Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ?
УИХ энэ удаад Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн процессийн ажиллагаа явуулахгүй. УИХ-ын 95-р тогтоол Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон. Харин одоо “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулчихаад байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол, мөн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн их суудлын дүгнэлт гараад хоёр хонож байна.
Гэвч огцруулах санал гаргасан, кноп дарсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэв. Мөн Цэцийн шийдвэрийг УИХ-аар авч хэлэлцэх тухай ч ярьж эхлээд байна. Зарим нэг нь бүр “Цэцийг өөрийг нь цэцэд өгөх тухай” ч бодож олсон байх шиг.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэц яагаад шууд Их суудлын хуралдаан хийв? Яагаад дунд суудлаа эхэлж хуралдуулсангүй вэ? гэж маргаж байх шиг байна.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйл “Маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүн” хэсэгт “Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэсэн байна.
Мөн хуулийн 13.2-т,
Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:
1/Монгол Улсын Ерөнхийлөгч;
2/Улсын Их Хурлын дарга;
3/Улсын Их Хурлын гишүүн;
4/Ерөнхий сайд;
5/Засгийн газрын гишүүн;
6/Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
7/Улсын ерөнхий прокурор… гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааныг даргалан явуулахдаа Үндсэн хууль зөрчсөн” талаарх гомдол Цэцийг их суудлаараа хуралдах шалтаг болсон байна.
Учир нь УИХ-ын тухай хуулийн 14.5-д “УИХ-ын даргын эзгүйд түүний даалсгаснаар УИХ-ын дэд дарга түүний үүргийг хэрэгжүүлнэ” гэжээ. Тиймээс дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлэх үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээнд багтана гэдгийг Цэц тайлбарлажээ.
Хоёрдугаарт, Цэцийн их суудлын дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж маргаж байх шиг байна. Тэгвэл Үндсэн хуулийн 66.4-т, “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэсэн байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт нь Цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ уг дүгнэлтийг хүлээж авах эсэхээр шийдвэр гаргахгүй гэсэн байна.
Эхний дүгнэлт. УИХ энэ удаад Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй. УИХ-ын 95-р тогтоол хоёр хоногийн өмнө Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон гэсэн үг. Харин одоо “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулчихаад байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана. УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлцэх байх.
Үндсэн хуулийн зөрчил хаана байсан бэ?
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг чуулганаар хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүд хоёр өдөр маргасан. Байнгын хорооны дүгнэлтээр санал хураалгахгүй, тэгвэл Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Үндсэн хуулийн 43.1-ийг бариад гишүүдийн гаргасан гаргасан санал буюу “огцруулахыг дэмжих” томьёоллоор чуулганы санал хураалтыг явуулах ёстой гэж. Харамсалтай нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа энэ тухай сонсохыг ч хүсээгүй. 17-ны өглөө чуулганы хуралдаан эхлэхэд гишүүд чуулганы танхимд мөн дээрх байр сууриа илэрхийлж, “Үндсэн хууль зөрчиж байгаа хуралдаанд оролцохгүй” гэдгээ хэлээд хуралдааныг орхиж гарсан.
Хуралдаанд оролцсон гишүүдийн "Үндсэн хууль зөрчигдөж байгаа эсэх" тухай асуултад хуралдаан даргалагч Х.Булгантуяа УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоор чуулганы хуралдаан дээр хуулийн тайлбар хийлгэсэн. Б.Баасандорж нь ардчилсан шинэ Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг Б.Чимид багшийн нэрийг барьж байгаад “Үндсэн хууль бол бүх юмны цуглуулга биш, суурь зарчим юм. Үүнийг бусад хуулиар дэлгэрүүлдэг” гээд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг 101-р зүйлийн 1-4 дэх хэсгийг уншиж танилцуулсан.
101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
Харин Цэц үүн дээр огт өөр тайлбар хийсэн.
Нэгдүгээрт, Дэгийн тухай хуулийн дээрх зүйл заалтад “Байнгын дүгнэлтээр санал хураалгана” гэсэн агуулга огт байхгүй байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэсэн нь процессийн шинжтэй зохицуулалт юм. Үндсэн хуулиар процессийг нь заагаад өгчихсөн байхад Дэгийн тухай хуулийг биш, Үндсэн хуулийн заалтыг баримтална гэж шийдвэрлэсэн. Ийм л “жижигхэн” мөртлөө тов тодорхой зүйл дээр УИХ алдсан хэрэг.
Цэц Үндсэн хуулийн 43.1-ийг тайлбарлахдаа “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг босгыг ердийн шийдвэр гаргах босгоос илүү өндөр /нийт гишүүдийн олонхи буюу 64+/ тогтоож, огцруулах журмыг тодорхой тусгасан. Энэ нь УИХ-ын гишүүд тодорхойгүй буюу эргэлзээ бүхий саналын томьёоллоор өөрийн хүсэл зоригийн эсрэг санал өгөх, эсвэл өгсөнд тоологдох эрсдлийг бууруулах зорилготой” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйл нь 43.1-д заасан Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай ямар ч хамааралгүй гэсэн үг.
Анхааралтай харвал Үндсэн хуулийн 43.1-д “гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж байгаа. Гэтэл Дэгийн тухай хуульд “7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн байдаг. "Энэ хуулийн өөрчлөлтийг 2024 онд буюу ҮХНӨ-ийг баталсны дараа хийсэн, өмнөх хуулийн зүйл заалтаас нэг ч үг үсэг өөрчлөөгүй. Зөвхөн 99-р зүйлд байсан зохицуулалтыг 101-ээр зүйл болгож өөрчилсөн" гэдгийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байдаг. Тэгэхээр ҮХНӨ батлагдаад таван жил өнгөрсний дараа УИХ өөрөө Үндсэн хуулиас давсан хууль баталсан гэсэн үг үү? Санаатай юу, санамсаргүй юу? Тэгвэл одоо Дэгийн тухай хуулийн дээрх заалтыг яах вэ? УИХ өөрөө санаачилгаараа өөрчлөлт оруулах уу? Эсвэл дахиад Цэцээр "ташуурдуулах" уу?
inews.mn


Зочин