Уулсын хэл нь салхи. Салхийг сонсож, салхийг сонордож, салхийг анирдах тусмаа хүн уулсын хэлийг ойлгоно. Уулсын хэлийг ойлговол сая сая жилийн жилийн нар хурыг тоссоор, ургаж дэлгэрч, элж эмтэрч, дэлхийн дотоод хүчинд түлхэгдэн өндийх цагтаа өндийж, ертөнцийн гадаад хүчинд автан намсах цагтаа нам сууж ирсэн эх байгалийн ой санамжийг ойлгох болно. 

Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү?

Нэргүй минь үе үехэн дуулдаг дархад дуу шигээ хүн. “Тохой булан хоёрт нь тормон тэмээ нь буйлалдаа л, түргэн ирэхийг нь хүлээсээр түлсэн галаа унтраахгүй...” Цөхрөл, итгэл, тэмцэл гурвыг нэгэн бадганд нийтгэсэн дархад дууны аялгуун дундаас андын минь сэтгэл сонсогдоно. Сэтгэл гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдээд ирэхээрээ хуурмаг болж, харин хэзээ хойно санан суухад ухаан бодолд тэмтрэгддэг. Уулсын хэл, хүний сэтгэл хоёр нэг л зүйл байж ч мэднэ.

Нэргүй минь, нэргүй орчлонгийн салхинд оргиж нэг, ончирч нэг, оргил хангайнхаа нөмөрт уйлж нэг, дуулж нэг ийм нэгэн ном бичжээ. Уулсын салхийг уургалж чадахгүйн адил, хүний сэтгэлийг жинлэж хэмжиж болохгүйн адил Нэргүйгээр овоглох энэ шүлгүүдийг дүгнэж цэгнэх нь илүүц биз. Ямартай ч анд минь уул усныхаа хэлээр хөглөгдөж, Дархад түмний хэлцэх эртийн амин үгсээр эдүгээ цагт бичиж туурвиж явна. Уул, хүн хоёрын учиг тавиланг урлаж л явна.

Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт

Яруу найрагч Я.Баяраа


РИНАГИЙН НЭРГҮЙН ЗУРГААН ШҮЛЭГ


АГШИН

Горхины ус туучин байж

Голдоо ортол норон байж

Сая л нэг бууралдаа ус дөхүүлэх 

Сахилгагүй эрх хүүгээ хараад 

Сайхан Монгол нутаг минь 

Сэтгэлд ойрхон санагдана.


Хүү минь тоглосоор эр болох нутагт 

Хүннү өвгөд минь уулс болон завилаад 

Хүмүүн хорвоогийн өмнөөс тас ширтэн 

Хүлгийн чөдөр зангидах шиг санагдана.


Мартагдсан суурин

Мартагдсан сууринд 

Хэний ч үл мэдэх шүлэгч амьдарч 

Өмхөрсөн саравчны цоорхойгоор 

Тамхины утаа урсана


Мартагдсан сууринд 

Тэнгэр хүртэл эль хуль

Дээврийн модод дээрх 

Хуралсан өвс л нозоорно


Мартагдсан сууринд 

Намар хоргодож, 

Цаг хугацааны энхрийлэлд

Салхи согтууран амраглана.


Мартагдсан сууринд 

Одод бэлчиж нам гүм ноёлоно 

Орчлонгийн соёл, эрин зууны хийрхэлгүй 

Орь ганцаараа ганцаардлын тэвэрт дулаацна.


Мартагдсан сууринд 

Үхэр чулуу нэвтлэн 

Дөл хөх цэцэгс дэлбээлнэ.


САЛГУУ БОДОЛ

Бороотой хүйтэн өдөр л 

Би үхмээр санагддаг 

Хурмаст уйлахад инээж болдоггүй гэж

Хэн ч хэллээ дээ...


Эжийгээ уйлуулсан үр жаргадгүй гэдэг шиг 

Тэвэр дэхээ уймруулсан 

Тэрсүү шүлэгч л дуулсаар 

Үхэж далд ороосой гэж 

Үгэлж суух шиг 

Энэ эмгэн улиас л 

Салхины аясаар

Цонхон дор бөгтөлзөнө


Бороотой хүйтэн өдөр л 

Би үхмээр санагддаг.


ЭЖИЙ ААВЫН ЗАХИАС

Ургийн газар мордож гүний хошуу зорьсон үрдээ хэлсэн

Ухаант хүний амьдрал алдаа оноо ихтэй ч 

Ус мөрөнд хүмүүн сэтгэл дасдаг юм 

Урьдын үг угтайг бодоорой гэх

Уялага хэдэн үг нь 

Ухааны чагтганд ургаастай... 

Тунгалаг хөх эжий ус минь үгүй бол 

Тунирхал гунигаа хаана тайлнам бэ?


ХАРАА БАРАА

Аавын минь 

Дурангийн хараанд сүүмэлзэх

Алсын тэр ууланд...

Жимсэн мөндөр 

Үхэр асгыг нэвтэртэл буух

Намрын өглөө будантай.

Арван салаа буга нь

Ар хөвчийн зоо тэнийтэл

Эр хүний хийморь бадартал, 

Урамдаатай... 



***

Хөрлөсөн цас, хашийн энгэрт хөмсөглөхөөр

Хөөрхөн чинийхээ дүрийг зурж өдөржин ширтэе гэтэл 

Өршөөл үгүй хаврын нар ээх юм

Өдрийн хугаст хайлан урсах нь хайран юм.