Дэлхийн хамгийн цуутай луйварчин
Луйвар гээч юм ерөөсөө хүний нийгмийг үргэлж дагаж явсан байх. Олон нийтийг хамарсан мэдээллийн хэрэгслэл байгаагүй үед мундаг том луйврууд түүхэнд төдийлөн тодоор тэмдэглэгдэлгүй он цагийн тоосонд дарагдаа биз.
Луйвар гээч юм ерөөсөө хүний нийгмийг үргэлж дагаж явсан байх. Олон нийтийг хамарсан мэдээллийн хэрэгслэл байгаагүй үед мундаг том луйврууд түүхэнд төдийлөн тодоор тэмдэглэгдэлгүй он цагийн тоосонд дарагдаа биз. Бүхнийг хамарсан мэдээллийн хэрэгслэл буй болсноор ялангуяа ХХ зуунаас Эйнштэйний нээлт, Фройдын психоанализийг бүх дэлхий тэр дор нь сонсож ойлгосон ойлгоогүй нь хамаагүй шуугин дэвэргэж, бичиж, ярьж, нэвтрүүлж, үзүүлж гарчээ.
Томоохон хулгай, дээрэм, шамшигдуулал, луйвар, мэхлэл Эйнштэйнээс ч илүү олны сонирхлыг татан ам дамжин ярьцгаах болов. Тухайлбал 1920 онд Парисын алдарт Эйфлийн цамхагийг хоёр удаа зарчихсан Виктор Люстиг гэгчийг тэр үед нь сонсоогүй хүн бараг байхгүй, өдгөө зуун жил өнгөрчихөөд байхад хорвоо түүнийг мартаагүй л байна.
Зууны луйварчнаар шалгарч түүхэнд нэрээ мөнхөлсөн Трэбиш-Линколн гэгч зальхай эр бол хамгийн цуутай луйварчин нэрээ зууны турш алдаагүй л явна. Түүний хажууд бидний өдгөө гайхаж шагшраад байгаа “манай үеийн баатрууд” бол ердөө л горшоокны “чацга царайлагчид”.
Трэбиш-Ликолн 1879 онд Унгарт ортодокс жүүд айлд төрсөн, нэг үгэндээ аугаа Эйнштэйний нас чацуутан. Ортодокс жүүд гэхээрээ хар өмсгөл, хар бүрхтэй үсээ сүлжчихсэн жүүдийн хамгийн тулгар үзэлтнүүд ба тэд тэр үед байтугай одоо ч Европт муу нэртэй, нийгэмд гадуурхагдсан бүлэглэл. Мань эр Будапештэд урлагийн сургуульд сурч байхдаа олон удаа залилан хийж баригдсан учир сургуулиасаа хөөгджээ. Тэгэнгүүт нь Англид очоод христийн шашинд орж улмаар тэндээсээ Канадад христийн миссионер болон томилолт аван мордов. Тэндээ олон удаа залилан шамшигдуулал хийсэн нь баригдаж хөөгдлөө.
Англид буцаж ирээд Кэнтэрбэр мужийн ахлах ламтай танилцан санваартан болов. Английн шоклад үйлдвэрлэлийн толгой эзэн саятан Раунтри мань үнэнч сайн, нэр хүндтэй санваартан Трэбишийг ихэд озуурхан хараад өөрийн туслахаа болохыг гуйсан байна. Раунтри тухайн үедээ Хөдөлмөрийн намын гол санхүүжүүлэгч байжээ. Трэбиш түүний дэмжлэгээр 1909 онд Английн төрийн сонгуульд орж ялалт байгуулан парламентийн гишүүн болчихдог байгаа. Тэгэхэд мань эр Унгарын иргэний паспорттой байсан авч хуурамч бичиг баримт давхар хийлгэсэн байжээ. Трэбишд ялагдсан хүн нь хэдэн үеэрээ тэр мужаас депутат болж байсан, туйлын нэр хүндтэй лорд нэгэн байжээ. Тэгэхээр гадаадын иргэн, хуурамч бичиг баримттай, олон удаа хэд хэдэн оронд залилан мэхлэнгийн хэрэгт орж байсан мань Трэбиш сонгогчдын өмнө ямар их уран донгодож яажшуухан бүлтэрч байсан бол. Сонгогчид нь тухайн үедээ дэлхийн хамгийн ухамсаржиж туршлагажсан англичууд шүү дээ. Гэвч луйварчны зэс удахгүй цухуйлаа. Тэрээр Румынд очин Англи-Австрийн газрын тосны компани гэгчийг байгуулан, Хар тэнгисээс Европын бүх орон руу татсан нефтийн хоолой татна хэмэн бүлтэрч бусдаас баахан мөнгө хулхиджээ. Мэдээж Английн парламентийн нэр хүндийг ашиглаж таараа. Гэвч бас л бульхай нь илэрч, гишүүн ч үгүй, мөнгө ч үгүй хоцров.
Тэр даруй толгой нь ажиллан Английн тагнуулын газарт ажиллах хүсэлт гаргах мөртөө зэрэгцээд Голланд, Германы тагнуулынхантай уулзан нэгэн зэрэг гурван орны орон тооны тагнуул болчихдог байгаа. Дэлхийн дайн болж байхад хоорондоо дайтаж буй орнуудын аль аль талд нь ”хүч оюунаа” зарж явсан хэрэг. Мань хүн Америк гараад нисчихвээ. Вашингтон дахь Германы цэргийн атташе нь фон Паппен байв. Энэ хүн сүүлд нь Гитлерийн өмнө Германы канцлер болж байсан нэгэн. Паппений дор ажиллаж байхдаа Трэбиш хамаг нууц баримтыг нь хулгайлаад “Нью Йорк магазин” хэмээх томоохон сонинд зарчихаж. “Английн парламентийн гишүүн асан Трэбиш хэрхэн тагнуул болсон нь” гэсэн гарчигтай. Шившиг болсон англичууд АНУ-аас луйварчинг нэхэж авчраад шоронд гурван жил суулгасан байна.
Шоронгоос гараад Германд очлоо. Генерал Людэндорф, Адольф Гитлер нартай танилцан төрийн эсрэг хуйвалдаан бослогод оролцжээ. Түүхэнд “Каппын путч” гэж нэрлэгдсэн энэ үймээн дарагдангуут Австри руу зугтаачихжээ. Тэнд байхдаа “Цагаан интернациональ” хэмээх хориглогдсон нууц террорист байгууллагад орж голлох зохион байгуулагч нь болж байхдаа хамаг материал бичиг баримтыг нь хулгайлаад нэлээд хэдэн орны тагнуулын байгууллагад зэрэг зэрэг үнэ хүргэн зарсан байна.
Европт нэгэнт танигдан нүүргүй болсон тэрээр хөлгийн жолоог Хятад руу заллаа. Тэр дороо маршал У Пэйфугийн тэргүүн зөвлөх болсон байна. У Пэйфу бол хориод оны Хятадын голлох цэргийн эрхтний нэг, алдарт “жилин” бүлгийн толгойлогч шүү дээ. Хэсэг зөвлөгч хийж байгаад мөн л зэс нь цухуйнгуут буддын лам боллоо. 1931 онд Шанхайд өөрийн сүмийг нээв. Хятад даяар алдартай Жао Кон хэмээх хувилгааны анд болж сүмээсээ асар их орлого олох мөртөө зэрэгцээд фэн шүйгээр занимаалан мухар сүсэгтнүүдээс давхар мөнгө хусна.
Хятад Японы дайн эхэлж Шанхайг япончууд эзэллээ. Энэ бол Трэбишийн луйвар хийх бас нэг шинэ талбар юм. Тэрээр Японы тагнуул болж, Японы цэргийн эрхтнүүдтэй дотносов. Тэгсэн мөртөө Европ, Америкийн сонин сэтгүүлд нууц нэрээр Японы түрэмгийллийг буруушаасан өгүүүлэл бичин шан харамж авч байжээ. Япончуудаар дамжуулан Германы нацистын голлох толгойлогч Химлер, Хэсс нартай холбоо тогтоосон байна. Энэ хоёр нацист төвдийн ид шидэнд их итгэдэг, дайны амжилт болон ирээдүйн Германы хувь заяаг төвдүүд мэргэлж чадна гэж боддог байсан хүмүүс. XIII Далай лам нас барсан үе таарч дараагийн Далай ламыг тодруулахад оролцож явав. Үүндээ япончуудын мөнгө болон дэмжлэгийг авсан юм. Химлер, Хэсс нарт англичуудтай байлдах нэг сая буддистууд бэлдэж чадна гэж итгүүлээд зохих шагналаа хүртсэн байсан тэрээр Төвд явах гэж бэлдэж байхдаа 1943 онд 63 насандаа нас баржээ. Түүнд хулхидуулсан япончууд мань эрийг хордуулж алсан ч гэж ярьдаг.
2016.2.29