Шилэн данс ба шилэн нам
Улс төрийн намууд “Шилэн дансны тухай” хуулиас гадна үлдсэн нь тун хачирхалтай.
Улс төрийн намууд “Шилэн дансны тухай” хуулиас гадна үлдсэн нь тун хачирхалтай. Төрийн ба орон нутгийн өмчтэй компаниас эхсүүлээд төсвөөс нэг удаа санхүүжилт авсан л бол төрийн бус байгууллага хүртэл шилэн данстай болох үүрэг хүлээсэн атал жил бүр хэдэн саяар нь төрийн дэмжлэг хүртдэг УИХ-д суудалтай намуудыг хэн ч дурсдаггүй.
Эдгээр намууд жил бүр нэг суудалдаа 10 сая төгрөгийн санхүүжилт төсвөөс авдаг. Тооцоод үзэхэд 65 суудалтай МАН жил бүр 650 сая төгрөг авдаг байх нь. Түүнчлэн сонгуулиар авсан нэг саналыг 1000 төгрөгөөр үнэлүүлж нэг удаагийн санхүүжилт авах эрхтэй. Эдгээр зохицуулалт “Улс төрийн намын тухай” хуулийн 19 дүгээр зүйл дээр бий. УИХ-ын суудлын мөнгө гэж жил бүр 760 саяыг намуудад өгдөг гэж тооцоход өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7,6 тэрбумын хөрөнгө улсын төсвөөс гарсан болж таарах гээд байна. Түүнчлэн байнга маргаан дагуулдаг ч ИТХ-ын төлөөлөгчид суудлын мөнгөө орон нутгийн төсвөөс гаргуулж авдаг зуршилтай. Энэ бүх дүнг нэмээд тооцвол хэд хэдэн сургууль, цэцэрлэг барих мөнгөөр улс төрийн намуудыг санхүүжүүлээд байгаа хэрэг юм.
Харамсалтай нь намуудын төсвийн зарцуулалтыг тайлагнах тогтолцоо хуульд олигтой суусангүй. Улс төрийн намын тухай хуулийн намын санхүүгийн хяналт гэсэн 20 дугаар бүлэгт “Намын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтын байгууллага хяналт тавих ба нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг. Харин Та намуудын албан ёсны цахим хуудас руу нь ороод үзвэл тэнд төсөв, мөнгөтэй холбоотой тайлан мэдээлэл байхгүй байгааг харах болно. Санхүүгийн тайлангаа мэдээлээгүй намууд бага хэмжээний мөнгөөр торгуулах төдий шийтгэлтэй ч хэрэгжиж байгаагүй л болов уу.
Монгол Улсад “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль 2011 оноос эхэлж хэрэгжсэн. Мэдээлэлтэй иргэн мэдлэгтэй, мэдлэгтэй иргэн эрх мэдэлтэй байх зарчмыг хэрэгжүүлсэн тун чухал хууль. Энэ хуулийн хүрээнд мөн л улс төрийн намууд хамрагдсангүй. Өөрөөр хэлбэл улс төрийн намын төв аппаратад хэдэн хүн ажилладаг, жилийн захиргааны зардлын тухай жирийн иргэн байтугай гишүүдийн мэдэх эрх хамгаалагдаагүй гэсэн үг. Гэтэл татвар төлөгчид мөнгөө хянах эрхтэй биз дээ.
Манайд том намууд авлигын уурхай болоод байгааг бүгд л шүүмжилдэг. Намдаа хөрөнгө босгох өрөнд орсон залуучууд улс төрийн золиос болдог нь ч үнэн. Тухайлбал: МАН-ын Ц.Сандуйн 60 тэрбумын хэрэг, МАХН-ын ЕНБД асан Г.Шийлэгдамбын 50 сая ам. долларын авлигын хэрэг, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч гэсэн олон жилийн өмнө намдаа төрийн өмчийн Пургон машин хандивласан хэрэгт орооцолдож байсан санагдана. Нам үнэнч гишүүдээ төрийн өндөр албан тушаалд байршуулахдаа эргээд намдаа мөнгө босгох барьцаанд оруулдаг энэ мэт авлигын схемийг өнөөдөр хүн бүхэн мэддэг болжээ. Хөрөнгөлөг нэг нь намдаа өгсөн хандивын буянд нэр дэвших эрхээ олж улмаар сайдын суудлыг худалдаж авна. Зарим нэг нь улс төрийн албан тушаалд очмогц Засгийн газрын тогтоолоор хувийн компанийхаа олон тэрбумын татварыг чөлөөлүүлчихдэг нь өргөсөн хандивын өр төлөөсөө татвар төлөгчдийн мөнгөөр цайруулж байгаа хэлбэр. Ийнхүү намууд зохион байгуулалттай авлигаар гишүүдээ мэргэшүүлэн бэлтгэх үүр болжээ. Цаашид хичнээн олон залуучууд шоронгийн хаалга татаж, авлигажсан улс төрийн золиос болох юм бүү мэд!
Улс төрийн намын зохион байгуулалтын үндэс бол хамтын удирдлага ба хамтын хариуцлагатай байхад оршино. Намаас угшилтай улс төрийн албан тушаалтнууд авлигад өртөнө гэдэг дан ганц тухайлсан хүний асуудал биш тул нам нь давхар хариуцлага хүлээх ёстой байдаг. Тийм ч учраас бусад улс оронд намууд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо дотооддоо бүрдүүлж, гишүүдээ авлигад өртөхөөс хамгаалах үүрэг хүлээнэ.
Даанч манайд улс төрийн намууд энэ мэт “үүрэг хүлээх” хуулийн зохицуулалтаас бас л гадуур үлдэж чаджээ. Хэрвээ Та “Авлигын эсрэг хууль”-ийг дахин нэг сөхөж үзвэл хамрах хүрээнд улс төрийн нам байхгүй байгааг лавтайяа олж харна. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжиж байгаа төрийн бус байгууллагын удирдлага хүртэл хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх үүрэгтэй атал Парламентын суудлын төлөөсөө жил бүр төрөөр төлүүлдэг намуудын удирдлагад тийм үүрэг оноосонгүй нь дэндүү шударга бус гэлтэй.
2015 онд шинэчлэгдсэн Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлын хяналт чиглэлээр олон заалтууд тусгагдаж сайжирсан мэт боловч олон нийтэд мэдээлэх, сонгогчид хяналт тавих эрхийг устгасан хууль болчихож. Тус хуулиар сонгуульд нэр дэвшигчид ба намуудын зүгээс иргэдэд зардлаа тайлагнах үүрэг шууд хүлээсэнгүй. Харин тэд Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан Үндэсний аудитын газарт санхүүгийн тайлангаа илгээх бөгөөд тэндээс хоёрхон хуудас ч хүрэхгүй аудитын дүгнэлт хэмээх тойм тоог оны төгсгөлд олон нийтэд мэдээлэх болж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ба намуудын зардлын тайланг үзэх гэж шаардсан төрийн бус байгууллагууд юу ч олж долоосонгүй.
Мэдээлэл авах эрх, Шилэн дансны тухай хуультай ч улс төрийн намууд түүнд хамаардаггүй, Авлигатай тэмцэх болон Үндэсний аудитын газар байгаа ч эрх нь хүрдэггүй, Сонгуулийн ерөнхий хороо байвч хянах чиг үүрэггүй болохоор улс төрийн намууд “даам” гараад дархлагдчихаж.
Төр толгойноосоо эхэлж өтдөг гэдэг. Түшмэд авлигажиж, өнгө мөнгөнд шунах тусам төрт улс доройтон буурдаг түүхийн гашуун сургамжийг бид амссан ард түмэн. Чухамхүү улс орны үндэс суурийг ганхуулж, төрийг мөхөөдөг тэр авлига чинь улс төрийн намуудаас үр хөврөн бойжиж байгаа. Авлига гээч хорт хавдрын нян зөвхөн харанхуйд өсөн үрждэг жамтай. Ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх аваас нарны гэрэлд нян удаан тэсвэрлэхгүй. Юуны өмнө Шилэн дансны тухай хуулийн хамрах хүрээг тэлэн улс төрийн намуудын далд санхүүжилтийг гэрэлд цохиулах алхам хийцгээе! “Нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэгдүгээрт, нийтийн мөнгөнөөс санхүүжих эрх хоёрдугаарт” байх зарчим хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ч УИХ-ын эрхэм гишүүдэд дуулгая.
“Авлигатай тэмцвэл нам маань сүйрнэ гэдгийг би мэдэж байна, гэхдээ авлигатай тэмцэхгүй бол улс орон маань сүйрнэ гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа” хэмээн өмнөд хөршийн удирдагч Си Жиньпин шиг тэмцэх намын удирдагч Монголд үгүйлэгдээд байна уу?