэлдэйг тэдний сэнтийд томилж эхлэв. Ингэлээ гээд шударга ёс тогтох уу, Оюун-Эрдэнэ ээ, Нямбаатар аа, Аюурсайхаан, Батзандаан? 

Хөгшин хонины насгүй ч 90 оны үнэт зүйлс устаж буйд шаналнам. Эх орон минь эрх чөлөөгүй нийгэм рүү гулслаа. Путины тулгалт, Назарбаевын туршлага уу? Хаан-хүүхэлдэй ёрлоод эхлэв. Жидүүчид 950 саяар базуулснаа бичлэгийн “айдсаар” өнгөлөн далдалж, Ерөнхийлөгчийн хар хуулийг кнопдов. Кнопдохгүй гэвэл Хүрэлсүх, Занданшатар, өөрөөр хэлбэл, ҮАБЗ дөч гаруй жидүүчийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Дөч гаруй гишүүнээ ийм барьцаанд атгуулсан УИХ-д тэрийг хал, түүнийг дэвшүүл гэх ЗӨВЛӨМЖ эрүү шүүлттэй дүйцнэ. З.Энхболд ҮАБЗ зөвлөмж хүргүүлнэ. Шийдэх эрх нь УИХ-д байгаа. Тиймээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж бардамнаад буй нь ЖДҮ-гээр, мөн ирэх сонгуульд нэр дэвших эрхээр эмзэг эрхтэнээс нь атгасанд оршино. Жидүүчдэд шорон, УИХ-ын гишүүн хоёрын алийг сонгох вэ гэхэд гурван Бүрэлваад кноп бэлэн. УИХ юу ч биш болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн хүүхэлдэйнүүдээ зоочоод үгэндээ орохгүй амьтдыг намнах зөвлөмжөө илгээхэд окей. Сэнтийн эрэмбээр шагнуулсан шат шатны хүүхэлдэй нар толгой дээрээ заларсан хаан Хүүхэлдэйгээ цусардаад амар сайхандаа жаргана. Харин ард түмэн яах бол? 

Уншигч түмэндээ “Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй” гэх нөгөө л үгээ энд бас улиглая.

2019-03-27