ОРШИЛ

Бидний үнэ цэнэ юу вэ? Аливаа хүн бүрт өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, аливаа улс болгонд өөрийн гэсэн үнэ цэнэ байдаг. Харин тэрхүү үнэлэмж, үнэ цэнэ нь аюулд орсон тохиолдолд хүн амиа хорлох, эсвэл бусдын амийг хөнөөхийг завддаг юм уу гэж түүх хараад бодогддог юм. Улс хоорондын дайн тулалдаан ч энэхүү шалтгаанаас голцуу үүдэлтэй болов уу. Ямар нэгэн хувь хүн, байгууллага, үндэстэн улсын үнэ цэнэ нь хувиа хичээх үзлээ даван гарч чадаагүй цагт тэрхүү этгээд зөвхөн өөрийгөө хорлоод зогсохгүй нэг завин дээр буй бүх хүнээ далайн хүйтэн ус руу унагаж буй хэрэг юм уу даа гэж санагднам. Тэр завин дээр нь та бид бултаараа байхаас гадна мэдээж бидний орон байр, машин, чамин гар утаснууд, үнэт эдлэлүүд цөм бий. Завь хөмөрсөн л бол бүгд гүн ёроол бүхий харанхуй далай руу живэн алга болмой. Яг одоо бидний “дэлхий” гэдэг өчүүхэн завь живэх маш өндөр эрсдэлтэй байна. Эс бөгөөс зарим судлаач, шинжээчид аль хэдийн живээд эхэлсэн гэж мэдэгдэж байна. 

Хүмүүн төрөлхтөний шунал тачаал хязгааргүй юм. Тэр хэмжээгээрээ бид амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо өөрсдийн тааллаар байлгахын төлөө бүхнийг умартан хичээж байна. Харамсалтай нь чадаж байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн цаг хугацааг хүртэл захирахыг эрмэлзэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Өндөр технологийн хүчээр хүн дэлхийн аль ч өнцөгт 48 цагийн дотор хүрэх чадвартай болчихжээ. Жилийн тоотой хэдэн саруудад ургадаг ургамал, жимсийг асар том хүлэмж, хүчтэй химийн бордоогоор хоногийн 24 цагийн турш ургуулж нэгэнтээ чаддаг болсон байна. Хиймэл ертөнцийн эхлэл аль хэдийн тавигджээ. Эдгээрийн үр дүнд цэнхэр дэлхий маань хүн дүүрэн чихсэн “ямбий” микро шиг “ачаалал”-аа даахаа больж байна. Эх дэлхийн “амаржийн”, тоормозны накладка гэж авах юмгүй болсон. Жаахан “донсолгоо” таарангуут тэр чигээрээ цунами, хар салхи үүсгэн сэгсчиж хаян, гэнэтийн саад замд харагдвал тоормозоо барьж чадалгүй очоод мөргөөд эхэлжээ. Хүн нь дүүрсэн микрод өвөр дээрээ суух нь стандарт болсон шиг дэлхийн хүн төрөлхтөн талаар тарж биш, тэнгэр баганадсан байшингуудад сансар өөд тэмүүлэн “шопроодлон” өдөр хоногийг элээх бөлгөө. 

Хүний хязгааргүй хэрэгцээг хягзаарлагдмал нөөцөөр хангах шинжлэх ухааныг эдийн засаг хэмээнэ гэж олон жилийн өмнө заалгуулж байсан. Алив эдийн засаг, нөөцөд хязгаар гэж нэг юм байдаг юм гэдгийг өдгөө хүн бүр сайтар ойлгож эхэлж буй. Та бидний хүсэл мөрөөдлийн хязгаар болсон өндөр хөгжилтэй орнуудын тансаг хэрэглээнд хүрэхээр тэмүүлж буй хэт хурдацтай хөгжил нь байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулж дэлхийн дулаарлыг үүсгээд нилээд удаж байна. 

Дэлхий даяар тулгамдаад байгаа энэхүү асуудлуудын дунд Монгол Улсаа бид хэрхэн хөгжүүлэх вэ? 

АСУУДАЛ

1.    Сэтгэл

1900-д оны үед Hans хэмээх нэртэй жирийн нэгэн араб адуу чухам од болон гялалзаж байв. Учир нь эзэн нь түүнд тоо бодохыг зааж өгсөн байна. Морь ч тоо нэмэх, хасах, хуваах, үржүүлэх, тэр байтугай квадрат зэрэгт дэвшүүлэх зэрэг үйлдлийг бодон хариугаа хөлөөрөө газар товшин хариулдаг байжээ. Олон ч судлаачид очиж судлан заль мэх хэрэглэсэн юм байхгүйг тогтоогоод зогсохгүй уг адууны сэтгэн бодох чадвар нь 14 настай хүүхдийн түвшинтэй ажил байгааг баталгаажуулжээ. Морь, эзэн хоёрын цуу алдар Pfungst хэмээх сэтгэл судлаачийг ирэх хүртэл дэлхий даяар цуурайтаж байв. Мань сэтгэл судлаач юуг олж тогтоосон бэ гэвэл алдарт морь маань тоо бодсон юм байхгүй харин зөв хариу хэлэхийг хүлээн өмнө нь догдлон зогсож буй хүмүүсийн сэтгэлзүй, үйл хөдлөлийг мэдэрч чаддаг байсан байна. Жишээ нь, нэг хүн 10 дээр 58-ийг нэмэхэд хэд вэ гэхэд адуу маань туурайгаараа газар товшиж эхэлдэг байна. Үзэж байгаа хүмүүс ч сэтгэл нь догдлон бүгд өөрийн эрхгүй урагш тонгойн хамаг анхаарлаа адуун дээр хандуулах бөгөөд морь хөлөө товшихоо больж дутуу хариулбал хүмүүс шаагилдаж эхэлнэ. Үүнийг морь мэдрэн зөв хариунд хүртэл туурайгаараа товшин хүмүүс баярлан, дуу алдан, хойшоогоо тонгойн алга таших хүртэл уг үйлдлээ үргэлжлүүлдэг байсан байна. Судлаач хэлэхдээ уг адуу эргэн тойрны 20 метр дотор хүмүүсийн 1 мм-ийн хөдөлгөөнийг алдахгүй харж, ойр байсан хүмүүсийн зүрхний цохилтыг мэдэрч үзэгч нарыг баясгах сэтгэлтэй байсан гэжээ.  

Улс орны хөгжлийн хурданд түүртсэн та бидэн бие биенээ мэдрэх тал дээрээ адуу малнаас ч дор мэдрэмжтэй болсон гэхэд хатуудахгүй. Бидэнд хувийн мэдлэг, чадвар, танилын хүрээнээс илүү өөрсдийгөө мэдрэх, энэхүү мэдрэмж дээрээ суурилан өөрсдийгөө зөв зүгт залуурдах сэтгэл хамгийн ихэд дутагдаж байна. Хүмүүний сэтгэл гэдэгтэй холбогдуулан нэмж хэлэхэд бизнесийн салбарт “Blue Ocean” гээд стратегийн нэг төрөл үүсээд удаагүй байгаа юм билээ. Энэхүү бизнесийн стратегийн гол зарчим нь өрсөлдөгч нартайгаа бүү өрсөлд, ижил төрлийн бүтээгдэхүүн битгий үйлдвэрлэ. Шинэ эрэлтийг бий болго, өмнө ч хэний ч хийж байгаагүй зүйлсийг сэдэж бизнес хий гэсэн утгатай. Бүр энгийнээр хэлбэл бизнесийн салбар, зах зээлийн эдийн засаг хэмээх гүн хөх далайд цус урсгалгүйгээр хоорондоо зэрэгцэн ажиллаж амьдарч, далайн усыг цэнхэр хэвээр нь байлгах гэсэн санаа. Одоогийн бизнесийн ихэнх загварууд хоорондоо “алалцан” далайн усыг цусаар дүүргэж буй гэж энэхүү ойлголтыг үндэслэгч нар нь тайлбарлаж байна билээ. Хичнээн толгойтой, чадвартай, хичнээн сайн, мундаг танилын хүрээтэй байсан ч аливаа хүнд СЭТГЭЛ байхгүй бол бид тэрхүү тулалдаанд биечлэн орж цусаа урсгахгүй ч гэсэн магадгүй гэмгүй бусдын цусаар будагдсан далайн усанд насан туршдаа амьдарна (амьдарч буй). 

2.    Тэгш бус байдал

Ажил хэргийн шугамаар хэвлэл мэдээллийн сэтгүүлч, удирдлагуудтай уулзан хууч хөөрөн явж байхад Монголын бүхий л ТВ, сонин, сэтгүүл, интернэтийн хар, шар мэдээнд ердөө 300 хүрэхтэй үгүйтэй хүний л ар, өврийн ажил, амьдралыг бичиж тойролддог тухайгаа батлан хэлж байсан юм. 2000 оноос хойш Монголд явагдаж, хийгдэж буй бизнесийн орчин ч мөн адил хэдхэн хүн, том компанийн хооронд эргэлддэг болоод удаж буй тухай бизнесийн салбарынхан ч ярьдаг юм. Саяхан арилжааны банкууд хөрвөх чадварын асуудалд оронгуут төр банкуудад буй бүх хадгаламжинд баталгаа гаргав. Үүнийг далимдуулаад судалгаа хийгээд үзсэн чинь Монгол улсын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 1.3 сая бөгөөд тэдний 98 хувь нь 10 сая төгрөг хvртэлх хадгаламж эзэмшдэг. Xамгийн сонирхолтой нь vлдсэн 2 хувийн эзэмших хадгаламж нийт хадгаламжийн 64 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн нийт хадгаламжийн 85 хувийг иргэд, 15 хувийг хуулийн этгээд буюу байгууллага эзэмшдгээс харахад нийгмийн баялгийн 70-80 хувийг ердөө 2 хувь нь эзэмшиж байгаа нь олигархийн нийгэм болж байгааг харуулж байна гэж УИХ дээр хэдэн өдөр маргаан өрнөж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл баялгийн тэгш бус хуваарилалт байгаа нь илэрхий харагдаж буй. Хэдий мөнгөтэй хүмүүсийн хэрхэн мөнгөтэй болсон нь бараагаа зарж буй худалдагчид огт падгүй хэрэг хэдий ч нөгөө 300 “ширхэг” нөхдүүд шударга бус аргаар нийгмийн бүхий л дэд бүтцийг эзэгнэн бусдыг оруулахгүй байгаа нь хир зөв систем бэ? Энэхүү гажиг системээс болж жижиг болон дунд хэмжээний бизнесүүд томрох боломжгүй байгаа дүр зураг ажиглагддаг. 

Дээр дурдсан тоонуудтай холбоотой ерөнхий зарчмыг 1900 оны эхээр Италийн эрдэмтэн Вилфредо Парето судлаж тооцоолж алдарт 80/20-ын дүрмээ гаргасан нь өдгөө нийгмийн бүхий л салбарт ашиглагдаж байна. Товчхон хэлбэл аливаа юмны 80 хувийнх нь үр дүн, нөлөөлөл нь ердөө 20 хувийнх л учир шалтгаан, үйлдлээс үүдэлтэй гэж. Бизнес дээр бол таны компанийн орлогын 80 хувийг байнга үйлчлүүлдэг харилцагч нарын чинь 20 хувь нь л бүрдүүлдэг гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс олигархи гэж ихэд ярилцах болсон агаад энэхүү тайлбар нь миний энд бичээд байгаа 300 орчим хүмүүс байж болох юм. Энэхүү бүлэг хүмүүс голлох бизнес, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргадаг, бусад нэгж, жижиг группыг атгадаг болохоор топ 300-д багтахын тулд зарим хүмүүс арга ядсан бүхий л аргаа хэрэглэж байна. Буруутгах аргагүй мэт. Хүн өлсөхөөрөө хоол олохын тулд юу л бол юу хийнэ. Тэгэхээр энэхүү цөөн тооны хаалттай хүрээллийг задалж нэмэгдүүлэхээс нааш нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанарт өөрчлөгдөхгүй гэж санана. Энэхүү байдлыг өөрчлөхийн тулд дахиад л бидэнд хаа хаа талаасаа бие биенээ, улс орноо гэсэн СЭТГЭЛ байх ёстой. 

3.    Хамтын ажиллагаа

Бизнест өрсөлдөөн чухал хэдий ч Монгол шиг маань жижиг зах зээл дээр ижил салбарт хүчээ үзэж буй компаниудын хувьд хоорондын хамтын ажиллагаа өнөөдөр өрсөлдөөнөөс илүү чухал мэт. Cooperation ба Competition гэдгийн нэгдэл болох Co-Opetition зарчмын тухай онол, бизнесийн арга зүй өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжээд удаж буй юм байна. Ухаан нь бизнесийн ярвигтай бүхэл бүтэн орчил, нэгдлийг Экосистем гэх агаад түүнд оролцогч нар нь компаниуд, худалдан авагч нар, бэлтгэн нийлүүлэгч нар, өрсөлдөгч нар, дундын агентууд зэрэг нь багтаж байгаа юм. Миний ойлгож буйгаар эдгээр дээр засгийн газар нэмж орж ирвэл сүүлийн үед их хэрэглэгдэх болсон PPP  буюу Public, Partnership, and Private гэсэн загвар руу ороод байгаа юм уу даа. Дэлхийд алдартай Суэцийн сувгийг энэхүү зарчим дээр тулгуурлан бүтээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалтаар бүх ажлаа бүтээлгэн анхны хөрөнгө оруулалт болон тодорхой хэмжээний өгөөжийг амласны үр дүнд тодорхой хугацааны дараа уг нүсэр дэд бүтцийг тухайн улс өөрийн бүрэн мэдэлдээ эргүүлэн авсан байх нь.  

Ухаан нь оролцож буй бүх талдаа ямар нэгэн хэмжээгээр өгөөж өгч байна гэмээнэ тухайн төсөл, үйл ажиллагаа маань амжилттайгаар урт удаан хугацаанд амьдрах, хэрэгжих боломжтойг хэлэх гээд мунгинаад сууна. 1+1=3 буюу хамтрах. Хамтын ажиллагааны цогц хүрээг экосистем гэж нэрлэх агаад чоногүй бол ой мод уйтгартай гэдэг шиг л хоорондоо харилцан эсвэл харшилдан шүтэлцээтэй байж гэмээнэ алив юм жинхэнэ утгаараа хөгжөөд байгаа юм уу даа. Яг энэхүү зарчим дээр тулгуурлан Google компани одоо Android Wireless Ecosystem-ийн дэд бүтцийг бүтээж байна. Энэхүү дэд бүтэц дээр дурын гар утас үйлдвэрлэгч, дурын операторууд, дурын аппликашн зохион бүтээгч нар, дурын контент провайдер нар, хүссэн хүн болгон ажиллаж болно гэсэн үг. Эцсийн сонголтыг хэрэглэгч л хийнэ. 

Санхүүгийн зах зээл гээд хөрөнгийн бирж, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд, даатгалын компаниуд, нийгмийн даатгалын сан, хувийн тэтгэвэр болон итгэлцэлийн сангууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нар, ажилчид, хөрөнгө оруулагч нар, мөнгө дутагдалтай бизнес эрхлэгч нарыг багтаасан цогц экосистем Монголд байж болохоор. Даанч эдгээр нь 1+1=3 биш 1+0=1 эсвэл 0+1=1 зарчмаар хоорондоо ажиллах гээд байдаг. Зарим чадалтай нь (-1)+1=0 зарчмыг бусдад тулгах боловч урт хугацаанд өгөөж байхгүй. Бүр зарим нь харсаар байтал 0+0=0 схемээр ажиллаад байдаг. 

4.    Зэллэн нисэх

Хавар, намарт шувууд ирж, буцахад тэд зэллэж буюу гурвалжин үүсгэн нисдэг. Энэхүү цувааны толгой буюу гурвалжингийн тэргүүн хэсэгт явааг нь түүчээ шувуу гэж нэрлэдэг. “Flying geese” гэсэн ойлголтыг анх Японы эрдэмтэн Kaname Akamatsu 1930-аад оны үед гаргасан бөгөөд дайны дараа буюу 1960-аад оны үед ид хүчээ авч байсан юм. Зэллэн нисэн буй шувуудын түүчээ нь Япон Улс бөгөөд дараа дараагийн шатны шувууд буюу орнуудад технологи, хөгжлөө дамжуулж явдаг, хөгжиж буй орнууд нь энэ маягаар ашиг хүртдэг тухай хүүрнэж байжээ. Монгол улс энэхүү шувуун цувааны сүүл хавиар нисч байгаа нь тодорхой бөгөөд зиндаагаа ахиулахын тулд хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудаас суралцах, өөрсдийгөө улам нийтэд нээх, зарим хэмжээний эрсдлийг хүлээн зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой юм болов уу гэж бодогдох бөлгөө. Тэр дундаа технологи гэгч юм ихэд чухалд тооцогдох ажгуу. 

Энэхүү онолын талаар маш их шүүмжлэл, магтаалууд байх агаад бүгдийг нь энд бичих боломжгүй хэдий ч бид энэхүү ерөнхий схемээс санаа авч арай жижиг болгон улсынхаа тэргүүлэх чиглэлийн салбаруудыг бүс, аймаг, сумын газарзүйн бүсчлэлээр хуваан иймэрхүү үе шатанд оруулж, тэр хэмжээгээр төрөөс дэмжих бодлогоо нарийн тодорхойлбол алсдаа жижиг, дунд бизнесүүд, хувь иргэдийн бизнесүүдийг хөхүүлэн дэмжих бодитой ажил болохоор харагдах юм. Багаар уралддаг холын зайн дугуйн уралдаанд багийн гишүүд ээлжлэн түүчээ болж арын хүмүүсийнхээ салхийг хаан явж уралдах тактик байдагтай агаар нэгэн түүчээ шувуу үргэлж мөнхөд түүчээ байж чадахгүй агаад хэзээ нэгэн цагт хэн нэгэнд зайгаа тавьж өгөх болно. Тэрхүү шилжилтийн том эргүүлгийг арын амбицтай ангаахайнууд хэрхэн өөртөө зөв ашиглаж, хамгийн гол нь шувуун цуваагаа зөв зүгт хэрхэн залж явах вэ гэдэг нь том асуудал болж байна. Аливаа байгууллагын хүний нөөцийн удирдлага, бодлого стратеги нь комьпютерээр бол hardware, харин тухайн байгууллагын зан төлөв, ажилчдын хандлага нь software” гэсэн удирдлага, хүний нөөцийн ойлголтууд байдаг. Улс үндэстэний хувьд ч гэсэн энэнхүү загвар ижилхэн хэрэглэгдэх бөлгөө. Өөрөөр хэлбэл зэллэн нисэж буй цувааг манлайлж буй түүчээ нарт цуваа хаашаа нисэж буй зөв чиглэл, цуваанд буй бусдынхаа  хандлагыг цаг үргэлж мэдрэн бусдад гүүр болж ажиллаж амьдрах үүрэгтэйг нь бусад нь цаг ямагт мэдрүүлж байвал зохилтой. 

5.    Стандарт

Аливаа бизнесийн байгууллагуудын хувьд хоорондоо ялгагдах юм тун чиг ховордож буй. Жишээ нь, барилгын компани гэхэд адилхан нь хэдэн өрөө байруудыг давхараар нь тусгаарлан, лифть, машины зогсоолын хамт стандартын дагуу барьж буй. Гэтэл яагаад нэг компани хамгийн нэр хүндтэй хэвээр байсаар байна? Учир нь одоо манай улсад мөрдөгдөж буй барилгын материал, эдлэхүүн, техникийн шаардлага болон турших аргын 250-д үндэсний стандартыг л хамгийн гайгүй мөрддөг учраас. Монгол Улсад нийт 5300 стандарт мөрдөгддөг юм байна. Үүнээс 360 нь барилгынх байдаг юм байна. Монголд 650 гаруй хүнсний стандарт байгаад байна. Үүнийг мэдсэн бол хоол, архинд хордож нас барсан хүмүүсийн сүнс нь хүртэл гомдож байгаа байх аа. Тэр байтугай “Стандартчилал, хэмжилзүйн төв”, “Улсын мэргэжлийн хяналтын газар” гэсэн том байгууллагууд хүртэл байдгаас дэлхийн ард түмэн маань “Дэлхийн стандартчиллын өдөр”-ийг хүртэл бий болгосон байдаг юм байна. За тэгээд цаашилбал, шүүх, цагдаа, шорон, эрүүлжүүлэх гээд хүчний байгууллагуудыг дурдаж болохоор байна. Олон улсын түвшинд ISO гээд цуврах байх. Банкуудын хувьд ч ялгаагүй жишээ нь, хадгаламж нээлгэнэ гэдэг нь нэг л стандарт процедур. Очно, мэдээлэл авна, хүү, шимтгэлийн нөхцөлтэй нь танилцана, гэрээ байгуулна, мөнгөө хийнэ, хадгаламжийн дэвтрээ авна. Яг дэвтрээ авсаны дараа нь тухайн харилцагчыг үдээд гаргаж байна уу, өшиглөөд гаргаж байна уу гэдгээрээ тухайн банкууд ялгагдах жишээтэй. Өөрөөр хэлбэл харилцагчийн үйлчилгээний стандарт. 

Манайх шиг хөгжиж буй улсад нийгэм дэх асуудал бүр болохгүй томоохон, глобаль асуудлууд дээр төрөөс техникийн зохицуулалт хийж багахан хүч хэрэглээд байх шиг байгаа юм. Харин ёс суртахуун бүхий соёлтой нийгэмд стандарт гэдэг зүйл нийгмийн бүхий л салбарт бичигдээгүй хууль хэлбэрээр оршин иргэдийнх нь дунд сайн дураар мөрдөгддөг юм шиг байгаа юм. Юу хэлэх гээд байна вэ гэвэл бид аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нэг их шинэ санаа санаачлага, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, дүрэм журам шинээр нэмэх шаардлагагүй. Харин одоо байгаа хэдэн стандарт, шаардлагаа л дор бүрнээ ягштал биелүүлэхэд л хангалттай бус уу.  

6.    Хувь хүний нийгмийн хариуцлага

“Компанийн нийгмийн хариуцлага” гэдэг үг сүүлийн үед их “моодонд” орж буй. Энэ чиглэлийн шагнал, урамшууллын төрлүүд ч аль хэдийн гараад амжжээ. Улсад татвар төлж, олон хүнийг цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, хийж байгаа бизнес нь хувь хүмүүс, түнш компаниуд, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь өөрөө шууд нийгмийн хариуцлага гэж ойлгогдох ёстой. Үүнээс гадна нийгмийн эмзэг бүлэг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн онцгой салбарууд болон урлаг, спорт зэргийг дэмжин ажиллаж байгаа чинээгээр компанийнхаа нэр хүнд, брэнд нэрийг төгөлдөржүүлж байгаа хэрэг юм уу даа. 

Дээрхтэй холбогдуулаад хэлэхэд “хувь хүний нийгмийн хариуцлага”гэдэг асуудал яагаад байж болохгүй гэж? Харин ч хамгийн түрүүнд бид ярих ёстой, хэрэгжүүлэх ёстой асуудал байгаа бус уу. Ер нь бидний дунд хөрш айлуудаа таньдаг мэддэг, зөрж өнгөрөхдөө мэнд усаа мэдэлцдэг хүмүүс хэд байгаа вэ? Хөрш айлаа биш юмаа гэхэд байрны даргаа мэддэг хүмүүс бидний дунд хир олон байгаа бол? 

ДҮГНЭЛТ

Улс орноо хөгжүүлэх бодлогын хувилбар, санаа гэж ярихад дараах маш ерөнхий хувилбарууд байж болохоор юм. Үүнд: 

  • Дэд бүтэц – хүн – хэрэглээ 
  • Хэрэглээ – хүн – дэд бүтэц 
  • Хүн – хэрэглээ – дэд бүтэц 

Дэд бүтэц гэдэгт зөвхөн үндэсний хэмжээний эдийн засаг, нийгэм, соёлын дэд бүтцийг хэлээгүй бөгөөд Монголоос гадагшаа, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл, арилжаа, худалдаа буюу биет болон биет бус капиталын цогц систем гэж ойлгоно уу. Хүн гэдэгт эдийн засаг, нийгмийн харилцаанд буй бүх субъектуудаас гадна тэдний нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох сонирхол, мэдлэг, боловсрол гэсэн ойлголтуудыг давхар багтаан ойлгоно уу. Хэрэглээ гэдгийг улс орны хөгжлийн төлөө ажиллан амьдарч буй оролцогч бүх талуудын ашиг сонирхолын нэгдэл гэж ойлгоно уу. 

Дээрх 3 хувилбарын хувьд аль аль байж болох ч хөгжиж буй орнуудын туршлагаас хараад байхад Хүн – хэрэглээ – дэд бүтэц гэсэн схемийг голчлон хэрэглээд байгаа юм уу даа гэж ойлгосон. Монгол улсын маань хувьд ч гэсэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхний ээлжинд хүнтэйгээ “тулж” ажиллах буюу бие биенээ, улс орноо гэсэн сэтгэлтэй болгох нь нэн чухал байна. Ухамсар сайтай, нийгмийн идэвх өндөр, бизнесийн өндөр ёсзүйн стандарттай иргэдтэй болсон цагт хөгжлийн асуудал “асуудал” байхаа больж ашиг сонирхлын хурц өрсөлдөөн, бие биенээсээ давах гэсэн утгагүй өрсөлдөөж багасах боломжтой. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлыг зөрчил биш ашиг сонирхлын нэгдэл үүсэх юм. Бид нэгэнт ийм нэгдлийг үүсгэж чадвал миний дээр дурдсан дэд бүтэц гэсэн асуудал тэргүй тэргүй шийдэгдэх учиртай юм. Хэрэглээ гэдэг дотор эрхзүйн орчны бүхий л зохицуулалтууд, төрийн бодлогууд давхар хамрагдаад явах тул энэ нь нилээд өргөн хүрээний ойлголт болж байгаа юм. 

Эсрэгээр нь буюу Дэд бүтэц – хүн – хэрэглээ гэсэн схемээр авч үзвэл хамаг хүн хүч, зардал мөнгөө үндэсний хэмжээний, үндэстэн дамнасан дэд бүтэц байгуулахад зарцуулж орхиод эргээд харсан чинь ямар ч ашигт үйлийн коэффициент байхгүй зүйлийг тогтмол зардал гарган сар, жилээр тордоод явж болох аюул байгаад байгаа юм. Хэрэглээ – хүн – дэд бүтэц гэсэн схем нь бас боломжийн байж болох боловч дээр миний дурдсан орчны шинжилгээ бүхий Монгол улсын хувьд хүнээ эхэлж бэлдэхгүйгээр шууд “автоматаар” хэрэглээг үүсгэнэ гэхэд хэцүү бөгөөд зардал өндөртэй хувилбар болох болов уу. 

Дээрхээс дүгнээд харахад улс орны хөгжилтэй холбоотой проблем нь мөнгө биш, технологи биш, байгалийн баялаг биш харин Монгол хүн та бид өөрсдөө болчихоод байгаа юм. Пирамидаар дүрслэвэл Монгол Улсын хөгжлийн гол суурь буюу фундамент нь бие биенээ, улс орноо гэсэн сэтгэл бүхий хүн гэж би дүгнэж байна. Паретогийн зарчмаар бол дээрх дурдсан 300 орчим хүнийг Монголын 2,7 сая хүн амтай зэрэгцүүлэн 80/20-ийн харьцаатай нь жишвэл дөнгөж 0,01% болж байх юм. Энэхүү бичигхээн хувь маань 20% руу тэмүүлж байж нийгэм маань цөөн хэдэн хүний мэдлээс гарч сайхан задрах юм болов уу гэж хараад байгаа. 19,99% буюу тоон үзүүлэлтээр бол дахиад 540,000 гаран хүмүүс энэхүү нийгэмдээ идэвхтэй, бүтээлч, уйдах завгүй ажиллаж зүтгэх ёстой юм байна. Энэ хагас сая хүмүүсийн цөм нь та бидний үеийн залуучууд байх ёстой гэж бодном. Гэхдээ мэдээж системийг нь өөрчлөхгүйгээр муйхарлан зүтгээд бид юуг ч өөрчилж чадахгүй. 

Онгоцтой бид өөрсдийгөө зүйрлэвэл хэдий бид хамгийн хүчтэй хөдөлгүүртэй, супер онгоц байж болох ч онгоц газраасаа хөөрөхөөс өмнө гүйх зам нь саадгүй бөгөөд хангалттай урт байх ёстойг сануулахад илүүдэхгүй буй заа. Тэгээд болж өгвөл гадагшаа явсан залуучууд нь Монгол руугаа, Улаанбаатарт ирсэн залуучууд маань орон нутагтаа буцан ирж ажиллаж, амьдарч тэндэхийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт оролцвол ч... 

Тиймээ, эх орон тань маань та биднийг дуудаж байна!

2010 оны 3 дугаар сарын 16. Япон Улс, Нийгата муж