“Эс хайрлахын аргагүй ертөнц" цувралаас


Гойд соргог “Соотон шар”

Шилүүс гэхээр Мийнхэн овгийн араатан гэж нийтээрээ гадарлана. Түүнийг байгальд олж харах нь нэн хэцүү. Учир нь өдөржингөө нуугдаж унтдаг. Шөнийн амьдралтай. Үүрийн таван жин, үдшийн бүрийгээр л ангуучилдаг. Чихнийх нь үзүүрт бийрний хошуу шиг шовх хар үс заяасан нь соотон харагдуулна. Шилүүс бол нэн хийморлог, бяртай агаад овжин махчин. 

Түүний дүрсийг гэрэл зурагт буулгах гэж энд тэндгүй олонтаа бэдэрсэн боловч барааг нь олж харах аз хийморь дутсаар л эдүгээ хүрсэн юм. Тэр өөрийгөө нуух увидастай амьтан. Харин өнгөрсөн Цагаан сарын дараахан сойрны зураг авчих санаатай Хан Хэнтий рүү мордсон минь азтай хэрэг болж хувирав. Цөөхөн сойртой ч тааралдсан л даа, өглөө эрт. Нарсан төгөлд тэд салхи сөрсөн янзтай тухалж байхад нь бид олж харсан юм. Тэгээд яаж дөхөх, нар болоод салхи савир хэрхэн тааруулах тухайгаа шивнэлдэн дурандаж суутал ойн цоорхойд амьтан хөдлөх шиг болов. Тогтож харсан чинь шилүүс цохиж явах нь тэр. Нүдэндээ эс итгэсэн ч дуран минь найдвартай татах аж. Зүрх дэлсэж, бие халуу оргин баясахдаа өндөлзөн босч дэгдэх шахав. Дэргэдэх нөхрийнхөө дээлийн хормойноос чангааж зангамагцаа дурангаа өглөө. Нөгөөдөх чинь сэмхэн дуу алдаж байнаа. Бидний хувьд салхи зөв байж таарав. Харин нар эсрэг тусгалтай. Түүнийг яалтай ч билээ. Гол нь шилүүст элдэв сэжиг өгөхгүйгээр яажшуу дөхөх тухайд л хамаг ухаанаа уралдуулав. Хаа очиж ойн зах руу орох чигт овон довон бартаа, бут сөөг, хожуул харагдана. Харин нөгөө хэдэн сойр гай болох шинжтэй. Учир нь тэд сэжиг авбал сүр сархийн нисэлдэж нөгөөдөхийг үргээнэ. Мөн гэтэх замд туулай, чандага, үнэг, хярс, хэрэм мэт нь таарчихвал бас гай чирч мэднэ. 


 Өлчир, овжин бөгөөд хүчирхэг Мийнхэн овогт

Харин нөгөө шилүүс маань аливаа хар сэжиг аваагүй, гэтэж буй янзтай сэмхэн нугдайж буй харагдана. Тэр ойн цоорхой жижиг. Хүлээх аргагүй. Би хөдөлж, нөхөр минь үлдэв. Зургийн хэрэгсэлээ авч цасан дундуур дөрвөн хөллөж, мөлхөж, суугаа чигээрээ гулгах зэргээр ахиж гэтсээр ойн зах руу орчихлоо. Нөгөө соотон чихт маань цасан дээр цомцойн суучихаж. Илүү их ойртох шуналдаа хөтлөгдөн балархай жим дагаж урагшилсаар нэгэн бүдүүн нарсаар халхлан босч өнгийтэл бараг хөл дороос сойр сархийтэл босоод нисчихэв. Би ч цочирсондоо савлаж өнхрөх дөхөв. ”Гай газар доороос гэгч” нь ингэж тохиолдмогц шилүүс үргэж үсрэнгээ зогтусав. Би ч аппаратаа шагайн “галлаж” эхлэлээ. Нөгөөдөх чинь өөдөөс тусах нар, бид хоёрын дундуур хөдөллөө. Салхи намайг ивээж байсан учраас тэр эхлээд над руу чиглэж хэд харайснаа, зөнгөөрөө намайг мэдэрмэгцээ баруунш дальдран үсрэв. Дурангийн минь овоо хараа шилүүсний үсрэлтийг дагаж, заавар хуруу минь аппаратны товчийг шагласаар хоцров. Нөгөөдөх чинь мод руу шурган далдрахуй би амаар гарах дөхсөн зүрхээ дарж ядан үлдэв. Хэдхэн хормын азтай агшин чингэж өндөрлөвөө.


Хурц хараа, урт хөл, бүдүүн тавхайт ангууч

Тэгээд хунгарласан цасан дээр дээш харан тэрийж, үүлгүй хөх тэнгэрийг ширтэн аз хийморь хайрлаж, ховор амьтнаа харуулсан баян хангайдаа талархан залбирч хэсэг хэвтлээ. Тэгээд ч ховор нандин зураг буулгаж амжсандаа нэн их хөөрөв. Юутай жаргалтай агшин, юутай баяр цэнгэл, миний хувьд! Нөгөө хэдэн сойр ч мартагдаж оджээ. Өндийтэл нэг цоохор тоншуул дэргэдэх хусны мөчир дээр ирж буув. “Аманд орсон шар тос” учраас түүний хөргийг бас дарлаа. Зурагчин хүний шунал ханах биш дээ. Тэгээд хээрийн отог руугаа шууд хөдлөхөөр босов.


Ахар сүүлт, хөнгөн гүйдэлт махчин

Шилүүс 16-17 насалдаг. Биеийн урт нь 106-130 см, өндөр нь 60-70 см, амьдын жин нь 25-30 кг бөгөөд чихний урт нь бараг 10 см аж. Ороо хөөцөө нь 2-3 дугаар сард эрчилж, хээлээ 60 хоног тээж, гол төлөв хоёр ногуул төрүүлдэг. Хар сүүлт зээр, аргаль угалз, янгир ямаа, туулай, бор гөрөөснөөс гадна хахилаг, ногтруу болоод сойр ангуулчилж зооглодог гэж номонд бичжээ. Эв нь таарвал хонь, ямаа ч барьдаг. Тэр ангуучлахдаа хярж нуугдах, сэмхэн мярааж гэтэх, гэнэтхэн үсэрч дайрах шидтэй нь онцлог ажгуу. 

Канад, Испани, Америк, Орос зэрэг орнуудад янз янзын шилүүс байдаг аж. Харин манай хангай болоод говьд хоёр төрлийн шилүүс тархасан гэж үздэг ч гэсэн эрдэмтэн мэргэд эдүгээ хүртэл хараахан батлаагүй байгаа гэнэ. Манай ардуудын дунд хангайнхыг нь “морин”, говийнхийг нь “хонин” шилүүс гэдэг эртний уламжлалтай. Говийн шилүүс нь Евроази нэртэй бөгөөд шинжлэх ухаанд Lynx Lynx isabellina гэж тэмдэглэгджээ. Энэ нь “Монголын Улаан ном”-ын ховор амьтны тоонд бүртгэгдсэн байдаг.

Аль алинд нь орчин цагийн хүмүүний барагдашгүй шунал нүүрлэсээр байгаа нь хяслантай. Тэдний тоо толгой нь мэргэн буу, хатуу хавханд өртөж эрс цөөрч буй нь нэн харамсалтай. 

Эс хайрлавал, эс хамгаалвал тахийн түүхийг давтаж, гадаадаас импортлон Монголдоо дахиж нутагшуулаххэрэг мандах цондонтой. Ийм бодол сэтгэлийг минь чилээж буй учраас эдгээр зураг, тэмдэглэлээ толилуулж буй минь энэ бөлгөө. Энэ бол “морин” шилүүс, харин “хонин” шилүүсийн хөрөг дарахыг би мөрөөднө, устаж сөнөхөөс нь өмнө амжуулах юмсан…