Эрүүл мэндийн салбарын аль хэсэгт, ямар түвшинд авлига байгаа, авлигын суурь шалтгаан нь юу болох талаар мэдээлэлтэй хэлэлцэх шаардлага эдүгээ монголын нийгэмд үүсээд байгаа юм. Яг энэ зорилгоор Дефакто институцаас телевизийн ээлжит мэтгэлцээнээ 12 дугаар сарын 1-нд зохион байгуулав. Мэтгэлцээнийг 2014 онд Азийн Сангаас хараат бус, төрийн бус байгууллагаар хийлгэсэн “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны дүнг танилцуулж эхлүүлэв.

Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдлын тухай энэхүү судалгаанд нийслэлийн гурван шатлалын 18 эмнэлэг, эдгээрт нэгээс доошгүй жил ажилласан 200 эмч сувилагч болон хоёр долоо хоногоос багагүй хугацаагаар үйлчүүлсэн 700 үйлчлүүлэгчийг хамруулжээ. Хамрагдагсдын 55 хувь нь ямар нэг байдлаар эмч, эмнэлгийн ажилтанд бэлэг сэлт өгсөн гэж хариулснаас, 23 хувь нь үйлчлүүлэгч өөрөө, 32 хувь нь ар гэрийнхэн нь өгсөн гэжээ.

Мэтгэлцээнд урьдчилан тохиролцсоны дагуу Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд орох байсан ч эхлэхээс хэдхэн хоромын өмнө татгалзав. Монгол төрийн ажилтнууд, удирдлага нь олон нийтэд мэдээлэл өгөх үндсэн үүргээ үл ойшоодгийн тод жишээ нь энэ. Угаасаа Засгийн газар жил хагас болоод л солигдож, дагаад ажилтнууд нь өөрчлөгддөг учраас чадваргүй, ажлаа мэддэггүй, хүнд сурталтай, хариуцлагаас зугтдаг этгээдүүд олширсоор байна.

Харин Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр болон Ерөнхийлөгчийн зөвлөх, АУ-ны доктор Ж.Амарсанаа нар цагтаа ирж, олон нийтийг хүндэтгэн, мэтгэлцээнд идэвхтэй оролцлоо. Төрийн ажилтнууд ирээгүй болохоор бид гурав мэтгэлцээн гэхээсээ илүү хэлэлцүүлэг өрнүүлсний гол санааг нэгтгээд доор сийрүүлэв.

Салбарын санхүүжилт

2016 оны байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн бүтцийг авч үзвэл эрүүл мэндийн даатгалын сангаас 20 хувийг, төсвөөс 40 хувийг, үлдсэн 40 хувийг хувь хүмүүс өөрсдөө төлдөг болжээ. Хувийнхаа зардлаар төлж байгаа хэсэг нь ийм өндөр байгаа учир МУ-ын иргэд буцаад ядууралд өртөх эрсдэл өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас онцолсон байна. Олон улсын жишгээр бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-10 хувийг зориулахыг хэвийн гэж үздэг бол манайд 3-4 хувь байгаа ажээ.

Эрүүл мэндийн зориулалтын зарцуулалтыг нэмэхдээ өгөөжийг нь сайжруулах, хяналтын механизмыг, түүний дотор иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсронгуй болгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол мөнгө хөрөнгө ёроолгүй сав шиг урссаар, иргэдээ хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж чадахгүй юм.

Эм ба эмчилгээний гажуудал 

Улаанбаатар хотод хаа сайгүй эмийн сан олширч, жоргүйгээр эм олгох болсноор иргэд хоол биш эм иддэг болжээ. Монголд зарж буй эм, эмнэлгийн хэрэгслийн гуравны нэг нь хуурамч. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар Монгол улсад зарагдаж буй нийт эмийн гучаад хувь нь чанаргүй буюу бүртгэгдээгүй байдаг ажээ. Монгол улс эмийн зохисгүй хэрэглээ өндөртэй орны тоонд орох боллоо.

Энэ оны аравдугаар сарын байдлаар эмийн үнийн хөнгөлөлтөд зориулж төр засгаас 26.3 тэрбум төгрөгийг эмийн сангуудаар дамжуулан олгосон байна. Энэхүү эмийн хөнгөлөлтөд нийгмийн даатгалын сангаас олгосон мөнгөний 15 орчим хувийг зориулжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар манай улс эмийн үнэ өндөр дэлхийн арван орны тоонд бас багтаж байна.

Иргэд ажил олгогчоороо дамжуулж тогтмол эрүүл мэндийн даатгал төлдөг. Бас эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа дунджаар 50 хүртэл мянган төгрөгний төлбөр төлдөг. Дээр нь эмч, сувилагч нарын гарыг цайлгах ёстой. Хамгийн гол нь эм тариа чанаргүй бас маш үнэтэй байгаагаас болж иргэд өвдсөн тохиолдолд санхүүгийн хямралд ордог байна.

Азийн Сангийн эрүүл мэндийн салбар дахь авлигын судалгаагаар манай улсад жирийн эмч сувилагч, эмнэлгийн ажилчидтай холбоотой авлига гарч байгаа ч, суурь шалтгаан нь эмнэлгийн ажиллагсдын цалин хөлс бага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу, чанар хангалтгүй байгаатай холбоотой юм.

Бүх нийтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх дэд бүтэц манайд бий болжээ. Гурван шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ бүрдсэн, хувийн эмнэлгүүд ажиллаж байгаа зэрэг нь харьцангуй давуу талууд. Хувийн эмнэлгүүд олноор бий болсон нь төр засгийн ачааллыг хуваалцаж байгаа ч хувийн хэвшлийн эмнэлгийн үйлчилгээнд төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрөө өөртөө төлбөр өгөхөөр болж буй хэрэг учир иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна.

Иргэдийн хяналт

Монголчууд бид эдүгээ сайн хийж чадахгүй байгаа, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө заавал хийх нэг л чухал ажил бол “иргэдийн хяналт”. Иргэд төлсөн даатгалаа яг юунд, яаж зарцуулж байгааг нь хянахгүй бол, мэдээллийг ил тод байлгахыг шаардахгүй бол энэ салбарын ямар ч асуудал шийдэгдэхгүй юм.

Уг нь иргэдийн одоо төлж байгаа даатгалыг улсад биш хувийн даатгалд төлбөл жилдээ 250-350 сая төгрөгний үйлчилгээ авах боломжтой. Нөгөө талаасаа төр засгийн зүгээс эрүүл мэндийн даатгал төлөгч хүн бүрт өөрсдийн төлсөн мөнгө нь юунд зарцуулагдаж байгааг хамгийн хялбараар, цахимаар харах боломжийг нээж өгөх нь ард иргэдийн оролцоотой хяналтын механизмыг сайжруулах чухал алхам болно.

Эрүүл мэндийн үйлчилгээний салбар болон эрүүл мэндийн даатгалын салбарт хувийн хэвшлийг нэвтрүүлснээр, хувийн хэвшилд үйлчилгээний төлбөрт төрөөс төлж буй урсгалыг хянахад иргэний нийгмийн оролцоог хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодит байдлыг чөлөөтэй цацсанаар эрүүл мэндийн салбарын үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх юм.

2017.12.06