Энэ бол тэр өөрөө
Цаг төрийн сэгсрэлтүүд бидний хэн маань бурханы бүрэлбаа, муу зүгийн чаралбаа болохыг ялгаруулан шигших мэт. Тэнгэр бурхан ч хүнийг хүнд нь таниулахын төлөөнөө хувь тавиланг нь сэгсрэн зугаацах мэт.
Энэ бол тэр өөрөө
Манай утга зохиолын шилдэг бүтээлийн нэгэн цогцлолыг уншигч танаа өргөн барьж байна. ХХ-ХХI зууны зааг үеийн монголын утга зохиолын томоохон төлөөлөгч Цэндийн Доржготовын уран бүтээлийн түүвэр зургаан ботиор гарлаа.
Тэрээр “Мөнхийн ус” хэмээх сэтгэл зүйн өгүүллэгээрээ эх орондоо төдийгүй, тухайн үеийн Монголын хилийн чанад болох Зүүн европын социалист орнуудын хүрээнд нэрээ анх гаргажээ. ХХ зууны БНМАУ-ын уран бүтээлчийн түгж болох алдрын хязгаар энэ л байлаа. Олон улсын хошин шог зохиолын "Алеко" уралдааны тэргүүн шагнал хүртсэн эл өгүүллэг ямар ч хүн татгалзахын аргагүй тийм мөрөөдөл үнэн хэрэгтээ хамгийн утга учиргүй зүйл болдгийг гүн ухааны үүднээс харуулсан байдаг.
Хүний төрөлхи мөн чанар, ёс суртахууны сэдвийг хөндөж, нийгмийн байгуулал, цаг үеийнх нь үзэл санаатай сөргөлдүүлэн тавьдаг нь түүний уран бүтээлийн гол онцлог юм.
Социалист урлагийн гол арга барил нь “Манай талын цагаан бурхад ба дайсны талын хар чөтгөр” хоёрыг мөргөлдүүлэх зарчим байсан. Гэтэл Ц.Доржготов энэ зарчмаар өөрөөр нь тоглож хар толботой цагаантан, цагаан гэгээтэй хар баатрыг өөрийн арга барилаар дүрслэн зурж иржээ. Өрөвдөж болмоор дайсны тал ба үзэн ядуулах юмтай манай талынхны дүрийг монголчууд анх түүний бүтээлээс олж харсан гэж ч болно.
Социалист реализмын явцуу арга, ганц үзэл суртлын хатуу чанд дарамт, хэвлэл хянах газрын нарийн шалгуур дундуур уран бүтээлээ нэвтрүүлэн гаргаж чадсан нь зохиогчийн уран чадварын нууц гэлтэй. Наяад оны сүүлээр гарсан "Тэнгэр дуугарахын өмнө" тууж нь монголын сэхээтнүүдэд "Амьдрал чинь ичгүүртэй санагдаж байна уу? Чи аймхай хулчгар учраас, үнэний өөдөөс эгц харах зүрх зориггүй учраас ийм байгаа юм. Өөрчлөх зориг байхгүй бол энэ намагтаа үлд дээ" хэмээн даажинтайгаар хэлж байлаа.
Харин түүний “Баба” өгүүллэг бол 1990-ээд оноос монголын утга зохиолд шинэ үе эхэлснийг тунхаглан харуулж байлаа.
Ардчилсан хувьсгалын дараагаар монголын социалист реализм өндөрлөж, урлахуйн арга барилын хямрал нүүрлэсэн юм. Ихэнх нь зохиолчид хар цагаан баатруудынхаа байрыг солих замаар уран бүтээлийн арга зүйгээ аврахын хичээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хуучин утга зохиолын муу талын баатар байсан хар шар феодалууд манай тал болж, харин манай талын хувьсгалчид нь дайсныг орлосон гэмээр ч юмуу.
Харин Ц.Доржготов зохиолч гэмтэй атлаа ариун, гэгээтэй боловч толботой амьд баатруудаа улам чамбай урласаар үлдсэн юм. Түүний бүтээлүүд хаалт хоригтой нийгэмд ч, эрх чөлөөтэй тогтоцод ч сонгодог хэвээрээ үлдсний нууц энэ.
Жишээлэхэд, Гучаад оны хэлмэгдлийн сэдэвтэй “Улаан орхимжны давалгаа” романд угаасаа муу төрсөн, орчлон самрахаар мэндэлсэн тийм баатар огт үгүй. Хувьсгалын самуун үймээнээр, зөв зүгээр мөрөөрөө явсан хүмүүсийн хөгийн араншин, муу авъяас хэрхэн сэргэж, лам хуврагуудын дотроос хүртэл ландрамууд амилан босох ажгуу.
Хэрвээ улаан хувьсгал, аллага хядлага болоогүй бол мөрөөрөө амьдраад дуусах баатрууд тэнд зөндөө. Бурханы ч, чөтгөрийн нь чанарууд бидний гүнд нуугдаад өдөөгдөн сэрэх цагаа хүлээх ажгуу. Цаг төрийн эргэлт, доргилтууд бидний хэн маань бурханы бүрэлбаа, муу зүгийн чаралбаа болохыг ялгаруулан шигших мэт. Тэнгэр бурхан ч хүнийг хүнд нь таниулахын төлөөнөө хувь тавиланг нь сэгсрэн зугаацах мэт.
Ц.Доржготов зохиолчийн бүтээлүүд ч тэр мэтээр цаг үеийн сэгсрэлтүүдээс тунан тунан үлдэж байгааг бид харж байна. Тэрээр нэг удаа, би хэнийг ч шүүмжилдэггүй. Өөрийгөө харж байгаад л шоолдог гэж ярьсан байдаг. Энэ нь өөрийнхөө тухай бичдэг гэсэн үг биш. Харин утга зохиолын “Би” баатрыг бүх талаас нь нүцгэлэн, үнэн төрхийг нь харуулдаг тухай яриа. Дорнын гүн ухаантнууд орчлонг таних гэвэл өөрийгөө ажигла хэмээн сургасан нь ч учиртай буйзаа. Бас "би" хэмээх эго-гоо таних, түүнийгээ давах нь гэгээрлийн зам болохыг ч тэд бас заасан. Ц.Доржготовын өөрийгээ нээсэн, хайр найргүй илчилсэн бүтээлүүд бидний дотоод ертөнцийн хамаг нууцыг ч бас онгичин дэлгэж, ичгүүр төрүүлэх мэт ээ. Зохиолч бээр нэртэй шог зураач, олон улсын шагналтан гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.
Монгол улсын төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Доржготов зохиолч энэ жил наян насныхаа босгыг алхан орж байна. НЭПКО хэвлэлийн газраас нэр зохиолчийн 80 насны ойг хүндэтгэн тэмдэглэж, энэхүү түүврийг гаргасан гэж ч болно. Дашрамд дурьдахад, бид Монголын утга зохиол, туурвил зүйн мастеруудын шилдэг бүтээлийн цоморлогийг олон ботиор багцлан гаргаж эхлээд байгаа билээ. Билгүүн номч Б.Ринчен гуайн утга зохиол, орчуулгын бүтээлийн таван боть үүний өмнө гарсан. Шинэ шинэ цоморлогиуд маань удахгүй таны гар дээр очих болно.
2020.06.08